Индэр    
2021 оны 4 сарын 22
Зураг
Монголын Номын Сангийн Холбоо

Хаалттай зарчмаас Нээлттэй Хүртээмж хүртэл

iKon.mn Монголын Номын Сангийн холбоотой хамтран дэлхийн номын сан, мэдээллийн байгууллагуудын ололт амжилт, тэргүүн туршлага, манайд төдийлөн дэлгэрээгүй боловч зайлшгүй авч хэрэгжүүлэх ёстой ажлууд, Монголын нөхцөл байдал, гарц гаргалгаа гэхчлэн боловсрол мэдээллийн нийтлэлүүдийг цувралаар хүргэж эхэлж байна.

 

 

Ц. Мөнхчимэг, Канад улсын Ванкувер хотын Нийтийн Номын Сангийн Дижитал төслийн мэргэжилтэн, Монголын Номын Сангийн Холбоог хамтран үүсгэн байгуулагч



Өнгөрөгч онд Монгол улсын архивын баримтууд Хятад улсад хэвлэгдэн гарч, олон улсын зах зээлд худалдаалагдаж эхэлсэн нь нийтийн анхаарлыг татаж, дургүйцлийг ихээхэн төрүүлсэн  билээ.

Нөгөө талаар энэхүү үйл явдал нь дараах тулгамдсан чухал асуудлуудыг бидэнд сануулснаараа “ач холбогдолтой” байсан хэмээн үзэж болох юм. Үүнд нэгдүгээрт, манай мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын дунд Нээлттэй Хүртээмж (Open Access, цаашид Нээлттэй Хүртээмж гэнэ), Дижитал Хүмүүнлэгийн Ухаан (Digital Humanities), Эрдэм Шинжилгээний Харилцаа (Scholarly Communications) зэрэг сүүлийн үед бий болсон нэн чухал ухагдахууны талаар ойлголт сул байгааг ил тод харуулав. Хоёрдугаарт, манай улсын мэдлэг, мэдээлэл, боловсролын томоохон байгууллагууд эдгээр чиглэлийн талаар баримтлах бодлогоо одоо болтол тодорхойлоогүй болохыг харуулсан нэгэн сануулга болсон гэж хэлж болно. Олон улсын зах зээлд Хятадын нэрээр дурайтал хэвлэгдэн гарсан Монгол улсын архивын онцгой чухал баримтууд бид энэ талаар ул суурьтай бодох цаг болсны биет баталгаа болох аж.

Энэхүү нийтлэлд дээр дурдсан чухал чиглэлүүдийн талаар уншигч авхайд бага боловч ойлголт өгөхийг зорих бөгөөд үүсэл гарлыг нь тайлбарлахын тулд зохиогчийн эрх хэмээн ойлголтын талаар эхлээд товч дурдсу.

Аливаа хэвлэмэл материалыг уншихаас өөрөөр (жишээ нь, олшруулах, түгээх гэх мэт) хэрэглэхэд хамгийн түрүүнд хөндөгдөх асуудал нь зохиогчийн эрх байдаг. Тийм ч учраас мэдээлэл, мэдлэгийн байгууллагууд зохиогчийн эрх хэмээх асуудалд маш нухацтай, хүндэтгэлтэй хандах нь зүй ёсны хэрэг юм.

 

Зохиогчийн эрхийн талаарх ойлголт анх 1709 онд “Анны Хууль” (Тухайн үеийн Английн хатан хаан байсан Анны нэрээр нэрлэгдсэн) нэртэй Британи улсад мэндэлжээ. Уг хуулийн дагуу зохиогч ном бүтээлээ хаана, хэдэн хувиар хэн гэгч этгээд хэвлэн гаргахыг шийдэх эрхийг дангаараа эзэмшихийг тодорхой зааж өгсөн нь тухайн үедээ урьд хожид байгаагүй цоо шинэ ойлголт байв.

Америкийн Нэгдсэн Улсын хувьд гэвэл тус улсын үндсэн хууль батлагдахаас өмнөх он жилүүдэд зохиогчийн эрхийн асуудлыг хэрхэн шийдэж болохыг идэвхтэй хэлэлцэж эхэлсэн бөгөөд Нэгдсэн улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр бүлгийн Наймдугаар заалтын Наймдугаар хэсэгт “Зохиогч, нээлт хийгчдийн бүтээл ба шинэ нээлтийнхээ талаар эдлэх онцгой эрхэд хугацаа тогтоон өгөх арга замаар шинжлэх ухаан, ашиг бүхий урлагийг үйл явцыг дэмжих” үүргийг Конгресс хүлээнэ хэмээн тусгайлан зааж өгсөн нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
 

Ийнхүү зохиогчийн эрхийн талаар тусгайлсан ойлголт үүссэнээс хойш хэдэн зууны турш нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу хувьсан өөрчлөгдөж иржээ. Зохиогчийн эрхийн тухай хуулийн хүрээнд өнөөг хүртэл ихээхэн маргаан дагуулсаар ирсэн нэгэн чухал асуудал нь зохиогч ба олон нийтэд олгох эрхийн хоорондын нарийн харилцааг талуудын аль алиных нь эрх ашгийг хохироохгүйгээр шийдвэрлэх асуудал юм. Өөрөөр хэлбэл, АНУ-ын үндсэн хуулинд зааснаар “Шинжлэх ухаан ба ашигт урлаг”-ийг дэмжихдээ зохиогчид илүү давуу эрх эзэмшүүлэх үү (ингэснээр зохиогч зохиол бүтээлээсээ урт удаан хугацааны турш ашиг хүртэх боломжтой болж, улмаар цаашдаа олон бүтээл туурвих таатай нөхцөл бүрдэнэ) эсвэл олон нийтэд тухайн зохиол бүтээлийг чөлөөтэй ашиглах, түгээх, өөр хэлбэрт оруулах эрхийг түлхүү олгох уу (хүн бүр зохиол бүтээлийг ямар нэгэн хязгаарлалтгүй ашиглах, унших, суралцах, хөгжих, шинэ бүтээл бий болгох боломж бүрдэнэ) гэдгийг шийдэх асуудал юм. Аливаа зохиогчийн эрхийн хуулийн гол зорилго үүнийг л шийдэхэд оршдог гэхэд хилсдэхгүй.

Зохиогчийн эрхийн хууль нь энэхүү адармаатай, нарийн харилцааг шийдэхдээ олон нийтийн эрх ашгийг үргэлж хамгаалсаар ирсэн юм. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй АНУ-ын Зохиогчийн эрхийн хуулиар 1964 оноос өмнө хэвлэгдсэн ихэнх ном зохиол зохиогчийн эрхгүй буюу зохиогчийн эрхийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан бөгөөд ийм бүтээлийг олон нийт үнэгүй ашиглах, олшруулах, түгээх, өөр хэлнээ орчуулах эрх нь бүрэн нээлттэй байна.

АНУ-д жил бүр шинжлэх ухааны олон судалгааг олон нийтийн буюу татварын хөрөнгөөр санхүүжүүлдэг. Ийм судалгааны үр дүнд бий болгосон мэдлэгийг шууд бусаар санхүүжүүлсэн олон нийт эзэмших үү, эсвэл уг судалгааг хийж гүйцэтгэсэн судалгааны байгууллага, судлаачид эзэмших үү гэдэг нь мөн нэлээдгүй маргаан дагуулдаг асуудал юм.

2016 онд Цагаан ордны Шинжлэх Ухаан, Технологийн албанаас жилд дунджаар 100 сая доллароос дээш хөрөнгийн санхүүжилтийг судалгаанд зарцуулдаг төрийн байгууллагууд судалгааны үр дүнгээ олон нийтийн хүртээлд ил тод, нээлттэй хүргэхийг хуульчилсан тусгай шийдвэр гаргасан юм.

Энэ шийдвэрийг гаргаснаар шинжлэх ухааны олон судалгааны ажлыг татварын хөрөнгөөр санхүүжүүлсний эцэст үр дүнг нь хувийн салбарт, нэн ялангуяа эрүүл мэнд, технологийн чиглэлээр үлэмж хэмжээний ашиг олох зорилгоор хэрэглэдэг байсныг өөрчилж, ард иргэдэд ийм судалгааны үр дүнг уншиж танилцах, ахуй амьдралдаа ашиглах боломжийг нээлттэй олгосон нь олон нийтийн талд давуу эрх олгосон шийдэл гэж хэлж болохоор байна. Мөн АНУ-ын зохиогчийн эрхийн тухай хуулинд төрийн байгууллагын бүх шатны ажилтнууд өөрийн ажил албаны эрх үүргийн хүрээнд туурвисан бүтээл зохиогчийн эрхгүй байна гэж заасан байдаг. Ингэснээр олон нийт төрийн байгууллагаас гаргасан аливаа бүтээлийг чөлөөтэй хувилж олшруулах, ашгийн хийгээд ашгийн бус зорилгоор уг бүтээл дээр суурилсан шинэ бүтээл үйлдвэрлэх гэх мэт эрхийг ямар нэгэн хязгаарлалтгүй эзэмших болсон байдаг.

