Индэр    
2020 оны 11 сарын 1
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 87: Морритой өнгөрүүлсэн Мягмар гарагууд

Зураг

Мич Албом 1995 онд их сургуулиа төгсөхдөө өөрийн хайрлаж, хүндэлдэг багш Морригийнхоо гэрт аав, ээжийнхээ хамтаар очиж, талархлаа илэрхийлэхдээ үргэлж холбоотой байна шүү гэж хэлж байв.

Гэвч түүнээс хойш Мич багштайгаа холбоо барилгүй 16 жилийг ардаа орхижээ. 1995 онд Мич телевизийн суваг солин сууж байхдаа Морри багшийгаа нэвтрүүлэгт оролцож байхыг харжээ. Тэрхүү нэвтрүүлэгт Морри багш нь үхлийн аюултай өвчин туссан ч бүхнийг өөдрөгөөр харж, амьдралын философио бусдад түгээж байгаа тухай өгүүлдэг. Үүнийг үзмэгцээ Мич Албом багштайгаа уулзаагүй олон жил өнгөрүүлсэндээ харамсаж, гэрт нь очихоор цаг наргүй ажлаасаа түр завсарлага авжээ. 

Морри багштайгаа уулзсанаар амьдралд нь гарсан өөрчлөлт, багштайгаа ярилцсан зүйлсээ нэгтгэн Мич Албом 1997 онд "Морритой өнгөрүүлсэн Мягмар гарагууд" номоо гаргасан бөгөөд энэ нь АНУ-д сурагчдын заавал унших номын жагсаалтад багтдаг аж. 

"Морритой өнгөрүүлсэн Мягмар гарагууд" номыг сонсох:

“Багшийн маань сүүлийн хичээлийн сэдэв нь амьдралын утга учрын талаар байв. Энэ ном бол хичээлийн маань бие даалт байлаа”

-Мич Албом 

Их сургуулийн профессор Морри Шварц эрүүл саруул, хөдөлгөөн тогтмол хийдэг, товчхондоо цоглог нэгэн байв. Лхагва гараг бүрд залуус л очиж бүжиглэдэг үдэшлэгт оролцон, хөлсөө гартал бүжиглэнэ, усанд сэлнэ.

Гэтэл амьсгалахад хүнд болж, бие нь сульдах болжээ. Нэг удаа хөл нь мэдээгүй болж, театрын шатнаас унан эмнэлэгт хүргэгдэв. Түүний онош нугасны үеийн мэдээ алдагдах өвчин байв. Энэ явдал 1994 онд тохиолдсон юм. Нугасны үеийн мэдээ алдагдах өвчин туссанаар эхлээд хөл мэдээгүй болж, дараа нь гар, сүүлд уушги нь мэдээгүй болдог үхлийн аюултай өвчин байв. 

Үүнийг Мич асаалттай лаа шиг гэж зүйрлэн "Ухаан санаа нь ассан хэвээр байгаа ч бие нь лаа шиг цаг минут тутамд агшсаар" хэмээн номдоо өгүүлжээ. 

16 жилийн дараах уулзалт

Мич хэдийгээр холбоотой байна шүү гэж хэлсэн боловч 16 жил багштайгаа огт холбогдоогүй юм. Их сургуульд байхдаа төгөлдөр хуурч болохыг мөрөөддөг байсан Мич Албом ядуу, эсвэл дундаж амьдрахыг хүсээгүй бөгөөд баян тансгийг хүсэж мөнгөний төлөө өдөр, шөнөгүй ажиллах болжээ. Мэргэжлээ ч өөрчлөн сэтгүүлчээр магистрын зэрэг хамгаалж, алдартай нийтлэл бичин, мөнгө их олох болов. 

1995 онд телевизийн суваг сольж байгаад багшийгаа нэгэн алдартай нэвтрүүлэгт оролцож байхыг харжээ. Тус нэвтрүүлгээр хөгшин профессор үхлийн аюулт өвчтэй болсон ч бүхнийг өөдрөгөөр харж, амьдралын философио бусдад түгээж байна хэмээн гардаг. Энэ үед Мич 16 жилийн турш багштайгаа холбоо бариагүйдээ ихэд харамсан уулзахаар шийддэг. Ингээд завгүй ажлаасаа түр чөлөө авч, багшийнхаа гэрт очжээ. 

Багш нь түүнийг халуун дотноор тэврэн авч, гэртээ урьснаар хамтдаа дурсамжаа хуваалцдаг. 

Энэ зуурт Мич багшийгаа "Та нэвтрүүлэгт ороод алдартай болжээ" хэмээн хөнгөн наргихад “Намайг нэвтрүүлэгт оролцсоноос хойш олон төгсөгч, шавь нар маань ирж уулзаж байна. Гэвч тэд аз жаргалгүй болжээ. Ихэнх нь дэмий зүйлийн хойноос хөөцөлдөх болж. Үүнд нийгмийн хор уршгийн нөлөө бий байх. Үндсэн үзэл баримтлал нь мөнгө бүхнээс чухал гэдэг болсон байна” гэжээ. 

 

Мич, Морри нарын 16 жилийн дараах уулзалт ийнхүү дуусах ба Мич буцахаар болоход Морри багш нь "Чи дахиад ирнэ биз дээ" хэмээхэд “Тэгэлгүй яах вэ” гэж хариулахдаа Мич энэ хариултдаа өөрөө эргэлзэж байв. 

Уулзалтаас хэдэн долоо хоногийн дараа Мич Лондон хотыг зорив. Нэгэн алдарт теннисчний талаарх хов живийг сурвалжлахаар олон папарацын дунд явах үедээ хөл алдан унаж, хүмүүсийн хөлд гишгэгдэхдээ л Мич өөрийгөө ямар ч хэрэггүй зүйл хөөцөлдөж буйгаа анзаарчээ. 

Эргэн эх орондоо ирэхэд сонины холбооныхон ажил хаялт зарласан тул Мич гэнэтхэн ажилгүй, зорилгогүй болж, багштайгаа дахин уулзахаар явав.

Эхний Мягмар гараг

Амьдрал, үхлийн хооронд гүүр байдаг гэж төсөөлбөл Морри хэдийнээ тэр гүүрээр алхан явж байв. “Гэтэл та яаж ийм гэгээлэг байна вэ” гэж Мич асуухад “Миний харах өнцөг өөр. Үүний ачаар би харин ч хүмүүстэй ойртсон” хэмээн Морри хариулжээ.

Тэд хуучны дурсамжуудаа санан ярилцсаар Мягмар гараг бүрд уулзахаар тохирчээ. Багш нь “Үхэх нь нэгэнт тодорхой болсон үед олон зүйлийг эргэцүүлдэг. Хүн амьдралаас сурах ёстой хамгийн чухал зүйл бол хүнийг хайрлах, хайрыг харамгүй өгөх. Хайрыг хүлээн зөвшөөрөх. Энэ бол амьдралын хамгийн чухал зүйл” гэжээ.

Хоёр дахь Мягмар гараг: Өөрийгөө өрөвдөх

Мич: Та өөрийгөө өрөвдөх үе байдаг уу. Өмнө нь өөрөө чөлөөтэй гүйж, сэлдэг байсан бол та одоо үхлээ хүлээгээд сууж байна шүү дээ  

Морри: “Би өөрийнхөө талаар бодохоороо өглөө бүр хэдэн минут уйлдаг. Яагаад гар, хөл маань хөдлөхөө больчихов гэж их гунигладаг ч хэдэн минутын дараа тайвширдаг. Учир нь би ийм хүнд байдалд орсон ч надад олон хүн санаа тавьж байна. Над дээр ирэх хүмүүсээ бодон талархаж, өөрийгөө өрөвдөх ямар ч шаардлагагүйг ойлгодог. Хүмүүс өөрийгөө голж, шантардаг. Түүнийгээ хязгаарлаж, дэмий зүйлд санаа зовох хэрэггүй.

Хүн бүрд олон төрлийн зовлон шаналал бий. Түүний төлөө өөрийгөө өрөвдөх шаардлагагүй. Өөрт байгаа зүйлээ, эргэн тойрны хайртай хүмүүсээ сайн хар.

Гурав дахь Мягмар гараг: Өнгөрсөнд харамсахуй

Морри үхэлтэйгээ тулгарсан хэр нь бусадтай харьцуулахад тайван амгалан байв. Тиймээс багшийгаа ямар нэгэн зүйлд харамсдаг эсэхийг асуухад “Хүн бүр ямар нэг зүйлд харамсдаг. Гэхдээ амьдрал дээр нэг хэсэг зогсоод ямар нэг зүйл мартаагүй биз, үнэт зүйлээ алдчихсан юм биш биз гэж эргэж харахаа мартчихдаг” гэжээ. 

