Индэр    
2020 оны 12 сарын 11
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

МҮОНРТ-ийн сэтгүүлч Б.Пүрэв: Төр нь иргэдээ хязгаарлачихаад тэдний эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаж болохгүй

“Сэтгүүлчийг сулла” гэсэн хаштаг өчигдөр олон нийтийн сүлжээгээр явсныг та бүхэн анзаарсан байх. 

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн долоон гишүүнийг УИХ-аар томилох гэж байсныг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлж байсныг цагдаагийн байгууллагаас хүчээр зогсоож, таван сэтгүүлчийг саатуулсан хэрэг өчигдөр буюу Олон улсын хүний эрхийн өдөр арванхоёрдугаар сарын 10-ний өдөр гарсан юм. Ийм учраас “Сэтгүүлчийг сулла” гэсэн цахим хөдөлгөөнийг өрнүүлсэн билээ.

Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цагдаагийн байгууллагад саатуулагдсан таван хүний нэг, МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" сувгийн сэтгүүлч Б.Пүрэвтэй утсаар холбогдлоо.



 

-Өчигдрийн нөхцөл байдлын талаар яриагаа эхэлье. Та бүхэн үнэхээр саатуулагдах хэмжээний асуудал үүсгэсэн үү?

-Өчигдрийн тухайд хойшлуулшгүй нөхцөл байдал байсан. Төр өөрөө иргэдийг эрхийг хязгаарлачихаад тэдний эрх ашигт буюу олон нийтэд хамаарах асуудлаар шийдвэр гаргах гэж байсан. Олон нийтийн радио, телевиз бол иргэн бүрийн өмч болсон байгууллага. Статус нь олон нийтийнх юм. Иймд үзэл бодлоо илэрхийлэх зайлшгүй шаардлага байсан. Сүүлийн 2-3 сар бид ОНРТ-ийн тухай хуулиа шинэчилж, жинхэнэ утгаараа олон нийтийн өмч байх ёстой тухай ярьж, тэмцэж ирсэн.

Гэтэл хөл хориотой холбоотойгоор манай телевизийн ажилчдыг хоёр ээлж болгон хувааж, 1-р ээлжийнхэн байгууллага руу нэвтэрч болно. 2-р ээлжийн ажилчид телевизийн байр руу нэвтрэхийг хориглосон. Манайх чинь цэргийн хамгаалалтад байдаг онц чухал объект. Орох ямар ч боломжгүй. Ингээд ажил дотроо бид уулзаж ярилцах, мэдээлэл солилцох, эвлэлдэн нэгдэх боломжууд хаагдсан. 

Тиймээс телевизийнхээ замын эсрэг талд, эзнээс нь зөвшөөрөл аваад хувийн өмчийн газар дээр гэр барьсан. Ажил руу орох боломжгүй хүмүүс нь тэнд орж гараад, дулаан байх үүднээс. Энэ бол тэмцэл, жагсаал, өлсгөлөн биш. Түр хугацаанд тэндээ байрлаад, уулзаад үзэл бодлоо илэрхийлье гэсэн юм. Халдвар хамгааллын дэглэмээ зөрчөөгүй. 10-20 орчим хүн байсан байх. Энэ тухай олон нийтийн сүлжээгээр мэдсэн зарим хэвлэлийнхэн ирж яриа авсан. Ойр орчимд явж байсан ганц нэг иргэн дэмжиж оролцсон.  

Ингээд байж байтал Цагдаагийнхан болон Дотоодын цэргийн дугаар ангийн алба хаагчид гээд маш олуулаа ирсэн. Цагдаагийн машины бараг түгжрэл үүсэж, тэнд бужигнасан олон хүний дийлэнх нь цагдаа, цэргийн алба хаагчид байсан.

