Индэр    
2020 оны 11 сарын 6
Зураг
iKon.mn сэтгүүлч

Чиглэл өгч, санамж бичиг байгуулах чинь бэлгийн хүчирхийллийн золиос болсон хүүхдүүдэд тус болохгүй байна, эрх баригчид аа!

Зураг
"Үжин" төв охидын өрөө

2019.05.07. УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудад ажиллав. Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн эрхийг хамгаалах төв, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв зэрэг хүүхэд хамгаалалтай холбоотой цөөнгүй газарт ажиллаж, тулгамдсан асуудлыг нь тэр дор нь шийдсэн тухай албаны мэдээ тухайн өдөр хангалттай цацагдав. 

Тэрбээр энэ үеэр бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эрхийг хамгаалах, нөхөн сэргээх “Үжин” төвд ажиллаж, байрны асуудлыг нь шийдэх чиглэлийг тухайн үеийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт өгсөн байна. Эдгээр мэдээллээс УИХ-ын дарга үүрэг даалгавар өгөөд, бүгдийг нь шийдчихсэн мэт ойлголт нийгэмд төрсөн нь гарцаагүй. 

 

Гэтэл түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Монголд ганц байдаг, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг байрлуулан, сэтгэл санаа, эрүүл мэнд, хууль зүйн тусламж цогцоор үзүүлдэг “Үжин” төвийн байрны асуудал шийдэгдсэнгүй. 

Оны эхний арван сарын байдлаар бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг 360 бүртгэгджээ. Үүний нэлээд өндөр хувийг хүүхэд хохирсон тохиолдол эзэлж байна. Энэ бол зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо. Үүний цаана ураг төрөл, ойр дотныхон, аав ээжийнхээ найзад хүчирхийлүүлсэн хэдэн хүүхэд байгааг мэдэх аргагүй. Түүнчлэн үр хөндүүлсэн охидын тоог бодитоор тогтоох ч боломжгүй байна. Ийм нөхцөлд бэлгийн хүчирхийллийн золиос болсон хүүхдүүдэд тусламж үзүүлэх байр нэн шаардлагатай нь ойлгомжтой. 

“Үжин” төвийн тухай

"Үжин" төв нь бэлгийн хүчирхийлэлд өртөж, эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирсон хүүхдүүдийг урт хугацаагаар байрлуулан, 12 төрлийн цогц үйлчилгээ үзүүлдэг, манай улсад байгаа цорын ганц төв юм. Тус төвд байрлаж байгаа хүүхдүүд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа, нийгмийн ажил, сэтгэл заслын эмчилгээ, амьдрах ухааны болон хөгжлийн үйлчилгээ, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, асаргаа сувилгаанаас гадна ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйлчилгээг цогцоор нь хүргэдэг. 

“Үжин” төв Гэр бүл, хүүхэд залуучууд, хөгжлийн газар(ГБХЗХГ)-аас зарлагдсан Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэх чиглэлээр зарлагдсан тендерт шалгарч, уг үйлчилгээг 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нд эхлүүлж байжээ. Тэнд хохирогч хүүхдүүдийг гэр бүлийн орчинд 21 хоногоос нэг жил 10 хоногийн хугацаанд байрлуулж, тусламж үзүүлж байж. Харин одоогоор санхүүгийн нөхцөл байдал, орон байрны хүрэлцээнээс үүдэн 3-6 сарын хугацаанд байрлуулах боломжтой байгаа аж. Тус төвийнхөн өнөөдрийн байдлаар 13 кэйстэй ажиллаж байгаа. Тодруулбал, бэлгийн хүчирхийллийн улмаас үр хөндүүлсэн, амиа хорлох гэж олон удаа оролдсон, сэтгэл санааны гүн цочролд орсон, бие мах бодиороо хохирсон 13 охин. Сэтгэл эмзэглүүлсэн бас нэг зүйл бол сүүлийн үед бага насны хөвгүүд бэлгийн хүчирхийллийн золиос болох нь ихэсжээ. Хүүхдэдээ тусламж хүссэн эцэг эхчүүд “Үжин” төвд ханддаг ч байр хүрэлцээгүй учраас хөвгүүд хүлээж авах хүндрэлтэй байгааг тус төвийн захирал Д.Ундраа учирлаж байв.  

Өнгөрсөн онд ГБХЗХГ-аас зарлагдсан зөвлөх үйлчилгээний тендерт “Үжин” төв оролцож, 49 сая төгрөгийн санхүүжилтийг хүүхэд хамгааллын зардлаас авжээ. Гэвч энэ нь тус төвийн зардлын 30 гаруйхан хувь нь. Энэ санхүүжилтийг зөвхөн хүүхдүүдийн үйлчилгээнд зарцуулдаг. Цаана нь цалин, урсгал зардал гээд нэлээд том тоо бий. Хэдий хөрөнгө мөнгө хангалтгүй ч тэд төрийн албан хаагчдыг хүүхэд хамгааллын чиглэлээр чадавхжуулах сургалт зохион байгуулах зэргээр өөрсдийн нөөц бололцоог ашиглан төсвөө бүрдүүлдэг байна. 

