Индэр    
2021 оны 2 сарын 9
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Хүүхэд насанд тохиолдсон бэлгийн хүчирхийлэл, сэтгэл зүйн гэмтэл ээж болоод хүүхдээ хөхүүлэхэд хүндрэл үүсгэдэг"

 

ДЭМБ-аас хүүхдийг зургаан сар хүртэл нь заавал хөхөөр хооллох зөвлөмжийг өгдөг. Үүнийг бид мэддэг хэдий ч яагаад “заавал” хэмээн тодотгосны учрыг төдийлөн сайн ойлгодоггүй.

Тэгвэл хөхний сүү нь хүүхдэд шаардлагатай тэжээл, дархлааны бодисыг агуулахаас гадна хөхөөр хооллох нь эхийн эрүүл мэнд, сэтгэл зүйн хувьд маш чухал ач холбогдолтой байдаг ажээ.

Хөхөөр хооллолтын үед тулгардаг хүндрэл, бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах, шийдвэрлэх талаар болон бага насанд тохиолдох хүчирхийлэл, амьдралын сөрөг үйл явдал насан туршид эдгэшгүй урхагтай байдаг талаар Олон улсын батламжит хөхөөр хооллолтын зөвлөх эмч Х.Мөнгөнцэцэгтэй ярилцлаа.

- Та хөхөөр хооллолтын чиглэлээр АНУ-д мэргэжил дээшлүүлсэн байх аа. Энэ талаар яриагаа эхэлье?

- Манай улс 20-25 жилийн өмнө эх хүүхэдтэй ажилладаг эмнэлгийн ажилтнуудыг хөхөөр хооллолтын сургагч багшаар бэлтгэсэн байдаг. Би хүүхдийн эмч, нярайн эмч мэргэжилтэй бөгөөд мэргэжлээрээ 10 дахь жилдээ ажиллаж байна. Миний бие АНУ-д Хөхөөр хооллолтын зөвлөх гэсэн мэргэжлээр суралцаж, дадлагажих явцдаа Монгол Улсад хөхөөр хооллолтын тусламж тун хангалтгүй байгааг ойлгосон. Тухайлбал, манай улсад хүүхдийн эмч бэлтгэх сургалтын хөтөлбөрт хөхөөр хооллолтын үед тулгардаг олон бэрхшээлүүдийн талаар үздэггүй.

Ээжүүд маань эсэн мэнд амаржсаны дараа амжилттай хөхүүлэх гэсэн том даваатай тулгардаг. Цөөнгүй ээж хөхөө зөв амлуулж, хөхүүлж чадахгүй, хөх зангирч хавдах, буглаж хөхний хагалгаанд орох, хөхний сүүний гарц багасах зэрэг олон бэрхшээлтэй нүүр тулдаг. Эдгээр тохиолдлуудад хүүхдээ 6 сар хүртэл нь дан хөхөөр хооллож чадахгүй холимог эсвэл дан тэжээвэр хооллолттой болгодог. Хэрэв мэргэжлийн эмчид хандвал эдгээр бэрхшээлүүдийг эмчлэх, засах бүрэн боломжтой юм. Миний бие эдгээр ээжид нотолгоонд суурилсан тусламж үзүүлэх, нийт эхчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой ажиллаж байна.

- Хөхөөр хооллолтын талаарх хүүхдийн эмч, нярайн эмч нарт зааж байгаа агуулга хангалтгүй гэж хэлж болох нь ээ?

- Монгол Улсад хүүхдийн эмч бэлтгэх сургалт 2 жил, нярайн эмч бэлтгэх сургалт 6 сарын хугацаатай. Хүүхдийг зөв амлуулах, зөв хөхүүлж буйг илтгэх шинжүүдийн талаар, мөн хөхөөр хооллолт, хөхний сүүний ач холбогдлын талаар зааж байгаа.

Мөн Монгол Улсын бүх амаржих газрууд нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийг улсын хэмжээнд үзүүлдэг. Нярайг төрснөөс хойш нэг цагийн дотор ангир уургийг нь амлуулах, арьс арьсаар шүргэлцүүлэх, эх хүүхэд 24 цаг хамт байх зэрэг орно. Хөхөөр хооллолтын анагаах ухаан гэдэг тусдаа салбар шинжлэх ухаан байгаа. Миний бие АНУ-д энэ чиглэлээр суралцсан бөгөөд манай улсын хүүхдийн эмч бэлтгэх хөтөлбөрт байгаа хөхөөр хооллолтын агуулга тун хангалтгүй байгааг ойлгосон.  