Хорио цээрийн дэглэмийн үед ингэж тэмцэж жагсаж болохгүй гэсэн шаардлага тавьсан. Тэр үед нь бид учраа тайлбарласан. Бид хууль зөрчөөгүй, дэглэмээ баримталж байна, үзэл бодлоо илэрхийлж байна, маш хойшлуулшгүй асуудал болоод байна гэдгээ хэлсэн. Яагаад гэхээр УИХ олон нийтийн телевизтэй холбоотой чухал шийдвэр гаргах гэж буй бөгөөд 14-нд хөл хорио дуусахыг хүлээвэл хоцрох гээд байгаа тул ямар нэгэн байдлаар үзэл бодлоо илэрхийлэх шаардлага байгааг хэлсэн.  

Тэгсэн удалгүй цагдаагийнхан хүчээр гэрийг буулгаж эхэлсэн. Манайхнаас 5 хүнийг хүчээр баривчилсны нэг нь миний бие. Надад бичгээр шаардлага танилцуулах ёстой, шаардлага тавиад эсэргүүцсэн тохиолдолд хүч хэрэглэдэг биз дээ. Гэтэл шууд хүч хэрэглэж, дайчлан баривчилсан. Цагдаагийн байгууллага дээр авчраад байцаалт, мэдүүлэг авна гэсэн. Би өмгөөлөгчтэйгөө мэдүүлэг өгнө гээд “Глоб интернэйшнл төв”-ийн өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгсөн. Зөрчлийн хууль, Гамшгийн эсрэг хуультай холбоотой зарим зүйл заалтыг мэдүүлэгт дурдаж байна лээ. Гэхдээ би энд Цагдаагийн алба хаагчдыг буруутгамааргүй байна. Тэд бол тушаал хүлээсэн, үүргээ биелүүлж байгаа алба хаагчид учраас юу хэлэхэв.   

Одоо энэ асуудлыг шалгаад прокурорт шилжүүлнэ гэсэн мэдээллийг өгсөн. 

 
Эх сурвалж: Ярилцагч

-Сэтгүүлчдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд ийнхүү халдаж байгааг хэрхэн дүгнэж байна вэ. Өмнө нь Та бүхний тэмцэлтэй холбоотой үг хэлэх эрхийг боогдуулсан тохиолдол гарсан уу? 

-Цар тахлын энэ үед иргэний эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөтэй холбоотой асуудлыг мэргэжил нэгтнүүд маань илүү өөр өнцгөөс анхаараасай.    

Тухайлбал, намайг хөл хорио тогтоосон үед БГД-ийн шүүхээс дуудсан. Манай 9 захирал миний эсрэг, нэр төрөө сэргээлгэнэ гэсэн нэхэмжлэл гаргасан байсан. Би шүүх дээр өмгөөлөгчтэйгөө хамт очиж материалтай танилцах гэсэн боловч хатуу хорионы үе тул шүүгч, прокурорын зорчих эрх нь нээлттэй, өмгөөлөгч зорчих эрхгүй байсан. Энэ нь шүүхэд өмгөөлөгчтэйгөө очих, өөрийгөө өмгөөлөх эрхийг хаагдуулж байсан нэг жишээ.

Хоёрдугаарт, МҮОНРТ-ийн редакцын хараат бус байдал нь хуулиар хамгаалагддаг, бие даасан хуультай цорын ганц хэвлэл мэдээллийн байгууллага. Гэтэл энэ хараат бус байдлыг удирдлагуудын зүгээс маш их зөрчдөг. Түүнийг нь эсэргүүцэж байгаа хүмүүсийг дуугүй болгох, цагдаа шүүхээр айлгах, баривчлах үйлдлүүд гараад байгааг анзаарах ёстой болов уу. Энэ бол зөвхөн нэг байгууллагын асуудал биш юм.

Иргэний нийгмийн байгууллагууд, хүний эрхийн байгууллагууд, ХЭҮК болон бусад газраас сонирхож надаас тодруулга авсан. Энэ талаар судалгаа хийж байгаагаа хэлсэн.

