Индэр    
2022 оны 2 сарын 28
Зураг
iKon.mn Сэтгүүлч

С.Лхагва-Очир: Манайх шиг хүйтэн улиралтай орнууд дулаан гаргахдаа нүүрсийг ашиглахаас татгалзсан

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Геологийн холбооны гүйцэтгэх захирал С.Лхагва-Очиртой "Нүүрс ба агаарын бохирдол" сэдвийн хүрээнд ярилцлаа.

- Дэлхийн дулаарлын эсрэг улс орнууд Парисын гэрээнд 2015 онд нэгдсэн байдаг. Энэ хүрээнд улс орнууд нүүрснээс татгалзаж эхэлсэн. Манай улсын хувьд энэ төрлийн ашигт малтмалыг дулаан гаргаж авахын тулд өвлийн улиралд түлхүү хэрэглэж байна. Тэгвэл нүүрсийг түлш, эрчим хүчний зориулалтаар хэрэглэхээс гадна бусад төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх өөр ямар боломжууд байна вэ?

- Нүүрс бол ургамлаас гаралтай органик чулуу юм. Энэхүү хуримтлагдсан чулуу нь хэдэн сая жилийн туршид газрын гүнд тодорхой хувиралд орохдоо карбон хэмээх элементийг ихээр агуулдаг. Тэгэхээр нүүрс гэдэг нэрийн цаана карбоны агууламж давхар яригдана гэсэн үг. Энгийнээр тайлбарлавал, алмаас эрдэнэ нь өөрөө карбон юм. Түүнчлэн балын харандаа, шил шилэн бүтээгдэхүүн болон таны өрөөнд асаж буй диод гэрлийг хүртэл нүүрсний агууламжтай үйлдвэрлэдэг.

Нүүрсэнд агуулагддаг карбон нь зөөлнөөс хатуу төлөвт шилждэг онцлогтой ашигт малтмал юм. Ерөнхийдөө нүүрсэнд 1-10 шатлал бий. Хамгийн өндөр шатлалд багтаж буй нүүрс нь хамгийн хатуу материалтай алмаасыг бүрдүүлдэг. Тэгэхээр нүүрсийг зөвхөн дулаан гаргаж авахад ашигладаг гэж бодох нь өрөөсгөл юм.

Ерөнхийдөө нүүрсний хэрэглээ нь XIII зуунаас эхлэлтэй ул мөрүүд тогтоогддог. Тодруулбал, энэ нь Төв Азиас улбаатайгаар цааш тархсан гэх судалгаа бий. Энэ төрлийн ашигт малтмал өнөөдөр аж үйлдвэр, барилга, хими болон технологийн салбарт хамгийн түгээмэл ашиглагдаж байна. Тодруулбал, компьютерын CPU /санах ой/ нүүрсний карбидаар хийдэг. Хамгийн гол нь хэмжээний хувьд хэр их орох вэ гэхээс биш олон салбарт нүүрс ашиглагдаж байгаа гэсэн үг.

Өнөөдөр нүүрс байгальд тодорхой хэмжээний сөрөг нөлөөтэй байгаа юу гэвэл тийм. Агаарын бохирдол үүсгэж байгаа юу гэвэл, үүсгэж байгаа. Харин үүнийг үүсгэхгүй ээлтэй болгоход суурь технологи нь өөрөө хөрсөн дээр хөгжих ёстой. Үүнтэй холбоотойгоор улс орнууд хөгжүүлэлт хийж байна.

- Техник технологийн оролцоотойгоор нүүрсний хор нөлөөтэй чанарыг бууруулах боломжтой гэсэн үг үү?

-1980-аад оны сүүл үе хүртэл нүүрсийг шууд шатаадаг уламжлалт хэрэглээ нэлээд хөгжсөн байдаг. Харин 1990-ээд оноос хойш хийжүүлэх, шингэрүүлэх, ногоон Газ болгох технологи хөгжиж байна. Хэрэв нүүрсийг орлох зүйл бодох ёстой гэж үзвэл хийн дулаан байгаа гэсэн үг. Гэхдээ энэ нь том дэд бүтцийг давхар шаардана. 

Монгол Улс жилд ойролцоогоор нэг сая тонн нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Харин цахилгаан станц болон дулааны станцууд жилд дөрвөн сая орчим тонн нүүрс түлдэг гэсэн мэдээлэл байдаг. Гэхдээ одоо брекет буюу шахмал түлш үйлдвэрлэж байгаатай холбоотойгоор дээрх үзүүлэлт буурсан болов уу. Брекет нь дулаан ялгаруулах чадамж нь өндөр учраас харьцангуй бага хэмжээгээр ашиглагдах боломжтой. Улаанбаатар хотод нүүрсийг хоёр төрлөөр хэрэглэж байна л даа. Нэгдүгээрт, цахилгаан эрчим хүч гаргахад ашиглаж байна. Хоёрдугаарт, дулаан үйлдвэрлэхэд хэрэглэдэг.