Зохиогчийн эрхийг ийнхүү зохицуулахаас үүдээд “Аливаа мэдлэгийг ер нь хэн эзэмших ёстой вэ?” гэсэн хариулахад амаргүй боловч сонирхолтой асуулт урган гарна. Мэдлэгийг бараа бүтээгдэхүүн мэт зарж борлуулж, нийгмийн зөвхөн хөрөнгө чинээтэй хэсэг нь ашиглавал тэгш бус байдал үүсэх нэг үндсэн шалтгаан болдог тул мэдлэг бүх нийтийн өмч байх ёстой гэж үздэг нэг хэсэг бий. Нөгөө талаас мэдлэгийг хөрөнгөө зарцуулж бий болгосон этгээдэд эзэмших, чөлөөтэй захиран зарцуулах эрхийг нь олгох нь зүйтэй хэмээн мэтгэдэг өөр нэг хэсэг ч бий.

НҮБ-ын Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 27-р зүйлд “Хүн бүр аж төрж буй нийгмийнхээ соёлын амьдралд чөлөөтэй оролцох эрхтэй байх ба урлагийг таашаах, шинжлэх ухааны мэдлэгийн ахиц дэвшил хийгээд түүний үр шимийг хуваалцах, хүртэх эрхтэй” гэж заажээ. Эндээс үзэхэд аливаа мэдлэгийг хүртэх нь хүний үндсэн эрхүүдийн нэг хэмээн үзэх шаардлагатай нь тодорхой байна. Виллински (2006) нарын судлаачид “мэдлэг хүртэх эрх нь бусад эрхээ танин хамгаалах, дэмжих чадвартай шууд холбогдох хүний чухал эрх мөн” гэж үзсэн байна.  

Энэхүү нарийн асуудлыг зохицуулах гэсэн оролцогч талуудын маш олон жилийн уйгагүй оролдлого, маргаан мэтгэлцээн, хэлэлцээний үр дүнд интернэт, техник технологийн үсрэнгүй хөгжил дээр дөрөөлөн их сургууль, судалгаа шинжилгээний инститүцүүд, хэвлэлийн компаниуд, номын сан, архив зэрэг байгууллагын идэвхтэй оролцоотойгоор Нээлттэй Хүртээмж хэмээх ойлголт үүсч хөгжих нөхцөл нь бүрдсэн хэмээн үзэж болно.

Нээлттэй Хүртээмж нь сүүлийн үеийн техник технологийн дэвшлийг ашиглан бүх төрлийн мэдлэг, тэр дундаа шинжлэх ухааны мэдлэгийг үнэ төлбөргүй олон нийтийн хүртээл болгохыг зорьдог олон улсын томоохон хөдөлгөөн юм. Хүн төрөлхтний олон зуун жилийн турш хэрэглэж дадсан хэвлэмэл ном бүтээлд сул талууд нэлээдгүй бий. Жишээ нь, хэвлэмэл ном бүтээлийг олон хүн нэгэн зэрэг зайнаас ашиглах боломжгүй. Харин аливаа бүтээлийг дэлхий даяар хэдэн тэрбум хүн зэрэг үзэж ашиглах, судлах боломжийг бий болгосон интернет технологи нь Нээлттэй Хүртээмж бий болох суурь нөхцөл болжээ.

 

Түүхийг нь мөшгөн үзвээс дэлхий дахины номын сангууд олон зуун жилийн турш ерөнхийдөө “хаалттай” зарчмаар ажиллаж иржээ. Дэлхийд алдартай Оксфордын Их Сургуулийн гол номын сан болох Бодлэйн Номын Сан 1610 онд анх байгуулагдахдаа сан хөмрөгтөө ердөө хорин есхөн ширхэг номтой байсан ба номуудаа хулгайд алдахаас сэргийлэн уншлагын танхимын ширээнд гинжилдэг байсан гэдэг. АНУ-ын Конгрессын Номын Сан ч мөн үүнтэй төстэй зарчмаар ажиллаж байсан нь бий. Дэлхий нийтийн номын сан, архив нийгмийн хөгжилтэй хөл нийлүүлэн идэвхтэй хөгжиж ирсэн хэдий ч 1960-аад оны сүүл, 1970-аад оны эхэн үе хүртэл ерөнхийдөө “инститүц төвтэй” буюу байшин дүүрэн ном хэвлэл цуглуулсан, хадгалалт хамгаалалтаас бусдыг нэг их чухалчлан үздэггүй нийтлэг онцлогтой байв.  

