Зураг
Зураг
Индэр    
2020 оны 8 сарын 2
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 74: Ад үзэгдэх ЗОРИГ

Зураг
Зургийг фэйсбүүк дэх ТОМё БОДё хуудсаас авав

iKon.mn сайт болон Unlock подкаст хамтран хүргэдэг номын тэмдэглэлийн энэ удаагийн дугаарт “The Courage to be disliked” буюу “Ад үзэгдэх зориг” номыг танилцуулж байна. 

Подкастын дугаарт уг номыг эх хэл дээрээ орчуулсан ТОМё БОДё зочноор оролцлоо. 

Номд нэгэн залуу болон философич хоёр Алфред Адлерын сэтгэл судлалын онолын талаар таван орой ярилцаж, мэтгэлцэж буй хэлбэрээр бичжээ. “Ад үзэгдэх зориг”-ийг Кишими Ичиро, Кога Фүмитакэ нар хамтран бичиж, 2013 онд хэвлүүлжээ. 

Кога Фүмитакэ нь шилдэг борлуулалттай хэд хэдэн номыг хянан тохиолдуулж байсан эрхэм, харин Кишими Ичиро нь философич мэргэжилтэй, сэтгэл судлалаар мэргэшсэн нэгэн юм. Тэрбээр залуугаасаа сэтгэл судлалын шинжлэх ухааны гол төлөөлөгчдийн нэг болох Алфред Адлерын онолыг шимтэн судалжээ. 

“The Courage to be disliked” номыг сонсох:

Хүн бүр өөрийнхөө амьдралыг өөрчилж, аз жаргалтай амьдрах боломжтой гэж номлодог нэгэн философич байв. Түүнийг нь сонссон залуу ингэх нь ямар ч боломжгүй, ярьж буй зүйл нь худлаа хэмээн бодож, сургаал, номлолыг нь няцаахаар очиж уулздаг. Уг залуу өөрийгөө өөрчлөх гэж оролдож үзсэн ч амжилтад хүрээгүй тул философичийн номлолыг буруу гэж үзсэн аж. Тэд нийт таван орой ярилцаж, мэтгэлцжээ.

Бүхний цаана ЗОРИЛГО бий

Өнгөрсөн амьдрал нь хүний одоо болон ирээдүйг тодорхойлохгүй. Одоо байгааг чинь тодорхойлдог зүйл бол зорилго. Өөрөө ч мэдэлгүйгээр зорилгоо бий болгож, түүндээ тааруулан үйлдэл хийдэг гэж А.Адлерын онолд өгүүлдэг. 

Жишээ, 

Залуу: Бүгдийг зорилгод тулгуурлаж хийдэг гэж бодохгүй байна. Би саяхан шинэ цамцтайгаа кафед ортол зөөгч нь цамц руу минь кофе асгасан. Үүнд би уурлаж, зөөгчийг загнасан. Уурлах нь миний зорилго биш байсан.

Философич: Уур бол зорилгыг гүйцэлдүүлэх нэг хэрэгсэл. Та зөөгчид сүрийг үзүүлэх зорилготой байсан. Тиймээс та зорилгынхоо төлөө уурлах гэх сэтгэл хөдлөлийг гаргажээ. Хэрвээ та цамцаа цэвэрлүүлэх төлбөр авахыг зорьсон бол менежерт нь хэлж болох байсан. Эсвэл зөөгчид хичээл заахыг хүссэн бол учирлаж, тайлбарлах байсан. 

Түүнчлэн өөрчлөгдөхгүй гэх сонголтыг хийж байгаа учраас зарим хүн аз жаргалгүй байдаг. Үүнийг сонгодог учир нь эрсдэл хүлээх, тав тухаа алдах магадлалтай тул одоогийн хэвээрээ байхыг сонгож байгаа хэрэг. 

Хүн өөрийн үзэл бодол, үйл хөдлөлийн чиг хандлагыг дунджаар 10 насандаа сонгодог тухай мөн энэ бүлэгт өгүүлжээ. Хэдийгээр тухайн үед сонгосон зам мөрөө хэзээ ч өөрчлөх боломжтой байдаг ч энэ хэвэндээ дассан байдаг тул өөрчилбөл байдал дордчих вий гэхээс эмээж, зугтдаг ажээ.

