Зураг
Зураг
Индэр    
2024 оны 5 сарын 31
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ээжүүдийн ₮50,000 "цалин" 2018 оноос хойш нэмэгдсэнгүй

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүүхдийн баяр тохиож буй энэ өдрүүдэд хүүхдээ гэртээ асардаг ээжүүдийн санхүүгийн байдлыг хөндөхийг зорилоо.

Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх нь тухайн гэр бүлийн л асуудал мэт гаднаа харагдавч угтаа бол улсынхаа ирээдүйн иргэнийг бэлдэж буй тун хариуцлагатай, хүндэтгэлтэй "ажил".

Монголын төр 2018 оноос эхлэн ЭЭЖ гэх ажлын байрыг 50,000 төгрөгийн "цалин"-тай болгосон юм. Анх ийм шийдвэр гарахад ээжүүд "Чамлахаар чанга атга" гэж хүлээж авсан. Тухайн үед дундаж цалин нэг сая төгрөг байв. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг 2018 оны нэгдүгээр сарын 3-ны байдлаар авч үзвэл

  • дээд гурил кг нь 1,350
  • цагаан будаа кг нь 2,660
  • хонины ястай мах кг нь 5,090
  • үхрийн цул мах кг нь 7,910
  • хайрцагтай сүү 2,380 төгрөг байжээ.

Ямартай ч ээжүүд "цалин"-гаараа багахан зүйл авч чадаж байлаа. 

зураг
 

Харин халамж гэх үү, цалин гэх үү ямартай ч "Цалинтай ээж" гэж нэрлэгдсэн уг хөтөлбөрийн мөнгө одоо хаанаа ч хүрэхээргүй болчхоод байгаа юм. 

Энэ оны тавдугаар сарын 27-ны өдрийн байдлаар 

  • дээд гурил кг нь 2,463
  • цагаан будаа кг нь 4,798
  • хонины ястай мах кг нь 16,556
  • үхрийн цул мах кг нь 21,469
  • хайрцагтай сүү 4,445 төгрөг болсныг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээлсэн.

Ээжүүд "цалин"-тай болсон энэ зургаан жилийн хугацаанд ү​​​​хрийн цул мах гэхэд л бараг гурав дахин өсөв. Харин гурилынх бараг хоёр дахин, цагаан будааных 1.5 дахин нэмэгджээ. 

Мөн дундаж цалин 2018 оноос хойш 2022 он хүртэл бараг 60 хувь өсөв. Ихэнх зүйл өсөөд байхад ээжүүдийн "цалин" л огт нэмэгдсэнгүй. 

Мөн хүүхдээ гурван нас хүрэхээс нь өмнө ажилдаа орвол эсвэл цагийн ажил хийгээд, түүнээс нь Нийгмийн Даатгалын Шимтгэл(НДШ) төлөгдчихвөл 50,000 төгрөгийн олголт зогсдог.

Үргэлжлүүлж авахын тулд нэлээд бичиг цаас цуглуулж, чирэгдэл болно. Уг нь ээжүүд "цалин"-гаа нэмүүлэхээр Нийтийн өргөдөл гомдлын системд санаачилга гаргаж, 100,000-аас дээш хүний дэмжлэг авсан боловч цаашид хэрхэх нь тодорхойгүйгээр намжжээ.

Энэ системд гаргасан саналууд зорилтот тооныхоо дэмжлэгийг авсан бол шийдвэрлэгдэх учиртай ч шийдвэрлэлтийн явцыг мэдээлээгүй байна. Тиймээс ядаж л 100,000 гаруй хүний дэмжлэг авч, хуулийн төсөл санаачлах боломжтой болсон энэ саналыг УИХ анхааралдаа аваад, нэг мөр болгох хэрэгтэй байна.

Дээр дурдсанчлан хүүхэд төрүүлэн өсгөх нь дан ганц гэр бүлийн биш, төр нийгмийн хариуцлага.

Эцэг, эх, төрийн хамтын хариуцлагыг сайн хэрэгжүүлж байгаа улсаар Исландыг нэрлэдэг байна. Тус улсад хүүхэд асрах есөн сарын чөлөөний хугацаанд сарын цалингийнх нь 80 хувийг олгодог аж. 

Тэгвэл Шведэд хүүхэд асрах чөлөө нь бүтэн цалинтайгаар 16 сар олгогддог. Уг зардлыг ажил олгогч, төр хоёр хувааж төлдөг ба хамтын хариуцлагын даатгалыг хөгжүүлжээ. Хүүхэд асрах чөлөөг аав, ээж хоёр заавал ээлжилж авах ёстой гэдэг байна. Зургаан нас хүртэлх үе бол хүний хөгжлийн алтан үе. Тиймээс аавтайгаа, ээжтэйгээ цуг байх боломжийг нь ингэж хангадаг аж.

Харин манай улс НДШ нийтдээ 12 сарын хугацаанд төлснөөс сүүлийн зургаан сар нь тасралтгүй төлсөн бол амаржихаас өмнөх хоёр сар, амаржсаны дараах хоёр сарын цалинг нь олгоод, түүнээс цааш 50,000 төгрөгөөр "цалин"-жуулж байгаа юм. 

Харьцуулж харахаар эдгээр орноос суралцах зүйл манай улсад их байна.

"Цалинтай ээж" хөтөлбөрийн мөнгийг нэмж өгөхийг хүссэн цахим өргөдөл гаргагч иргэн Р.Цэндсүрэн "Цалинтай ээж гэж нэрлээд байгаа ₮50,000-өөр өнөөдөр 30 хоногийн ядаж долоо хоногт нь хэрэглэх памперс эсвэл нэг сав хүүхдийн нэмэлт сүү ч авч хүрэхгүй байна. Хамгийн чухал, нэр хүндтэй, улс орныхоо ирээдүйг өсгөж байгаа энэ л үед нь ээжүүдийг хүүхдээ эрүүл өсгөхөд, тэднийг хөгжүүлэхэд, зөв сайхан хүмүүжүүлэхэд санаа амар байх хэмжээний цалин олгоосой гэж хүсэж байна" гэсэн байгаа юм. 

Гэртээ хүүхдээ харж, ирээдүйн иргэнийг өсгөн хүмүүжүүлж буй хамгийн хариуцлагатай албыг хашиж байгаа ээжүүдийн "цалин"-г эргэн харах цаг хэдийнээ болжээ.