Морриг найман настай байхад ээж нь хүнд өвчний улмаас нас баржээ. Тарчиг амьдралтай байсан тул хоолгүй хонох өдрүүд ч байв. Аав нь Орос гаралтай бөгөөд англи хэл мэддэггүй, боловсрол нимгэн хүн байжээ. Ээжийг нь нас барсан тухай мэдээг эмнэлгээс телеграмаар ирүүлэхэд Морри сургуульд шүлэг уншиж байгаа мэт үхлийн тухай мэдээг анх уншиж байжээ. 

Аав нь хэсэг хугацааны дараа Эва хэмээх бүсгүйтэй гэр бүл болов. Эва бүсгүй тун сайн хүн байсан бөгөөд Морриг хайраар өсгөж, боловсрол хамгаас чухал гэдгийг түүнд ойлгуулжээ.

Амьдрал хэцүү байсан тул аав нь өөрийн ажилладаг арьс шир боловсруулах үйлдвэрт Морриг ажиллуулахаар дагуулж очдог. Үүдээр нь ороход л ухаан алдах шахам хүнд нөхцөл байв. Хүмүүс хүнд хүчир ажил хийж байв. Гэвч удаан ажиллалаа гэж дарга нартаа ташуурдуулдаг байжээ. Азаар үйлдвэрийн дарга нь хүүхэд ажилд авахгүй гэснээр Морри хүнд ажлаас аврагддаг. Үүнээс хойш тэрбээр хэзээ ч хүмүүсийн хөдөлмөрийг мөлжиж, өөрийн сайн сайхны төлөө золиослохгүй гэж өөртөө амалжээ.

Дөрөв дэх Мягмар гараг: Үхлийн тухай

"Хүн бүр үхэхээ мэддэг. Гэвч тулаад ирэхэд яахаа мэдэхгүй айж эхэлдэг. Өглөө бүр босохдоо өнөөдөр миний сүүлийн өдөр үү, би хийхийг зорьсон бүхнээ хийсэн үү гэж өдөр бүр асуух хэрэгтэй. Хэзээ үхэхээ мэдсэн тохиолдолд л хэрхэн амьдрахаа мэдэх болно” гэж Морри хэлжээ.

"Үхлээс айх хэрэггүй, нүүр тулах ёстой. Өдөр тутмын амьдралдаа олон хүн цаг үрсэн дэмий ажил их хийдэг. Хэрвээ үхэх тухайгаа мэдвэл хамгийн чухал зүйлдээ санаа зовж, хамгийн чухал зүйлдээ цаг гаргах болно. Хэрвээ сайн бодоод үзвэл өнөөдрийн хөөж буй карьер, мөнгө юу ч биш".

Тав дахь Мягмар гараг: Гэр бүл

Энэ өдөр ирэхдээ Мич багш нь нэлээд сульдсаныг, булчин нь агшсан тул хувцас нь ч багадсаныг анзаарав.Тав дахь Мягмар гарагт тэр хоёр гэр бүлийн талаар ярилцахад Морри "Гэр бүл бол бүхний үндэс, хайрын эхлэл. Суурь үнэт зүйлийг гэр бүл л өгдөг" гэж захьжээ. Мөн энэ өдөр тэд Мичийн гэр бүлийн талаар ярилцаж, Мичийн бага дүү хавдартай болж, гэр бүлдээ сул дорой харагдахгүй гэж холбоо таслан, өөр газар амьдарч буй тухай ярилцжээ.

Зургаа дахь Мягмар гараг: Өвчнөөс ангижрахуй

Мич: Та энэ хүнд өвчинг яаж тэсвэрлэж байна вэ, яаж үүнээсээ ангижирч байна вэ?

Морри: Өвдөлтөөс ангижрахын тулд мэдрэх ёстой. Өвчнийг үл ойшоосноор ангижирдаггүй. Би хэзээ ч үхэхэд бэлэн байна даа гэж хүлээн зөвшөөрөн тайван байдаг. Би эргэж төрөхдөө зээр болно. Зээр бол маш хурдан, хүч чадалтай.

Тухайн үед Мич сайн ойлгоогүй ч дараа нь өөрийн биеэ дураараа хөдөлгөж чадахгүй болсон багш нь хурдан шаламгай хөдөлдөг зээрийг хараад хойд төрөлдөө зээр болохыг хүсэх нь аргагүй юм даа гэж бодож байв.