Бүх зовлонгийн үндэс нь ХҮН ХООРОНДЫН ХАРИЛЦАА

Эхний орой ярилцсанаас долоо хоногийн дараа мөнөөх залуу философич ирж, дахин ярилцжээ.

Залуу: Би өөртөө дургүй, гутранги хүн. Таны хэлснээр бүх зүйлийн цаана зорилго оршдог юм бол би яагаад өөртөө дургүй, сул дорой байгаа юм бэ, надад ийм зорилго байхгүй шүү дээ. Би өөртөө дургүй байснаар юуг хожих юм? 

Философич: Өөртөө дургүй байх чинь ч зорилготой байж болно. Та өөрийгөө бусдаас тусгаарлахын тулд өөрийнхөө сул талыг дөвийлгөж, түүндээ анхаарлаа төвлөрүүлдэг ч юм билүү. Над шиг хүнтэй хэн харьцах вэ дээ, намайг хэн тоох вэ гэх шалтаг гаргаж, бусдаас өөрийгөө тусгаарлах зорилготой байж болно. Ингэснээр та хүн хоорондын харилцаанд үүсэж болох асуудлуудаас хамгаалж болох юм. Хүнд хаягдах, хууртах зэрэг таагүй зүйлсээс айсандаа өөрийгөө тусгаарладаг байх. 

Голдоо ортол хэлүүлсэн залуу бачимдан, гараад явжээ. 

"Хүнтэй харилцах нь олон зовлонгийн шалтгаан болдог. Бүх зовлонгийн үүтгэл нь хүн хоорондын харилцаа" хэмээн номд өгүүлжээ.

“Зовлонгоос эгнэгт салахын тулд чи сансар огторгуйд, цор ганцаараа амьдрахаас өөр аргагүй” гэсэн нь ч бий.

Харин өндөр-нам, тарган-туранхай гэх мэтээр өөрийгөө дотроо голж байгаа нь бусад хүн байгаа учраас л тэр. Үүнийг дутуугийн мэдрэмж хэмээн томьёолсон байна. Дутуугийн мэдрэмж нь хэвийн бөгөөд үүнийгээ зөвөөр ашиглавал давуу чанарын эрэлхийлэл болгож, өсөж хөгжих хөдөлгүүрээ болгох боломжтой.

 
Зургийг фэйсбүүк дэх ТОМё БОДё хуудсаас авав

Давуу чанарын эрэлхийлэл нь бусадтай өөрийгөө жишиж, өрсөлдөн тэднийг давж гарахын нэр биш. Энэ нь өөрийгөө хөгжүүлэхийн нэр. Дутуугийн мэдрэмжийг бусдаас давж гарснаар нөхдөггүй. Өөрийгөө хөгжүүлэхийн тулд бусадтай харилцаж сурах ёстой. 

Адлерын онолд хүн хоорондын харилцааны гурван төрөл байдаг хэмээгээд ажлын, нөхөрлөлийн, хайрын даалгавар гэж томьёолжээ. 

Бусдын асуудлыг орхи

Залууг эрх чөлөөний талаар тунгаан бодож ирэх даалгаврыг философич өгөв. Тэд гурав дахь оройд эрх чөлөө хаана алга болж, хаана гарч ирдэг талаар хөөрөлджээ. 

Бусдад таалагдах хүсэл нь хүний төрөлх шинж чанар. Үүнийгээ луужин болговол эрх чөлөөтэй амьдарч чаддаггүй. 

Аз жаргалтай, эрх чөлөөтэй амьдрахын тулд бусдын асуудалд хошуу дүрэхгүй, бусдыг өөрийнхөө асуудалд хошуу дүрүүлэхгүй байх ёстой. Нэг нэгнийхээ хэрэгт оролцсоноор асуудал, зөрчил үүсдэг тул асуудлыг ангилж, зааглаж сурах хэрэгтэй юм.

Тухайлбал, таны хийж буй зүйлд эргэн тойрныхон тань хэрхэн хандах нь тэдний хэрэг. Та яаж ч хичээгээд бодлыг нь өөрчилж чадахгүй.

