Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох найм дахь удаагийн сонгууль энэ онд тохиож буй.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу парламентад суудалтай нам, эвслүүд нэр дэвшигчээ тодруулж, өрсөлдүүлнэ. Өөрөөр хэлбэл, МАН, АН, МАХН, “Зөв ХҮН электорат” эвслээс нэр дэвшигчдийн нэг нь сонгогчдын олонхын саналыг авсан тохиолдолд төрийн тэргүүнээр сонгогдох нь. Гэвч талцал, хагаралтай өнөөгийн улс төрөөс олонхын санал авч чадах хүчтэй лидер олно гэдэг ярвигтай асуудал.
Тэгвэл нэр дэвшигчдээс хэн нь ч олонхын санал авч чадахгүй бол яах вэ. Энэ тохиолдолд өмнөх удаагийн Ерөнхийлөгчийн сонгуультай адил дахин санал хураалт явуулна.
Эргэн сануулбал, 2017 оны ээлжит сонгуулийн анхны санал хураалтад нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын 68.27 хувь нь буюу 1,357,788 сонгогч оролцож саналаа өгсөн байдаг. Үүнээс:
Үүнээс гадна нийт санал өгсөн сонгогчийн 18.6 мянга нь ЦАГААН СОНГОЛТ буюу нэр дэвшигчдээс хэнийг нь ч дугуйлаагүй.
Дээр дурдсанчлан нэр дэвшигчдээс хэн нь ч олонхын санал авч чадаагүй учир дахин санал хураалт явуулж анхны санал хураалтаар хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг өрсөлдүүлснээр одоогийн Ерөнхийлөгч сонгогдсон.
Хэрэв дахин санал хураалтаар дээрх хоёр нэр дэвшигчийн хэн нь ч олонхын санал авч чадаагүй бол хуулийн дагуу ДАХИН СОНГУУЛЬ зарлах байв.
Мэдээж дахин сонгуульд өмнөх нэр дэвшигчдийг дахин нэр дэвшүүлэхгүй. Энэ тохиолдолд нам, эвслүүд ШИНЭ нэр дэвшигчээ танилцуулж, сонгуулийг дахин эхлүүлнэ.
ЦАГААН СОНГОЛТ хийсэн 18.6 мянган хүний санал сонгуулийн дүнг савлуулах хэмжээний үзүүлэлт биш ч гэлээ нэр дэвшигчдийн авах 50%+1 саналыг тодорхой хэмжээнд доош чангаасан үзүүлэлт болсон.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтаар нэр дэвшигчдийн авсан санал болон ЦАГААН СОНГОЛТ-ын дүн:
Өөрөөр хэлбэл, хэнийг ч дугуйлалгүйгээр саналын хуудсаа санал тоолох машинд хийснээр аль нэг нэр дэвшигч нийт сонгогчдын олонх буюу 50 хувиас илүү санал авах магадлалыг бууруулж, шинээр сонголт хийх боломжийг шаардаж байна гэсэн үг.
Тиймээс ч нийт долоон удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд анх удаа буюу 2017 онд дахин санал хураалт явуулсан. Зөвхөн парламентад суудалтай нам, эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг сонголтгүй сонгуулийн системийн нөлөөгөөр улс төрд нөлөө бүхий хоёр хүчнээс л төрийн тэргүүнийг сонгодог мухардмал байдал тогтоод байсан. Энэхүү бугшмал байдлыг эвдсэн, сонгогчдын санал ямар чухал болохыг харуулсан үйл явц өмнөх сонгуулиар ажиглагдсан билээ.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар ч мөн адил сонголтгүй сонголт тулгасан тохиолдол ЦАГААН СОНГОЛТ хийх эрхтэйг сонгогч танд сануулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд:
Энэ шаардлагад нийцэх хүнийг нам, эвслээс нэр дэвшүүлэх хүртэл ЦАГААН СОНГОЛТ хийх эрх нь сонгогч танд бий. Товчхондоо, нэр дэвшигч Ерөнхийлөгч байх шаардлагыг хангаагүй гэж үзвэл сонгогч дараагийн шинэ нэр дэвшигчийг захиалах боломжтой юм.
Нөгөө талаас ЦАГААН СОНГОЛТ-ын сөрөг талыг сонгуулийн зардалтай холбон тайлбарладаг. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг 20 гаруй тэрбум төгрөгөөр тооцон улсын төсөвт багтаасан.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 9.7-д Улсын Их Хурлаас баталсан ээлжит бус болон дахин сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана хэмээн заасан байдаг. Дахин сонгууль явуулах нөхцөл бүрдсэн тохиолдолд Засгийн газар хэмнэлт хийж 20 тэрбум төгрөгийн зардлыг бүрдүүлэх бүрэн боломжтой юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
|