Индэр    
2020 оны 10 сарын 21
Зураг
iKon.mn сэтгүүлч

Саарал жагсаалтын мөрөөр Монголд бий болсон ШИНЭ зохицуулалтууд

Зураг
гэрэл зургийг MPA.mn

Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага болох ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлэг хуралдаж, манай улсыг тавигдсан бүх шаардлагыг хангасан гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл, цаашид тавигдах шаардлагыг хангах хууль эрх зүйн орчинтой болсон, мөнгө угаах, терроризмтой тэмцэх асуудлууд ахицтай явж байна хэмээн үзэж, АНУ-ын Сангийн яам Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах саналтай байгаагаа эхний ээлжид илэрхийлээд буй билээ.

ФАТФ-ийн хувьд Монгол Улсад мөнгө угаах боломж, сувгууд байна гэж үзсэн. Ялангуяа, үл хөдлөх хөрөнгө зуучлал, алт, үнэт эдлэлийн худалдаа, хуулийн зөвлөх үйлчилгээ зэрэг салбарт анхаарах шаардлагатайг Саарал жагсаалтад оруулахдаа анхааруулсан ба үүнтэй холбоотой Санхүүгийн зохицуулах хорооны эрхлэх асуудал нэмэгдсэн юм. 

Тэгвэл Саарал жагсаалтын мөрөөр манай улсын санхүүгийн байгууллагуудад хяналт зохицуулалтаа хэрхэн сайжруулсан талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

УИХ-аас Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд тус тус нэмэлт оруулж үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын болон үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхлэхээр хуульчилсан. 

Тэр утгаар үл хөдлөх хөрөнгө болон үнэт эдлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг газруудад ямар зохицуулалт хийгдэж байгаа талаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханаас тодрууллаа.   

- Сайн байна уу. Саарал жагсаалтаас гарахтай холбоотойгоор өгсөн зөвлөмжүүдээс сүүлд таван зөвлөмжийн гүйцэтгэлийг нэмэгдүүлэхээр тусгасан байсан. Санхүүгийн зохицуулах хорооны хувьд дангаараа ямар заалтуудыг хариуцаж, зохицуулалт хийж ажилласан бэ?

- Санхүүгийн  зохицуулах хороо дангаараа 14 болон 28 гэх хоёр заалтыг хариуцаж, үнэлгээг нь ахиулж ажилласан. Тодруулбал, 14 нь мөнгө болон үнэ бүхий зүйлсийн шилжүүлэг, 28 дугаар заалт нь санхүүгийн бус бизнесийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч этгээдүүдийн хяналт зохицуулалтын
ажлыг хэрэгжүүлэх явдал байсан юм. 

Санхүүгийн бус бизнесийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид гэдэг нь Үл хөдлөх хөрөнгийн зуучлал, үнэт металл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид гэсэн хоёр салбарыг шинээр хяналт зохицуулалтад оруулах шаардлагатайг илэрхийлсэн. Ийнхүү зохицуулалтыг хийж ажилсантай холбоотойгоор сая ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгээс Монгол Улсад өгөгдсөн үүрэг даалгаврууд хангалттай сайн гүйцэтгэсэн буюу бидний хэлдгээр саарал жагсаалтаас гарах нөхцөл бүрдсэн болохыг тодорхойлсон.

- Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагуудад хийгдсэн зохицуулалтын ажил ямар шатанд явагдаж байна вэ?

- СЗХ-ноос өнгөрсөн нэгдүгээр сард “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллага эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ыг баталсан. Өнөөдрийн байдлаар 142 этгээд үл хөдлөх хөрөнгө худалдах, борлуулах, түрээслэх, зуучлах үйл ажиллагааны тусгай зөвшөөрлөө аваад байна. Одоо 53 хүсэлтийг хянаж байна. Бид ийнхүү эхний ээлжид бүртгэлжүүлэх ажлыг хийж байна.

Цаашид үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар тусгайлсан хууль эрх зүйн зохицуулалттай байх ёстой тул холбогдох хуулийн төслийг боловсруулж ажиллаж байна. Ер нь энэ салбар ингэж зохицуулалттай болсноор оролцогчдыг эрх, үүрэг, хариуцлага нь сайжирч, иргэд үйлчлүүлэгчдийн эрх ашиг хамгаалагдах, эрх зүйн зохицуулалттай
болох гээд оллон талын ач холбогдолтой.

- Харин үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхэлдэг хуулийн этгээдүүдийн үйл ажиллагаанд Хорооноос ямар зохицуулалт хийж байна вэ?

СЗХ-ны 150 дугаар тогтоолоор “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ыг  баталсан.

- Энэ журмын хүрээнд үнэт металл, үнэт чулууны эсвэл тэдгээрээр хийсэн арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ Хороонд ирүүлснийг хянаад, тусгай зөвшөөрлийг олгож ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 19 хуулийн этгээд, 379 иргэнд тусгай зөвшөөрөл олгосон.

Хороо Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулсан 230 хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 6,728 хуулийн этгээд буюу нийт 6,958 хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг хүчингүй болгосныг нэмж хэлье.

Мөн тусгай зөвшөөрөл авсан этгээдүүдэд QR код байршуулж, мэдээллээ өгөх боломжоор хангах ажлыг хийж эхлээд байна. Үнэт металл, үнэт чулуугаар арилжаа эрхлэгчид нь харилцан үнэлгээний тайлангаар “Харьцангуй өндөр” эрсдэлтэй гэж үнэлэгдсэн учраас энэ тал дээр тавих хяналт
шалгалтаа онцгой анхаарч ажиллаж байна.