Олон улсын судалгааг харахад нүүрсийг шингэрүүлж, хийжүүлэх ажил нэлээд хийгдэж байна

- Нүүрсний нөөцөөр тэргүүлдэг ч агаарын бохирдлын асуудлаа шийдэж чадсан улс орнууд нүүрсийг ямар зориулалтаар хэрэглээд байна вэ?

- Одоогоор дэлхий нийтийн 40 гаруй хувь нь нүүрснээс хамааралтай байна. Нөгөө талаас зарим улс орон ялангуяа, технологио өргөжүүлж буй Япон зэрэг улс нүүрсний хэрэглээгээ бууруулах биш, нүүрсийг боловсруулах технологийн асуудалдаа анхаарч байна. Өөрөөр хэлбэл, утаа бага ялгаруулах технологийг ашиглаж байна гэсэн үг. 

Манайх шиг хүйтэн сэрүүн улиралтай орнууд дулаан гарган авахдаа нүүрсийг ашиглахаас татгалзсан байна. Тодруулбал, утааныхаа асуудлыг шийдвэрлэсэн хөгжингүй орнууд байгалийн хийг хэрэглэж байгаа. Гэхдээ нүүрсэнд ч хий агуулагддаг. Үүнийг нүүрсний давхаргын хий гэж нэрлэдэг.

Энэ төрлийн хийг улс орнууд тодорхой хэмжээгээр ашиглаж байна. Дээр хэлсэнчлэн, агаарын бохирдлыг нүүрснээс хамааралгүй болгоё гэвэл техник технологийн дэвшил чухал байр суурьтай. Өнөөдөр шууд уурхайгаас түүхий нүүрс авчраад барилгын талбай дээр түлэхгүй ч барилгын материалыг нүүрсний оролцоотойгоор гарган авч байна.

 

- Энэ төрлийн нөөцөөр өөр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой байдаг бол?

- Цонхны шил, шилэн аяга, ундааны шил, болор гэх мэтчилэн үндсэндээ цахиурыг гаргаж авдаг. Цахиурыг силикон нүүрстэй хамт шатааж силикон карбид гэх түүхий эд гаргадаг. Нүүрсний карбон маш хатуу, бат бөх, хөнгөн шинж чанартай учраас авто машин, сансрын салбарт ашиглагдаж, цааш хөгжих нь тодорхой болоод байна. Машины тоормос, диодын гэрэл гаргаж авахад нүүрсний үндсэн түүхий эд дотор нь ордог. Тоосго хийхэд нүүрсийг эртнээс ашиглаж байсан шүү дээ. Тэгэхээр нүүрсийг дан ганц түлш түлээнд хэрэглэдэг гэж ойлгох нь өрөөсгөл.

Газрын гүнд нүүрсээ байршуулдаг технологи бий. Өөрөөр хэлбэл, нүүрсийг агаарт гаргахгүйгээр 1,000-2,000 метрийн гүн рүү буюу газар дор байршуулдаг гэсэн үг.

Жишээлбэл, химийн салбарт эм, эмийн бүтээгдэхүүн тэр ч байтугай усны шүүлтүүр хийхэд хэрэглэдэг. Тиймээс ч нүүрс нь маш өргөн ашиглагддаг. 

Мөн металлургийн нүүрсний хэрэглээ гэж бий. Хоёрдугаарт эрчим хүчний зориулалттай хэрэглээ байна. Мөн ган хайлуулахад нүүрсийг ашигладаг. Үүнээс гадна, нүүрс нь ахуйн олон жижиг хэрэглээнд ордог гэдгийг дээр дурдсан. Органик материалаар хуванцар сав зэргийг хийхэд карбон болон карбид ашиглагддаг.

- Нүүрсийг бусад улс орон ээлтэй ашиглахын тулд суурь технологи нь хөгжих хэрэгтэй гэж та яриандаа дурдсан шүү дээ. Чухам ямар технологийг бусад улс орнууд ашиглаж байна?

- Газрын гүнд нүүрсээ байршуулдаг технологи бий. Өөрөөр хэлбэл, нүүрсийг агаарт гаргахгүйгээр 1,000-2,000 метрийн гүн рүү буюу газар дор байршуулдаг гэсэн үг.  Агаарын бохирдлоос сэргийлсэн иймэрхүү төслүүд хөгжиж байгаа. Үнэхээр агаарт гаргахгүй байх технологи байхгүй юмаа гэхэд ядаж газар доор байршуулж болж байна шүү дээ.

Нүүрсний эрэглээ өргөн байгаа учраас улс орнууд, үйлдвэрүүд худалдаж авах сонирхол их байдаг. В.И.Ленин 1910 онд “Нүүрс бол аж үйлдвэрийн талх юм” гэж хэлсэн байдаг. Талхны өргөн хэрэглээгээр нүүрсийг төлөөлүүлсэн байна шүү дээ. Хамгийн гол нь нүүрсийг зүй зохистой ашиглахдаа технологийг сайжруулж, хор уршгийг нь багасгаж явах ёстой.