Ийм ч учраас бид өнгөрсөн 2-3 сар тэмцэл өрнүүлсэн. Хууль зөрчөөд байгаа Захирлуудын зөвлөл, хуулийг хэрэгжүүлж чадахгүй байгаа Үндэсний зөвлөл хоёр огцрох ёстой гэж үзсэн. Бид редакцын хараат бус байдлыг хамгаалах ёстой, тэр тусмаа цар тахлын хөл хорио тогтоосон ийм үед. 

-Тэгвэл та бүхэн УИХ-ын томилгоог эсэргүүцсэн. Яг хэнийг эсэргүүцсэн бэ, ямар үр дагавар бий болно гэж үзсэн учраас тэмцсэн юм бэ?

-Энэ сарын 9-ний өдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор манай Үндэсний зөвлөл буюу эрх барих дээд байгууллагын 15 гишүүний долоог нь шинэчлэх асуудлыг хэлэлцсэн. Тэр долоон хүн дотор бидний эсэргүүцээд байсан бүлэглэлээс хоёр хүн нэр дэвшсэн тул 10-нд УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж томилохоос нь өмнө яаралтай дуу хоолойгоо хүргэсэн. 

Өчигдөр УИХ Батцэнгэл гэдэг хүний нэрийг нь татуулж, Ганболд гэдэг хүнийг томилсон. Тэгэхээр бидний өчигдрийн шаардлага 50% биелсэн. Гэхдээ маш том нэг ахиц гарсан нь УИХ-ын дарга Г.Занданшатар ОНРТ-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бэлтгэх Ажлын хэсгийг байгуулах чиглэлийг Төрийн байгуулалтын байнгын хороонд өгсөн. Энэ бол маш том амжилтын эхлэл боллоо гэж бид бодож байгаа. 

Бидний тэмцлийг дэмжсэн УИХ-ын дарга болон нэр бүхий гишүүд маш зөв ойлголтоор, мэдээллийг сайн нягталж, зөв тайлбар мэдээлэл өгсөнд баярласан. 

Тэр 15 хүний ядаж ганц нь зарчимтай хүн байг л дээ

 

-Эсэргүүцээд байгаа хоёр хүн гэдгээ илүү тодруулахгүй юу. Ямар шалтгаанаар тэр хоёр хүнийг эсэргүүцээд байгаа юм бэ?

-Одоо байгаа Захирлуудын зөвлөлөөс ерөнхий захирлыг бидний шаардлагын дагуу хариуцлага тооцож манай Үндэсний зөвлөл чөлөөлсөн. 

Жишээ нь, Ерөнхий сайд ажлаа өгөхөд танхимын сайд нар дагаад огцордог. Энэ бол дэлхий нийтийн наад захын ёс зүйн жишиг. Гэтэл ерөнхий захирлаас томилогддог, Захирлуудын зөвлөлийн арван хэдэн гишүүн ажлаа өгөхгүй хоёр сар боллоо. Тэр байтугай бүр Үндэсний зөвлөлд дээшээ дэвшээд, тэрийг нь УИХ батламжлах гэж байгаа нь бидний тэмцлийг тохуурхаж, доромжилж байгаа мэт санагдсан. 

-Тэмцлийн үр дүнд шаардлагын 50%-ийг биелүүллээ гэж байна. Нэг хүн нэрээ татсан учраас тэр хүний орон зай тодорхойгүй байна. Танай ажилчид, үйлдвэрчний эвлэл ямар хүнийг дэмжиж байгаа вэ? Улс төрийн нөлөөлөл ороод байна гэж олон хүн харж байна.

-Ер нь өнгөрсөн хугацаанд маш их тэмцэл өрнүүлж, хамт олон тогтолцооны гажуудлыг яриад, зарчмын шаардлагууд тавиад явж байхад Үндэсний зөвлөл дотроос дэмжээд дуу хоолойгоо хүргэж байсан хүний нэг бол Д.Оюун-Эрдэнэ гэж хүн.