Профессор Морри Шварц их сургуульд багшлахаасаа өмнө хувийн мэдрэлийн эмнэлэгт докторын судалгаагаа хийж байжээ. Түүний анзаарснаар уг эмнэлэгт бийлэгжүү хүмүүс ирж хэвтдэг байв. Хэдий баян тансаг ч амьдрал нь орвонгоороо эргэчихсэн, анх бодож мөрөөдөж байснаас тэс өөр болсон, аз жаргалгүй хүмүүсийг тэр хардаг байв.

Үүнээс Морри амьдралынхаа турш мөрдөх хамгийн чухал зүйлийг ойлгосон нь мөнгө хэзээ ч аз жаргалыг худалдаж авч өгдөггүй. Хайр, амьдралын утга учир л аз жаргалыг авчирдаг гэж ойлгожээ.

Долоо дахь Мягмар гараг: Хөгшрөлтийн талаарх айдас

Телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо Морри “Миний хамгийн том айдас бол биеийн бүх хэсгээ хөдөлгөж чадахгүй болох” гэж байжээ.

Гэвч түүний айдас нэгэнт тулж ирж, тэр биеэ хөдөлгөж чадахаа больж, бүгдийг хүлээн зөвшөөрсөн юм. Энэ талаар Мич асуухад Морри “Би өөрийгөө нярай хүүхэд гэж төсөөлж байгаа. Нярай хүүхэд хоол унд, бүх л арчилгаагаа ээж, ааваараа хийлгэдэг шиг би тийм болсон. Нярай хүүхэд үүндээ гуньж гутардаггүй шиг би ч гэсэн энэ үеийг аз жаргалтайгаар өнгөрүүлж байна” гэжээ. 

Мөн Морри багш нь “Хөгшин болчихоод залуу хүмүүст атаархах, хөгшрөлтөөс айдаг хүмүүс амьдралдаа сэтгэл хангалуун бус байна гэсэн үг. Амьдралдаа сэтгэл хангалуун хүн наснаасаа санаа зовдоггүй. Хөгшин бол хүүхэд, залуу хүн байж үзсэн. Тэр бүх мөч түүний амьдралын нэг хэсэг болсон. Тиймээс тэр бол зөвхөн хөгшин хүн биш” хэмээснийг номд өгүүлсэн нь бий.

Найм дахь Мягмар гараг: Мөнгө

Морригийн хувьд мөнгө чухал биш бөгөөд гэр бүл, хөгжим, хайр, бүжиг гэх мэтээс таашаал авч амьдардаг байв.

Морри “Чи бусдад мөнгө зарцуулах биш, өөрийгөө зориулах хэрэгтэй” гэж захижээ. Амжилттай ажил хөдөлмөр эрхэлсэн, мөнгө их олсон ч Мич өөрийгөө аз жаргалгүй байгааг анзаарч, бусдад өөрийн цагаа зориулах хэрэгтэйг ойлгосон аж.

Ес дэх Мягмар гараг: Хайр

Энэ өдөр тэд хайрын талаар ярилцав.

Мөн Мич гэр бүлээсээ холбоо тасарсан, хүнд өвчтэй бага дүүтэйгээ холбоо тогтоож чадсанаа багшдаа хуваалцдаг. Мичийн хувьд дүүтэйгээ холбоо барьсан нь тун чухал алхам байв.

Арав дахь Мягмар гараг: Гэрлэлт

Энэ долоо хоногт Мич эхнэрээ Морритой уулзуулахаар авчирдаг. Мичийн эхнэр дуучин байсан бөгөөд Моррид дуу дуулж өгөхөд нүдээ анин, аз жаргалыг мэдэрч байв.

Морри “Гэрлэхээс өмнө чи эхлээд өөрийгөө хэн бэ гэдгээ ойлгох хэрэгтэй. Дараа нь нөгөө хүнээ мэдэж ав. Тэгснээр өөр хоорондоо тохирох эсэхээ мэдэх хэрэгтэй. Хэрвээ нэгнээ хүндлэхгүй бол, буулт хийхгүй бол гэрлэсэн хосуудад маш их асуудал гарна. Мөн илэн далангүй байх ёстой. Мөн амьдралдаа адил төстэй үнэт зүйлтэй байх хэрэгтэй. Гэрлэлт бол маш чухал гэдгийг ойлгох хэрэгтэй" хэмээн захижээ.