"Хүүхэд цадсаны дараа үлдэгдэл сүүгээ бүрэн гадагшлуулахгүй байвал эргэж хөхөнд сүү орох нь багасдаг"

- Ээжүүд маань аль болох хүүхдээ хөхөөрөө хооллохыг зорьдог ч гэсэн сүү бага байх, хүүхэд хөхөө голох гээд асуудлууд гарч ирдэг. Ээжүүдэд тулгамддаг хамгийн түгээмэл асуудлууд юу байдаг вэ, энэ чиглэлд хийгдсэн судалгаа байдаг юм болов уу?

- Хамгийн элбэг тохиолддог асуудал хөхний сүү бага байх. Хөхөө гүйцэд сайн хөхүүлж чадахгүйн улмаас, хөхөө бүрэн суллахгүйн улмаас хөхний сүүний гарц багасдаг. Мөн хөхний толгой хагарах, хөх зангирч буглах, хүүхэд гэнэт хөхөхгүй болох гэх мэт асуудлууд гарч ирэх нь бий. Эдгээр үед ээжүүд эмнэлэгт хандсан ч гэсэн эдгээр асуудлуудаа шийдэж, үргэлжлүүлэн амжилттай хөхүүлж чадахгүй байх тохиолдлууд цөөнгүй гардаг. Хөхөөр хооллолтын үед тохиолдож буй бүх бэрхшээлүүдийн үед хөхөөр хооллолтын зөвлөх нотолгоонд суурилсан тусламж үзүүлэхээр бэлтгэгдсэн байдаг.

Төрсний дараах эхний гурван хоногт ангир уураг гарна. Ангир уураг нь хүүхдийг өвдөхөөс хамгаалах маш чухал дархлааны бодисыг агуулдаг. Төрсний дараах 3, 4 дэх хоногоос хөхөнд сүү орж эхэлнэ. Хөхөнд сүү орсон үеэс эхлэн хүүхэд цадаад хөхөнд үлдсэн сүүгээ заавал сааж гадагшлуулах ёстой. Хөхөнд сүү үлдэж, хөх зангирсны улмаас хөхний идээт үрэвсэл болж бугладаг.

Заавал анхан төрөгч гэлтгүй давтан төрж байгаа ээж нар маань хөхөө сайн суллаж, үлдэгдэл сүүгээ гадагшлуулахгүйн улмаас хөхний үрэвсэл болох тохиолдлууд цөөнгүй бий. Нэгэнт хөхөнд буглаа үүссэн тохиолдолд яаралтай журмаар буглааг нээх мэс засал хийж, үжил халдвар үүсэхээс сэргийлдэг.  

Мөн хүүхэд цадсаны дараа үлдэгдэл сүүгээ бүрэн гадагшлуулахгүй байвал эргэж хөхөнд сүү орох нь багасдаг. Ээжүүд маань үлдэгдэл сүүгээ хайрлаад дараагийн удаадаа хөхүүлнэ гээд хадгалаад байдаг нь буруу юм.

Бидний тархи хөхөнд үлдсэн сүүг “би сүүтэй байна” гээд ойлгочихдог. Үлдэгдэл сүүгээ саахгүйгээр ээж хэчнээн унтаж амарч, хангалттай хооллосон ч хөхөнд сүү орохгүй. Энэ тохиолдолд ээж нар маань би сүү муутай байна, хөхөнд минь сүү эргэж орохгүй байна гээд шууд сүүн холимогоор хооллодог нь буруу юм.

- Хүүхдээ цатгахгүйгээс нэмэлт тэжээл өгдөг. Нэмэлт тэжээл уусан хүүхэд хөхөө хөхөх дургүй болж байгаа юм шиг ажиглагддаг?

- Зургаан сар хүртэлх хүүхдэд угж болоод саатуулагч /соска/ хэрэглэж болохгүй гэсэн ДЭМБ-ын зөвлөмж бий. Ээж байхгүй тохиолдолд саасан хөхний сүүг зориулалтын аягаар хооллох ёстой. Хүүхдийг угжаар хооллоход хүүхэд эргээд хөхөө голох, хөхөө идэхээ болих магадлал өндөр байдаг.  

