Индэр    
2020 оны 10 сарын 16
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ц.Сонинхишиг: Дэлхий дахин хүнснээс авах шимт бодисуудыг нэг бүрчлэн тооцоолдог хандлагаас татгалзаж байна

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн 150 гаруй оронд Хүнсний өдрийг 1981 оноос хойш 40 дэх жилдээ тэмдэглэж байна.

Энэ өдрийг угтаж 2000-аад оноос эрчимтэй яригдаж эхэлсэн шим тэжээлийн доройтлын асуудлаар АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Шим тэжээл судлалын тэнхимийн зөвлөх, дэд профессор Ц.Сонинхишигтэй ярилцсанаа хүргэж байна.

"Далд өлсгөлөн буюу бичил шим тэжээлийн дутагдал маш түгээмэл байна"

- Хүнс гэхээр хамгийн түрүүнд өлсгөлөнгийн асуудал яригддаг байсан ч сүүлийн үед шим тэжээлийн доройтлын асуудал анхаарал татах боллоо.

- 1990 он, зарим улс оронд 2000-аад оныг хүртэл өлсгөлөнгийн асуудлыг ярьдаг байсан. Хоол тэжээл хангалттай биш байна, өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүс өвчилж байна, өвчтэй хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж буурч, эдийн засагт нөлөөлж байна гэх асуудал яригддаг байлаа. Тиймээс дэлхий даяар хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжиж, техник технологийн хөгжилтэй уялдуулж үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмж чадсан. Гэтэл хангалттай хоол хүнс хэрэглэсэн ч хүн ам эрүүл байж чадаж байна уу гэдэг асуудал гарч ирсэн. Ингээд хүнсний хангамжийн бодлогын чиг хандлага өөрчлөгдөж ГЭДЭС ЦАТГАЖ, ХАНГАЛТТАЙ ИДЭХ БИШ ТЭЖЭЭЛЛЭГ ХООЛ ХҮНСИЙГ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭСНЭЭР ХҮН АМ ЭРҮҮЛ БАЙХ ЮМ БАЙНА гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Одоо бол дэлхий дахины хүнсний бодлого шим тэжээлийн баримжаатай хэрэгжиж байна.

Дэлхий дахины хүнсний бодлого шим тэжээлийн баримжаатай хэрэгжиж байна

- Үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмж, дийлэнх улс орнуудын хувьд өлсгөлөн тулгамдсан асуудал биш болсон байх нь. Үүнийг дагаад хангалттай хэмжээнд үйлдвэрлэсэн хүнснээс хэрэгтэйгээ сонгож авах буюу шим тэжээлийн боловсролын асуудал гарч ирсэн болов уу?

- Тэгэлгүй яахав. Зах зээл дээр маш олон бүтээгдэхүүн шинээр гарч ирсэн. Үүнд хэрэглэгч бэлэн биш байсан. Шинэ, гоё амттай, үзэмжтэй бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэж байсны үр дагавар нь шим тэжээлийн доройтол юм. Доройтол гэдэгт шим тэжээлийн илүүдэл болон дутагдлыг хамруулж ойлгоно.

Нэг талаас хүн амын дунд шим тэжээлийн илүүдэл, тухайлбал, үүний үр дагавар болох таргалалт нэмэгдсээр байгаа бол нөгөө талаас далд өлсгөлөн буюу бичил шим тэжээлийн дутагдал маш түгээмэл байна.

Шим тэжээлийн илүүдэл болон дутагдал нь зэрэг нэг бие дээр бий болохыг шим тэжээлийн давхар дарамт гэж мэргэжлийн хүмүүс тодорхойлдог.

- Шим тэжээлийн дутагдлыг бид хувь хүн дээр харах ёстой юм уу эсвэл хүнсний хангамжийн асуудлаасаа харах ёстой юу?

-Олон нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллүүд ихэвчлэн хувь хүн рүү чиглэж байна. Тийм ийм юм, энэ тэр хүнсийг идээрэй гэсэн зөвлөгөө хэлбэрийн мэдээллийг тухайн хувь хүний бие махбод, ажил хөдөлмөр, амьдралын хэв маягт нийцүүлэн хэрэглэж байна уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй. Яг үнэнийг хэлэхэд хэрэглэгч үүнд бэлэн биш бөгөөд “сайн” гэж тодотгосон зүйлийг л авч хэрэглээд байна.

Нөгөө талаар Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын бодлого гэж бий. Хүнсний аюулгүй байдал гэдгийг зөв ойлгох хэрэгтэй. Хэзээ улс орны хүнсний аюулгүй байдал хангагддаг вэ гэхээр,

  1. Хүн бүр тэжээллэг, эрүүл хүнсээр хангагдах боломж нь бүрдсэн, өөрөөр хэлбэл Монгол Улсын хаана ч очсон гол нэрийн хүнс байж байдаг,
  2. Хүнс нь иргэн бүрд тэгш хүртээмжтэй байх буюу ямар ч нийгмийн давхарга, орлогын түвшний хүн гол нэрийн хүнсийг хэрэглэх боломж бүрдсэн,
  3. Хэрэглэгч хүнсээ зөв сонгож, зохистой хэрэглэх боловсролтой болсон гэсэн гурван үндсэн шалгуур хангагдсан үед хангагдлаа гэж үзнэ.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд хүн ардад хүрэлцээтэй хоол хүнстэй байна уу, дотоодын хэрэгцээгээ хангаж байна уу үгүй юу гэдгээр аюулгүй байдал хангагдсан эсэхийг тодорхойлоод байна. Тэр хүрэлцээтэй хоол хүнсийг иргэн бүр хүртэж чадаж байна уу, зөв зохистой хэрэглэж байна уу гэдэг нь хүнсний аюулгүй байдлын маш чухал хэсэг бөгөөд үүгээр хүн амын хүнс тэжээлээс хамааралтай эрүүл мэндийн асуудал тодорхойлогдоно.

"Хэрэглэгчийн боловсрол ээж хүнсээ цуглуулах, хоолоо аягалахаас эхэлдэг"

- Тэгэхээр эхлээд хангамж, хүртээмжийн асуудлыг ярьж байж хэрэглэгчийн боловсрол руу орох хэрэгтэй байх нь ээ?

- Тийм ээ. Мэргэжлийн хүмүүс хангамжаа хараад хүн амын тоотойгоо харьцуулаад иргэдэд тэрийг, энийг сонгож хэрэглээрэй гээд зөвлөмж өгөх боломжтой. Байхгүй хүнсийг хэрэглэ гэж зөвлөх нь учир дутагдалтай.

Хоёрдугаарт хүртээмжийг ярих хэрэгтэй. Хүнс хангалттай байгаа нөхцөлд хэрэглэгч үнэ харж сонголтоо хийдэг. Эдийн засгийн чадамжаараа өөр өөр давхаргын хүмүүс боломждоо тааруулаад хүнсээ сонгодог. Жишээ нь, орлого багатай хүн шим тэжээлтэй гэхээсээ илүү ходоодоо цатгах хүнсийг сонгоно шүү дээ. Хүнсний хангамж бүрдлээ гэдэг нь жигд хүртээмжтэй байна гэсэн үг биш.

Тиймээс өндөр хөгжилтэй орнууд бага орлоготой хүмүүс амьдардаг бүс нутагт шим тэжээлтэй хүнсний үнийг хямд байлгах зохицуулалт хийдэг туршлага бий. Эсрэгээрээ өндөр орлоготой хүмүүсийн амьдардаг хороололд хүнсний бүтээгдэхүүн дунджаас өндөр үнэтэй байдаг. Энэ нь хүн ардаа тэжээллэг хүнсээр хангах зохицуулалт, улмаар БОДЛОГО хийж байгаагийн нэг жишээ юм. 

Байхгүй хүнсийг хэрэглэ гэж зөвлөх нь учир дутагдалтай

Хангалттай байгаа хүнсийг эдийн засгийн боломж, газар зүйн байрлалаас үл хамааран тэгш хүртэх нөхцөл бүрдсэний дараа хэрэглэгчийн боловсролын асуудал яригдана.

Хэрэглэгчийн боловсрол ээж /эсвэл хүнс хариуцсан хүн/ хүнсээ цуглуулах, хоолоо аягалахаас эхэлдэг. Ээж хүн хүнсээ цуглуулахдаа нөхөртөө, өсвөр насны, бага насны хүүхдэдээ юу идүүлэх ёстойгоо бодож цуглуулдаг уу, яаж боловсруулдаг вэ, хоолоо аягалахдаа хэрхэн хуваарилдаг вэ гэдгээс эхлэх учиртай. Гэтэл бид энэ чухал шат дамжлагуудыг алгасаад  шууд ам руу орох зүйлийг яриад байдаг.

- Хоол хүнс сонголт хийж хүний ам руу орох хүртэл маш олон шат дамжлага байгаа гэлээ. Энэ шим тэжээлийн боловсролыг хэрхэн иргэдэд олгодог вэ?

- Хүнсээ зөв сонгож цуглуулахын тул ээж хүн өсвөр насны хүүхдэд юу дутагддаг вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй болж байгаа биз. Гэхдээ зүгээр мэдэх биш шүү. Бүр ухамсарласан байх ёстой.

Би Японд доктороо хамгаалсан. Тэнд суралцаж байх даа бага сургууль, цэцэрлэгийн хүүхдэд олгодог шим тэжээлийн боловсрол олгох хөтөлбөрийг үнэхээр биширсэн.

Бага сургуулийн 4 дүгээр ангид/10 настай/ сурч байхдаа манай хүүхэд тухайн өдөр идсэн хүнсний бүтээгдэхүүний илчлэг, нүүрс усыг гэх мэт баримжаалж чаддаг болчихсон байсан.

Энэ чадварыг олгохдоо багш нь самбарын өмнө гараад энэ бол тийм сайн, хэрэгтэй хүнс гээд яриад байдаггүй. Харин цэцэрлэгийн хүүхдүүд тоглож байхдаа, сургуулийн хүүхдүүд үдийн хоолонд өгч байгаа хоолыг дагуулж өгдөг жижигхэн тайлбар захианаас мэдээлэл авдаг. Албан ёсны биш, жижигхэн тайлбар хоолоо дагуулаад байнга өгдгийг нь хүүхэд заримдаа уншина, заримдаа уншихгүй. Тиймээс байнгын давтамжтай өгөөд байхаар ухамсарт нь нөлөөлж, аяндаа идэж байгаа зүйлээ ямар шим тэжээлтэй вэ гэдгийг мэддэг болчихдог юм билээ.

Ийм хүүхэд насанд хүрээд ээж болохдоо шим тэжээлийн боловсролтой, өөрт болон өрөөл бусдын хоолонд анхаарах чадвартай болдог.

- Хоёр жилийн өмнөөс манай ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл мэндийн хичээл эргэн ирсэн. Шим тэжээлийн боловсролын агуулга эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт багтсан уу?

- Эрүүл мэндийн хичээлд шим тэжээлийн хэсэг багтсан. Яг тэр хөтөлбөрийг боловсруулахад манай баг орж ажилласан юм. Хүүхдийн нас насанд нь тохирсон агуулгыг хөтөлбөрт тодорхой оруулж өгсөн байгаа.

2019 онд ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ батлагдаж, сургуулийн үдийн хоолыг хийх, түгээх үйл ажиллагаа, шим тэжээлийн боловсрол олгох ажлыг хоол зүйн мэргэжлийн хүн удирдан зохион байгуулах тухай энэ хуульд тусгасан бий. Үүнийг дагаад хоол зүйн мэргэжилтний эрэлт нэмэгдэж байна.

- Манай улсад хоол зүйн мэргэжилтэн бэлтгэх хэдэн сургууль байдаг вэ?

- Хоол зүйн мэргэжилтэн бэлтгэдэг хэд хэдэн их дээд сургууль бий. Улсын сургуулиас ШУТИС, АШУҮИС, хувийн сургуулиас Хүрээ дээд сургууль, Шинэ анагаах ухааны их сургууль гэх мэт.

АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд Шим тэжээл судлалын тэнхим хоёр жилийн өмнө байгуулагдсан.

Би 1998-2000 онд АНУ-д хоол зүй, шим тэжээлийн мэргэжлээр магистр суралцаж төгсөөд Монголдоо ирсэн юм. Яг тэр жил ШУТИС Хоол зүй, шим тэжээлийн анги нээж байсан. Би шууд багшаар ажилд орсон, одоог хүртэл энэ салбарт ажиллаж байна. Хүн эрүүл байхад шим тэжээл, хоол хүнсний зохистой хэрэглээ чухал гэдгийг хүн бүр ойлгож байгаа энэ цаг үед энэ ангид элсэх оюутнуудын тоо нэмэгдэх хандлагатай байгаа.

"ХЭРВЭЭ ХУУЧИН ШИГЭЭ ХООЛЛОЁ ГЭЖ БАЙГАА БОЛ ХӨДӨӨ ГАРААД МАЛ МАЛЛАЖ, НҮҮДЭЛЧДИЙН АХУЙГААР АМЬДРАХ ХЭРЭГТЭЙ"

- Хүнсний ногоо, жимс ид гээд зөвлөдөг. Нөгөө талаас “Монгол хүн махаа идээд болоод ирсэн” гэх байр суурийг бас илэрхийлдэг. Энэ тухайд Та ямар тайлбар өгөх вэ?

- Олон судалгааны үр дүнгээс хүнсний ногооны хэрэглээ маш бага хэмжээтэй байгааг харж болно. Хоногт 300 гр хүнсний ногоо хэрэглэж байж шаардлагатай бичил тэжээлээ авахаар байхад манайхан дунджаар 30-40 гр ногоо хэрэглэж байна.

“Монгол хүн махаа идээд болоод ирсэн” гэх тухайд бол бид амьдралынхаа хэв маягийг харах ёстой. Хэрвээ хуучин шигээ хооллоё гэж байгаа бол хөдөө гараад мал аж ахуй эрхэлж, нүүдэлчдийн ахуйгаар амьдарч, байнгын идэвхтэй хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Тэгээд ч уламжлалт ахуйгаар амьдарч байсан нүүдэлчид маань өнөөдрийнх шиг замбараагүй, хэрэгцээнээсээ хэтрүүлж хооллодоггүй байсан. Ер нь уламжлалт хооллолт гээд маш том сэдэв бий. Мах гэхээсээ илүү маш олон төрлийн бичил тэжээл агуулдаг цагаан идээ, улирлын чанартай ургамлын хүнс хэрэглэж байснаас гадна байнгын биеийн идэвхтэй хөдөлгөөнтэй байсан нь хүн эрүүл чийрэг байхад их нөлөөлж байсан болов уу.

Бид барууны орнуудын иргэд шиг орон сууцанд амьдарч, суугаа ажил хийдэг, тэдэнтэй адил амьдралын хэв маягтай болсон. Бидэнтэй төстэй хэв маягтай барууны орнуудад хүнийг 10, 20 жил мөшгөж судалсан судалгааны үр дүнгүүд байдаг. Орчин, амьдралын хэв маяг, хооллолтын хэлбэрийг нь  харьцуулж судлаад, ямар тохиолдолд өвчилж байна, шалтгаан нь юу вэ, хооллолтын асуудал мөн үү биш үү гэдгийг тогтоодог. Манайд тэгж хийгдсэн бодитой урт хугацааны судалгаа ховор шүү дээ. Урт хугацааны судалгаа хийх боломж ч байхгүй. Шинжлэх ухаан технологийг дэмжих төслүүд голдуу л 2-3 жилийн хугацаатай, бас төсөв мөнгө нь бага байдаг. 10 жил судалгаа хийх төсвийг хэн өгөх вэ?. Тиймээс аль болох ойролцоо нөхцөл, амьдралын хэв маяг дээр хийгдсэн судалгааны үр дүнг авч ашиглахаас өөр аргагүй болдог.

Энэ дашрамд хэлэхэд үнэхээр бодлогын ач холбогдолтой, урт хугацааны судалгаа хийхэд шинжлэх ухаандаа хангалттай хөрөнгө хаях хэрэгтэй. Харин судалгааг мэргэжлийн өндөр түвшинд, чанартай хийж байна уу гэдэг нь өөр асуудал.

- Бид аль хүнснээсээ ямар шим тэжээл авах вэ гэдгийг хамгийн энгийнээр хэлж өгөөч?

- Мэргэжлийн хүмүүс хүн өдөрт ямар шим тэжээлийг ямар хэмжээтэй хэрэглэх вэ гэдгийг тухайн хүний нас, хүйс, амьдралын хэв маяг, ажил эрхлэлт, хөдөлгөөний идэвх, эрүүл мэндийн байдал гээд олон хүчин зүйлүүдийг харгалзан тооцдог. Харин жирийн иргэн тийм тооцоолол хийх шаардлагагүй. Монгол хүнд хамгийн тохиромжтой хооллолтын хэлбэрийг илэрхийлсэн ГЭР ЗӨВЛӨМЖ-ийг баримтлахад болно.

Гэхдээ энэ зөвлөмж энгийн хүмүүсийн хэрэглээнд нэвтрэхгүй байна. Ер нь улс орнууд иргэд, энгийн хүмүүст ойлгогдох зохистой хооллолтын зөвлөмжийг гаргасан байдаг. Жишээ нь, мах идэхдээ хамтад нь хүнсний ногоо идэх хэрэгтэй. Учир нь махыг шингээх, биед тэжээл болох үйл явцад оролцдог амин дэм хүнсний ногоонд агуулагддаг. Их, бага идэх гэхээсээ илүүтэй тэнцвэртэй хооллох нь өвчлөхгүй байхад чухал нөлөөтэй.

ГЭР ЗӨВЛӨМЖ:

1-6 насны хүүхэд, өсвөр үеийнхэн, насанд хүрэгчид, настнууд, жирэмсэн болон хөхүүл ээжүүдэд зориулсан зөвлөмжүүд.

Зураг дээр дарж томруулж үзнэ үү.

-Тэгэхээр би үүнийг идээд уураг, тэрийг идээд нүүрс ус ямар хэмжээгээр авах вэ гээд тооцоолоод байх шаардлагагүй. Энгийн, бэлэн байгаа загвараа мөрдөх хэрэгтэй байх нь ээ?

- Уг нь зөв хооллох нь маш энгийн ойлголт. Шимт бодисын талаар хэтэрхий их бодох хэрэггүй. Тэнцвэртэй л хооллох хэрэгтэй. Дэлхий дахин шимт бодисуудыг нэг бүрчлэн тооцоолдог хандлагаас татгалзаж байна. Яагаад гэдгийг жишээ авч тайлбарлая, мах уураг ихтэй ч ганцхан уургаас тогтдоггүй, маш олон амин дэм, дээрээс нь шимт бодист тооцогддоггүй ч хүний биед хэрэгтэй нэгдлүүдийг агуулдаг. Хүнс гэдэг ийм нийлмэл зүйл учраас ганц хоёр шимт бодисыг онцолж сонголт хийх нь учир дутагдалтай юм.

Харин махыг ногоотой хэрэглэж байна уу, махыг гурилтай хэрэглэж байна уу гэдгийг, өөрөөр хэлбэл хооллолтын хэв маягт анхаарах болсон.

- Хүнсний хангамж бүрдүүлэх, жигд хүртээмжийг хангах, боловсрол олгох зэрэг нь хувь хүний гэхээсээ илүү бодлогоор зохицуулалт хийх шаардлагатай асуудал юм байна.

-  Тийм ээ. Бодлогын түвшинд суурь асуудал буюу хүнсний хангамж, хүртээмжээ шийдээгүй байж шууд шим тэжээлийн боловсрол ярих нь учир дутагдалтай. Суурь асуудлуудаа шийдсэн улс орнууд боловсрол олгох асуудлыг ч бодлогоор дэмждэг. Тухайлбал, Японд албан байгууллага ажилчдадаа шим тэжээлийн боловсрол олгох үүргийг хуулиар хүлээдэг. Зөвхөн боловсролын байгууллагуудын үүрэг биш гэж үздэг.

- Ярилцсанд баярлалаа. Танд Дэлхийн Хүнсний өдрийн мэнд хүргэе.