Зураг
Зураг
Индэр    
2021 оны 10 сарын 13
Зураг
iKon.mn сэтгүүлч

Т.Бэгзсүрэн: КОВИД-19-өөр өвчилсөн хүмүүсээс 3-4 дахин их хүн халдварт өртөж холимог дархлаатай болсон

Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

КОВИД-19 халдвар манай улсад цаашид хэрхэн тархах талаарх урьдчилсан тооцооллыг УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс хэд хэдэн удаа хийж танилцуулж ирсэн. Тэрхүү тооцооллуудыг Эрдэмтдийн зөвлөлөөс голчлон танилцуулдаг доктор Т.Бэгзсүрэнтэй ярилцлаа. 

МУИС-ийн Физикийн тэнхимийн ахлах багш, доктор Т.Бэгзсүрэн нь УОК-ын Эрдэмтдийн багт ажиллаж байгаагаас гадна МУИС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийн судлаач, Хоккайдо их сургуулийн доктор аж. Коронавирусийн халдварын тархалтыг тоон мэдээлэлд үндэслэн компьютерт бодож гаргадаг гэдгийг тэрбээр хэлсэн юм.  



- Коронавируст халдварын цар тахал гарснаас хойш Эрүүл мэндийн яам хэдэн тохиолдол илэрч байгаа талаар өдөр бүр мэдээлдэг. Энэ тоо халдварын бодит тоог илэрхийлж чадах уу? 

- Цар тахлын нөхцөлд бүртгэгдсэн халдварын тохиолдлоос гадна бүртгэгдээгүй халдвар тараагчид явж байдаг. Зарим нэг нь яваандаа илрэх боловч ихэнх хэсэг илрэлгүй, өөрөө эдгээд өнгөрдөг. Эдгээр үзүүлэлтийг тооцох аргачлалыг бид ашигладаг.

Жишээлбэл, өнөөдөр халдварын 2,000 тохиолдол бүртгэгдлээ гэж үзэхэд үүний ард халдварт өртсөн хүний тоо 3-4 дахин их байдаг буюу 6,000-8,000 хүн халдвартай байх магадлал бий

Монгол Улсад байгаа бүх хүнд нэг зэрэг шинжилгээ хийвэл өнөөдөр бүртгэгдсэн халдвараас 3-4 дахин их тоо гарч ирнэ гэсэн үг. Одоогийн байдлаар нийт өвчилсөн хүний тоо 450 орчим мянга байгаа бол 1.5 сая орчим хүн халдварт өртсөн байх магадлалтай.

Халдварт өртсөн гэдэг нь вирус тухайн хүний биед нэвтэрсэн ч шинж тэмдэг илрээгүй болон маш бага шинж тэмдэгтэй хүмүүсийг хэлнэ. Вакцины бүрэн тунд хамрагдаад дараа нь халдварт өртсөн хүнд “hybrid” дархлаа тогтлоо гэж үзэх юм. КОВИД-19-ийн аль нэг хувилбараар өвдөхөд дархлаатай болох магадлал өндөр хэдий ч альфа хувилбарт өртсөн хүн дельтагаар өвчлөх, дельтад өртсөн хүн өөр нэг хувилбараар өвдөх эрсдэл бий. 

- Халдварт өвчний тархалтыг тархвар судлаач биш математикч тооцож гаргаад байгааг хүмүүс янз бүр хүлээж авч байна. Урьдчилсан тооцооллыг ямар аргачлалаар хийдэг вэ? 

- Халдварын шинж чанар, нууц үетэй эсэх, хэр хурдтай тархдаг гээд тухайн өвчний талаар эмч нараас дутахгүй уншиж судлах шаардлагатай болсон. Аз болоход бид олон сайхан эмч, анагаахын докторуудтай хамтран ажиллаж эдгээр мэдлэг, мэдээллийг маш богино хугацаанд авч, тооцоололд хэрэгтэй хэсгийг мэдэж авсан. Одоо ч маш их зүйлийг судалж, тасралтгүй унших хэрэг гардаг. Хийж байгаа тооцоолол маань цаг агаарын урьдчилсан мэдээтэй нэлээд төстэй. Математик, физикийн суурь шаарддаг динамик бодолтууд хийгдэнэ. Энэ утгаараа УОК-т дуудагдан Эрдэмтдийн зөвлөлд багтан ажиллаж байна.

Халдвар тархалтын урьдчилсан тооцооллыг гаргахдаа халдвар тархалтын хурд, өдөрт хэдэн хүн халдвар авсан болон өртөх эрсдэлтэй хүний тоо, вакцин хийлгэсэн хүмүүсийн тоо, вакцины үр нөлөө гэх мэт олон тоон мэдээлэлд суурилж хийдэг. Эдгээр тоон мэдээллээ холбож, нэг систем тэгшитгэлүүд болгодог. Энэ нь ихэвчлэн Ньютоны зохиосон дифференциал илэрхийллүүдээр бичигдэнэ. Олон улсад түгээмэл хэрэглэгддэг “SEIR” загвараас бид үүнээс жишээ авч манай улсын нөхцөл байдалд тохируулан сайжруулж, загварыг өргөтгөж хэрэглэж байна. Энэ хэсэгт Д.Улам-Оргих багш, МУИС-ийн физикийн залуус маш их санаа оноогоо нэмсэн. 

