Индэр    
2021 оны 4 сарын 16
Зураг
iKon.mn сэтгүүлч

Бэлгийн дарамт үзүүлсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгож, хэрэг шийдвэрлэлтэд нь анхаардаг байя

Зураг
Photo credit: handelsblatt.com

-Бэлгийн дарамтыг хүлцэн тэвчиж, хүлээн зөвшөөрч болохгүй-

Иргэн Б.Сүндэръяа фэйсбүүк дэх цахим хаягтаа өөрийгөө бэлгийн дарамтад өртсөн талаар 2021 оны дөрөвдүгээр сарын 11-нд бичсэн билээ. Үүний дараагаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан, бэлгийн халдашгүй байдалд халдсан болон заналхийлсэн гэх гурван төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдуулан цагдаагийн байгууллагад албан ёсоор гомдол гаргаж байгааг түүний өмгөөлөгч мэдэгдсэн юм.

Түүнчлэн дээрх мэдээллийг олон нийтийн сүлжээнд нийтэлснийх нь дараа 1,000 гаруй эмэгтэй түүнтэй холбогдсон гэдгийг иргэн Б.Сүндэръяа хэлсэн байдаг. Хэрэв энэ тоо үнэн бол нэг хүний ард хэдэн арван хүн дарамтад өртөн, хохирогч болж үлдэж байгааг энэ жишээг харуулж байна.

Харин олон улсад бэлгийн дарамтыг эсэргүүцсэн #metoo хөдөлгөөнийг эрчимжүүлсэн нь кино урлагийн салбарын нөлөө бүхий нэгэн байсан Харви Уэйнштэйний хэрэг юм. Тэрбээр олон жилийн туршид эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлж байсан нь 2017 онд ил болж, хохирогч болсон эмэгтэйчүүд хуулийн байгууллагад хандан, хүчирхийлэлд нь ямар нэг байдлаар өртсөн алдартнууд олон нийтийн сүлжээнд #metoo хаштагаар өөрт тохиолдсон явдлаа бичих болсон юм. 

Ингэснээр олон нийтийн анхаарлын төвд орж, хэрэг үнэн зөвөөр шийдэхийг АНУ-ын нийгэм даяараа хүлээсэн билээ. Үр дүнд нь Харви Уэйнштэйн 23 жилийн ял сонссон юм. 

Бэлгийн дарамт гэж юу вэ?

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “...Бэлгийн дарамт гэж бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж тодорхойлжээ.

Бэлгийн хүчирхийлэл нь ураг төрлийн хүрээнд, ажлын байранд гэх мэтээр үйлдэгдэж байгаа бөгөөд нийгэмд түгээмэл тохиолдож буй тул ажлын байран дахь бэлгийн дарамтын талаар хөндөж байна. 

Бэлгийн дарамт нь ажлын байраар хязгаарлагдахгүйгээр өргөн талбарт үйлдэгдэж байна

Монголын эмэгтэйчүүдийн сангаас 2016 онд хийсэн цахим судалгаагаар ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн хохирогчдын 97.5 хувийг эмэгтэйчүүд, 2.5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байсан бөгөөд ажлын байран дахь бэлгийн дарамт үйлдэгчдийн

  • 97.5 хувь нь эрэгтэйчүүд,
  • 87.4 хувь нь дээд боловсролтой,
  • 69.2 хувь нь удирдах албан тушаалтнууд байна гэжээ.

Түүнчлэн “Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх төрийн бус байгууллагуудын эвсэл”-ээс 2017 онд ажлын байран дахь бэлгийн дарамтын талаар 17-70 насны 753 хүнээс судалгаа авахад 79.6 хувь нь “ажлын байрны бэлгийн дарамт их байдаг” гэжээ.

Эдгээр судлагааны дүнгээс үзэхэд манай улсад ажлын байран дахь бэлгийн дарамт газар авсныг илтгэнэ. Мөн бэлгийн дарамт нь ажлын байраар хязгаарлагдахгүйгээр өргөн талбарт үйлдэгдэж байна.

График, Ажлын байран дахь бэлгийн дарамт голчлон үйлдэгддэг газар:

 
Эх сурвалж: Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дугаар илтгэл

Гэвч ажлын байран дахь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй байгаа юм. 

Хэдийгээр 2015 онд баталсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцсон ч 2017 оны нэмэлт өөрчлөлтөөр хасаж, ажлын байранд бэлгийн дарамт үзүүлсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй болгосон гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дугаар илтгэлд цохон тэмдэглэжээ.

