Индэр    
2021 оны 4 сарын 5
Зураг
Эдийн засагч, шинжээч

БАНКУУДЫН СУНГАА-1

 
Гэрэл зургийг MPA.mn

“Хоржийлоо” хэмээн сунгаа, их сунгаа, наадмын уралдаан эхэлдэг. 2021 оны 2 дугаар сард банкны тухай хууль шинэчлэгдэн батлагдснаар банкуудын их сунгаа ч эхлэв.

Хурдан морины наадам өнгөлөх үгүй нь өвс, ус хэр зохицсон эсэх, унаач хүүхэд хэр чадвартай эсэх, уяач эзэн нь уяа сойлгыг нь хэр тааруулсан эсэхээс шууд хамаарна. Үүнтэй яг утга нэг та тухайн банкаа сонгохдоо санхүүгийн төлөв байдлын тайлан, алсын хараа, удирдлагын баг, аль зах зээлийн сегментэд үйл ажиллагаа явуулж байгаа эсэх гэх мэтээр нэгд нэгэнгүй шинжих нь зүйтэй.

Энэ оны долдугаар сараас эхлэн банкууд цаасан дээр ХК нэртэй болох бөгөөд 2023 ондоо багтаад системийн нөлөө бүхий банкууд IPO хийсэн байх юм

Хэрвээ та банкны хувьцаа сонирхож байгаа бол банкны цуврал мэдээллийг цаг алдахгүй уншиж танилцаарай. Мэдээж энд, аль нэг банкийг илүү, дутуугаар нь шүүж, танд энэ банкийг сонго гэж зөвлөхгүй. Харин нийтэд нээлттэй мэдээлэл, тоон өгөгдөл дээр хийсэн судалгаа, шинжилгээ нь таныг мэргэн сонголт хийхэд дэм болон гэдэгт гүнээ итгэж байна.

Энэ удаад та бүхэнд санхүүгийн төлөв байдлын тайлан хэсгээс банкуудын зах зээлд эзлэх хувийг танилцуулъя. Мэдээж зах зээлд хамгийн их хувь эзэлж байгаа нь сайн гэсэн үг биш. Учир нь банк бүр өөр, өөр секторуудад үйл ажиллагаа явуулж буй учраас тухайн сектордоо тэргүүлэгч нь байх боломжтой. Түүнчлэн үнэлгээ багатай, зах зээлд эзлэх хувь бага банк ч өсөх боломж өндөр бий. 

Банкны актив. Энгийнээр бол банк харилцагчаас татсан харилцах, хадгаламж, гадаадаас татсан эх үүсвэрээ ашиг олохын тулд хэрхэн байршуулж байгааг бүхэлд нь харуулдаг үзүүлэлт юм. Тэгэхээр актив дотор Төв банкны үнэт цаас, Засгийн газрын үнэт цаас, Зээл гэх мэт үзүүлэлтүүд багтана гэсэн үг.

Монголын банкны салбарын активын 75 хувийг 3 банк бүрдүүлж байна. Тодруулбал, 33 хувийг Хаан банк, 22 хувийг ХХБанк, 20 хувийг Голомт банк эзэлж байгаа нь энэ 3 банк Монголын ихэнх иргэд, топ ААН-үүдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг.
Эх сурвалж: Mandalasset.mn

Банкуудын татсан хадгаламжийн хувьд, Хаан банк 39 хувийг нь дангаараа бүрдүүлж байна. Энэ нь тэртээ 1991 оноос эхтэй. Банк нь нэг шатлал бүхий улсын банкны тогтолцоо задарсан үе буюу 1991 онд орон даяар салбар нэгжтэй, Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын банк нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Тэр суурин дээрээ Хаан банк нь одоогийн иргэдийн зах зээлд байр сууриа нэгэнт олсон билээ. Ялангуяа хөдөө орон нутагт Хаан банкны салбаргүй сум, аймаг гэж байхгүй. 

Харин Худалдаа Хөгжлийн банк, Голомт банкны хувьд корпрэйт суурьтай бөгөөд Монголын топ гэсэн ААН-үүдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг. Гэсэн хэдий ч ялангуяа Голомт банкны хувьд, 2016 оноос хойш ретэйл буюу иргэдийн зах зээлд хүч түрэн орж ирсэн.

Эх сурвалж: Mandalasset.mn

Дүгнэлт

  • Банкны актив болон зээлийн 75 хувийг, хадгаламжийн эх үүсвэрийн 78 хувийг Хаан, ХХБ, Голомт банк бүрдүүлж байна. Энэ нь тус 3 банк Монголын санхүүгийн бүх иргэд, топ ААН-үүдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлдгийг илтгэж байна.
  • Хэдийгээр зах зээлийн дийлэнх хувийг 3 том банк эзэлж байгаа ч зорилтот зах зээлээс шалтгаалж банкуудын үйл ажиллагаа явуулж буй сегмент өөр
  • Төрийн банк нь салбараараа Хаан банкнаас дутахгүй бөгөөд ялангуяа тэтгэвэр, тэтгэмж, цалин гэх мэт төрийн албан байгууллагуудын бүх төрлийн санхүүгийн үйлчилгээг явуулж байна. 
  • Хас банк нь бидний ЖДҮ гэж нэрлэж заншсан зах зээлд тэргүүлэх чиглэлтэй үйл ажиллаагаагаа явуулдаг.
  • Голомт болон ХХБ-нь корпрэйт суурьтай бөгөөд Монголын топ ААН-үүдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг. 
  • Банк бүр зах зээлийн сегментээрээ ялгаатай байгаа ч хайбрид болох стратеги барьж эхэлсэн. 2016 оноос хойш Голомт банк нь иргэдийн зах зээлд хүчтэй нэвтэрсэн. 2020 оноос эхлэн Хаан банк нь корпрэйт зах зээл рүү нэвтэрч байна.