СЗХ-ны зохицуулалт хяналтад дээрх хоёр байгууллагаас гадна багтдаг бусад салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

Банкны бусад санхүүгийн салбар ДНБ-д13.3%-ийг эзэлж байгаа ажээ. Санхүүгийн зохицуулах хороонд зохицуулалттай 2,993 этгээд байдаг.

  • ББСБ- 532
  • Үнэт цаасны компани-545
  • Даатгалын- 141
  • Хадгаламж зээлийн хоршоо- 248
  • Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани- 142
  • Үнэт металл үнэт чулуу эсвэл тэдгээрээр арилжаа эрхлэгчид-19 хуулийн этгээд, 379 иргэн
  • Салбар- 987
ББСБ-ЫН ЗЭЭЛДЭГЧДИЙН ТОО ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛАХАД 1.2 ДАХИН ӨСЖЭЭ

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд нийт 532 Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ үйл ажиллагаа явуулж байна. ББСБ-ын зээлдэгчдийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.2 дахин өсжээ. Энэ оны хоёрдугаар улирлын эцсээр 450 орчим мянган иргэн ББСБ-аас зээл авсан бөгөөд өөрийн
хөрөнгө нь 1.3 их наяд төгрөг байгаа аж. ББСБ-ын нийт активын хэмжээ нь банкны салбарын 5.4 %-тай тэнцэж байна.

Арилжааны банкуудын дундаж зээлийн хэмжээ 12.6 төгрөг байгаа бол ББСБ-ын дундаж зээлийн хэмжээ 2.9 сая төгрөг байгаа аж.   Түүнчлэн сүүлийн үед ББСБ-ууд технологийн шийдлийг ашиглах нь ихсэж байгаа ба 11 ББСБ фентикийн шийдлээр буюу апп-аар дамжуулан бизнесийн үйлчилгээг хүргэж байгаа билээ. Апп-аар олгодог зээлийн дундаж хэмжээ нь 280 мянган төгрөг юм. 

СЗХ-ны зүгээс ББСБ-ын үйл ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах үүднээс хуулийн төсөл гарган олон нийтээс санал авч байгаа бөгөөд энэ удаагийн УИХ-ын чуулганд өргөн барихаар төлөвлөж байгаа аж.

НОГДОЛ АШГИЙГ ҮЦТХТ ХХК-ИАР ЗУУЧЛУУЛАН ГАРГАДАГ БОЛСОН

Хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр СЗХ холбогдох байгууллагуудтай хамтран Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, нэмэлт өөрчлөлтийн хүрээнд бусад хууль тогтоомжид орох өөрчлөлтийн төслийг бэлтгэжээ. Ийнхүү үнэт цаасны төлбөр тооцоог дараа төлбөр Т+2 горимд шилжүүлж, төлбөрийн эсрэг нийлүүлэлт буюу DVP 3 зарчмыг хөрөнгийн зах зээлд 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн нэвтрүүлээд байгаа ба үүнтэй холбоотойгоор үнэт цаасны номинал дансны тогтолцоог бүрдүүлэх, үнэт цаас зээлдэх, зээлдүүлэх харилцааг бий болгох, зах зээл үүсгэгчийг хөгжүүлэх шаардлага тулгарч байгаа тул холбогдох журамд оруулах нэмэлт өөрчлөлт, журмын төслийг боловсруулаад Захиргааны ерөнхий хуулийн дагуу хэлэлцүүлэгт бэлтгэхээр ажил нь хангагдсан аж.

СЗХ-ны 2020.01.29-ний 28 дугаар тогтоолоор ногдол ашгийг ҮЦТХТ ХХК-иар зуучлуулан гаргахаар шийдсэн. Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК ногдол ашгаа “ҮЦТХТ” ХХК-иар дамжуулан тараахаар шийдвэрлэж, иргэдийн үнэт цаасны данстай холбогдсон арилжааны банкны дансанд нь
байршуулсан байдаг. Мөн хамтын хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн орчныг тодорхой болгож, сан байгуулах нөхцөл бүрдэж эхнээсээ үр дүн нь гарч байна. 

ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ НИЙТ ХӨРӨНГӨ 234 ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙНА

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 233 Хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/ үйл ажиллагаагаа явуулж байна.

ХЗХ өнөөдрийн байдлаар нийт 72,230 гишүүнтэй бөгөөд зээлдэгчдийн тоо нь өнгөрсөн оны хоёрдугаар улирлаас 11.7 %-аар өсжээ. Тодруулбал,

  • Нийт хадгаламж- 163 тэрбум төгрөгт
  • Нийт хөрөнгө- 234 тэрбум төгрөг
  • ХЗХ-ыг бүтцээр нь авч үзвэл:
  • Зээлдэгчид-50.6% нь
  • Хадгаламж эзэмшигчид-49%-ийг эзэлж байгаа аж.  
ЭНЭ ОНЫ ХОЁРДУГААР УЛИРЛЫН БАЙДЛААР ХУВЬ ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДТЭЙ 668,149 ДААТГАЛЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй даатгалын компаниудыг ангилан харвал: 

  • Давхар даатгалын компани- 1
  • Даатгалын зуучлагчид-55
  • Урт хугацааны даатгалын компани-1
  • Даатгалын хохирол үнэлэгчид-26
  • Ердийн даатгалын компани-15
  •  Даатгалын төлөөлөгч- 2,453 байна. 

2020 оны хоёрдугаар улирлын байдлаар хувь хүн, хуулийн этгээдтэй 668,149 даатгалын гэрээ
байгуулжээ.



Монгол Улс Саарал жагсаалтаас гарах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын хурал аравдугаар сарын 22-23-нд болно. Урьдчилсан байдлаар үнэлгээ хийх цахим хуралд оролцсон орнууд манай улсыг Саарал жагсаалтаас гаргах саналыг 100% дэмжээд байгааг Сангийн сайд мэдээлсэн билээ.