Ингээд бичигдсэн илэрхийллүүдийг бага зэрэг хялбарчлаад дараа нь энэ динамик системийн дагуу ажиллах программ бичнэ. Кинонд гардаг шиг гараар цаасан дээр, эсвэл самбар дээр сүрхий олон тоо өдөр бүр бичээд бодоод байхгүй. Ажиллагаа, зөвийг маш сайн шалгасан код бичээд бодит өгөгдлүүдийг загварт оруулаад ажиллуулдаг. Эхэндээ бид гурван өөр судлаач, гурван өөр программчлалын хэл дээр код бичиж, үр дүнг тулган харьцуулж байсан бол одоо шалгарсан нэг загварыг ажиллуулж байна. 

Өдөрт илэрсэн халдварын тоо, нас баралт, эмнэлгээс гарсан хүний тоо, шинжилгээний тоо өгөгдөл мэдээллийг загвартаа тохируулан хугацааны дараалалд оруулан бүртгэх хэрэгтэй байдаг. Энэ бол их өгөгдөл шивэх хамгийн их гар ажиллагаа шаардсан хэсэг байдаг. Түүний дараагийн алхам бол өгөгдлийг загвартаа уншуулж, компьютерт бодуулж тооцооллын үр дүнг гаргах. Үр дүнг хүнд ойлгомжтой гаргахын тулд тодорхой график дүрслэл гаргана. 

Үр дүн гараад шууд ажил дуусахгүй. Тооцооллын тайлбар бичих, шийдвэр гаргагчдад тайлбарлаж илтгэл бэлдэх, шаардлагатай бол олон нийтэд мэдээлэл хийх хэрэгтэй гардаг. Олон нийтэд тайлбарлах хамгийн хүнд хэсэг нь байж магадгүй. Нарийн тайлбарлавал, ийм дарааллаар ажиллаж байна.

Товчхондоо энэ хийж буй ажилд халдвар тархалтаар мэргэшсэн эмч доктор, математик-физикч, программист, дата аналист, илтгэгч гээд мэргэжилтэй хүмүүсийн ур чадвараас тодорхой гол хэсгийг мэддэг байх шаардлагатай байгаа юм. 

- Халдварын өмнөх давлагаануудын үеэр хийсэн тооцооллууд бодит байдалтай хэр зэрэг таарсан бэ?

- 2020 оны арваннэгдүгээр сараас хойш сард дунджаар 2-3 удаа тооцоолол хийж, том жижиг 20-30 орчим санал зөвлөмжийг холбогдох байгууллагад хүргүүлсэн. Эдгээр тооцоолол зөвлөмжийг дотор нь би судлаачийн хувьд дөрөв хувааж авч үзээд тус бүрд тооцоолол нийлэмж ямар байсныг хэлье.  

Нэгдүгээр үе: Нам дарахаар оролдсон нь:
Дотоодын халдвар 2020.11.11-нд гарч, Улаанбаатар хотоос гадна, таван өөр аймагт тархсан нь мэдэгдэж байсан. Сэлэнгээс бусад газар 33 хоног хөл хорио тогтоож, нийслэлээс бусад газар халдвар тархалтыг бүрэн зогсоосон. Улаанбаатар хотод хүн амын тоо их учир дарагдахгүй байх магадлал өндөр байсан тул халдвар тархалт хэвээр үлдсэн. 

Энэ үед бид ихэвчлэн хэдий хугацаанд, ямар хөл хорио тогтоох шаардлагатайг гаргаж өгдөг байсан ба УОК-ын Шуурхай штабын дэргэд судалгаа шинжилгээний бүлэгт ажиллаж байсан. КОВИД-19 тархсан улс орнуудад урт хугацааны хөл хорио тогтоож байсан ч аль ч тохиолдолд буцаж дэгддэгийг олж ойлгосон. Ингээд тооцоолж үзээд арванхоёрдугаар сарын сүүл, хоёрдугаар сарын эхэн үед байдал хүндрэх магадлалтай гэдгийг байнга тайландаа дурьдаж байсан. Тэр үед цөөн тоотой халдвар гардаг, хавьталыг маш сайн хайдаг байсан тул бидний тооцоо 95%-аас дээш нийлэмжтэй байв. Бид богино хугацаатай олон удаагийн хөл хорио үр дүнтэй талаар зөвлөж байсан. Шинэ жилийг дайруулан хоёр дахь удаагийн бүх нийтийн бэлэн байдлыг 18 хоног зарлаж, хөл хорио тогтоосон.  

