Индэр    
2020 оны 11 сарын 3
Зураг
iKon.mn сэтгүүлч

Групп тогтоолгосон иргэд Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон буюу 8,000 гаруй байгаа бол Багануур дүүрэгт хамгийн цөөн байна

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсын иргэдийн 60 орчим хувь нь халамж авдаг. Тодруулбал, 2,313,210 иргэн халамжийн үйлчилгээнд хамрагдсан гэсэн есдүгээр сарын статистик байна.  

Харин эдгээр иргэнээс 110,551 нь хөдөлмөрийн чадвар алдалт буюу бидний нэрлэдгээр групп тогтоолгожээ. 

Групп тогтоолгоход ямар хүндрэл бэрхшээл тулгардаг талаар бид сурвалжлахаар Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн болон тус дүүргийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын группийн хуралд очсон юм. COVID-19-тэй холбоотойгоор тус комиссын хурлыг цахимаар явуулах болсон тул иргэд хуралд биечлэн оролцох шаардлагагүй болжээ. 

Иймд албаны хүмүүсийн байр суурийг авсан юм. 

Цөөн тооны иргэнийг байлцуулан хөдөлмөрийн чадвар алдалтыг шийдвэрлэж байна

 

Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хурлыг цахимаар хийх болсноор ямар өөрчлөлт гарсан талаар НДЕГ-ын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын магадлагч эмч Ц.Гансүхээс тодрууллаа.

Тэрбээр "Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан энэ оны хоёрдугаар сараас эхлээд аймаг дүүргийн комиссууд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг бичиг баримтад тулгуурласан хэлбэрээр буюу цахимаар шийдвэрлэж байна.

Гэхдээ онош эргэлзээтэй, шинжилгээний бүрдэл дутуу зэрэг шаардлагатай тохиолдолд цөөн тоогоор иргэнийг байлцуулан хөдөлмөрийн чадвар алдалтыг шийдвэрлэж байгаа" гэлээ. 

Ийнхүү хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгож байгаа иргэдийн дийлэнх нь буюу 21,101 нь дотрын өвчнөөр групп тогтоолгосон байна.

Групп тогтоолгосон хүмүүсийн шалтгааныг задалж харвал:

  1. Дотор-21,101 /18.9%/
  2. Сэтгэц-20,281/18.2%/
  3.  Мэдрэл-16,898 /15.2%/
  4.  Гэмтэл согог-14,563 /13%/
  5. Нүд- 11,824 /10.6%/ гэсэн үзүүлэлт бий.
Харин хүйсийн тухайд 64,000 нь эрэгтэй, 46,000 нь эмэгтэй байна. Хөдөлмөрийн чадвар алдалттай иргэдийн 53 хувь нь 31-50 насны буюу хөдөлмөрийн насны иргэд байгаа юм.

COVID-19 цар тахлын улмаас Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлыг цахимаар явуулах болсноор энэ оны эхний есөн сарын байдлаар 51 мянга орчим иргэний группийн хувь болон хугацааг цахим хэлбэрээр шийдвэрлэжээ.

Иргэд ямар дарааллаар групп тогтоолгодог тухайд иргэн эхлээд эрүүл мэндийн байгууллагад хандаж, эмчийн үзлэг, шинжилгээнд хамрагдан, 3-6 сарын хугацаанд хянагдаж, эмчлүүлнэ. Шаардлагатай бол төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээнд хамрагдана.

Хяналтын эмч өвчтөний биеийн байдал, үзлэг шинжилгээний дүнг харгалзаж үзээд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох жагсаалтад заасан болзол нөхцөлийг хангаж байвал аймаг дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Эмнэлэг хяналтын комиссын хурлаар хэлэлцүүлнэ. Уг хурлаас группийн хувь болон хугацааг тогтоох, сунгах, цуцлах тухай саналыг ЭХМК-т илгээнэ. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь Эмнэлэг хяналтын комиссын санал, өвчтөний биеийн байдал, үзлэг шинжилгээний дүн, эмчилгээний үр дүн зэргийг харгалзан үзэж иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг шийдвэрлэнэ.

“ЭХМК нь иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг зөвхөн тогтоогоод орхих биш, хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх, сэргээн засах, эмчлэн эрүүлжүүлэх тал дээр эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажилладаг болно” хэмээн магадлагч эмч Ц.Гансүх ярилаа.

Нийслэлийн хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдалттай 37,000 иргэн байгаа нь нийт групптэй иргэдийн 33.4 хувийг эзэлж байна.