Угжсан хүүхэд яагаад хөхөө голдог болохыг тайлбарлая. Угжийг гаднаас нь харахад хүний хөхний толгойг дуурайлган хийсэн харагддаг ч угжнаас идэх, хөхнөөс идэх эрс ялгаатай. Угжнаас идэхэд хөхнөөс 3 дахин хялбар, хурдан сүү хүүхдийн ам руу ордог. Хүүхэд угжны хурдан, хялбар соролтод дасаад эргээд хөхөө идэхээ больдог.

Хэрэв зөвлөмжийн дагуу хүүхдийг аяганаас хоолловол эргээд хөхөө голдоггүй. Манайхны хувьд нярай, нялх хүүхдийг аягаар хооллох уламжлал, туршлага байхгүй учир ээж, аав нарт зааж өгдөг. Аягаар зөв хооллосон хүүхэд эргээд ээжийнхээ хөхийг голохгүй.

-Манай улсын хэмжээнд хөхөөр хооллолт бусад улстай харьцуулахад ямар түвшинд байдаг вэ?

-Манай улс хөхөөр хооллолт харьцангуй өндөр хувьтай байдаг. Монгол ээжүүд олон зуун жил хөхөөр хооллодог сайхан уламжлалтай. Гэвч сүүлийн 10-20 жилд хөхөөр хооллолтын хувь тогтвортой буурч байгаа нь харамсалтай. Хөхөөр хооллолт буурч байгаагийн тодорхой хувь нь хөхөөр хооллолтын үеийн тусламж хангалтгүй байгаатай холбоотой гэж үзэж байна.

-Хүүхдийг 6 сар хүртэл хөхөөр хооллох нь юугаар ч орлуулшгүй шим тэжээлийн бодис, дархлааны бодисыг сүүнээсээ авдагтай холбоотой байх. Тэгвэл хүүхдээ хөхөөр хооллох нь ээжийн эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ?

-Хүүхдээ хөхүүлэхийн ашиг тусыг ээжүүд маань маш сайн мэдэж байгаа. Эмч нар ч сайн зөвлөгөө өгдөг.

Харин хөхөөр хооллох нь ээжийн эрүүл мэндийн хувьд маш чухал ач холбогдолтой талаар ээжүүд маань ойлголт тааруу байдаг.  

  • Нэгдүгээрт, хүүхдээ хөхүүлэх нь хөх, өндгөвчний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 2-3 дахин бууруулдаг.
  • Хоёрдугаарт, чихрийн шижин өвчин 2-р хэв шинж, таргалалтаар өвчлөх магадлалыг бууруулж байдаг.
  • Гуравдугаарт, хүүхдээ дан хөхөөр хооллож буй үедээ ээж дахин жирэмслэхээс хамгаалагддаг. Өөрөөр хэлбэл, хэтэрхий ойрхон дахин жирэмслэхээс сэргийлнэ.

- Төрсний дараах эхний хоногуудад хүүхдээ хөхүүлэхээр савнаас шавхарга гадагшлах үйл явц идэвхжиж байгаа нь ажиглагддаг талаар ээжүүдийн яриаг сонсож байсан?

- Хайрын даавар буюу окситоцин арьс арьсаараа нүцгэн биеэр шүргэлцэхэд ялгардаг. Хүүхэд хөхөө хөхөхөд мөн ялгардаг. Окситоцин нь умайн булчинг агшааж, шавхаргыг хурдан гадагшилж, ээжийн бие хурдан тэнхэрнэ гэсэн үг.

Мөн энэ даавар хөхний сүүний гаралтыг нэмэгдүүлдэг. Тэгэхээр хүүхдийг хөхөөр хооллох нь ээжийг хурдан тэнхрүүлэх, олон эмгэгүүдээс сэргийлэх чухал ач холбогдолтой юм.

"Сэтгэл зүйн гэмтэлтэй ээжид хөхөөр хооллолтын эмчээс гадна мэргэжлийн сэтгэл заслын эмчийн тусламж хэрэгтэй"

-Таны магистрын судалгааны сэдэв их сонирхолтой санагдсан. Ээжийн хөхний сүү багасахад сэтгэл санааны байдал нөлөөлдөг хэмээн ойлгодог. Энэ талаар?

