Манай улс Түлэнхийн төв эмнэлэггүйгээр 10 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд түлэнхийн шалтгаантай өвчтөнүүдийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн гэмтэл согогийн нэгдүгээр тасгийн байранд хүлээн авч, үйлчилгээ үзүүлж ирсэн юм.
Дээвэр нурсан гэсэн шалтгаанаар анх тус эмнэлгийн барилгыг акталж, шинээр барих шийдвэрийг 2012 онд гаргаж байв. Ийнхүү шийдвэр гарснаас таван жилийн дараа буюу 2017 онд эмнэлгийн барилгын ажил эхэлсэн ч одоо хүртэл ашиглалтад ороогүй байна.
Түлэнхийн төвийн асуудлаар сонгуулийн жилүүдэд нэг шуугиад өнгөрдөг болсон. Удахгүй ашиглалтад оруулна хэмээн албан тушаалтнууд мэдэгддэг ч харамсалтай нь өнөөдрийг хүртэл уг төв байргүй хэвээр байна. Гэтэл энэ олон жилийн хугацаанд эмнэлгийн газрын 60 хувьд нь хувийн орон сууц, оффисын барилга барьж хувийн хэвшилд шилжүүлсэн байгааг олж илрүүлснээ "Энхрий үрс халуун сэтгэл" НҮТББ-ын тэргүүн ГССҮТ-ийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч, Эрх зүйн магистрант О.Энхмаа ил болгон мэдээлсэн билээ.
Тус эмнэлгийг барих анхны төсөвт өртөг 7.9 тэрбум төгрөг байсан бол өнгөрсөн хугацаанд нэмэгдсээр зардал нь бараг гурав дахин нэмэгджээ. Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар 10 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг авсан байна.
Сүхбаатар дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Түлэнхийн төвийн барилга хэзээ ашиглалтад орох талаар холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа.
Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Барилгын тухай хуулийн 48.4-т заасны дагуу Түлэнхийн төв эмнэлгийг хэсэгчилж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Хоёрдугаар сарын 9-нд бид хуралдаж, Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газарт Түлэнхийн төвийн А блокийг ашиглалтад оруулах хүсэлтээ өгсөн. Ирэх долоо хоногт улсын комисс ажиллана” гэлээ.
Барилгын тухай хуулийн 48.4-т Цогцолбор барилга байгууламжийн технологийн хувьд нэгдмэл бус бүрдэл хэсгийг хэсэгчлэн энэ хуулийн 48.1-д зааснаар ашиглалтад оруулж болно гэж заажээ.
Түлэнхийн төв эмнэлэг яагаад ашиглалтад орохгүй удаад буй талаар ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвийн ашиглалтын өмнөх захиргааны дарга, их эмч, О.Хишигсүрэн “Энэ нь барилгын ажилтай холбоотой. Тоног төхөөрөмж бэлэн, санхүүжилт шийдэгдсэн. ГССҮТ, Эрүүл мэндийн яамнаас шалтгаалах зүйл байхгүй” гэлээ.
Харин хэзээ нүүж орох тухайд “Улсын комисс Түлэнхийн төвийн байран дээр ажиллаад хүлээгээд авбал эхний ээлжид түлэнхийн тасаг нүүж орно. Харин хоёрдугаар блокийн барилгын ажил дуусаагүй байгаа. Уг ажлыг хурдлуулах тал дээр шаардаж байна. Энэ хавар хоёр сар орчмын дараа хоёрдугаар блокийн барилгыг хүлээж авна гэсэн зорилттой ажиллаж байгаа” гэсэн юм.
Түлэнхийн төв эмнэлэг ашиглалтад орохгүй удсаар байвал түлэнхийн тасаг ачааллаа дийлэхгүйд хүрч буйг албаныхан онцолсоор ирсэн. Тэгвэл одоогийн байдлаар үйл ажиллагаа нь доголдсон хэвээрээ байгаа аж.
Түлэнхийн тасаг 80 ортой бөгөөд 50 хүртэлх хувьд нь өвчтөн хүлээж авч байгаа гэдгийг их эмч О.Хишигсүрэн хэлэв.
Түлэнхийн төвийн барилгын өртөг 24 тэрбум төгрөг аж. Тодруулбал Нутгийн зам групп ХХК 16.5 тэрбум төгрөгийг Кувейтийн сангаас , Цаст констракшн ХХК 7.9 тэрбум төгрөгийг Монголын талаас авч, тус төвийн барилгын ажлыг гүйцэтгэж байгааг хэллээ.
Салбар яам болон Түлэнхийн тасгийнхны хэлснээр Монгол Улс хамгийн багадаа хоёр сарын дараа Түлэнхийн төв эмнэлэгтэй болох нь. Энэ удаа хэлсэн хугацаандаа ашиглалтад орох эсэхийг хүлээх л үлдлээ.