Ингээд 1970-аад оноос номын сангийн үйл ажиллагаанд анхны компьютер нэвтрүүлж, газар газрын олон номын сан, архивыг холбосон мэдээлэл, нөөцөө харилцан чөлөөтэй солилцох сүлжээ бий болсноос түүхэндээ анх удаагаа уншигч хэрэглэгчийнхээ хэрэгцээ, мэдээлэл хайх зан үйлийг сонирхон судлах, үйлчилгээ сан хөмрөгийн нээлттэй, хүртээмжтэй байдлыг дээшлүүлэх талаар идэвхтэй ажиллаж эхэлсэн байдаг. Ийм учраас Нээлттэй Хүртээмж хөдөлгөөний хамгийн идэвхтэй санаачлагч, оролцогчид нь номын сан, архивууд юм.

Ийнхүү анхны шангаа амжилттай татсан Нээлттэй Хүртээмж хөдөлгөөн сүүлийн 15-20 жилийн хугацаанд оюун сэтгэлгээ, мэдлэгийн бүх салбарыг хамарч, уламжлалт үйл ажиллагааны суурь моделийг үндсээр нь өөрчилж байна. Тухайлбал хэвлэлийн корпорацууд шинжлэх ухааны сэтгүүлийг хэвлээд их сургууль ба судалгааны байгууллагуудын номын сангуудад зарж борлуулан ашиг олдог бизнесийн үндсэн загвар байсан. Үүнийг өөрчилж оронд нь хэвлэлийн корпорацууд шинжлэх ухааны өгүүллийн зохиогч, судлаач нараас багавтар төлбөр авч бүтээлийг нь хэвлээд олон нийтэд үнэгүй, ямар ч хязгаарлалтгүй онлайн хэлбэрээр нээлттэй хэвлэдэг шинэ модель бий болов. Үүний эсрэгээр судлаач нар үнэ төлбөргүй бүтээлээ хэвлүүлдэг онлайн сэтгүүлийн санд их сургуулийн номын сангууд багахан хэмжээний төлбөр төлж нэвтрэх, уншигчдадаа хэрэглүүлэх эрх авдаг өөр нэгэн загвар ч бий болсон. Мөн их сургуулийн номын сангууд өөрсдөө зарим шинжлэх ухааны бүтээлийг нээлттэй байдлаар хэвлэн нийтэлдэг болов. 

Нээлттэй Хүртээмж ийнхүү хөгжих учир шалтгаан нь эдийн засаг, нийгмийн далд суурьтай юм. Тухайлбал, их сургуулийн номын сангуудын хувьд эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн үнэ огцом өсөж байгаа санаа зовоосон асуудал болоод байгаа билээ. Энэ асуудлыг судалж, шинжилдэг тэргүүлэх эрдэмтдийн нэг болох Харвардын Их Сургуулийн Номын Сангийн захирал асан Роберт Дарнтон химийн шинжлэх ухаан сэтгүүлийн дундаж үнэ 1970 онд 33 америк доллар байсан бол өдгөө 4,044 америк доллар болж өссөнөөс гадна Харьцуулсан Мэдрэл Судлал хэмээх эрдэм шинжилгээний сэтгүүлийн жилийн захиалгын үнэ 2012 оны байдлаар 30,860 америк доллар байгаа нь угтаа 600 гаруй нэг сэдэвт бие даасан эрдэм шинжилгээний бүтээлийг худалдан авч болох хэмжээний зардал болохыг дурджээ. Дарнтон ийм өндөр үнэтэй бүтээгдэхүүнийг номын сангуудад борлуулснаар Рийд Элсэвиер, Вили Блаквэлл, Спрингэр зэрэг хэвлэлийн үндэстэн дамнасан хэдхэн том корпораци хэтийдсэн их ашиг олж байгааг (жишээ нь Элсэвиер 2013 онд дангаараа 39 хувийн цэвэр ашгийг шинжлэх ухаан, технологи, анагаах ухааны салбарын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдээс олжээ) хатуу шүүмжлээд Нээлттэй Хүртээмжийг улам дэлгэрүүлэх, номын сангууд улам идэвх чармайлттай оролцох хэрэгтэй байгааг дурджээ.