Мөн хүүхэд эцэг, эхийнхээ хүслийг биелүүлэх гэж амьдардаггүйг санах нь зүйтэй. Хүүхдээ хичээлээ хийхийг шаардаж, хүчилж, эсвэл өмнүүр нь орж хийлээ гээд таны хүүхэд хичээлдээ шууд дуртай болчихно гэж байхгүй. Хичээлээ хийхгүй байх хор уршгийг хүүхдүүд л өөрөө үүрнэ. Хэдийгээр эцэг, эхчүүд "Чиний төлөө л гэж хэлж байна" гэж байгаа боловч цаана өөрийнх нь нэрэнд сэв суухвий, миний нэр төрийг унагачихав даа гэх мэтээр өөрийнхөө төлөө хүүхдээ шавдуулдаг хэмээн номд өгүүлжээ. 

Үүний оронд хүүхэд нь юу ч хийхийг хүссэн бай тусалж дэмжихээ хэлж, хичээлээ сайн хийснээр ямар үр дүнд хүрэх, тоохгүй орхисноос үүдэх хор уршгийг сайтар тайлбарлаж өгөөрэй. Та хүүхдийнхээ өмнөөс амьдрахгүй тул асуудлыг өөрөөр нь шийдүүлж, хариуцлагыг ухамсарлуулж, сонголт хийлгэх нь зөв юм.

“Ойр дотны хүн байх тусам өөрийнхөө хүслээр байлгаж, зааварчлах хандлагатай байдаг. Эрх чөлөөтэй аз жаргалтай байхын тулд өөрөө сонголт хийж, өөртөө үнэнч байх хэрэгтэй. Энэ явцад хүмүүс дургүй болж, дотны найзууд чинь зайгаа барьж болох ч үүнийг эрх чөлөөнд хүрэх төлөөс гэж ойлгоорой. Өөрөөр хэлбэл, зарим хүнд ад үзэгдээд ч болов аз жаргалтай амьдрах нь зүйтэй” хэмээн залууд философич хэлжээ. 

Ертөнцийн төв хаана байна?

Залуу, философич хоёр дөрөв дэх оройдоо хүн хоорондын харилцааг хэрхэн зохимжтой байлгах талаар ярилцжээ.

Философич энэ талаар “Хүмүүс өөрийгөө ертөнцийн төв гэж боддог учир бусдыг тоодоггүй. Хүрээлэн буй хүмүүсээ өөрийнх нь төлөө юу хийх бол гэж харж, хүлээдэг. Ийнхүү би төвтэйгөөр амьдарсаар байвал эцэстээ цөхөрнө. 

Зөвхөн өөрийгөө харж, бусдыг анзаардаггүй хүнийг “Хувиа хичээгч” гэж нэрлэдэг. Энэ нь асуудлыг ангилж чаддаггүй, бусдыг өөрийнхөөрөө залах гэж хичээдэг, өөрийгөө үргэлж магтуулахыг хүсдэг хүнийг тодорхойлох утга юм. 

Үүнээс гарахын тулд өөрийгөө ертөнцийн төв гэх үзлээсээ салж, бусадтай адил хүн гэдгээ ухамсарлах нь зөв” гэжээ.

Өөрөөр хэлбэл анхаарлаа өөрөөсөө холдуулж, бусад руу чиглүүл. Гэр бүл, ажлын хамт олон, сайн дурын байгууллагынхан, амьдарч буй дүүрэг, хотынхон гэх мэтчилэн олон янзын бүлэг бий. 

 
Зургийг фэйсбүүк дэх ТОМё БОДё хуудсаас авав

"Ертөнцийг хязгааргүй том гэдгийг нь ухамсарлавал улам эрх чөлөөтэй амьдарч чадна. Хүн хоорондын харилцаанд эн тэнцүү гэдгээ ойлгох ёстой" хэмээн философич өгүүлсэн байна.

Залуу: Амьдрал дээр эн тэнцүү харилцаа байдаггүй. Наад зах нь гэр бүлд эцэг, эх, хүүхэд босоо харилцаанд байгаа. Яаж эн тэнцүү байлгах вэ?