-Миний судалгааны ажил “Эхийн бага насанд тохиолдсон амьдралын сөрөг үйл явдал нь /бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны хүчирхийлэл болон үл хайхрах байдал болон бусад сөрөг дурсамж/ хүүхэд төрүүлээд, хүүхдээ хөхүүлэхэд нь хэрхэн нөлөө үзүүлж байна вэ” гэсэн сэдэвтэй.

Бүх төрлийн хүчирхийлэл болон үл хайхрах байдлаас гадна тухайн гэр бүл, хүүхдийн амьдарч сурч байгаа орчинд тохиолдож буй бүхий л сөрөг үйл явдлууд хүүхдэд насан туршид нь тухайн хүүхдэд насан туршид нь мартагдашгүй, эдгэршгүй сэтгэл зүйн гэмтэл болж үлддэг. Түүнчлэн гэр бүл салалт, эцэг эхтэйгээ цуг амьдардаггүй байх болон архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, мансууруулах болон сэтгэц нөлөөт эмийн хамааралтай хүнтэй хамт амьдрах амьдралын сөрөг дурсамж, таагүй мэдрэмж болон үлддэг. Эцэг, эхчүүд гэр бүлээ тэжээх гэж гадна оронд ажиллаад хүүхдээ авга, нагац, эмээ өвөө дээр орхиод явах тохиолдол цөөнгүй байдаг. Эцэг эхээсээ хол, хайр халамжийг нь хүртэхгүй, мэдрэхгүй өснө гэдэг нь нэг төрлийн сэтгэлзүйн гэмтэл мөн билээ.

Энэ бүх сөрөг зүйлс хүүхдэд насан туршид нь хэзээ ч мартагдашгүй, эдгэшгүй архаг стресс болоод үлдчихдэг. АНУ-д 1990 оны эхэн үеэс бага насандаа хүчирхийлэлд өртсөн, бага насандаа сөрөг үйл явдал тохиолдсон хүмүүсийг одоог хүртэл олонг жилийн турш дагаж судалсан судалгаа байдаг. Мөн архи, согтууруулах ундаа, мансууруулах бодисын хамааралтай болон олон төрлийн архаг эмгэгүүдтэй насанд хүрэгчдийг хүүхэд нас руу эргэж судалсан судалгаа ч бий. 

  • 6 ба түүнээс дээш тооны хүчирхийлэл ба сөрөг үйл явдал тохиолдсон бол амьдрах хугацаа 20 насаар багасдаг болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл хүүхэд насанд нь амьдралын сөрөг үйл явдал тохиолдоогүй хүнтэй харьцуулахад амьдрах хугацаа нь 20 жилээр богиносдог байх нь.
  • 4 ба түүнээс дээш тооны хүчирхийлэлд өртсөн бол тамхичин болох, архаг хууч өвчнөөр өвчлөх магадлал 10-11 дахин нэмэгдсэн байна. Мөн сэтгэл гутралд өртөх магадлал 4.5 дахин ихэсдэг байна.

Миний хувьд эдгээр судалгааны мэдээллийн санг ашиглаад бага насандаа хүчирхийлэлд өртсөн болон амьдралд нь сөрөг үйл явдал тохиолдсон бол ээж болсны дараа хүүхдээ хөхөөр хооллоход нь хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг судалсан.

- Амьдралын сөрөг үйл явдлууд дундаас аль нэг нь илүүтэйгээр хүүхдийг хөхөөр хооллоход сөргөөр нөлөөлнө гэж байх уу?

- Хүүхэд насандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн бол ээж болоод хүүхдээ хөхүүлэх үед сөрөг дурсамжууд нь сэдэрч хүүхдээ амлуулж, хөхүүлж чадахгүй зарим тохиолдолд хүүхдээ хөхүүлэхээс жигшдэг тохиолдлууд байдаг. Тухайн хүний тархины гүнд нуугдаад үлдчихсэн сөрөг дурсамж гарч ирж байна гэсэн үг юм.

Сөрөг дурсамж сэдэрдэг тул хэчнээн хүүхдээ хөхүүлэх ёстойгоо ойлгож байгаа хэдий ч амжилттай хөхүүлж чаддаггүй.

Амжилттай хөхүүлж чадах эсэх нь зөвхөн жирэмслэлт, төрөлтийн үеэс хамаардаг бус эхийн бага насны сэтгэлзүйн гэмтэл, стрессээс хүртэл шалтгаалдаг байх нь.

