Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ оны хоёрдугаар сард их, дээд сургуулийн захирлуудтай уулзах үеэрээ сургуулийн газраа зарсан захирлуудтай хариуцлага тооцохоо илэрхийлж байв. Зөвхөн их, дээд сургуулиар тогтохгүй ерөнхий боловсролын сургуулиудын газрын асуудалд Сайд анхаарал хандуулах шаардлагатай байгааг нийслэлийн ууган сургуулиудын нэг ЕБС-ын 45 дугаар сургуулийн жишээ харуулж байна.
Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 45 дугаар сургуулийн талбайн тодорхой хэсгийг нэр бүхий компани 10 жил орчим хугацаанд эзэмшиж буй.
Тухайн талбайд таван жил гаруйн өмнө том хэмжээний нүх ухсан ч одоог хүртэл ямар нэг үйл ажиллагаа эрхлээгүй хэвээр байгаа бөгөөд ухсан талбай нь хогийн цэг болсныг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны ажилтан хэлсэн юм.
Тус хорооны фейсбүүк дэх албан ёсны хуудаст мэдээлснээр 45 дугаар сургуулийн хашаан доторх газрыг эзэмшиж буй компани нь орон сууц барих зөвшөөрөлтэй бөгөөд энэхүү зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг шат шатны холбогдох байгууллагад уламжилжээ.
Уг хүсэлтийн хариу ирсэн эсэхийг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооноос тодруулахад "Албан ёсны хариу ирээгүй байна. Бид иргэдээс гарын үсэг цуглуулж өгсөн. Иргэд тухайн газар барилга барихыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, гарын үсэг цуглуулж өгсөн. Сургуулийн талбайд хүүхдүүдэд зориулсан чийрэгжүүлэлтийн болон хөлбөмбөгийн талбай байгуулах хүсэлтэй байгаа.
Энэ асуудлаар манай дүүргээс сонгогдсон НИТХ-ын Төлөөлөгч М.Халиунбат, хороогоо төлөөлж дүүрэгт сонгогдсон төлөөлөгч Ш.Должин нар анхаарч ажиллаж байгаа.
Тус сургуулийн хашаан дахь газрыг нэр бүхий компани 2012 оноос хойш эзэмшиж байна. 2015, 2016 оны үед газрыг нь ухсан ч ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй. Одоогоор хогийн цэг, дамжин өнгөрч буй хүмүүсийн бие засах газар шиг л болсон. Энэ нь халдварт өвчний үед эрсдэлийг нэмэгдүүлж байгаагаас гадна хүүхдүүдийн суралцах орчинд аюултай нөхцөл үүсгэсэн" гэлээ.
Тус сургуулийн газрын асуудлыг хуулийн хүрээнд хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Галаас тодрууллаа.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Гал "45 дугаар сургуулийн талбайн газрыг эзэмших эрхийг дуусгавар болгох арга хэмжээг 2019 оноос эхлүүлсэн. Тодруулбал, 2019 оны есдүгээр сарын 26-ны өдөр Газрын тухай хуулийн 40.1.6 буюу хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийг дурдаж, мэдэгдэл хүргүүлж, хариу тайлбар авсан.
2021 оны нэгдүгээр сарын 22-нд мөн дээрх үндэслэлээр дахин мэдэгдэл хүргүүлсэн. Энэ бол процессын ажиллагаа буюу шат дараалсан арга хэмжээний хүрээнд хийгдсэн ажил.
Хуулийн дагуу мэдэгдэл хүргүүлнэ, сонсох ажиллагаа хийнэ, дахин мэдэгдэл хүргүүлэх эрхийг дуусгавар болгох зэрэг арга хэмжээ авагддаг.
Одоогоор 45 дугаар сургуулийн захиргаанаас "Сургуулийн талбайг нэмэгдүүлж өгнө үү" гэх хүсэлт ирсэн бол 4 дүгээр хорооноос тус талбайг хүүхдийн талбай болгон тохижуулж өгөх тухай хүсэлт ирүүлсэн" гэлээ.
Тухайн ажлын хэсэгт нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч, хэлтсийн дарга нар, дүүргүүдийн Тамгын газрын дарга нар багтаж байгаа бөгөөд ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамирын талбайг стандартын дагуу тохижуулах, аж ахуйн нэгжид олгогдсон газруудыг судалж, сургуулийн эзэмшилд буцаан авах дүгнэлт гаргах үүрэгтэй гэдгийг албаны эх сурвалж хэллээ.
45 дугаар сургуулийн хашаан дахь нөхцөл байдлыг гэрэл зургаас харна уу.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын газрын асуудал хэзээд л ярвигтай байв. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нэгэн ярилцлагадаа "2017 оноос өмнө манайх газар эзэмших эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхгүй явж ирсэн. Бүртгэлгүй байсны улмаас сургуулийн захирал, эмнэлгийн захирал орчны газраа зараад хувийн зорилгоор ашиглаж байна" хэмээсэн нь хуулийн цоорхой ашиглан эрх бүхий этгээд өөрт ашигтай байдал бий болгосныг нотолж байна.
Сургуулийн биеийн тамирын талбай, орчны тохижуулалт нь сурагчдын бие бялдрын хөгжилд тустайгаас гадна бусадтай нөхөрлөх, багаар хамтран ажиллах чадварыг хөгжүүлдэг.
Техасын их сургуулийн профессор Шэридан Титман 1994 онд сургуулийн орчин нь хүүхдэд хэрхэн нөлөөлдөг тухай судалжээ. Судалгааны дүгнэлтэд сургуулийн гадаах талбай сурагчдад дараах дөрвөн чухал нөлөөг үзүүлж байв.
Түүнчлэн сургуулийн хашаан доторх орон зайн өөр нэг чухал нөлөө сурагчдын хөгжилдөх орчин болж буйг судалгаанд онцолсон байна. Энэ мэт эерэг нөлөө, үр дүнг бодолцон цаашид сургуулийн ойр орчимд газар олгохгүй, худалдан борлуулахгүй байж, хүүхдэд зориулсан орчин хэвээр байлгах нь чухал байна.