Хоёрдугаар үе: Завсрын үе 
Эхний хөл хорио халдварын тархалтыг бүрэн дарах зорилготой байсан бол 2 болон 3 дахь халдвар тархалтыг алдалгүй тогтоох, вакцин иртэл олон нийтэд алдалгүй барих гэсэн үндсэн даалгавартай байсан. Хөл хорионы нөлөөг ой хээрийн түймэртэй адил төсөөлбөл дүрэлзэж буй халдвар тархалтын ихэнх голомтыг нэгэн зэрэг цурманд оруулж унтраах юм. 2021.01.19-нд талбай дээр эсэргүүцлийн жагсаал болж, Засгийн газар солигдсон нь гурав дахь удаа хөл хорио тогтоох хугацааг хойшлуулан хоёрдугаар сарын 10-нд бүх нийтийн бэлэн байдал зарласан. 

Цагаан сарын үеэр 12 хоног тогтоосон хөл хорионы нөлөөгөөр дараагийн 10 хоногтоо өдөрт гарах шинэ халдварын тохиолдлын тоо гуравдугаар сарын эхэнд 30-40 хүртлээ багасаж, эмнэлэгийн ачаалал мөн буурсан. "Нэг өрх, нэг хаалга" шинжилгээгээр 130 орчим халдвар тээгч илрэв. 350 орчим нь хавьтал мөрдөх эсвэл байгалийн өөрийн жамаараа шинж тэмдэг нь илрээд ил гарч ирсэн. Хөл хорио тодорхой үр дүнтэй байсан ч масс шинжилгээ нийгэмд хуурамч итгэл төрүүлэн сөрөг үр дүнг бидэнд авчирсан

2021 оны гуравдугаар сард нөхцөл байдал хүндрэхийг тодорхойг харуулж, маш олон тооцоолол хийсэн нь мөн 95% дээш нийлэмжтэй байв. ХӨСҮТ болон манай судалгааны багийн зүгээс гуравдугаар сард гурван ч удаа хөл хорио тогтоох санал явуулж байсан ч дэмжигдээгүй. Тухайн үеийн УОК-ын Эрдэмтдийн зөвлөл ба Шуурхай штабын дэргэдэх судалгааны бүлэг хоёр тусдаа ажиллаж байсан. Манай судалгааны багаас УОК-ын Эрдэмтдийн зөвлөлд хөл хорио тогтоох санал оруулсан боловч гишүүдийн 2/3 нь дэмжээгүй. 

Ингээд гуравдугаар сард 100-аас доош байдаг халдварын тоо дөрөвдүгээр сард 500 давснаар нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, дөрөв дэх удаагаа буюу дөрөвдүгээр сарын 11-нээс хойш 28 хоног хөл хорио тогтоосон. Бага зэрэг хожимдсон хөл хорио байсан ч огцом өсөлтийг тасалж, вакцины нөлөө эхлэх хүртэл үргэлжилсэн нь олон мянган хүний алтан амийг аварсан

Гуравдугаар үе: Вакцинжуулалтын нөлөө ба альфа хувилбар 
Тавдугаар сарын 8-нд дөрөв дэх удаагийн хөл хорио дууссаны дараа тухайн хязгаарлалтын нөлөөгөөр тавдугаар сарын 18-ныг хүртэл өдөрт илрэх тохиолдлын тоо 1,300 орчмоос 300 хүртэл буурсан. Тухайн үед тавдугаар сард бидний хийсэн тооцоолол зургаадугаар сарын дунд үе хүртэл тохиолдлын тоо тасралтгүй өснө, зургаадугаар сарын дунд үеэс хэрэв өөр аюултай мутац хувилбар орж ирэхгүй бол вакцины үр нөлөөгөөр тасралтгүй буурна. Наймдугаар сард тохиолдлын тоо 80-90% буурна гэсэн тооцооллыг хийж үр дүнг шийдвэр гаргагчид, олон нийтэд нээлттэй танилцуулсан. Энэ тооцоололд бидний загварт вакцины нөлөө тооцох хэсэг нэмэгдэж өргөтгөсөн байв. 

Зургаадугаар сарын 15-нааас буурах магадлалтайг танилцуулсан нь олон нийтийн дунд хүлээлт үүсгэсэн. Бодит байдал дээр гурав хоногоор хоцорч, зургаадугаар сарын 18-наас буурч эхэлсэн. Тухайн үед олон улсад хэвлэгдсэн сэтгүүлүүдийн олонход Синофармын вакцины үр нөлөө 80% гэж бичигдэж байсан.

Бид тавдугаар сард Улаанбаатар хотын өвчлөлийн тоон статистик мэдээг авч, вакцины үр нөлөөг тооцоолоход манай улсад хийгдсэн "Синофарм", "АстроЗенека", "Спутник-V", “Файзер” зэрэг вакцинуудын дундаж үр нөлөө 75% хувь болох нь тогтоогдсон.

Тооцооллын гурав хоногийн зөрүү вакцины үр нөлөөтэй шууд хамааралтай, нөгөө талаас гурав хоног гэдэг бол иймэрхүү динамик тооцооллын хувьд маш бага алдаа гэдгийг энд цохон хэлмээр байна. 

2021 оны долдугаар сард тохиолдлын тоо жигд буурна, наймдугаар сард мөн жигд буурна гэж байсан бол наймдугаар сарын эхэн үе хүртэл бидний тооцоолол яг таарч байсан. 