Төр орон байрны асуудлыг нь шийдээгүй хэр нь хохирсон хүүхдүүдээ “Үжин” төв рүү шилжүүлэх тун дуртай. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд эцэг эхийн гараас шууд “Үжин” төвд очдоггүй. Өөрөөр хэлбэл, холбогдох байгууллагууд хохирогчийн эрсдэлийн зэргийг тогтоогоод нөхөн сэргээх үйлчилгээ авах шаардлагатай гэж үзвэл хамгаалах байрнаас тус төв рүү шилжүүлдэг байна. 

Нэг хүүхдийн асуудлыг шийдэхийн тулд нөгөөг нь хохироох уу?

УИХ-ын даргыг чиглэл өгсний дараа тухайн үеийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг телевизийн нэвтрүүлэгт ярилцлага өгөх үеэрээ тус төвийн байрны асуудлыг шийдэх гэж байгаагаа цухас дурдсан байдаг. Тэрбээр "Хүүхэд хамгааллын “Үжин” төвтэй холбоотой асуудлыг судалж үзээд яамны харьяа байрыг засаж, тохижуулаад тэдний харьяанд шилжүүлэхээр болж байгаа. Боломжтой бол 2020 оны хүүхэд хамгааллын зардлаас тэр байрыг засаад “Үжин” төвд шилжүүлнэ” гэж байв.    

Сайдын ярианд дурдагдсан байр нь Чингэлтэй дүүрэгт байрладаг, ГБХЗХГ-ын харьяанд байсан хуучин барилга. Энд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд өдрийн үйлчилгээ үзүүлдэг V төв үйл ажиллагаа явуулж байж. 

Хоёр жил шахам цоожтой байсан тус байрыг 2020 оны наймдугаар сард “Үжин” төвд өгөхөөр болжээ. Тус төвийнхөн “шинэ” байраа засаж тохижуулаад үйл ажиллагаа эхэлж байтал хэл ам гарав. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад “Нэг хүүхдийн асуудлыг шийдэхийн тулд нөгөөг нь хохироож байна. Энэ байр Чингэлтэй дүүргийн 19, 20, 21 дүгээр хорооны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдсан” гэдэг асуудал тавив. Ингээд маргаан эцэслэгдтэл гээд “Үжин” төвийг арай гэж олдсон байрнаас нь гаргав

Их хурал, Засгийн газар дамжиж байгаа ганц байрны асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нааштай шийдэж өгөх болов уу гэсэн хүлээлт "Үжин" төвийнхөнд байсаар. 

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эмчилгээний зардлыг хэзээ ЭМД-ын сангаас гаргадаг болох вэ? 

УИХ-ын сонгуулийн өмнө МАН Хүүхдийн эрхийг хамгаалах төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. УИХ-ын сонгуульд ялалт байгуулбал намын мөрийн хөтөлбөрт тусгасан, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлийн ажлуудыг хийнэ хэмээн уг санамжид тусгасан байна. 

Тодруулбал, МАН-ын мөрийн хөтөлбөрийн 1.5.12-т “Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төвийн байрыг бүс, орон нутагт байгуулна” хэмээн заажээ. Энэ амлалт сонгуулийн дүн гарсан даруйд хэрэгжих боломжгүй нь ойлгомжтой. Гэвч сонгууль, улстөржилтөө түр орхиод хүүхэд хамгааллын асуудалд чин сэтгэлээсээ хандах цаг болжээ. 

Эрх баригчид хүүхэд хамгааллын зардлыг өмнөх оноос буруулаагүй буюу 8.5 тэрбум төгрөг төсөвлөснөө бахдалтайгаар ярьсаар буй. Үүн дотор хүүхдийн байцаагчийн орон тоог нэмэгдүүлэхэд шаардлагатай 2.5 тэрбум төгрөгийн зардал ч багтсан. 

Гэвч хүүхдэд хэрхэн анхаарч байгааг мөнгөөр хэмжих аргагүй. 

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2019 оны тавдугаар сарын 21-ний хуралдаанд тус зөвлөлий тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн нөхөн сэргээх эмчилгээний зардлыг төрөөс даадаг болох чиглэлийг Эрүүл мэндийн яаманд өгсөн. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргадаг болох асуудал яригдаж байсан ч мөн л шийдэгдсэнгүй. 

Ийнхүү эрх баригчид нэг нэгэндээ үүрэг чиглэл өгч, бичиг шидэлцэх зуур хүүхэд хохирсон гэмт хэрэг, хүчирхийлэл үйлдэгдсээр байна. Өдөр бүр хаа нэгтээ хүүхэд хохирсон хэргийн тухай мэдээлэл тасрахгүй байгаа нь Та бүхнийг илүү бодитой ажил хийх хэрэгтэйг анхааруулсаар.