 

Энэ мэт олон асуудлаас шалтгаалан Нээлттэй Хүртээмжтэй ихэр мэт эн зэрэгцэн үүсэж хөгжсөн өөр нэг ойлголт нь дижитал номын сан юм. Дэлхийн олон орны номын сангууд хүч нөөцөө нэгтгэн тив, улс үндэстэн дамнасан хүчирхэг дижитал номын сангуудыг бий болгоод байна. Үүний нэг жишээ болгон Европын улсуудын нэгдсэн Европиана, Европын Холбооны хуучин ном бүтээлийн Манускрипториум, АНУ-ын Конгрессын Номын сангийн Америкийн Дурсамж, Дэлхийн Дижитал Номын Сан, Америкийн Нийтийн Дижитал Номын Сан зэргийг дурдаж болно. Хил хязгааргүй чөлөөтэй нэвтрэх, ашиглах боломжтой эдгээр дижитал номын сан нь бидний дасаж заншсан “номын сан” гэдэг хуучин ойлголтыг эвдэж байна. Жишээ нь Америкийн Нийтийн Дижитал Номын Сан мужууд дахь дижитал төвүүдээрээ дамжуулан уншигч үйлчлүүлэгчдэд гэртээ хадгалагдаж байгаа хуучин гэрэл зураг, захидал сэлтийг номын санд авчран дижитал хэлбэрт оруулах, улмаар мэргэжилтний тусламжтайгаар метадатаг үйлдэн дижитал номын сангийн сан хөмрөгт багтаан олон нийтэд хүргэх боломжийг олгож байгаагаараа номын сан, үйлчлүүлэгчийн хооронд цоо шинэ өвөрмөц харилцаа үүсгэж, Дижитал Хүмүүнлэгийн Ухааныг шинэ түвшинд гарган хэрэгжүүлж байна.

Үүнээс гадна Нээлттэй Хүртээмж хөдөлгөөн зөвхөн ном хэвлэл, эрдэм шинжилгээний бүтээл төдийг хамарсангүй. Жишээлбэл, Бүтээлч Нийтлэгүүд (Creative commons) хэмээх Нээлттэй Хүртээмж хөдөлгөөний хүрээнд үүссэн цоо шинэ ойлголт юм. Бүтээлч Нийтлэгүүд нь компьютерийн программ хангамж, төрөл бүрийн урлагийн бүтээл, зураг, шошго, видео зэргийг бүтээсэн зохиогч нь тусгай лицензийн дагуу зохиогчийн эрхгүйгээр бүтээлээ олон нийтэд нээлттэй хэрэглүүлэх эрх юм. Интернет, технологийн хөгжилд суурилсан Нээлттэй Хүртээмж хөдөлгөөний нөлөөгөөр мэдлэг, сэтгэлгээний салбарт гарч буй чухал өөрчлөлтүүдийн зөвхөн нэг хэсэг нь энэ юм.

Нээлттэй хүртээмжийн нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах ач нөлөө нь үлэмж их байдгийг аль хэдийн судлан тогтоосон байна. Викери (2011) нарын хийсэн судалгаагаар Нээлттэй Хүртээмжээс гарах үр дүнг нарийвчлан судалж үзээд бараа үйлчилгээ, бүтээгдэхүүн бий болгох, судлах, хөгжүүлэх (Research and Development) үйлсэд зарцуулснаар жил бүр 6 тэрбум паундын нэмэлт ашиг олох боломжтойг тогтоосон байдаг.

Их Британи улс 1970-2009 оны хооронд 15 тэрбум паундыг хорт хавдрын судалгаанд зарцуулснаас тус улсын эдийн засагт орсон ашгийг тооцож үзэхэд 124 тэрбум паунд байжээ. Сонирхолтой нь энэхүү нийт ашгийн 17 хувь нь дотооддоо хийсэн судалгаанаас үүдэлтэй ба үлдсэн 83 хувь нь дэлхийн бусад улс орнуудад хийсэн судалгаанаас үүдэлтэйг тогтоосон байдаг. Энэ нь судалгаа шинжилгээний материал, датаг олон нийтэд аль болох нээлттэй болгож, дэлхийн улс орнуудтай хуваалцах нь эдийн засагт үлэмж хэмжээний ашиг авчирдгийг бэлхнээ харуулж байна.

