Индэр    
2021 оны 8 сарын 16
Зураг
Эдийн засагч, шинжээч

Монгол маягийн ТЭЭРЭМ

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хүн төрлийг олсон бол төрөхөөс үхэхийн хооронд юу болдог вэ? Юм юм л болно.

Хүн гэдэг аль улсад төрөхөөс хамаарч, тухайн улсын бүтээсэн ТЭЭРЭМ гэх зүйлд орж эргэдэг. Монгол маягийн тээрэмд орвол юу болдог вэ? Дундаж Монгол иргэн маань алдартай бөх, Нууц товчооны түүхэн дүрүүд, аль эсвэл Төвд нэрээр нэрлэгдэж, Монгол маягийн тээрэмд мэндэлнэ. Түүнд аав, ээж нь Бат-Эрдэнэ гэх нэр хайрлажээ.

БАЛЧИР НАСНЫ ТЭЭРЭМ

Эхлээд Бат-Эрдэнэ эрүүл мэндийн систем гэх тээрэмд орно.

Төрөхөд нь л төлбөртэй ор угтана даа. Хүүхдүүдийн бараг 50 гаруй хувь нь төрдөг энэ хотод утааны асуудал хурцаар тавигдана. Төрсөн хүүхэд бүр тархины даралттай байх нь хэвийн үзэгдэл болсон. Урагтаа бөөн юм болсоор бойжиж, төрөхийн орон дээр ирэхэд 7 хоноогүй үгүй юу эмнэлгээс гаргачихна. Анхнаасаа төлбөр энэ тэрийг нь төлж, хэн нэгэн эмчийн хяналтад орж чадахгүй бол хүний мөрөөр төрөхөд хэцүү болсон системтэй улс даа.

БАГА, ӨСВӨР НАСНЫ ТЭЭРЭМ

Удалгүй Бат-Эрдэнэ сургуульд орох цаг болжээ.

Тоть мэт цээжлүүлдэг, хурдан морь мэт уядаг боловсролын систем гэх тээрэмд орно. Төлж чадах нь сураг гээд хувийн сургуульд өгөх гэтэл авах хээл, хахууль нь төлбөрөөс нь өндөр. Үнэ өртөггүйг нь бодоод улсад нь өглөө гэхэд 50 хүүхэдтэй ангийн урд талын ширээ рүү зүтгүүлэх гэж мөнгө төлөх нь энүүхэнд байна.

Уг нь зөв тээрэм нь хүүхэд бүрийг өөрийгөө нээх боломжийг нь олгосон, өрөөлтэй харьцуулж өөрийгөө дүгнэдэггүй хувь хүн болгож бэлтгэх ёстойд байх аж. Тэгээд болоогүй ядарсан, боломжгүй байлаа ч хичээсэн нэгнийг бакалавр, магистр, докторын зэрэг эзэмшүүлэх хэмжээний үнэгүй боловсролын системийг санал болгодог. Харин манайд их сургуульд сурна гэдэг байрны урьдчилгааны хэмжээний мөнгө бэлдэх дарамтыг гэр бүлд өгдөг. Бат-Эрдэнэ дороо 3 дүүтэй. Тэгээд бодохоор амьдардаг гэрээ нэмбэл аав, ээж нь 5 байрны урьдчилгааг 10 жилийн турш бэлдэх нь байна. Ийм байхад Бат-Эрдэнийн гэр бүлийн байдал хэрхэн дээрдэх билээ.

ИДЭР, ЗАЛУУ НАСНЫ ТЭЭРЭМ

Юутай ч Бат-Эрдэнэ болсон, болоогүй дипломын үзүүрээс атгаад авлаа.

Гэтэл түүнийг хөдөлмөрийн зах гэх шинэ тээрэм угтан авна. Компани, ажилтан хоёр бие биенээ голсоор тэр дундаас бүтээмж гэх зүйл барагтаа харагдахгүй. Хэдий биендээ сэтгэл дундуур ч 2, 3 жил нүдсээр арай л ажлын дөртэй болоод эхэлнэ. Амьдралаа өөрөө босгох итгэл, найдвар асах тэр мөчид хөдөлмөрийн захын шинэ тээрэм ажиллаж эхэлнэ. Өөрт нь эргэж наалдахгүй тэтгэвэрт шимтгэл төлнө, өөрөө огт үйлчлүүлэхгүй эрүүл мэндийн системд мөнгө төлнө, өөр шиг нь ажиллахгүй байгаа халамжийн бүтэн арми-д зориулж татвар төлнө. Залуу насны эрч хүч, хүсэл мөрөөдлөө энэ аймшигтай системд орж 20, 30 жил тээрэмдүүлнэ.

ӨТӨЛ НАСНЫ ТЭЭРЭМ

Одоо тэр нэгэнт ядарчээ.

Дахиж зүтгэе гэсэн ч хүч алга, хичээе гээд ч тээрэм нь өөрийг нь сорж дууссан. Хэдэн жил гүрийсээр тэтгэвэрт гарав. Авдаг цалингаас нь 3 дахин бага тэтгэвэр гэх орлоготой болов. Тээрмийн уршгаар эмзэг давхарга руу шидэгдэн одов. Тэр үнэндээ Монгол маягийн тээрмээс бүтсэн бидний нэг байсан.

ТЭЭРМИЙГ ӨӨРЧЛӨХ НЬ

Ийм тээрмийг хэвээр нь ажиллуулахыг хүсдэг тээрмийн гадна амьдардаг бүлэг байна.

Энэ тээрмийн эргүүлэгт ордоггүй, ажилладаггүй тээрмээс авдаг халамжийн том арми байна. Тиймээс та бид тээрэм дээр үүссэн нэг шинж тэмдэгтэй тэмцэлдээд тусыг огт олохгүй. Эвдэрхий ч гэсэн энэ муухай Монгол маягийн тээрэм эргэхдээ хүний амьдралыг золиос болгон машиндсаар л байна. Тиймээс тээрмийг л өөрчлөхгүй бол Бат-Эрдэнэ шиг энэ тээрмийн золиос болсоор л байна. Бидэнд эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөрийн зах зээл гэх мэт олон талд реформ хэрэгтэй.