11 дэх Мягмар гараг: Орчин үеийн нийгэм

"Хүн байгалиасаа сайхан сэтгэлтэй төрдөг. Харин хүнийг нийгмийн соёл, эдийн засаг сөрөг болгож байна. Тухайлбал, хүн ажилгүй бол хоолгүй болно. Түүнээсээ болж ажлаасаа халагдахвий гэж айж, мөнгөөр юмыг цэгнэдэг болсноор нэг мэдэхэд мөнгийг бурхан мэт шүтдэг болчихдог гэжээ. Энэ нийгэмд өөрийгөө авч явахын тулд нийгмийн дүрэм журмыг дагахын зэрэгцээ өөрийн үнэт зүйл, юуг чухалчлахаа өөрөө шийд" гэж Морри шавьдаа зөвлөжээ.

12 дахь Мягмар гараг: Өршөөх

Үхэхээсээ өмнө өөрийгөө уучил, дараа нь бусдыг уучил гэж багш нь хэлжээ. Өнгөрснөө бодож өөрийгөө буруутгалгүй, амар амгалан амьдрах хэрэгтэй гэв. Энэ бол 12 дахь Мягмар гарагийн "хичээл" байв.

13 дахь Мягмар гараг: Морригийн хувьд төгс өдөр

Морри энэ үед өөрийг нь оршоох газрыг сонгож, чандарлахыг захижээ. 

Дараа нь Мичид хандан “Чи намайг нас барсны дараа оршуулсан газарт маань ирээрэй. Тун сайхан газар байх болно. Тэр үед амьдралынхаа талаар надад ярьж өгч байгаарай” гэжээ. 

Мөн энэ өдөр Морри амьдралтайгаа эвлэрэх талаар ярьж "Бүх амьд биет төрөх, үхэх гэх хоёр үнэнтэй. Бусад амьтан, мод ургамлаас ялгарах онцлог нь хүн үхсэн ч бусдын ой ухаанд амьдарсаар, хайрлуулсаар байдаг" гэжээ.

Мич "Та үхэхээсээ өмнө 24 цаг хэвийн болбол юу хийх вэ" гэхэд Морри “Эхнэртэйгээ хамт өглөөний цай уугаад, усан сан орж сэлнэ. Өдөр нь ирээд найзуудтайгаа хамт паркаар зугаална. Үдээс хойш хөлсөө гартал бүжиглээд, орой нь гэртээ ирж сайхан амарна” гэжээ.

Энэ нь түүний хувьд хамгийн чухал зүйл буюу хайртай хүмүүстэйгээ цагийг хамт өнгөрүүлж, дуртай зүйлээ хийхийг л хүссэн хэрэг. Ийм л өдөр түүний хувьд төгс ажээ.

14 дэх Мягмар гараг: Хамгийн сүүлчийн уулзалт

Багшийнх нь биеийн байдал маш хүнд болжээ. Өмнө нь ирэхэд Морри ажлын өрөөндөө түшлэгтэй сандал дээр суудаг байсан бол энэ удаад сандал хоосон, Морри орон дээр хэвтэж байв. Энэ өдрөөс хойш хоёр хоногийн дараа Морри хорвоог орхижээ.

Морри “Амьдралд хэзээ ч оройтох зүйл байдаггүй. Алхам хийх хэрэгтэй” гэж захидаг байв. Үүнийг баримтлан Мич холбоо тасарсан дүүтэйгээ холбоо барьж, урьдын адил хэвийн харилцаатай болж, хавдар туссан дүү нь өөрийгөө тусгаарлахаа болив. 

Мич багшийнхаа захисан, сургасан бүхнээс "Бусдад өгөх нь амьдралын салшгүй хэсэг. Бусдад өгснөөр өөрийгөө амьдарч буйг мэдэрдэг" буюу товчоор “Giving is Living" гэж томъёолжээ.

Багштайгаа уулзсанаас хойш Мич амьдралаа өөрчилж, сайн дурын ажилтан хийх болж, асрамжийн газар байгуулж, амьд байгаагаа улам их мэдрэх болжээ. 



"Морритой өнгөрүүлсэн Мягмар гарагууд" номоос сэдэвлэн бүтээсэн киног хүлээн авна уу.