Индэр    
2022 оны 2 сарын 10
Зураг
Эдийн засагч, шинжээч

Сайн уу? Муу юу? Аль нь вэ хө?

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Худлаа баримт бүрдүүлж,

Хөгжлийн банкнаас зээл хүсэж,

Хүссэн мөнгөө хусдаг бол

Сайн уу? Муу юу? Аль нь вэ хө? 

Та цалингийн зээлтэй юу? Та бизнесийн зээлтэй юу? Банкны зээл төлөх өдөртэй уралдаж байна уу? 

Энгийн иргэн:

Өнөөдөр та бидний арилжааны банканд төлж буй 10 зээл тутмын 1 нь чанаргүйддэг. Тэр чанаргүй болсон зээлийг нь үлдсэн 9 зээлдэгч нь давхар төлдөг. Хангалттай сайн төлж байгаа биз. 

Төлөөгүй нэг нөхрийг арилжааны банк зүгээр орхихгүй. Эхлээд индүү, зурагт, хөргөгч, машин, үл хөдлөхөө бүгдийг нь авна. Бүр дийлэхгүй бол шүүхээр явна. Ингэж гэмээнэ зээлээ төлөөгүй хүн ямар нэг байдлаар хариуцлага хүлээнэ.

Дабл стандарт бүхий иргэн:

Тэгвэл Хөгжлийн Банкнаас зээл авсан 10 зээлдэгч тутмын 5 нь зээлээ төлдөггүй байна. Түүгээр ч үл барам энэ хүмүүс дээр зээл төлүүлэх ямар ч процесс явагдсангүй. Юун эд хөрөнгөө хураалгаад, шүүхээр явах вэ? Шүүх нь ч барахгүй байна. Өдийд хувийн арилжааны банк байсан бол аль хэдийн дампуурчихсан. Төрийнх болохоор л тэсээд байгаа юм. 

Чанаргүйдсэн 800 гаруй тэрбум төгрөг нь хэр их мөнгө вэ? 
  • КОВИД-ын үед эрүүл мэндийн салбарт зарцуулж буй мөнгөтэй тэнцэх хэмжээний мөнгө,
  • Төрийн албан хаагчдын цалингийн зардлын талтай тэнцэх мөнгө,
  • Саяхан 500 мянга болгож нэмсэн ахмадын тэтгэврийг бүрэн санхүүжүүлэх хэмжээний мөнгийг зүгээр л идчихлээ.  

Тэгвэл энэ мөнгийг хэн төлөх гээд байна вэ?

Хөгжлийн Банкны зээл олгож буй эх үүсвэр бол Монгол гэдэг нэрээ дэнчин тавин олон улсаас татсан бондын мөнгө юм.

Бондын мөнгийг дотроо юунд ашигласнаас үл хамааран төлбөрийг нь төр төлөх үүрэгтэй. Төр гэдэг нь татвар гэсэн үг. Татвар чинь та бид гэсэн үг. Ер нь төлөөд явж байгаа даа. Төсвийн орлогын 10 хувьтай тэнцэх мөнгө жил бүр бондуудын хүүнд зарцуулагдаж байна. Тэгэхээр хэн нэгний сэвээд байгаа сэдэв байсан ч хамаагүй зүгээр л авсан зээлийг өөрсдөөр нь төлүүлэх нь чухал. 

Хөгжлийн Банк байгаа нь хөөрхий буруу биш л дээ. Хөгжлийн хурдасгуур болсон санхүүгийн институтийг хувийн ашиг сонирхлоор ашиглаж байгаа нь буруу юм.

Одоо Хөгжлийн Банкийг Баялгийн сан, Ирээдүйн өв сан, Агаарын сан, ЖДҮ-ийн сан шиг л хувь заяа хүлээж байна. Ямар ч сайхан зүйлийг луйвардъя, хулгайлъя, яаж өөртөө ашиглах уу гэсэн хүний сэдэл дуусашгүй. Харин тэр сэдлээс нь хамгаалах систем бүрдүүлж, тэрийг үүсгэж байж гэмээнэ Хөгжлийн Банк шиг институт сая жинхэнэ утгаараа ажиллана.