Дөрөвдүгээр үе: Дельта хувилбарын тархалт 
Долдугаар сарын сүүл гэхэд Монгол Улсын нутагт дельта хувилбар орж ирсэн нь батлагдсан байсан. Наймдугаар сарын эхээр өдөрт илэрч бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо мэдрэгдэж эхэлсэн. Ингээд лабораторийн шинжилгээтэй харьцуулсан тоон судалгааг наймдугаар сарын 15-нд хийж дуусган танилцуулсан нь дельта хувилбарын тархалт есдүгээр сарын 15-25-н хүртэл өснө. Яг хэдний өдөр тохиох нь вакцины үр нөлөө дельта хувилбарын эсрэг хэдэн хувь буурч байгаагаас хамаарна.  Вакцины төрлөөс хамааран b.1.617 буюу дельта хувилбарын эсрэг вакцины үр нөлөө 20%-аас дээш бууралттай байгааг олон улсын сэтгүүлүүдэд аль хэзээний хэвлэсэн байв. Бид есдүгээр сард дельта хувилбар давамгайлж, оргил үе нь сарын дундаас сүүл хоёрын завсар тохионо гэдгийг наймдугаар сард тооцоолсон нь зөв байсан. 

Долдугаар сарын сүүл гэхэд Монгол Улсын нутаг дельта хувилбар орж ирсэн нь батлагдсан

Наймдугаар сард альфа болон өмнө тархаж байсан мутац хувилбаруудын тархалт зогсоогүй, нууц үеийн хугацаа дунджаар 5.7 хоног байсан бол дельтагийн хувьд 4.3 хоног болох нь тогтоогдсон байв. Хоёр өөр шинж чанартай хувилбар тархахад тооцоолол хийхэд хэцүү болсон ба бид тус тусад нь тооцоолол хийж нийлбэрийг нь авах ажил хийсэн. Энэ нь бас загварын өргөтгөл болов. 

Наймдугаар сард хэрэв өөр мутац хувилбар орж ирэхгүй бол коронавирусийн халдвар 80-90 хувь буурна гэдгийг тавдугаар сард “news.mn”, зургаадугаар сарын 22-нд “Аса станц” нэвтрүүлэгт орохдоо тун тодорхой хэлсэн. Гэвч наймдугаар сард халдвар зогсоно гэж ярьсан мэтээр олон нийтийн дунд буруу ойлголт яваад байгаа. Харамсалтай нь тэр үед дельта хувилбар ороод ирсэн байв. Хэрэв дельта хувилбар орж ирээгүй тохиолдолд энэ тоонд асуудалгүй хүрэх байсныг та бүхэнд харуулах зорилгоор зураг үзүүлье. 

 

Хураангуйлан илэрхийлбэл, манай судалгааны баг шинжлэх ухааны ямар нэгэн алдаа гаргаагүй, тооцоолол өндөр хувьтай таарч явдаг гэдгийг энд хэлмээр байна. 

"КОВИД-19-ийн нийт бүртгэгдэн илрэх халдварын тоо 540-580 мянгад хүрэх магадлалтай"

- Хамгийн сүүлд хийсэн тооцооллын үр дүнгээсээ танилцуулахгүй юу?

- КОВИД-19 халдвар тархалтын нөхцөл байдал өдөрт гарах тохиолдлын тоо есдүгээр сарын 20-н орчмоос эхлэн сүүлийн хоёр долоо хоног дараалан буух хандлагатай байна. 2021.10.10-ны байдлаар нийт 450 мянган хүн коронавируст халдвар өвчнөөр өвдөж шинжилгээгээр илэрсэн байна (эх сурвалж: e-mongolia).

Хэдий өдөрт гарах тохиолдлын тоо жигд багаар буурч байгаа боловч эмнэлгийн ачаалал, нас баралт оргил үеэ дөнгөж өнгөрөөж байна. 2021 оны аравдугаар сарын нөхцөл байдал есдүгээр сарын адил хүнд өнгөрөх төлөвтэй байна. Дельтагийн давлагаа дуусах үед КОВИД-19-ийн нийт бүртгэгдэн илрэх халдварын тоо 540-580 мянгад хүрэх магадлалтай. Хариу арга хэмжээ, хөл хөдөлгөөнөөс хамаараад 70-100 мянган хүн манай улсад нэмж халдвараар бүртгэгдэх эрсдэлтэй.

Одоо тархаж байгаа халдварын тохиолдлын 90-ээс дээш хувийг дельта эзэлж байна. Энэ сард аажимдаа халдварын тархалт буурахаар байгаа. Гэхдээ есдүгээр сарын дунд үед хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор санасан хэмжээнд хурдтай буурахгүй байна. Тиймээс тодорхой арга хэмжээ авах шаардлагатай. Тодруулбал, гуравдугаар тун халдварын тархалтад нөлөө үзүүлэх боловч иргэдийн хамрагдалт харьцангуй бага байна. 