  1.  Баянгол дүүрэг 5,741
  2.  Баянзүрх дүүрэг 8,707
  3.  Багануур 892
  4.  Налайх 1,334
  5. Сонгинохайрхан 8,342
  6. Сүхбаатар 2,878
  7. Хан-Уул 4,796
  8.  Чингэлтэй 4,386 иргэн байна.

Группийн хувь, хугацаа нь заалт тус бүрдээ өөр өөр байдаг. Хугацааны хувьд дунджаар нэг жилээр ихэвчлэн сунгагддаг ба хоёр жил болон хугацаагүйгээр сунгах заалт ч бий. Түүнчлэн зарим өвчний үед 1-5 хүртэл жилийн хугацаатай заалт ч байдаг аж. Харин нэг жил хүртэлх хугацаатай заалтаар иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг дахин сунгах боломжгүй гэсэн үг юм байна.

Ямар тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалтыг цуцалдаг вэ?

Иргэний биеийн байдал сайжирсан, эмчлэгдэн эрүүлжсэн, эдгэрсэн, өндөр насны тэтгэвэр тогтоолгох үүднээс иргэн цуцлуулах хүсэлт гаргасан, жагсаалтад хугацаа дууссан зэрэг тохиолдолд группийг цуцална. Мөн эмчийн заавар зөвлөгөөг удаа дараа биелүүлээгүй, эмчийн үзлэг хяналтад хамрагдаагүй, эмчилгээ, сувилгаа хийлгээгүй бол группийн хувь,  хугацааг цуцлах шийдвэр гаргадаг байна.

2020 оны хагас жилийн байдлаар тахир дутуугийн тэтгэвэрийг 300 мянган төгрөгөөр 39,119 иргэн, 1,200,000 ба түүнээс дээш дүнгээр зургаан хүн авчээ. 

  • 2018 онд 68,136
  • 2019 онд 68,426
  • 2020.07 сарын байдлаар 67,591 иргэн тахир дутуугийн тэтгэвэр авчээ.
Төрөөс уг тэтгэвэрт 2020 оны долдугаар сарын байдлаар 125 сая төгрөг зарцуулсан байна. 

График. Тахир дутуугийн тэтгэвэр авсан иргэдийн тоо ба олгосон нийт мөнгө(2018-2020.07 сар)

72,026 иргэнд тахир дутуугийн 3 төрлийн тэтгэврийг олгож байна

Нийгмийн даатгалын сангаас хэчнээн төрлийн тэтгэврийг хэдэн хүнд олгож байгаа талаар тодруулахад НДЕГ-ын бодлогын хэрэгжилт судалгааны газрын ахлах мэргэжилтэн С.Лхагвадорж “Манай улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 72,026 иргэн тахир дутуугийн тэтгэвэр авч байна. 

Энэ оны есдүгээр сарын байдлаар, Тэтгэврийн даатгалын сангаас 67,647 иргэнд, Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас 3,922 иргэнд, цэргийн алба хаагч 457 иргэнд тус тус тахир дутуугийн тэтгэврийг олгоод байна. 

2020 он гарснаас хойш 5,406 хүнд шинээр тахир дутуугийн тэтгэвэр олгосон. Харин 7,798 иргэний тахир дутуугийн тэтгэвэр зогссон” гэлээ.

УИХ-ын чуулганы үеэр "Баян-Өлгий аймгийн зарим иргэдээс эрүүл саруул иргэд үгсэн хуйвалдаж авлигал өгч группт ордог тухай баримтыг АТГ-т хүргүүлсэн. Тодруулбал улсын бүртгэл мэдээллийн төвд Монгол Улсын иргэн гэсэн бүртгэлтэй мөртлөө Казахстан Улсад давхар иргэншилтэй, Монголоос өндөр настны тэтгэвэр, Казахстанаас мөн л тэтгэмж авдаг хүн олон байдаг" гэсэн мэдээлэл гарсан. 

Гишүүдийн зүгээс ЭМД-аас олгогдож байгаа групп, тэтгэмжийн асуудалд тусгайлан хөндлөнгийн шалгалт оруулахыг хүссэн юм. Тэгвэл Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Зарим аймгийн 60 хувь нь хүртэл группт орчихсон, халамжийн мөнгө авдаг хавтгайрсан байдал байна. Хяналт шалгалтыг сайжруулна" хэмээн мэдээллээд байгаа билээ.