Энэ хүнийг хамт олны зөвлөл, үйлдвэрчний эвлэл дэмжиж байсан. Яагаад гэхээр тэр хүн бидний яриад байгаа бодлого, тогтолцооны өөрчлөлтүүдийг дэмжиж байгаа тул тэр 15 хүний ядаж ганц нь ийм зарчимтай хүн байг л дээ. Түүнээс гадна иргэний нийгмийн байгууллагын маш туршлагатай Ариунаа гэж хүн нэр дэвшсэн. Харамсалтай нь сонгогдоогүй, улс төрийн дэмжлэггүй болохоор тэр байх. Мөн Монголын Олон Нийтийн Медиа Контент Сангаас нэр дэвшсэн Оюунчимэг гээд олон хүн нэр дэвшсэн боловч гараагүй. 

МҮОНРТ олон нийтийн статустай байгууллагын хувьд дараагийн ерөнхий захирлыг томилох Үндэсний зөвлөлийн тэр хурлыг хаалттай хаалганы цаана явуулж, нууц санал хураалт явуулах ямар ч үндэслэлгүй. Тиймээс сонгон шалгаруулалтын үйл явц нь Монголд жишиг болохуйц, нээлттэй, ил тод, бодлогын мэтгэлцээнтэй, хэн нь хэн бэ гэдэг нь харагдах шалгаруулалт болоосой гэж бид хүсэж байгаа. Энийг бид радио, телевизийнхээ шууд эфирээр нэвтрүүлээд олон нийт өөрсдийнхөө дүгнэлтийг хийх ёстой. 

Иймэрхүү зарчмын шаардлагаас гадна хуулиа шинэчлэх ёстой, ёс зүй өндөр байх ёстой, одоогийн хуулиа мөрдөх ёстой гэсэн хамт олны зарчмыг дэмжиж байгаа хүмүүсийг УИХ томилгоондоо харгалзаж үзээсэй. Үгүй бол хамт олон тогтолцооны эсрэг тэмцээд байдаг, тогтолцоо нь цаанаа эзэнтэй, тогтолцоог төлөөлдөг хүнтэй, түүнийг нь УИХ томилдог. Ингэхээр хамт олны хоолойг дамжуулах боломжгүй, хэн нэгэн улстөрчийн өрөөндөө тохироод явуулсан хүмүүс томилогдоод ирэх нөхцөл байсаар байна.

МҮОНРТ Төрийн ордны төв цэвэрлэх байгууламж битгий байгаасай  

 

-Дараагийн ерөнхий захирлыг сонгон шалгаруулах хугацааг хойшлуулсан байсан. Хэзээ тодорхой болох бол?

-Хуучин Үндэсний зөвлөл арваннэгдүгээр сарын 3-ны өдөр ерөнхий захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлах журам баталсан. Цар тахлын үед таарсан тул нэг удаа сунгаад арваннэгдүгээр сарын 18-нд дуусах байсныг 14 хоног дахин сунгаж, арванхоёрдугаар сарын 2-н болгосон. Энэ хугацаанд нийт 17 нэр дэвшигч материалаа ирүүлсэн. Материалыг битүүмжлээд авчихсан байгаа. 

Одоо УИХ долоон гишүүнээ шинэчилж байна. Шинээр бүрэлдэх Үндэсний зөвлөл маань 17 хүнээс нэг хүнийг сонгон шалгаруулах юм. Тэндээс гарч ирсэн хүн Захирлуудын зөвлөл буюу 14-15 хүнтэй өөрийн багаа бүрдүүлнэ. Тэр захирлууд доошоо дунд шатны бүх алба, хэлтсийн дарга нарын томилгоогоо хийгээд явах байх. Тиймээс Үндэсний зөвлөлийн үүрэг ийм чухал. Нөгөө талаар бүх процесст төрийн оролцоо ямар хүчтэй байгаа нь харагдаж байгаа биз.

