Индэр    
2021 оны 3 сарын 16
Зураг
iKon.mn сэтгүүлч

COVID-19-ийг далимдуулж, хэний ч мэдэхгүй томилгоо хийгдсээр байгааг УИХ-ын гишүүний хүүгийн жишээ нотоллоо

Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн ЭМДЕГ-ын худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар томилогдсон нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна. М.Оюунчимэг гишүүнийг албан тушаалаа ашиглан хүүгээ газрын даргаар томилогдоход нөлөөлсөн байж болзошгүй хэмээн үзэж буй. 

Энэ талаар холбогдох эх сурвалжаас тодруулахад "COVID-19-ийг хуулийн 3.2 дахь заалтыг үндэслэн Засгийн газраас уг томилгоог хийсэн. Хуулийн үйлчлэх хугацаа энэ оны долоодугаар сарын 1-нд дууссанаас хойш бид зохих журмын дагуу сонгон шалгаруулалтад оролцогчдод шаардлага тавина.

Цар тахлын нөхцөл байдалд Засгийн газар онцгой горимд ажиллаж буй учир түр томилгоог хийж байгаа" гэсэн хариулт өгөв.  

"Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуульд албан тушаалтны сонгон шалгаруулалттай холбоотой дараах заалт байна. 

Тодруулбал, тус хуулийн 3.2-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ гэж заажээ.  

Томилгоотой холбогдуулан ЭМЯ-наас тодруулахад "Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас асууна. Тухайн газарт газрын даргаар очсон тул тус байгууллагаас асуух нь зөв" гэв. 

Харин ЭМДЕГ-аас "Манайд энэ талаар мэдээлэл алга байна" гэлээ. 

Төрийн албанд ажиллах хүсэлтэй иргэдээс төрийн жинхэнэ албаны шалгалт авдаг. Ингэхдээ ерөнхий болон тусгай шалгалт авдаг бөгөөд тусгай шалгалтыг тухайн албан тушаалтай холбогдуулж авахаас гадна нөөцөд байгаа иргэдээс авдаг. 

Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2 дугаар сарын 25-ны өдрийн хооронд бүртгэлд хамрагдсан иргэдийн нэрсийн жагсаалтаас харахад УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн нь ерөнхий мэдлэгийн шалгалт өгсөн ч Монгол хэл, бичгийн болон дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад ороогүй байна. 

 
Төрийн албаны зөвлөл

Түүний томилогдсон ЭМДЕГ-ын худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргын албан тушаал нь төрийн захиргааны албаны эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарч байна.

Төрийн албаны тухай хуулиар төрийн албан тушаалд Монгол Улсын иргэн, дээд боловсролтой, Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай, эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх зэрэг шаардлагыг тавьдаг. 

Гэвч Б.Энхмөрөн нь төрийн албаны шалгалт өгөөгүй учир дээрх шаардлагыг тавьж болохгүй аж. COVID-19-ийн хуулиар халхалж, төрийн албанд шалгалт өгөөгүй хүнийг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон нь эрх ашгийн зөрчил хэмээн хардахад хүргэж байна. 

Зөвхөн нэг хүний томилгоог бид онцлохыг хүссэнгүй. Төрийн албаны томилгоо ямар байдлаар явагдаж буйг хүргэхийг зорьлоо. 

Үүнээс гадна манай улсад ийм тохиолдол гарсаар байгааг судалгаа харуулж байна. Тухайлбал, төрийн захиргааны 149 албан тушаалтан ямар нэг сонгон шалгаруулалтгүйгээр томилогдон ажиллаж байсан гэдэг нь төрийн албаны зөвлөлийн 2019 оны судалгаагаар ил болж байсан юм.  

Өнгөрсөн 10 жилд төрийн албан хаагчийн тоо 34% өссөн хэдий ч чадавх сайжраагүй, сонгууль дагасан хууль бус томилгоо үргэлжилсэн хэвээр байгааг Дэлхийн банкны судалгаа нотлов. 

Төрийн албаны зөвлөл нь төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй. 

Холбогдох байгууллагаас өгсөн тайлбараар энэ оны долоодугаар сарын 1-нээс хойш зохих журмын дагуу төрийн албаны сонгон шалгаруулалт явагдах аж. Харин үүнээс өмнө COVID-19-ийг далимдуулж, хэний ч мэдэхгүй томилгоо хийгдсээр байна.