1.5 сая орчим хүн халдварт өртсөн байх магадлалтай

Хэдийгээр халдварын тархалт буурах төлөв ажиглагдаж байгаа ч анхаарал сэрэмжээ бууруулахгүй, тайвшрахгүй амны хаалтаа тогтмол зүүж олон хүнтэй хавьтал болохгүй байх хэрэгтэй. Ингэж чадвал халдварын тархалтыг нэлээд бууруулах боломж бий. Тохиолдлын тоог нэлээд бууруулчихвал дельта хувилбараас болж дахин нөхцөл байдал илүү хүндрэхгүй

Олон улсад анхаарал татаж байгаа Мю ч юм уу, өөр аюултай хувилбар орж ирэхгүй бол халдварын тархалт цаашид харьцангуй тогтмол буурна.  

- Урьдчилсан тооцоолол хийхдээ зөвхөн халдварын тоо бус эмнэлгийн орны ачаалал, хүндрэл нас баралт хэзээ, ямар хэмжээнд хүрэхийг тооцоолдог гэж хэлсэн. Энэ талаар дэлгэрүүлж тайлбарлавал?

- Эмчлэгдэх, өвчний хүндрэх үйл явцтай холбоотойгоор нас баралт халдварын оргил үеэс даруй 10-14 хоног хожуу тохиодог. Дельтагийн халдварын оргил үед есдүгээр сарын 15-25-нд тохиосон бол аравдугаар сарын эхээр эмнэлгийн ачаалал оргил үедээ хүрээд байгаа. Эмнэлгийн ачаалал, нас баралт багасаж байгаа хэдий ч хүнд байдал магадгүй энэ сарыг дуустал үргэлжилнэ. Гэхдээ одоо оргилоос бууж байгаа тул үүнээс хүнд нөхцөл үүсэхгүй. 

Дэлхий дахинд халдвар авсан нийт хүмүүсийн 2% нь эндэж байгаа бол манай оронд 0.3% эндсэн үзүүлэлттэй байна. Энэ нь дэлхийн дунджаас нас баралтын зэрэг даруй 6-7 дахин бага үзүүлэлт.

Энэ нь хүн амын 65%-ийг хоёр тун вакцинд хамруулсан, хариу арга хэмжээг сайн авсан, эмнэлгийн байгууллагын ажилчид иргэдэд эмчилгээ сайн хийсэн зэргээс хамааралтай билээ. Хэдий бага боловч алтан хүний амь нас мянгаас илүүтэй үрэгдсэн нь маш харамсалтай. 

- Мю хувилбарын тухайд манай улсад ороод ирвэл ямар хэмжээний эрсдэл учруулах талаар тооцоолол хийсэн болов уу?

- Эрдэмтдийн зөвлөлийн вирус судлал чиглэлээр мэргэшсэн, анагаахын чиглэлийн докторууд маань Мю хувилбарыг судалж байна. Би яг тэр чиглэлийн мэргэжилтэй хүн биш учраас тус хувилбарын талаар мэдээлэл өгч мэдэхгүй байна. ДЭМБ-аас хяналтанд байлгах боломжтой гэсэн ангилалд оруулсан байна лээ. Тэгэхээр дельтагийн хэмжээний эрсдэл дагуулахгүй болов уу гэж найдаж байна. Эрүүл мэндийн талаас хортой чанар нь бага байх магадлалтай боловч нийгэмд үзүүлэх нөлөө, хор уршгийг тооцох аргагүй. 

- Халдварын тархалтыг илүү эрчимтэй бууруулъя гэвэл эрдэмтдийн зөвлөлөөс ямар арга хэмжээг зөвлөх вэ?

- Бид саяхан шөнийн цагийн хөл хөдөлгөөнийг хумих саналаа УОК-т хүргүүлсэн. Саналын дагуу шийдвэр гараад явж байх шиг байна. Шөнийн хязгаарлалт ямар учиртайг тайлбарлая. Хүмүүс гэртээ гэр бүлийнхэнтэйгээ, ажил дээрээ хамт ажиллагчидтайгаа гээд тодорхой хүрээнд контакт үүсгэдэг. Гэтэл оройн цагаар чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ өргөн хүрээнд тодорхойгүй контакт үүсгэчихдэг. Үүнийг дагаад халдвар авах магадлал өснө. Халдварын голомт нь хаана байгаа нь мэдэгдэхгүйгээр халдвар тархана гэсэн үг. Тиймээс онцын шаардлагагүй тохиолдолд битгий контакт үүсгээч ээ гэж уриалж байгаа юм. 

Нэг талдаа ЕБС-аа ээлжээр хичээллүүлж, танхимаар сургалтыг нь явуулах гээд хичээгээд, ахмад настай, архаг хууч өвчтэй хүмүүс нь өвдөхгүйн тулд хөдөлгөөнөө хязгаарлаад байхад тухайн гэр бүлийн нэг гишүүний шаардлагагүй үүсгэсэн контактаас болоод халдварт өртөх эрсдэл нэмэгдэж байна. Гэр бүлийн хүрээнд нэг гишүүн нь халдвар авсан бол бусдадаа халдвар тараах эрсдэл маш өндөр. 

- Халдварын тархалт буурахгүй эсвэл өөр аюултай хувилбар орж ирсэн тохиолдолд ямар арга хэмжээ зөвлөх вэ, хатуу хөл хорио яригдах уу?