Ерөнхий захирлын сонгон шалгаруулалт өмнө нь дандаа хаалттай хаалганы цаана болдог байсан. Энэ удаа хэн болох нь бидэнд сонин биш, сонгон шалгаруулалт нээлттэй, шударга, ил тод болох нь хамгийн чухал байна. Түүний дараа бид иргэний нийгмийн байгууллагууд, УИХ, ХЗДХЯ болон МҮОНРТ-ийн хамт олны төлөөлөл багтсан ажлын хэсэг хамтраад ОНРТ-ийн тухай хуулийг нэн даруй шинэчлэх ажил руу явна.

Энэ бүхний гол зорилго нь тусгаар тогтносон, бусад олон орны адил төгс төгөлдөр хуультай, BBC, NHK шиг жинхэнэ утгаараа олон нийтийнх буюу олон нийтийн хяналт дор үйл ажиллагаа нь явдаг, төрөөс хамааралгүй, бие даасан, хүчирхэг байгууллага болоосой. Төрийн ордны төв цэвэрлэх байгууламж битгий байгаасай л гэж зорьж байна.

-Эцэст нь асуухад энэ бүхний шалтгаан нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бие даасан байдал гэж харж байна. Гэтэл худал мэдээлэлтэй холбоотой заалтыг Эрүүгийн хуульд оруулахаар шинэчилсэн найруулгын төсөл бэлдсэн байна. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Ер нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэд хэдэн удаа УИХ-аар ороод өнөөдрийг хүртэл батлагдаж чадаагүй байна. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн шинэчлэлийн асуудал өнгөрсөн 15 жилд хэд хэдэн удаа сөхөгдсөн. Өнөөдрийг хүртэл шинэчлээгүй явж байна. Харин Зөрчлийн, Эрүүгийн хуулиар хүний алдар хүндийг гутаах, худал мэдээллийг тараахтай холбоотой асуудлыг УИХ маань шинэчлээд, улам нарийн болгоод яваад байна

Ингээд хоёулаа зэрэг явах ёстой асуудал байтал нэг талаар төр өөрийнхөө ашиг сонирхол талаасаа явуулаад нөгөө хуулийн төслүүдийг явуулахгүй байгаа нь өөрөө хуулийн төсөл санаачлах, батлах төрд байгаа давуу эрхээрээ өөрийнхөө эрх ашигт нийцсэн асуудлыг засаад яваад байна. 

Гэтэл гаднын өндөр хөгжилтэй орнуудад олон нийтийн байгууллагын болон улс төрийн өндөр албан тушаалтан бол үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийхээ эсрэг гомдол гаргах, тэр гомдол нь бүр эрүүгийн хэрэг үүсгэхийг зөвшөөрдөггүй юм билээ.

Яагаад гэхээр тухайн өндөр албан тушаалд очихдоо ямар нэгэн шүүмжлэл, иргэний ямар нэгэн гомдол мэдээллийг дааж, тэрийг хүлээн зөвшөөрнө гэж, тэр эрсдэлийг хүлээнэ гээд хувь хүн гэхээсээ илүү өндөр албан тушаалыг хариуцаж байгаа өндөр ёс зүйг барих амлалттайгаар очдог.

Тэгэхээр эргэж шүүхэд хандах, цагдаад гомдол гаргах, эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөл байдалд хүрэхгүй гэсэн ёс зүйтэй байх ёстой. Угаасаа өндөр албан тушаал олон нийтийн хараа хяналт, шүүмжлэлд байх ёстой.

Эрх ямбаа эдэлдэг шиг, нөгөө талдаа олон нийт, иргэний шүүмжийг даах ёстой гэсэн зарчим байдаг. 

Сэтгүүлч байна уу, иргэн байна уу хамаагүй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн мэдээллийг Эрүүгийн хуулиар биш, Иргэний хуулиар зохицуулах ёстой гэж иргэний нийгмийн байгууллагууд үздэг. Яагаад гэвэл энэ бол олон улсын жишиг нь ийм. 

-Ярилцсанд баярлалаа.