Ажлын байрны бэлгийн дарамтаас учирсан бодит хохирол: 

Д/Д

Хариултын төрөл

Хувь

тоо

1

Нэр төр хохирсон

21.2

80

2

Хамт олныхоо дунд нүүр хийх газаргүй болсон

14.6

55

3

Хичээлээ тасалсан

3.6

14

4

Сургуулиа орхисон

4.8

18

5

Ажлын бүтээмж муудсан

20.4

77

6

Цалин буурсан

2.9

11

7

Ажилгүй, орлогогүй болсон

8.8

33

8

Өөр ажилд шилжсэн

20.7

78

9

Бэлгийн замын халдварт өвчин авсан

1.9

7

10

Жирэмсэлсэн

3.2

12

11

Эрүүл мэндтэй холбоотой зардал гаргасан

5.6

21

12

Гэр бүлийн харилцаанд өөрчлөлт орж, гэр бүлийн хүчирхийлэл гарсан

6.9

26

13

Гэр бүл салсан

5.6

21

14

Амиа хорлох сэдэл төрж байсан

2.7

10

15

Бусдын амийг бүрэлгэх сэдэл төрж байсан

1.6

6

16

Ямар ч хүндрэл учраагүй

23.6

89

17

Бусад

23.1

87

Харамсалтай нь бэлгийн дарамтад өртсөн иргэдийн ихэнх нь хуулийн байгууллагад хандалгүй, асуудлыг чимээгүй өнгөрөөжээ. Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн 600 гаруй хүнээс хуулийн байгууллагад гомдол гаргасан эсэхийг асуухад 446 нь үгүй гэсэн бол 190 нь хариулаагүй байна. Гомдол өгөөгүй шалтгааныг лавлахад хаана хандахаа мэдэхгүй, ажилгүй болохоос айсан, нууц алдагдана, дарамт шахалт ирнэ, хамт олны дунд нэр хүндгүй болно гэх мэт хариултыг өгчээ.

Мөн гомдол гаргасан ч шийдвэрлүүлж чадахгүй байгаа гол шалтгаан нь хохирогчоос нотлох баримт шаарддаг, хохирогч хамгаалал, аюулгүй байдал баталгаагүй, хувийн нууцлал, мэдээлэл алдагддаг ба ёс зүйн зөрчил болон байх ёстой зүйл мэтээр үзэх хандлага зэрэг хүчин зүйлс хэмээн Хүний эрхийн үндэсний комиссоос дүгнэсэн байна. 

Хохирогчийг буруутгах хандлагыг өөрчилж, хуулийн орчныг сайжруулъя

iKon.mn сайт "Та ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байсан уу" хэмээх санал асуулга явуулж байгаа бөгөөд хамрагдсан иргэдийн хариултаас харахад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад бэлгийн дарамт байсаар байгааг харуулсан юм. Мөн хохирогчдын 95.6% нь энэ талаар хуулийн байгууллагад хандаж байгаагүй хэмээсэн байна. 

 

Ийнхүү хохирогчид дуугүй байсаар байгаа нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн иргэнийг "өөрөөс нь болсон биз", "сүртэй юм" гэх мэтээр хохирогчийг буруутгах, биеэ авч явах байдлаар нь шүүмжлэх хандлага байгаатай тодорхой хэмжээнд холбоотой. Мөн зүй бус үйлдэл хийсэн этгээдэд хүлээлгэх хариуцлага нь тодорхойгүй байгаа тохиолдолд олон хүнийг бие сэтгэлийн хямралд оруулж буй энэ төрлийн хэрэг буурах эсэх нь эргэлзээтэй.

Дарамт учруулж буй хүн л буруутай болохоос биш хохирогчид төрсөн бие, өмссөн хувцсаасаа шалтгаалан дахин хэл амны бай болох учиргүй юм.

Түүнчлэн холбогдох хуулиудад ажлын байранд бэлгийн дарамтад өртсөн хүн хаана хандах, дарамт үзүүлсэн этгээдэд ямар хариуцлага хүлээлгэх талаар тодорхой тусгах шаардлагатай байна.

Нийгэм нь байдаг зүйл мэтээр хүлээн авч, үл ойшоох, хохирогчид чимээгүй байсаар байх нь гэмтнүүдийг улам өөгшүүлж байх талтай. Үр нөлөөнд нь бэлгийн дарамтад өртөгчдийн тоо өсөн нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй. Оршин байгаа асуудлыг улам даамжруулахгүйн тулд, ойр тойрны нэгнээ золиос болгохгүйн тулд оролцоо хамгаас чухал. 

Бэлгийн дарамтыг хүлцэн тэвчиж, хүлээн зөвшөөрч болохгүй тул нийтээрээ дуугардаг, хариуцлага хүлээлгэхийг шаарддаг, анхаарлаа сулруулахгүйгээр чанга хэвээр байлгах нь уг асуудлыг таслан зогсооход чухал нөлөөтэй билээ.