- Эрдэмтдийн зөвлөлийн зүгээс хатуу хөл хориог зөвлөхгүй байгаа. Яагаад гэхээр өнөөдрийн байдлаар нийт хүн амын 66 хувь вакцины хоёр тунд хамрагдаад байна. Үндсэндээ вакцин хийлгэх ёстой хүмүүс бүгд хийлгэсэн гэж хэлж болно. 

Вакцин хийлгээгүй, халдвар дотоодод бүртгэгдээгүй үед бүх хүн халдварт өртөх эрсдэлтэй байдаг талаар ярианы эхэнд хэлсэн. Халдварын эхний тохиолдлууд гарах үед хөл хориогүй бол халдвар маш хурдтай бөгөөд хор хөнөөлтэйгөөр тархах байсан. Хэдэн мянган хүн халдварын улмаас нас барах эрсдэлтэй байсан.

Иргэд гуравдугаар тунд идэвхтэй хамрагдвал нас баралтыг 1,600-д хүргэхгүй байх боломж бий. 

Бидний тооцооллоор хэрвээ вакцинжуулалт хийгээгүй бол хамгийн багадаа 15,000, муугаар бодоход 46,000 хүн нас барах байсан. Вакцинжуулалтын үр дүнд нас баралтын тоог 1,800 орчимд барих тооцоолол байгаа. Хэрвээ дельта хувилбар тархаагүй байсан бол энэ тоо 1,000 орчимд байх байв. Дахиад хэрвээ гэдэг утгыг хэрэглэх нь. Хэрвээ иргэд гуравдугаар тунд идэвхтэй хамрагдвал нас баралтыг 1,600-д хүргэхгүй байх боломж бий. 

Вакцинжуулалт өндөр хувьтай үргэлжилж байгаа энэ үед дахин халдварын давлагаа өөр хувилбараар ирэхэд тохиолдлын тоо өндөр байж болох ч нас баралт, хүндрэл бага байх нь тодорхой

Дээрх нөхцөлийн улмаас хатуу хөл хорио тогтоох шаардлагагүй гэж үзэж буй. Мөн вакцины гуравдугаар тунд хамрагдахыг уриалж байна. 

- Шөнийн хязгаарлалтын хувьд олон нийтийн сүлжээнд нэлээд шүүмжлэлтэй дагуулж хэлэлцэгдсэн. Эрдэмтэн хүний зүгээс харвал иргэд шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа шинжилгээний үр дүнг хэр хүлээж авч байгаа юм шиг санагддаг вэ, Та хувьд энэ талаар ажиглалт хийж байв уу?

- Чиглэл чиглэлээрээ олон жил ажиллаж мэргэшсэн хүмүүс эрдэмтдийн зөвлөлд багтан ажиллаж байна. Маш олон материал уншиж судлаад, тооцоолол хийгээд үр дүнгээ танилцуулахаар олон нийтийн сүлжээнд зарим хүмүүс ямар үндэслэлгүй зүйлээр шүүмжилж эхэлдэг. Тухайн үеийн мэдрэмжээрээ байр сууриа илэрхийлдэг юм шиг байгаа юм. Улс төртэй бас бизнестэй нь холбоотой бас байж болох юм. Гэтэл тэр сөрөг худал мессеж нийгэмд буруу мэдээлэл хүргээд, буруу ойлголт цааш тархах зүйл ажиглагдаж л байдаг. Бидний зүгээс түүнийг нь авч хэлэлцээд байдаггүй, хариу мэдээлэл хийдэггүй ч хувь хүн дээрээ бодоод үзэхээр харамсалтай, гомдмоор санагдах тохиолдол бий. Гэхдээ миний болон эрдэмтдийн ажлын үр дүнд хэдэн мянган хүнийг халдвар авахаас сэргийлж, хэдэн зуун хүний амь нас аврагдсан байх гэж найддаг. Иймэрхүү бодол тасралтгүй ажиллаж, сэтгэлээр унахгүй ажил хийх урам зориг өгдөг. 

- Эрдэмтдийн зүгээс гаргаж байгаа санал, зөвлөмжийг шийдвэр гаргагчид хэр хүлээн авдаг вэ?

- Шөнийн хөл хорио тогтоох саналыг эрт гаргасан. Нэлээд удаж байж гарч байгаа ч гэсэн ямартай ч шийдвэр гарлаа. Ерөнхийдөө бол гаргасан саналыг авахдаа аваад, авахгүйдээ авахгүй. Гэхдээ бидний зүгээс чухал, зайлшгүй асуудлууд дээр бүх анхаарлаа хандуулаад, онцлоод саналаа хэлдэг учир чухал зүйлсийг хүлээж аваад явдаг.  

- Эрдэмтдийн зөвлөл ямар зарчмаар ажилладаг вэ, хэчнээн эрдэмтэн энэ зөвлөлд дайчлагдан ажиллаж байгаа вэ?