- Тэгвэл хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөний улмаас ээж болсныхоо дараа хүүхдээ хөхүүлэхэд нь ямар тусламж үзүүлэх вэ?

- Сэтгэл зүйн гэмтэлтэй, бага насандаа хүчирхийлэлд өртөж байсан ээжид хөхөөр хооллолтын эмчээс гадна мэргэжлийн сэтгэл заслын эмчийн тусламж хэрэгтэй. Эдгээр ээжүүд бусад жирэмсэн ба төрсний дараах  үед сэтгэл гутралд өртөх магадлал илүү өндөр байдаг учраас илүү ойрхон хяналтын үзлэг хийж, сэтгэл заслын эмч давхар хянах шаардлагатай.

"Архаг стресс нь хүний эрүүл мэнд, сурч боловсрох, ажиллах чадвар, нийгмийн амьдралд сөрөг нөлөө үзүүлсээр байдаг"

- Гадныхан судалгааг урт хугацаанд хийдэг. Сэтгэл зүйн судалгааг хүн нэг бүрчлэн мөшгиж хийж байна. Манай улсын хувьд судалгаа ямар түвшинд байна вэ?

- Миний түрүүн дурдсан АНУ-д хийгдсэн судалгаа гэхэд 17,000 хүнийг дагаж судалсан байгаа юм. Мөн 25,000 хүний хүүхэд нас руу буцаж судласан судалгаа бий.

Дагаж судлахыг когорт судалгаа гэдэг. Энэ судлагаагаар тухайн хүнтэй 5 жил тутам холбогдоод асуумжуудаа авдаг. Зарим судалгааны явцад жил бүр эргэж холбогдох нь ч бий. Энэхүү судалгаагаар тухайн хүний бага насанд тохиолдсон амьдралын сөрөг үйл явдлууд зөвхөн тухайн хүний эрүүл мэндэд бус нийгэмдээ маш олон сөрөг үр дагавруудтай.

Тухайлбал, бага насандаа тохиолдсон сөрөг дурсамжаа мартахын тулд тамхи татах, архи уух гэх мэт хорт зуршлуудтай болдог. Түүгээр ч зогсохгүй сурах, ажиллах чадварт нь сөргөөр нөлөөлж, гэмт хэрэг үйлдэх магадлал нь нэмэгддэг болох нь тогтоогдсон. Байнгын архаг стресс нь хүний дархлаа тогтолцоог сулруулж, олон архаг өвчлөлийн суурь болдог.

Байнгын архаг стресс нь хүний дархлаа тогтолцоог сулруулж, олон архаг өвчлөлийн суурь болдог.

Яс хугарахад 6 сараас нэг жилийн дараа бүрэн эдгэрдэг бол архаг стресс 60 жилийн турш ч хүний дурсамж, тархин дотор байж л байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд насанд үүссэн архаг стресс нь тухайн хүний эрүүл мэнд, сурч боловсрох, ажиллах, нийгмийн амьдралд сөрөг нөлөө үзүүлсээр байдаг.

Иймд хүүхэдтэй ажилладаг хүмүүс, эцэг эх, багш нар, хүүхдийн эмч нар энэ тал талаар маш сайн мэдээлэлтэй, мэдлэгтэй байх нь зүйтэй.

- Архаг стресс үүссэн л бол насан туршид байх учраас урьдчилан сэргийлэх нь чухал байх нь?

- Тэгэлгүй яахав. Эцэг эх байх, хүүхэдтэйгээ харилцах чадвар нь хүний амьдралын амин чухал чадвар гэж хэлж болно. Эцэг эх болж, хүүхэд өсгөн хүмүүжүүлж байгаа л бол энэ чадварыг эзэмших ёстой. “Би хүүхдийнхээ төлөө” гээд ажилдаа хэт их анхаараад явж байхдаа Та хүүхдээ үл хайхраад хүүхэдтэйгээ ярилцах цаг гаргахгүй байж мэдэх юм. дээр нь орхиод явах “Би хүүхдээ зоддоггүй. Би хүчирхийлэгч биш”, “Миний хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөөгүй”, “Би хүүхдээ доош нь хийж ярьдаггүй, хэл амаар доромжилдоггүй” боловч та хүүхэдтэйгээ заавал цаг гарган ярилцаж, чин сэтгэлээсээ хайрлаж тэвэрч байгаарай гэж эцэг эхчүүддээ уриалмаар байна.

- Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.