Зураг
Зураг
Индэр    
2020 оны 12 сарын 31
Зураг
Эдийн засагч, шинжээч

Мэргэжлийн байгууллагууд ирэх жилийн эдийн засгийн заяа төөргийг хэрхэн тольдов?

Зураг
Эх сурвалж: freepik.com

Өргөл барьц, хадаг яндар шаарддаггүй олон түмэнд судалгаа, мэдээллээ харамгүй түгээдэг мэргэжлийн хэд хэдэн байгууллагууд бий. Тэдний зүгээс ирэх жилийн заяа төөргийг хэрхэн тольдож байгаа нь бизнес эрхлэгч, бодлого боловсруулагч, хувь хүмүүсийн хүлээлт, үйл хөдлөлд чухал билээ. Мэргэжлийн байгууллагуудын мэрэглэх чадварт хамгийн ихээр саад хийж байсан хүчин зүйл нь вакцин гарах эсэх байв. Нэгэнт вакцин гарах нь тодорхой болж, вакцины уралдаан ч эрчээ авлаа. Улмаар мэргэжлийн байгууллагууд ч өөр, өөрийн чадвараар ирэх жилийг тольдох ажилдаа ханцуй шамлан оров.

Дэлхийн эдийн засгийг хэрхэн тольдов?

  • (Mckinsey)Судалгааны тинктанк гэж нэрлэгддэг Маккинзи-н 11 сарын судалгаагаар томоохон эдийн засагтай орнуудын хүн амд сүргийн дархлаа 2021 оны 3 болон 4 улирлаас тогтож эхэлнэ гэж үзжээ. Хүчтэй нь хүчгүйгээ дийлдэг хорвоо хойно хөгжиж буй орнууд 2021 онд хүн амынхаа ердөө 20 хувийг вакцинжуулна гэх тооцоо гарчээ. Эдгээр судалгааг харахад, 2021 оны 1 дүгээр улиралд вакцин оруулж ирнэ гэсэн манай Засгийн газар хэтэрхий өөдрөг харж байгаа мэт санагдлаа. 
  • (Moody’s)Мүүдизийн зүгээс Ази, Номхон далайн 14 орны 7-г нь 2021 оны 3-р улирлаас хойш сэргэнэ гэж үзжээ. Азаар Монголын эдийн засагт хамгийн их нөлөө үзүүлдэг Хятад улс энэ оны 3 дугаар улиралд хүчтэй сэргэж эхэлсэн. Ихэнх байгууллагууд сэргэлтийн хугацааг ойролцоо түвшинд харж байна. 

Хүснэгт 1. Азийн орнуудын эдийн засгийн сэргэлт эхлэх хугацаа:

  • (IMF, World Bank)– ОУВС болон Дэлхийн банк нь эдийн засгийн төсөөлөл хийх чиглэлд олон нийтэд хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагууд юм. ОУВС-н 10-р сард хийгдсэн тайлангаас эдийн засгийн төлвийг өсөлттэй харж байгаа бөгөөд тэр дундаа Хятадын эдийн засгийг онцгой өснө гэж үзжээ. Энэхүү өсөлтийн гол хувь нэмрийг хөгжингүй орнууд бүрдүүлэх учраас хөгжиж буй орнуудад нөхцөл байдал нэлээд хүнд байхаар байна.
 

Монголын эдийн засгийг хэрхэн тольдов?

Монголын эдийн засгийг дотоод, гадаадын байгууллагууд 12 дугаар сарын таамаглалдаа (Монголбанк, Фитч, Азийн Хөгжлийн Банк) 20 онд 5 орчим хувьд агшиж, 21 онд 6-7 орчим хувиар өснө гэж үзжээ. Тухайн өсөлтийг таамаглахад ирэх онд эдийн засаг хөл хориотой байна гэж үзээгүйг анхаарах хэрэгтэй.

Хэрвээ 2021 оны эхний хагас жил хөл хорионд өнгөрвөл эдийн засаг эндээс бага өснө. Гэхдээ бид энэ өсөлтийн цаана юу болж байгааг маш сайн ойлгох хэрэгтэй. Ялангуяа манайх шиг уул уурхай суурьтай эдийн засагт өсөлт хүн бүрт тэгш хүртээмжтэй очно гэдэг хэцүү. 

Эдийн засгийн салбаруудын сэргэх боломжийг хүснэгт 2-т харууллаа. Сэргэх хугацаа нь хойшлох тусам өсөлтөөс хүртэх боломж багасна л гэсэн үг. Одоогийн нөхцөл байдлаас харахад, 2021 оны эхний хагас бүтэн болон хэсэгчилсэн хөл хорионд байх төлөвтэй байна.

Хэдийгээр вакцины сураг гарч байгаа ч манайд цар тахлын 2, 3 дахь давалгаа бий болох эрсдэл байгаа учраас урлаг, үзвэр, үйлчилгээ, аялал жуулчлал, зочид буудал, боловсрол гэх мэт салбаруудад цаг болон үйлчлүүлэгчийн хязгаарлалт тавигдана.

Хүснэгт 2. Салбаруудын сэргэх хандлага5

 

Мэдээж энэ бол цэгэн таамаглал. Энэ тоог дээш, доош хэлбэлзүүлэх олон ч хүчин зүйл бий, түүнчлэн тодорхой бус байдал ч өндөр. 

Хүснэгт 3. Эдийн засгийн өсөлтөд эерэг болон сөрөг нөлөөлөх хүчин зүйлс: