Индэр    
2020 оны 9 сарын 19
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 81: Этгээд сонин асуултын шинжлэх ухаанч хариултууд-"What If"

Зураг

Хэрвээ ийм байсан бол яах вэ, хэрэв тэгвэл яах вэ гэж эхлэх олон асуулт бидний толгойд эргэлдэж, элдэв сонин төсөөлөл буудаг.

Харин НАСА-д ажиллаж байсан, xkcd.com блог хөтлөн явуулдаг комик зураач Рэндэлл Манро этгээд сонин асуултыг гаргаж, түүндээ шинжлэх ухаанчаар хариулсан “What If” буюу “Хэрвээ ийм байсан бол” номоо 2014 онд хэвлүүлжээ.

“What if” номонд 50 гаруй асуулт гардаг бөгөөд Unlock подкаст 10 асуултыг сонгож, тайлбарлалаа. 

"What If" номыг сонсох:

Асуулт 1. Хэрэв ертөнцийн хаа нэгтээ таны заяаны хань байгаа бол түүнийгээ хэр хугацаанд олох боломжтой вэ?

Хариулт: Заяаны ханьтайгаа харц тулгармагц та таних бөгөөд тэр хүн таны ойролцоо настай гэж тооцъё. Энэ дэлхий дээр нэгэн үед нас ойролцоо нийт 500 сая гаруй хүн амьдарч байдаг. Тэднээс өөрийн заяаны ханийг олохын тулд та хоёр заавал нүд нүдээ харалцах ёстой. Гэтэл бид өдөрт 10-20 хүнтэй харц тулгардаг гэж тооцвол эдгээрийн 10 хувь нь тантай ойролцоо настай байх юм. Энэ тооцооллын дагуу та амьдралынхаа туршид 50 мянган хүнтэй харц тулгарна. 500 сая хүнээс ердөө 50 мянгатай нь харц тулгарах нь. Тэгвэл үүнийг хялбарчлахын тулд номын зохиогч Рэндэлл вэбкамераар заяаны ханиа хайх хувилбарыг гаргажээ.

Түүний тооцоолсноор өдөрт найман цаг компьютерийн өмнө сууж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа ойролцоо насны хүмүүстэйгээ вэбкамераар нүд нүдээ харалцвал 20-30 жилийн дараа та заяаны ханиа олох магадлалтай аж.

Асуулт 2. Хэрвээ энэ дэлхий дээрх бүх хүн хийж байгаа ажлаа зогсоогоод тооцоолол хийвэл хэр их зүйл тооцоолох вэ, тэр нь компьютер, ухаалаг утасны тооцоолон бодох чадвартай эн зэрэгцэх үү?

Хариулт: Хүн төрөлхтөн ба компьютерийг харьцуулахдаа нэг секундад хэдэн сая тооцоолол хийх вэ гэх шалгуурыг сонгон Рэндэлл Манро хариултаа гаргажээ. Дэлхийн нийт хүн ам бүгд нэгэн зэрэг тооцоолол хийвэл секундэд 65 сая мэдээллийг тооцоолон бодох нь. Энэ нь 1992 онд бүтээгдсэн “Pentium-486” загварын ганцхан компьютероос бага үзүүлэлт юм.

Асуулт 3. Дэлхий дээрх бүх хүнийг карантинд оруулбал ханиадны вирус устах уу?

Хариулт: Хамгийн түгээмэл тохиолддог реновирусээр жишээлэн авч үзье. Уг вирус нь хүний хамар хоолойд орж, үрждэг. Бие махбодод вирус орж ирснийг мэдмэгч дархлааны систем устгаж эхлэх боловч бүрэн устахаас өмнө хүн өөр бусдад халдварлуулдаг аж. Тиймээс халдварыг зогсоохын тулд тусгаарлалтын арга хэмжээг авдаг.

Дэлхийн бүх газар нутгийг ашиглан долоон тэрбум хүнийг тусгаарлавал нэг хүнд хэр хэмжээний талбай оногдох талаар тооцооллыг мөн Рэндэлл хийжээ. Түүний тооцооллоор нэг хүнд ойролцоогоор 2 га газар оногдож, хамгийн ойр байх хүнээс 77 метр зайтай байх нь. Гэхдээ ихэнх нь Антарктид, элсэн цөл, далайн ус гэх мэт таагүй газар тусгаарлагдахаар байна.

Иймд бүгдээрээ амьдарч байгаа газартаа амны хаалтаа тогтмол зүүж, хариуцлагатай байя гэж номын зохиогч уриалсан юм. 

Мөн хэсэг бүлгээр нь хөл хорионд оруулах нь үр ашигтай байдгийг онцолжээ. Жишээлбэл, нэг тосгонд 100 хүнийг тусгаарлахад вирус тэдний хооронд шилжсээр хүмүүст дархлаа сууж, вируст өртдөггүй аж. Гэхдээ хүмүүс бүгд дархлаа сайтай байгаа тохиолдолд энэ арга үйлчилдэг. Дархлаа муутай хүн халдварласан вирус нь удаан хугацаанд байсаар байдаг. Тиймээс дархлааны системээ сайн байлгах хэрэгтэй юм.

Асуулт 4. Эмэгтэй хүн өөртөө үр тогтоох боломжтой юу?

Хариулт: Хүн ээж, ааваасаа авсан хоёр талын генийн мэдээлэл буюу ДНХ-г 23 хос хромосом дээр байрладаг. Бүх мэдээлэл нь санаандгүйгээр түүгдэх бөгөөд аав, ээжийн аль нэгнийх нь ген илүү хүчтэйг нь авснаар хүүхдийн төрх, шинж чанарууд тодорхойлогддог.

Тодруулбал, энгийн ба хүчирхэг ген гэж байх нь. Аав, ээжийн ген хоёулаа энгийн байвал аль давамгай нь сонгогдоно. Хэрэв нэг нь энгийн нөгөө хүчирхэг байвал хүүхэд гоц ухаантай төрөх аж. Гэтэл аав, ээж аль аль нь хүчирхэг гентэй байх нь муу бөгөөд хүүхдэд ямар нэг асуудал үүсдэг тухай номд өгүүлжээ. 

Тэгвэл эмэгтэй хүн өөртөө үр тогтоох боломжтой эсэх талаар дэлхийн дахинд судалгаа хийгдсээр байгаа бөгөөд эмэгтэй хүний чөмгөнд эр бэлгийн эстэй төстэй эс байж болохыг нээсэн байдаг. Хэрэв тэрхүү эсийг авч, өндгөн эстэй нийлүүлбэл юу болох талаар номд өгүүлсэн юм. Энэхүү хариулт нь мөн цус ойртолтод ч хамаарч байгааг тодотгоё.

Ээжийн чөмөгнөөс хийгдсэн эр бэлгийн эс нь ээжийн өндгөн эсийн генийн мэдээлэлтэй адилхан байна. Эрэгтэй болон эмэгтэй хүмүүс хүүхэдтэй болоход хоёулаа хүчирхэг гентэй байх магадлал 28 хувь бол эмэгтэй хүн өөрөөсөө үр тогтоолгоход энэ магадлал 58 хувь болж өснө. Хоёулаа хүчирхэг гентэй байвал генетикийн алдаа гарч, нугасны гол булчингийн хатингаршил хэмээх хүнд өвчин тусах магадлал 400-д нэг байна. Энэ нь хэвийн гэр бүлд 10,000-д нэг тохиолддог өвчин юм.

Энэ бол ердөө ганц жишээ бөгөөд өөр бусад хүнд эмгэгээр өвдөх магадлал их байхыг Рэндэлл мөн дурджээ.

Асуулт 5. Фэйсбүүкт үхсэн хүмүүсийн хаяг нь амьд хүмүүсийнхээс хэзээ илүү болох вэ?

Хариулт: 2065 он эсвэл 2130 он.

Одоогоор фэйсбүүк ашиглаж буй хүмүүсийн ихэнх нь залуус тул үхсэн хүний хаяг цөөн бий. 2014 оны байдлаар үхсэн хүний хаяг 10-20 сая байв. Үүнээс долоон жилийн дараа буюу 2021 онд дээрх тоо хоёр дахин ихсэх бол түүнээс долоон жилийн дараа дөрөв дахин өснө гэж Рэндэлл тооцсон байна.

Хэрэглэгчдийн насны дунджийг тодорхойлох гол үзүүлэлт нь шинээр элсэж буй залуусын нас. Рэндаллын таамагласнаар 2014 оноос хойш фэйсбүүкт элсэх шинэ хэрэглэгчийн тоо буурсаар байх тул 2065 он гэхэд нас барсан хэрэглэгчдийн тоо амьд хэрэглэгчдийнхээс их болох аж.

Харин фэйсбүүкийг нийгмийн сүлжээгээр бус өөр үйлчилгээнд ашиглаж, шинэчлэлт хийвэл 2130 он болтол амьд хэрэглэгчдийн тоо их байх магадлалтай байна. 

Асуулт 6. Аягатай цайг халбагаар хутгасаар байгаад халааж, буцалгаж чадах уу?

Хариулт: Гайхмаар ч логикийн хувьд энэ зөв асуулт юм. Хөдөлгөөн хийхэд дулааны энерги үүсэх тул аягатай усыг илүү хурдтай, хүчтэй хутгавал буцалгах хэмжээний энерги үүсэх үү гэж асууж буй хэрэг юм.

Тооцоолол хийж үзэхэд, хоёр минутын хугацаанд аягатай усыг богино долгионы зууханд хийж халаая. Богино долгионы зуух нь 700-1,100 Вт-ын хүчин чадалтай тул усыг хоёр минутад буцалгах боломжтой. Гэтэл 700 Вт-ын хүчин чадал нь нэг морины хүчтэй тэнцдэг.

Хэрэв дулааны энергиэр аливааг буцалгах боломжтой гэж үзвэл Ниагара хүрхлээ асар хүчтэй доош урсаж байхад доод хэсэгт юу ч буцалдаггүйг Рэндэлл сануулаад, аягатай усыг хөдөлгөөнөөс үүсэж буй дулааны энергиэр халаах, буцалгах боломжгүй. Хэрэв боломжтой гэж үзэн туршвал ус буцлахаас өмнө аягатай ус тань тал тал тийш цацарч дуусна шүү дээ гэжээ.

Асуулт 7. Хүн төрөлхтөнөөс хэн хамгийн хол явсан бэ. Хол замд ганцаардсан уу?

Хариулт: Олон таамаг дэвшүүлснээс хамгийн боломжит хувилбарыг сансрын нисэгчид гэж үзжээ. Саран дээр бууснаар нь "Apollo" хөлгийн багийг энд жишээлэн үзэв.

Тус хөлөгт зургаан гишүүн багтсанаас хоёр нь саран дээр бууж, дөрөв нь тус тусын хөлөгт сууж, сарыг тойрчээ. Ингэхэд сарны хойд хэсэгт очсон хүн нь дэлхий рүү хардаг талд буусан хүнээс 3,585 км холджээ. Энэ нь нэг хүн бусад хүн төрөлхтнөөс хамгийн хол явсан зай гэж үзжээ. 

"Apollo" хөлгийн хүмүүс эх дэлхийд газардсаны дараагаар ярилцаж, ганцаардсан эсэх, ямар мэдрэмж төрснийг асуухад ганцаараа байна гэдэг нь ганцаардсан гэсэн үг биш, харин ч ганцаараа байхдаа тайвшралыг мэдэрсэн гэжээ. 

Асуулт 8. Бороо ганцхан том усан бөмбөлөг болж ордог байсан бол вэ?

Хариулт: Нэг удаад 600 сая тонн хэмжээний бороо ордог. Хэрэв энэ хэмжээний ус ганцхан усан бөмбөг болж, газрын хөрсөнд буувал юу болох талаар Рэндалл тооцоолжээ.

Бороо ороход газраас дээш хоёр километрийн зайд усан бөмбөлөг хуримтлагдана. Хуримтлагдаж гүйцмэгц үүлнээс доош буухдаа секундэд 90 метрийн хурдтайгаар бууна. Үүлнээс гарахад хурд нь улам ихсэж секундэд 200 метр зай туулах юм. Ийнхүү хэтэрхий хурдтай буух тул доод хэсэгт агаар хөдлөхгүй, газарт гал гарч, усан бөмбөлөг буухад гал тэр даруйд унтарна гэжээ. Асар том усан бөмбөлөг газарт буухад хэдхэн секундэд хүчтэй долгион үүсэж, ойролцоох 20-30 километрт байгаа бүх барилгад гэмтээж сүйтгэнэ гэжээ. 

Асуулт 9. SAT шалгалтад сохроор таавал бүрэн зөв хариулах хүүхэд гарах уу?

Хариулт: 2014 онд SAT шалгалтад 258 асуулт ирж байв. Таван хариулттай нэг асуултад зөв хариулах магадлал 20 хувь, тус бүр таван хариулттай хоёр асуултын зөв хариуг олох магадлал 10 хувь. Энэ мэтээр асуултын тоо их байх тусам бүгдийг нь зөв таах магадлал улам багасах тул ахлах сургуулиа төгсөж буй сурагчдын өгдөг SAT шалгалтад бүгдийг нь сохроор зөв таах ямар ч боломжгүй юм.

Рэндалл Манрогийн тооцоолсноор, АНУ-д амьдарч буй дөрвөн сая хүүхэд таван тэрбум жилийн турш өдөр бүр энэ шалгалтыг нэг сая удаа тааснаар зөвхөн математикийн хэсгийн бүх даалгаварт зөв хариулах магадлал 0.0001 хувь байна. 

Асуулт 10. Их Британийн бүх нутаг дэвсгэрт нэгэн мөчид нар жаргасан байх магадлал бий юу?

Хариулт: Их Британийн Эзэнт улс 18-19 дүгээр зуунд хүчирхэг байж, улс орнуудад ноёрхлоо тогтоон колончилж байв. Дэлхийн бөмбөрцгийн эргэн тойронд орон орныг эрхшээж байсан тул зарим хэсэгт нар жаргасан байлаа ч эзэмшил нутгийнх нь өөр газруудад нартай байдаг байв. 20 дугаар зууны байдлаар Их Британи 14 газар нутгийг эзэмшиж байсан бөгөөд Энэтхэгийн далай, Хойд мөсөн далай гэх мэт олон газарт байх арал нь тус улсын мэдлийнх.

Өнөөг хүртэл Их Британийн эзэнт улсын бүх газар нутагт нэгэн мөчид нар жаргасан буюу харанхуй болсон тохиолдол гараагүй юм. Ихэнх газарт нь нар жаргасан байлаа ч Номхон далайд байх аралд нь нар жаргаагүй байж таардаг байна. Энэ байдал мөнхөд үргэлжлэх үү гэхэд Рэндэлл 2432 оны дөрөвдүгээр сард нар хиртэлт болох бөгөөд тэр мөчид уг арал дээр нэр хиртэхэд бусад газарт нь мөн нар жаргасан байж таарвал Их Британийн Эзэнт гүрний бүх нутагт нар жаргасан байх боломжтой гэжээ.