- Эрдэмтдийн зөвлөлд нийтдээ 20 орчим эрдэмтэн судлаач ажиллаж байгаа. Гэхдээ идэвхтэй ажиллаж байгаа нь 5-10 хүн байх шиг байна. Үйл ажиллагааны зарчмын хувьд яг өөрсдийн мэргэшсэн чиглэлээрээ судалгаагаа хийгээд явдаг. Дор хаяж 10 жил тухайн чиглэлээр судалгаа хийж ажилласан хүмүүс бий. Шаардлагатай үед цуглаад, хамтарч хийх шаардлагатай зүйлсийг хэлэлцээд, хийгээд явж байна. 

"2050 он гэхэд сансрын технологиор тодорхой нэг салбарт тэргүүлэх тоглогчдын нэг болохыг зорьж байгаа"

 
Гэрэл зургийг mpa.mn

- Таны үндсэн ажил, мэргэжилтэй холбоотой сэдвээр ярилцъя. Манай улсын сансар судлалын салбарын хөгжил болон лабораторийнхоо талаар танилцуулахгүй юу?

- Сайхан сэдэв байна. КОВИД-ын талаар тэр бүр ярих дургүй. Энэ нь өвчин зовлон учраас хүмүүс ихэвчлэн сөргөөр хүлээн авах нь элбэг. Харин сурсан мэдсэн мэргэжлийн талаараа ярих сайхан байдаг. 

Сансар судлалын салбарын тухайд энэ чиглэлийг сансрын инженерчлэл, зайнаас тандан судлал, од гарагс судалдаг астрофизик гэх гурван салбарт хуваан авч үзэж болох юм. Манай улс зайнаас тандан судлал, астрофизикээр мэргэжсэн мэргэжилтнүүд харьцангуй байр сууриа олсон. Харин сансрын инженерчлэл буюу хиймэл дагуул хийдэг, шинээр зохион бүтээдэг салбар нь шинэ залуу байна.

Хиймэл дагуул хийх чиглэлийн хүмүүс 2012 оноос олон улсын тэмцээнд оролцож эхэллээ тавьсан. 2013 онд МУИС дээр Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лаборатори байгуулагдаж суурь анхан шатны техникийн бааз суурь бий болсон. Тухайн лабораторид ажиллаж байсан оюутан залуус Японы Кюүшүгийн технологийн их сургууль, Хоккайдогийн их сургуульд явж суралцаж төгссөн. Суралцаж байх хугацаандаа Мазаалай хиймэл дагуулыг хөгжүүлж, 2017 онд хөөргөсөн. Кюүшүгийн технологийн их сургуульд суралцаж байсан Эрдэнэбаатар, Төртогтох, Амартүвшин нар гардан хиймэл дагуулаа хийсэн юм. Засгийн газраас хиймэл дагуулын технологийг хөгжүүлэх чиглэлд анхаарч, Японд мэргэжилтнүүд бэлтгэж эхэлсэн нь энэ юм. Ингэхдээ Эрдэнэбаатар нарны зай, тэжээлийн систем, Төртогтох компьютер /OBC/, Амартүвшин тэнхлэг тохиргоо, би ашигтай ачаа, төрөл бүрийн хиймэл дагуулын камер хөгжүүлэлт чиглэлээр сурч ирсэн. 

Тэнд болон энд үргэлжлүүлэн хийж буй судалгааны ажлыг сонирхуулбал жишээ нь олон сувагт камерын чиглэлээр ажил хийж байлаа. Өдөр тутам хэрэглэдэг гар утасны камер гурван өнгөөр зураг авдаг. Тус зургаас нь маш их мэдээлэл авч болдгийг бид мэднэ.

Хоккайдогийн их сургуульд байхдаа ажиллаж байсан хиймэл дагуулын камер 300 гаруй өнгөөр зураг авдаг. Тэгэхээр гурван хуудас мэдээллийг 300 гаруй болгож байна гэсэн үг. Тус камераар авсан зурагт боловсруулалт хийж олж авсан мэдээллээр бэлчээрийн ургамлын төрөл, гарц, усны байршил, газрын гадарга дахь материал гэх мэт зүйлсийн спектр болон байршлын мэдээллийг авч болно.

Дэлхийд хэдхэн байдаг камерын технологи л доо. Үүнийг Инженерийн Дээд Боловсрол Төслийн хүрээнд нэгийг газар тариаланд хэрэглэхээр МУИС дээр захиалж авсан. Одоо лабораторийн туршилтад хэрэглэж байна. 

- Хиймэл дагуул хөгжүүлэлтийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэгдэж байгааг сонсоход таатай байна. Гэхдээ мэргэшсэн хүний нөөц хангалттай бий юу?

- Сүүлийн хэдэн жилд гадаадад сурч, докторын зэрэг хамгаалаад эх орондоо ирсэн 4-5, мастерын зэрэг хамгаалсан мөн тооны хүн байна.  Гэтэл нэг салбарыг хөгжүүлэхэд энэ тоо хэтэрхий цөөн. Ядаж 30-уулаа болох хэрэгтэй байна. Тиймээс их сургууль дээр оюутнууддаа сайн суурь тавьж өгөөд гадаад оронд суралцуулах хэрэгтэй гэж бодож байгаа. 

- Та бүхний ойрын болоод холын зорилт юу байна вэ?

