Зураг
Зураг
Индэр    
2020 оны 6 сарын 15
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

ТАНИЛЦ: Уул уурхайн салбарт өөрчлөлт хийх тухай намуудын амлалт

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төсвийн орлогын 25 орчим хувь, экспортын 83 хувийг дангаар бүрдүүлж буй уул уурхайн салбарт УИХ-ын 2020 оны сонгуульд оролцогч нам, эвслүүд ямар бодлого хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасныг харьцуулж үзлээ.

МАН: Мега төслүүдээ ашиглалтад оруулж, боловсруулах үйлдвэрүүдийг барина

МАН ирэх дөрвөн жилд хөгжилд хүргэх мега төслүүд хэрэгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулах үйлдвэрүүд байгуулахаар мөрийн хөтөлбөртөө тусгаж, дараах ордуудыг ашиглахаар төлөвлөжээ. Үүнд: 

  • Таван толгойн нүүрсний ордыг бүрэн ашиглалтад оруулна.
  • Оюутолгойн далд уурхайг ашиглана.
  • Цагаан суваргын ордыг ашиглалтад оруулна.
  • Хармагтайн ордыг ашиглалтад оруулна.
  • Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулна.
  • Салхитын мөнгөний ордыг ашиглалтад оруулна.
  • Эрдэнэт, Багануур, Шивээ-Овоогийн шинэтгэл, өргөтгөл хийж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэжээ.

- Тавантолгойн үйл ажиллагааг эрчимжүүлж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах бэлтгэл ажлыг өнгөрсөн дөрвөн жилд МАН эхлүүлсэн ч COVID-19 халдвартай холбоотой дэлхийн хөрөнгийн зах зээлд бий болж буй хүндрэл, Монголын дотоодын улс төржилтийн улмаас зогсоод буй. Цар тахлын эсрэг вакцин ойрын нэг жилийн хугацаанд гарлаа гэхэд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал ирэх хоёр жилд хуучин хэвэндээ орохгүй хэмээн олон улсын эдийн засагчид үзэж буй. Тиймээс төмөр замаа бид барьж чадахгүй бол үйлдвэрлэл, экспорт 40 сая тонноос давахгүй гэдгийг манай улсын туршлага харуулсан. 

График. Уул уурхайн гаралтай экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүн, сая ам.доллароор, жил бүрийн эхний 5 сарын байдлаар

Экспорт өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум америк доллароор буурахад зэсийн баяжмалын экспорт 278.6 сая америк доллар, нүүрсний экспорт 761 сая америк доллароор буурсан нь голлон нөлөөлсөн байна.

- “Оюу толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт COVID-19 цар тахалтай холбоотой хорио цээрийн дэглэмээс үүдэн удаашраад байгааг тус компани мэдэгдсэн. Түүнчлэн гүний уурхайн хөрсний чулуулгийн бүтцэд бий болсон өөрчлөлтөөс үүдэн далд уурхайн барилгын төсөлд өөрчлөлт орж, ашиглалтад орох хугацаа уртсаж, хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх нь тодорхой болчихсон. Харин УИХ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэх тухай тогтоол баталсан. Ирэх дөрвөн жилд энэ асуудлууд хэр цэгцрэх эсэхээс далд уурхайгаа бид ашиглаж эхлэх нь хамаарах нь. 

Хоёр том уурхайн нөхцөл байдал ийм байгаа бөгөөд бусад төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалт зэргээс гадна гадаад нөхцөл байдал буюу цар тахал хамгийн гол хүчин зүйл болно. 

Намын мөрийн хөтөлбөртөө МАН уул уурхай, хүнд үйлдвэрийн томоохон цогцолборуудыг байгуулахаар тусгажээ. Тухайлбал, газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулж, нефть-химийн үйлдвэрийн суурийг тавина. Энэ төсөл нь хэрэгжих боломжтой. Нефтийн үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалт шувтарч буй. Харин нүүрс угаах үйлдвэрийг өнгөрсөн гурван парламент дамнан ярьсаар ирсэн билээ. 

Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцийг арвижуулан, нөөц нь тогтоогдсон ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлнэ гэжээ.

Ингэхдээ Баялгийн сангаар дамжуулах ба “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж, уул уурхайгаас олох үр шимийг Баялгийн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх тогтолцоог бүрдүүлнэ. Баялгийн сангийн тухай хууль гаргаж, сангийн засаглалын зохистой зарчмуудыг тодорхойлох дүрэм, журмыг батлуулна. Уул уурхайгаас төвлөрүүлж буй орлогыг нэмэгдүүлж, баялгийн санд жилд нэг их наяд төгрөгөөс багагүй хуримтлал бий болгоно” гэх мэтчилэн тусгасан байна. 

Үнэн хэрэгтээ Монгол Улс Ирээдүйн өв сангийн тухай хуультай. Уг санд 2019 оноос анх удаа мөнгө хуримтлагдаж эхэлсэн ба 2030 он хүртэл гар хүрэхгүй байхаар хуульчилсан ч МАН мөрийн хөтөлбөртөө тусгаж, Баялгийн сангийн тухай зэрэгцүүлсэн хууль гарган, сангийн мөнгийг зарцуулах боломжтой болгох ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн байсан юм.

