Индэр    
2020 оны 7 сарын 29
Зураг
Хуульч

Хөл хорио ба Хүүхдийн эрхийн зөрчил

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хятадын Ухань хотод коронавирусийн хамгийн анхны халдвар илэрснээс хойш даруй 8 сар өнгөрчээ. Гарснаасаа хойш хоёрхон сарын дотор Хятадад халдвар авсан иргэдийн тоо 83,000, нас барсан иргэдийн тоо 2,200 хүрч байсан нь хамгийн өндөрт тооцогдож хүмүүсийг цочирдуулж байсан бол сар хүрэхгүй хугацааны дараа Итали, Испанид өдөртөө л 2,200 хүн амь насаа алдаж байв.

Халдвар анх илэрснээс хойш 2 сарын дараа вакцины туршилтуудыг хийж эхэлсэн нь эрүүл мэндийн шинжлэх ухааны түүхэн дэх том амжилт юм. Ихэнх вакцины анхны туршилтууд дунджаар 1.5-2 жилийн дараа хийгдэж эхлэн 5-8 жилийн дараа баталдаг. Улс орнуудын бүхий л шилдэг эрдэмтэн судлаачид вакцины туршилт дээр ажиллаж байгаа ч өнөөдрийг хүртэл энэ өвчнийг бүрэн төгс эмчлэх эм, эмчилгээ алга.

Улс орнууд хөл хорио тавих замаар “цаг хожих” үндсэн тактик баримталж байна. Үүний үр дүнд нь дэлхийн 183 оронд халдвар авсан иргэдийн тоо 16 сая, нас барсан иргэдийн тоо 656,000 хүрээд байна. Өнгөрсөн хавар дэлхийн хүн амын гурван хүн тутмын нэг буюу 2 тэрбум хүн гэртээ хоригдож, 1.6 тэрбум хүүхэд сургууль завсардаад байна.

Тухайн үед манай улсад халдвар орж ирээгүй байсан ч Засгийн газар 1 дүгээр сарын 24-ний шийдвэрээр бүх шатны сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад өвчлөгсдийн тоо 230 давсан ч ихэнх өвчлөгсөд гаднаас ирсэн, хаалттай хүрээнд эмчлүүлж байгаа ба халдвар олон нийт, нийгэмд задгай тархаагүй тул өнөөдрийг хүртэл УИХ онц байдал зарлаагүй байна.

Монгол Улсын Үндсэн хуульд онц байдалтай холбоотой дөрвөн л зохицуулалт байдаг. Хэн зарлах эрхтэй, зарласан тохиолдолд УИХ-ын ээлжит сонгуульд өөрчлөлт орох  тухай. Онц байдлыг УИХ болох Ерөнхийлөгч тус тус зарлах эрхтэй ч Ерөнхийлөгчийн зарлиг УИХ баталсан тохиолдолд буюу нөхцөлтэйгөөр хүчин төгөлдөр болно.

Үндсэн хуулийн  Гучинзургадугаар зүйлийн  1.12. “...Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно”.

Онц байдал зарлаагүй энэ үеийг гамшгийн нөхцөл хэмээн үзэж Гамшгийн тухай хуулиар Улсын онцгой комисс холбогдох шийдвэрүүдийг гаргаж, гамшгийн нөхцөл байдлыг удирдаж байна. Засгийн газар болон Улсын онцгой комиссын  шийдвэрүүдийн дагуу иргэдийн Үндсэн хуульд заасан нийгэм, эдийн засаг, улс төрийн хэд хэдэн хүний эрхийг хязгаарлаад байна. Тухайлбал сурч боловсрох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх, эх орондоо буцаж ирэх гээд. Зарим эрхийг тухайлбал “эх орондоо буцаж ирэх” эрхийг зөвхөн хуулиар хязгаарлах ёстой зохицуулалттай боловч Засгийн газар, Улсын онцгой комисс холбогдох шийдвэрүүдийг гарган ажиллаж байгаа.

Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасны улмаас улсын хэмжээнд нийт 829,472 (ерөнхий боловсролын 572,752, сургуулийн өмнөх боловсролын 256,720) хүүхэд сургууль цэцэрлэгээс завсардсан.

Сургууль цэцэрлэг хүүхдийн зөвхөн сурч боловсрох эрхийг хангаад зогсохгүй хөгжих, хамгаалах эрхийг хангадаг нийгмийн хамгийн чухал институцийн нэг. Сургуулиуд боловсрол, эрүүл мэндийн туслалцаа, сэтгэлзүйн дэмжлэг, технологийн хүртээмж, тээврийн үйлчилгээ, биеийн тамир хийх бие бялдраа хөгжүүлэх, хоол, хүүхдүүдийн байх аюулгүй орчин гээд олон зүйлийг олгодог. Сургуулиуд завсардаж нийгмийн үндсэн тогтолцоо үгүй болсноор хамгийн их ачаалал ирж хохирол амсаад буй хүмүүс бол хүүхэд, эмэгтэйчүүд. Эмэгтэйчүүдийн ахуйн ачаалал даруй 2 дахин нэмэгдэж үүний улмаас тэдний олон эрх зөрчигдөж, хөсөр хаягдсан.

Боловсролын яам хязгаарласан эрхийн хүрээнд алсын зайнаас хичээл заасан хэдий ч сурч боловсрох эрхийг бүрэн хэрэгжүүлж чадаж байна уу? Алсын зайны сургалтын чанар, хүртээмж, өгөөжийн талаар дүгнэхэд эрт байгаа ч цар тахлын өмнө байсан тэгш бус байдлыг нэг талаасаа улам дордуулсан. Багш сурагчийн хариу үйлдэл байхгүй, алсын зайнаас сургалт авч буй хүүхдүүд агуулга хэрхэн чанартай сайн хүлээн авч байгаа туйлын тодорхойгүй, эргэлзээтэй. Багш сурагчийн эргэх холбоогүй сургалт. Богино хугацаанд хагас жилийн академик мэдлэгийн алдагдлын асуудал хөндөгдөх бол урт хугацаанд хоол тэжээлийн доройтол, уураг тархины хөгжил гээд хүүхдийн хөгжлийн нөхөж баршгүй том асуудлууд гарч ирнэ. 

/Сэлэнгэ аймаг Хялганатын ЕБС-ийн 11б ангийн сурагч/  

-Минийхээр теле хичээл үр дүнгүй байгаа. Яагаад гэвэл 40 минутад орох ёстой хичээлийг 20-хон минутад заадаг. Маш хурдан учраас тэмдэглэж авахад ч хүндрэлтэй. Дээрээс нь эргэлзсэн ойлгоогүй зүйлээ лавлаж асуух боломжгүй. Теле хичээл үзээд улсын шалгалт өгнө гэвэл тэнцэх хүүхэд байхгүй байх. Олон хүүхэдтэй айл хүүхдүүдийнх нь хичээл давхцаад байдаг юм билээ. Азаар манайх дүү бид хоёр л сургуульд явдаг болохоор өглөө, орой гээд ээлжлээд үзчихдэг юм. Гэхдээ бас бүх хичээлээ тасралтгүй үзэж чадахгүй. Миний хувьд цаашдаа нийгмийн ухааны хичээлүүдээр ЭЕШ-д бэлтгэх сонирхолтой байгаа учраас зөвхөн нийгмийн ухааны чиглэлийн хичээлүүдээ л үзэж байна. Багш нар нэмэлт даалгавар өгдөг. (Эх сурвалж: http://www.dardas.mn/)

Санхүүгийн чадамжтай айлуудын хүүхдүүд гэрийг багш авч, алсын зайнаас багштайгаа цахимаар харилцаж сургалтын шинэ хэлбэрт дасан зохицож байхад ядуу болон нэн ядуу өрхийн хүүхдүүд шоронтой дүйцэхүйц гэрийн хорионд хоригдож, эзэнгүй хараа хяналтгүй орхигдсон. Тэдний сурч боловсрох, хөгжих эрх үндсэндээ орхигдсон.

