Индэр    
2021 оны 6 сарын 24
Зураг
iKon.mn сэтгүүлч

Боловсролыг наадмаасаа хойно тавьж чаддаг ТӨР

Зураг

"Дахиад нэг сар шаналах нь" гэж 12 дугаар ангийн охин санаашран сууна. Түүний адилаар 40,000 гаруй шалгуулагч дахин нэг сарыг сэтгэлээ чилээж хүлээх ёстой боллоо.

Учир нь өчигдөр Засгийн газраас Элсэлтийн ерөнхий шалгалтыг хойшлуулъя, Үндэсний их баяр наадмаа хугацаандаа хийе гэх шийдвэрийг гаргав.

Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой энэ онд тохиож буй. Баярлаж, бахархах үйл явдал яалт ч үгүй мөн. Тэгш ойгоо нижгэр тэмдэглэнэ хэмээн эртнээс зэхэж байтал COVID-19-ийн халдварын нөхцөл байдал улам дордсон тул наадмыг цуцлах санал иргэдийн дундаас гарсан. Харин цуцлахгүй, өнгөрсөн жилийнхтэй ижил цахимаар наадахыг Засгийн газраас дэмжсэн юм.

Морьдын уяа сойлго таарсан үед наадмыг хойшлуулж, уяачдын хөдөлмөрийг үнэгүйлдүүлж болохгүй гэж хэсэг уяач мэдээлэл хийж байв. Бөхчүүд ч мөн наадмыг цуцалж болохгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Тэд ямартай ч хөдөлмөрийнхөө үр шимийг үзэх нь, яг л хугацаандаа.

Харин 10 дугаар ангиасаа хойш Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээлээ сонгон судалж, 12 дугаар ангидаа цар тахлаас үл хамааран бэлдсээр ирсэн сурагчдын хөдөлмөрийг төр хайхарсангүй. Жилд нэг л удаа авдаг Элсэлтийн ерөнхий шалгалтыг сар гаруйн хугацаагаар хойшлуулахаар боллоо. Товлосон хугацаанаас нь наймхан хоног дутуу байх үед гаргасан шийдвэр нь энэ.

Сар л хойшлуулаа биз, тэгээд юу гэж гэх хүн гарч магадгүй. Ерөнхий боловсролын сургуулийг төгсөгчдийн хувьд Элсэлтийн ерөнхий шалгалт бол Үндэсний их баяр наадмаас ч илүү чухал, амьдралынх нь том даваа. Сайн л бэлдчихсэн бол шалгалтыг хэзээ ч өгсөн яах вэ гэж бодож болох юм. Гэвч үүний цаана хүүхдүүдийн сэтгэл зүйд том дарамт үүсэж байгааг мартаж болохгүй.

ЭЕШ сэтгэл зүйн дарамт болдог талтай учраас сэтгэл зүйгээ сайтар бэлдэхийг Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн зөвлөж байсан удаатай. Хоног тоолон бэлдэж байсан шалгалт хойшилсноор шалгуулагчдын идэвх буурч, чанар нь муудах ч эрсдэл бий.

Энгийн үед төгсөгчид зургаадугаар сард шалгалтаа өгч, их, дээд сургуульдаа элсдэг байсан. Харин өнгөрсөн жил цар тахлын халдвар дотоодод бүртгэгдээгүй байсан ч халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулан шалгалтыг долдугаар сард зохион байгуулж байв. 

Энэ удаа "Эрүүл мэндийг чухалчилж, Элсэлтийн ерөнхий шалгалтыг хойшлуулж байна" хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зарласан. Нөхцөл байдал хүнд байгаа нь маргашгүй үнэн боловч энэ эрсдэлийг эрт тооцох хэрэгтэй байв. Коронавируст халдвар шинэ үзэгдэл байхаа болиод жил гаруй хугацаа өнгөрч байна. Дэлхий даяараа цар тахалтай нүүр тулж, тулалдаж, зэрэгцэн амьдарсаар бүтэн оныг үдсэн.

Иймд хэрхвэл эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгах вэ гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран тодорхойлж, эрсдэлийн тооцоог гаргасан байх учиртай ч олсон шийдэл нь ердөө хойшлуулах л байв.

Ингэх болсон шалтгаанаа

  • Зургаадугаар сарын 21-ний байдлаар 1,061 шалгуулагч коронавируст халдвар авч, 100 гаруй хүүхэд ойрын хавьтал болж тусгаарлагдсан.
  • ЭЕШ өгөхөөр 7,317 шалгуулагч сумдаас аймгийн төв рүү зорчих ёстой. Гэвч есөн аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоон орох, гарах хөдөлгөөнөө хязгаарласан.
  • ЭЕШ зохион байгуулахад давхардсан тоогоор 9,620 багш оролцдог. Тэд бүрэн дархлаажуулалтад хамрагдсан ч 16 нь халдвар авсан нь батлагдсан бол тодорхой тооны багш ажиллахаас татгалзсан.
  • ЭЕШ-ыг зохион байгуулах, чиглүүлэх үүрэгтэй 66 мэргэжилтэн орон нутагт томилолтоор ажиллах ёстой. Гэвч орон нутгийн нислэгүүд цуцлагдав.
  • Халдварын тархалт нэмэгдэж байгаа учир ЭМЯ-аас нэг ангид суух шалгуулагчийн тоог цөөлөх чиглэл өгөв. Энэ тохиолдолд суудлын хуваарийг дахин хийх, шалгалтын байрыг нэмэх шаардлага үүснэ. 