- Мэдээж хэрэг эх орондоо сансрын технологийг хөгжүүлэх зорилготой. 2050 он гэхэд сансрын технологиор тодорхой нэг салбарт тэргүүлэх тоглогчдын нэг болохыг зорьж байгаа. Яагаад бид саран дээр газрын станц байгуулж болохгүй гэж... Сар агаар мандалгүй учир өөр гараг эрхэсийг ажиглах телескоп байгуулж болно. 

"Тэмүүлэл" хиймэл дагуулыг лабораторид оюутнууд хийж байна. 

Маш ойрын хугацаанд бол "Тэмүүлэл" хиймэл дагуулыг лабораторид оюутнууд хийж байна. Манай улсын хувьд бакалавр, магистрын түвшинд суралцаж байгаа оюутнуудын мэдлэг, чадвар Японд суралцагчдынхтай ойролцоо. Гэхдээ мэдээж хэрэг Японд лабораторийн тоног төхөөрөмж илүү сайн, санхүүгийн хувьд илүү боломжтой. 

Ойрын 10 жилдээ багтаад лабораторийн тоног төхөөрөмж сайжраад ирэхээр тэргүүлэх сургуулиудтай ижил түвшний сургалт явуулах зорилт бий.

- Сансар судлал маш эрчимтэй хөгжиж байгаа энэ үед манайх одоо хөгжүүлж эхлээд хэзээ бусдыгаа гүйцэх вэ гэж шүүмжлэлтэй хандах хүмүүс байгаа байх энэ тухайд?

- Бид технологийг маш сайн хэрэглээд сурчихсан. Гэсэн ч хэдий ч өөрсдөө технологи хийхгүй байгаа нь харамсалтай санагддаг. Тиймээс тодорхой нэг технологийг маш сайн хөгжүүлж тэрийгээ дэлхийд байхгүй сайн хийчихвэл дэлхий нийтэд зарах харьцангуй амар. Технологийн хөгжил салбар бүрд эрчимтэй хөгжиж байгаа энэ үед бүгдийг нь эсвэл олон технологи хөгжүүлэх нөөц бололцоо бидэнд байхгүй. Нэг технологио маш сайн хөгжүүлээд түүнийгээ дэлхий дахинд борлуулах боломжтой. Нэг улс бүх юмыг хийж байгаа жишиг ер нь байхгүй.  

Гурван сая хүн амтай улс бол нэг дэлхийн нэг томоохон компанийн ажилчдын тоотой тэнцэхээр тоо. Манайх шиг жижиг улс маш сайн технологийг хөгжүүлж цахиур хагалах хэрэгтэй.

Мазаалай болон Тэмүүлэл төслийн тухайд...

“Мазаалай” хиймэл дагуулыг Монгол Улсын Сансарт хөөргөсөн анхны биет зүйлсэд бүртгэж авсан байдаг. Тус хиймэл дагуулыг сансарт хөөргөсний хоёр жилийн ойн өдөр/2019.06.05/ МУИС-аас Монгол Улсын хоёр дахь хиймэл дагуулыг зохион бүтээх "Тэмүүлэл" төслийг танилцуулж байв. 
Тэмүүлэл төслийн хувьд Мазаалайтай адил сансрын инженерүүдийг бэлтгэхээс гадна камертай хиймэл дагуулыг сансарт ажиллуулах технологийг турш их үндсэн зорилготой аж. Энэ талаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторид судлаач, багш Т.Төртогтох "Манай улсын хувьд энэ том газар нутгаа хянах, хүрээлэн буй орчны мониторингуудыг хийхийн тулд сансраас авсан зураг ашиглана" гэдгийг хэлсэн юм. 
Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийн оюутнууд зөвхөн хиймэл дагуул хөгжүүлээд зогсохгүй бусад улстай хамтын ажиллагааны хүрээнд ирсэн шинэ тоног төхөөрөмжийг ашиглах чиглэлээр гадагшаа явж мэргэших сургалтуудад хамрагдаад явж байгаа аж.
Гэхдээ санаа зовоох асуудал боловсролоо аль хэдийн эзэмшсэн мэргэжилтнүүдийн хувьд байгааг Др. Эрдэнэбаатар хэлж байв. Тэрбээр "Мэргэшсэн хүмүүс эргээд ирэхэд ажлын байр байхгүй байгаа нь гол асуудал. Энд хичээл зүтгэл, хөрөнгө мөнгө гаргаж сууриа тавиад өгсөн хүнээ мэргэшээд эргээд ирэхэд нь ажлын байраар хангахгүй бол гадаад улсуудад боловсон хүчин бэлтгэж өгч байгаатай адил.
Технологи хөгжүүлэх тухай ярихаар манайхан IT-н салбартай андуураад байдаг. Гэтэл IT-г ажиллуулах суурь систем, технологийг хэн эзэмшиж байна, цаашлаад хэн газрын ховор элементийг эзэмшиж байна вэ гэдэг дээр өрсөлдөөн явж байгаа. Манай улсын хувьд газрын ховор элементийн нөөцөөр дэлхийд эхний тавд багтаж байгаа ч боловсруулах технологийн хөгжил байхгүй" хэмээн ярилаа.