Хотын захирагчийн болон УОКомиссын шийдвэр тушаалаар “сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг албан байгууллага, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газраар дагуул явах, үйлчлүүлэх, үйлчлэхийг хориглох...” шийдвэр гаргаж хэдэн зуун мянган хүүхдүүдийг нийгмийн амьдралаас хассаны үр дүнд хэдэн мянган хүүхэд хараа хяналтгүй гэртээ үлдэж өнгөрсөн 3 сард Дархан-Уул аймагт гэртээ цоожлогдсон гурван хүүхэд цахилгаанд цохиулж нас барж, 5 дугаар сарын 27-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тоглохоор очсон 4 хүүхэд тогтмол усанд амиа алдлаа.

Хамгаалуулах эрх. Цаашлаад хөл хорионы үеэр гэр бүлийн хүчирхийлэл эрс нэмэгдэж хүүхэд багачууд хаалганы цаана харгис эцэг эхчүүдийн арааны шүүсийг амсаж байна. Хүчирхийллийн эсрэг төвийн өнгөрсөн хавар мэдээлснээр Гэр бүлийн хүчирхийлэл даруй 87% нэмэгдсэн. Хүүхдийн утас-108” болон хамгаалалтын байрны төсвийг нэмэгдүүлэх замаар засгийн газраас тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой. Эцэг эхчүүдэд цар тахлын үеийг даван туулах зөвлөгөө тусламж үзүүлэх зэргээр хүүхдийг бүхий л орчинд хамгаалах үүргийг хэрэгжүүлж ажиллах талаар НҮБ-ын Хүүхдийн сангаас зөвлөөд байгаа.

Засгийн газраас бүх ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх насны боловсролын байгууллага, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаах шийдвэр гаргахдаа 830,000 гаруй хүүхдүүдийг харж хандах вэ гэдэг асуудлыг шийдвэрлээгүй орхисон. УОКомисоос 7 наснаас доош хүүхдүүдтэй ээж нарт гэрээр ажиллах боломж олгохыг хувийн хэвшлийн байгууллагад үүрэг болгосон ч үр дүнд нь “сайн дураар” биелүүлэх эсвэл биелүүлэхгүй байх сонголттойгоор, гол нь үүнтэй холбоотой зардал эрсдлийг хувийн байгууллагын нуруун дээр орхигдуулсан. Өрх гэрийн санхүүгийн үүднээс эцэг эхчүүдэд ямар ч сонголт байсангүй.

Монголын өрх гэрүүдийн 70 хувь нь ямар нэг ипотекийн болон хэрэглээний зээлтэй. Эцэг эхчүүд нэг бол хүүхдүүдтэйгээ гэртээ цуг өслөөд суух нөгөө бол хүүхдүүдээ эзэнгүй орхиод гарч ажил хийх “сонголтгүй” сонголттой тулгарсан. 

Засгийн газрын зүгээс 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарыг дуустал 6 сарын хугацаатай 18 нас хүртэлх хүүхэд бүрт сарын 100,000 төгрөгийн хүүхдийн мөнгө олгож шийдвэр гаргасан ч энэ нь өрх болгонд тулгараад байсан зээлийн өрийн дарамтыг түр багасгах, богино хугацааны хэрэглээг хангах оройтсон тусламж болж очлоо. 

Үр дүнд нь судалгаагүй, тооцоололгүй засаг төрийн шийдвэрүүдийн улмаас нийгмийн хамгийн эмзэг бүлэг болох хүүхдүүд эзэнгүй хаягдаж коронавирусээр нэг ч иргэнээ алдаагүй улс нэр ус нь тодорхой бүхий 7 хүүхэд, нэр тодорхойгүй хэдэн хүүхэд, ирээдүйн иргэнээ золгүй явдлаар алдсан бэ? 

 

С.Халиунаа /Хуульч/