​Эдгээр шалтгийг танилцуулахдаа сайд Л.Энх-Амгалан "Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын хоёрдугаар хагас буюу 15-наас хойш болох нь. Хэзээ эхлэхийг долдугаар сарын 10-нд нийтэд зарлахаар болж байна" гэсэн юм.

Цар тахал намжихгүй, энэ хэвээр байвал Элсэлтийн ерөнхий шалгалтаа дахиад л хойшлуулах уу?

Шалгалт дөрөв хоног үргэлжилнэ, сургуулиуд элсэлтээ зохион байгуулахдаа зарим мэргэжилд нэмэлтээр ур чадварын шалгалт авах учиртай. Давчуухан хугацаанд их, дээд сургуулиудын элсэлт болж өнгөрөхөөр байна. Цар тахал намжаагүй үе тул нэг ангид суралцах оюутны тоо, анги танхимын зохицуулалт, дотуур байрны зохион байгуулалт гэх мэтээр сургуулиудын удирдлагад тодорхой хугацаа хэрэгтэй.

Орон нутагт шалгалтаа өгч, хотод оюутан болж ирэх иргэдийн хөдөлгөөн, хичээлийн шинэ жилийн бэлтгэл гээд энэ бүгдийг холбогдох газрууд нь тооцож үзсэн гэж найдъя. Хойшлууллаа гээд эрсдэл үгүй болчихгүй, цаашид гарах үр нөлөө нь харин ч томорч мэдэх юм.

УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, доктор Т.Бэгзсүрэнгийн хэлснээр хатуу хөл хорио тогтоохгүй бол аравдугаар сарын 1-н гэхэд нийт тохиолдлын тоо дээд тал нь 250 мянгад хүрэх тооцоолол бий. Өөрөөр хэлбэл, цаг хугацаа өнгөрөх тусам нөхцөл байдал дордох магадлал маш өндөр байгаа эрдэмтэд сануулсаар байгаа. Харин хөл хорио тогтоохгүй гэдэг байр сууриа УОК одоогоор мэдэгдээд байна. Хэрэв цар тахлын тархалт намжихгүй, энэ хэвээр байвал Элсэлтийн ерөнхий шалгалтаа дахиад л хойшлуулах уу гэдэг асуулт гарч ирнэ.

Иймд гарц гаргалгаа, боломжит хувилбарыг БШУЯ-наас бусад байгууллагатайгаа хамтран гаргах шаардлагатай байгаа юм.

Энэ жил Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн 40,420 шалгуулагчийг насны бүлгээр нь авч үзвэл:

  • 13,636 нь 19 ба түүнээс дээш насныхан
  • 25,082 нь 18 настнууд
  • 1,675 нь 15-17 насныхан юм.

Тэдэнд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулаад шалгалтыг танхимаар авах эсвэл цахимаар явуулах боломж мэргэжлийн байгууллагад бий гэж найдаж байна. 

Ц.Дэлгэрмэнд: Тодорхой тайлбар, чиглэл өгөөгүй нь шалгуулагчдад ирэх түгшүүрийг нэмэгдүүлсэн

Засгийн газрын гэнэтийн шийдвэр шалгуулагчдын сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж болох талаар сэтгэл зүйч Ц.Дэлгэрмэндээс тодрууллаа. Тэрбээр "Засийн газраас гаргасан шийдвэрийн талаар болон цааш хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар тодорхой чиглэл, зааварчилгаа өгөөгүй нь шалгуулагчдад ирэх түгшүүрийг нэмэгдүүлсэн.

Ялангуяа Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөөд, зуны амралтаа хэрхэн өнгөрүүлэх, хичээлийн шинэ жилдээ хэрхэн бэлтгэх вэ гэх зэргээр бүх зүйлээ төлөвлөсөн байсан хүүхдүүдэд өчигдрийн гэнэтийн шийдвэр хүнд туссан байх. Зарим нь бууж өгөх ч магадлалтай. 

Товлосон хугацаагаа гэнэт хойшлуулсан нь төгсөгчдийн шалгалтын чанар, амжилтад сөргөөр нөлөөлж болзошгүй тул шинэ хугацаа товлогдсоноор хүүхдүүд хувийн зохион байгуулалтаа дахин хийх шаардлагатай болж байна" гэсэн юм.