Философич: Тэр надаас илүү, тэр дутуу гэх мэтээр харьцахыг босоо харилцаа гэдэг. Харин хэвтээ харилцаа нь бүх хүнийг өөртэйгөө адилхан гэж харж, ханддаг.  Хэвтээ харилцааг хөгжүүлэхийн тулд эргэн тойрондоо талархсан сэтгэлээр ханд. Нас хүйс, албан тушаал үл хамааран хүнийг хүн гэдгээр нь харах нь чухал.

Бүгд эн тэнцүү тул бүгдэд талархаж, хүнийх нь хувьд харьцах хэрэгтэй. Хэвтээ харилцаатай байснаар бусдыг өөрийнхөөрөө залах, бусдын асуудалд хошуу дүрэх, дутуугийн мэдрэмж зэрэг нь зөвөөр шийдэгддэг. Хүн бусдаас талархлын үг сонссоноор өөртөө итгэлтэй болж, үнэ цэнтэй нэгэн болохоо мэдэрдэг. 

Бүлгийн мэдрэмжээ хөгжүүлэхийн тулд давах ёстой гурван даваа

Хэсэг бүлэг хүний дунд өөрийнхөөрөө, эрх чөлөөтэй байхыг бүлгийн мэдрэмж гэж тодорхойлж болно. Өөрийнхөөрөө байх хүрээлэл томрох тусам хүн эрх чөлөөтэй, аз жаргалыг мэдэрнэ.

Бүлгийн мэдрэмжийг авахын тулд хүн гурван давааг давах учиртай.

  1. Өөрийгөө хүлээн зөвшөөрөх-Өөрийн алдаа дутагдлаа ойлгон хүлээн авах хэрэгтэй. Өөрчлөх боломжтой зүйлсээ олж харж, түүнийгээ сайжруулах зоригтой байх.
  2. Бусдад итгэх-Ямар ч нөхцөл тавихгүйгээр бусдад итгэх. Ийм итгэл байхгүй бол хүн хоорондын дотно харилцаа үүсэхгүй.
  3. Бусдад туслах-Бусдад хэрэгтэй хүн гэдгээ мэдсэнээр өөрийнхөө үнэ цэнийг мэдэрдэг. Энэ бол аз жаргалд хүрэх даваа юм. Гэхдээ бусдын төлөө явлаа гээд өөрийгөө гаргуунд нь гаргаж болохгүй.
 
Зургийг фэйсбүүк дэх ТОМё БОДё хуудсаас авав

Залуу: Бүлгийн мэдрэмж аваад л болчих юм уу. Би онцгой баймаар байна. Түүхэнд дурсагдахыг хүсэж байна. Эдгээрийг хэрхэн гүйцэлдүүлэх юм бэ?

Философич: Бусдаас онцгой байхыг хүсдэг нь хүний төрөлхийн шинж чанар. Хүмүүс бусдаас онцгой сайн байх гэж хичээгээд дийлэхгүй бол бусдаас онцгой муу болдог. Жирийн байх зоригтой бай. Онцгой гэдгээ өөрөө мэдэж байхад болно, түүнийгээ заавал бусдад гайхуулах шаардлагагүй. 

Залуу: Том мөрөөдөлтэй байж болохгүй гэж үү?

Философич: Том мөрөөдөлтэй байж болно. Гэхдээ түүндээ хүрэх амьдралын замналыг бэлтгэл үе гэж харж болохгүй. Зорилгодоо л хүрэхгүй бол амьдрал утга учиргүй гэж бодох нь буруу. Өнгөрсөндөө шаналахгүй, ирээдүйдээ санаа зоволгүйгээр өнөөдрийнхөө хийж буй зүйлээсээ, олдсон боломжоо бүрэн ашиглаад аз жаргалыг мэдрээрэй.

Залуу: Зөвхөн өнөөдрөөрөө л амьдрах юм бол би хаанаас утга учрыг мэдрэх вэ, яаж зорилгоо олох вэ?

Философич: Бусдад хувь нэмэр оруулах гэдэг заагч од бий. Хийж буй зүйл тань бусдын сайн сайханд хувь нэмэр оруулж байвал та бүх зүйлд санаа зоволгүй юу хүссэнээ хийж болно. Бусдад ад үзэгдэхээс айлгүйгээр дуртай зүйлээ хийж, аз жаргалыг мэдрэх боломжтой...