Дэлхийн дахинд гарч буй энэ чухал өөрчлөлтүүдтэй хөл нийлэн хөгжихийн тулд бид нээлттэй хүртээмжийн бодлогоо тодорхойлох цаг нэгэнт болжээ. Хаалттай гэж хэлж болох зарчмаар ажилласаар байгаа Монголын номын сан, архивууд сан хөмрөгийн хүртээмжээ дээшлүүлэх, Нээлттэй Хүртээмжийн зарчмыг үйл ажиллагаандаа тусгах, боломжит ном бүтээлийг өргөнөөр дижиталчлах зайлшгүй шаардлагатай байна. Сан хөмрөгийг тодорхой зэрэглэлээр зарим хэсгийг нь нээлттэй байдлаар, зарим хэсгийг нь төлбөртэйгөөр орон зай, цаг хугацаанаас хамааралгүй дотоод гадаадын судлаачид, хэн бүхэн ашиглах нөхцөлийг бий болгох боломжтой юм. Ингэхийн тулд дижиталчлал хийгээд дижитал номын сангийн талаар үндэсний хэмжээний бодлогыг бий болгох, олон улсын туршлагыг судлах, алдаа онооноос нь суралцах зэрэг асуудал нэн чухал байна.

 

Үүнээс гадна манай улсад одоогийн мөрдөгдөж буй зохиогчийн эрхийн хууль эрхзүйн хүрээнд номын сан, архивд хадгалагдаж байгаа материал, ном бүтээлийг дижиталчлах, цахим ба биет хэлбэрээр олшруулах зэрэг асуудлыг оновчтой шийдэх гарц гаргалгааг тодорхой болгох шаардлагатай байна.

Ингэснээр номын сан, архивууд биеэ даан дижиталчлалын үйл ажиллагаа явуулахад дэм, түлхэц өгөх төдийгүй, өндөр албан тушаалтнууд хуулийн цоорхойг ашиглан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах явдлыг хумих боломжтой.
 

Бид дэлхий нийттэй ижил, эрх тэгш зарчмаар ажиллах Нээлттэй Хүртээмжийн замыг сонгосноор, туулж ирсэн түүхийн гэрч, өв соёлын илэрхийлэл болсон арвин их сан хөмрөгөө олон улсын судалгааны эргэлтэд нээлттэй оруулах, мэдлэгээ харилцан хуваалцах, Монгол судлалыг эрчимтэй хөгжүүлэхэд ихээхэн дэм болоод зогсохгүй, манай хосгүй үнэт баримт бүтээлүүд өөр улсын нэрийн дор хэвлэгдэх явдал давтагдахаас сэргийлж чадна. Мөн дижитал сангаар дамжуулан өргөн хүрээнд судалгааны эргэлтэнд оруулах нь өв соёлоо сахин хамгаалах, дэлхий дахинд сурталчлан таниулахаас гадна Монгол улсын эзэмших эрхийг улам бүр баталгаажуулахад онц ач холбогдолтой юм.



Ашигласан ном, бүтээлийн жагсаалт

  • Anderson, R. (2018). Scholarly Communication: What everyone needs to know. Oxford University Press
  • Become A Hub. (2016). Retrieved from https://dp.la/info/hubs/become-a-hub/
  • Bjork, B. (2016). The Open Access Movement at A Crossroad: Are the Big Publishers And Academic Social Media Taking Over?. Learned Publishing, 29 (2), 131-134.
  • Darnton, R. (2013). The National Digital Public Library Is Launched!. The New York Review of Books, 60 (7). Retrieved from http://www.nybooks.com/issues/2013/04/25/
  • Darnton, R. (2014). A World Digital Library Is Coming True!. The New York Review of Books, 61 (9). Retrieved from http://www.nybooks.com/issues/2014/05/22/
  • Harnad, S. (2004). Open Access to Peer-Reviewed Research Through Author/Institution
  • Self-Archiving: Maximizing Research Impact by Maximizing Online Access. In J. Andrews & L. Derek (Eds.), Digital Libraries: Policy, Planning and Practice (pp. 63-99). New York, NY: Taylor and Francis Group.
  • Tennant et al. (2016). The academic, economic, and societal impact of Open Access: an evidence-based review. Retrieved from https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4837983/   
  • UC Open Access Policies. (2015). Retrieved from https://osc.universityofcalifornia.edu/open-access-policy/
  • Willinsky, J (2006). The Access Principle: The Case for Open Access to Research and Scholarship. MIT Press.