АН: Төслүүдийг эрчимтэй үргэлжлүүлэхэд шаардлагатай шийдвэр, зөвшөөрөл, хөнгөлөлтүүдийг нэн даруй олгоно 

Ардчилсан нам уул уурхайн салбарт эрс өөрчлөлт хийх талаараа мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Тухайлбал, авто зам, төмөр зам, эрчим хүч, уул уурхай, боловсруулах үйлдвэр, Оюу толгойн гүний уурхай, газрын тос боловсруулах үйлдвэрийн гэх мэт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын төслүүдийг эрчимтэй үргэлжлүүлэхэд шаардлагатай шийдвэр, зөвшөөрөл, хөнгөлөлтүүдийг нэн даруй олгоно гэжээ.   

Мөн улсын төсвийн орлогод АМНАТ-ын орлогыг оруулж тооцохгүй бөгөөд зөвхөн таван хувийг уул уурхайн бус салбарыг дэмжих зорилгоор төсөвт төвлөрүүлэхээр тусгасан байна. 

Эрдэс баялгийн салбарт

  • Эрдэс баялгийн нөөцийг өсгөх бодлого баримтална. Ашигт малтмалын эрэл хайгуулын зөвшөөрлийг олон улсын стандартын дагуу олгож эхэлнэ.
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлд түшиглэн ашигт малтмалыг олборлож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох боломжтой үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх бодлого баримтална.
  • Төрийн нийтийн зориулалттай зарим өмч (газар, газрын хэвлий, ус, ой, тэдгээрийн доторх болон дагалдах баялаг)-ийг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно.
  • Геологи, уул уурхай, эрчим хүч, барилгын салбаруудад үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын том төслүүдийг хэрэгжүүлж, эдийн засгийн идэвхжлийг дэмжинэ. Оюутолгойн ордыг түшиглэн зэсийн баяжмал хайлуулах, Таван Толгойн ордыг түшиглэн Кокс-химийн үйлдвэр барих, Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн ордуудыг түшиглэн металлургийн цогцолбор, Вольфрамын баяжмал гүн боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах ажлыг дэмжинэ.
  • Хариуцлагатай уул уурхайн олон улсын стандарт, шалгуур үзүүлэлтүүдийг шинэчилж, нийтлэг стандартуудыг тогтооно. Иргэн, аж ахуйн нэгж бүр үйл ажиллагаандаа хатуу мөрдөж, ашигласан болон ашиглаж байгаа талбайг хамгаалах, нөхөн сэргээлтийг заавал хийж байх ажлыг хэвшил болгох, аюулгүй ажиллагааны хариуцлагыг чангатган “Уул уурхайн хайгуул болон  олборлолт, хаалтын аюулгүйн үйл ажиллагааг зохицуулах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
  • Уул уурхайн салбарт нөхөн сэргээх шаардлагатай газруудад үйл ажиллагааг нь санхүүжүүлэх зорилго (нөхөн сэргээлтийн дэнчин, бонд) бүхий хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, иргэд, орон нутаг, олон нийтийн оролцоо, олон улсын байгууллагуудтай хамтран ногоон хөгжлийн бодлого хэрэгжүүлж, байгаль орчныг нөхөн сэргээнэ.
  • Стратегийн ордуудын өгөөжийг өсгөх бодлогыг тууштай баримтална. 
  • Төрийн өмчит “Эрдэнэт УҮГ”-ын хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалах замаар иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлнэ.
  • “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын 3.1.2-т заасан иргэд бичил уурхайн салбарт хууль ёсны бүтцээр ажиллах нөхцөлийг журамлаж, бүртгэх, гарал үүслийн гэрчилгээ олгох замаар хоршиж ажиллах боломжийг бий болгоно. Ингэснээр дундын зуучлагч, ченжүүдийг албан ёсны бүртгэлд хамруулан алтны хууль бус наймааг таслан зогсооно.
  • Газрын тос, метан хий, уламжлалт бус газрын тосны эрэл хайгуул, ашиглалтыг эрчимжүүлнэ.
  • Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг дэмжинэ. Газрын тосны бүтээгдэхүүнд чанарын хяналт тавих олон улсын стандартад нийцсэн итгэмжлэгдсэн лабораторийг шинэчилж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангана.
  • Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн сан (агуулах) байгуулж, гадаад зэх зээлийн нөхцөл байдал, давагдашгүй нөхцөл үүсэхэд үнийн өсөлтөөс хамгаалах хеджингийн арга хэрэгслийг ашиглах, удирдах чадварыг хөгжүүлнэ.
  • Метан хийн дэд бүтцийн төлөвлөлтийг хийж, шинэ үйлдвэр, хот суурин газрын бүтээн байгуулалтад ашиглана.
  • Газрын ховор элементийн салбарт хөрөнгө оруулалтыг татах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Уул уурхайн нөхөн сэргээлт хийлгүй орхисон аж ахуй нэгж, байгууллагын эрх бүхий албан тушаалтанд оногдуулах хариуцлага, ял шийтгэлийг эрүүгийн хуулиар чангатгана гэжээ.

Тус намын мөрийн хөтөлбөрт тусгасан аж үйлдвэрийн цогцолбаор барих төслүүд 2012-2016 онд АН олонх болж, Аж үйлдвэрийн яамтай байх үед тавьж байсан зорилтууд юм. Тус нам алдаагаа засаж, хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчин бүрдүүлэхэд анхаарна гэжээ. Мөн уул уурхайн нөхөн сэргээлт хийлгүй орхисон аж ахуй нэгж, байгууллагын эрх бүхий албан тушаалтанд оногдуулах хариуцлага, ял шийтгэлийг эрүүгийн хуулиар чангатгана гэсэн шинэлэг зорилт тавьсан байна.   

"Стратегийн ордуудад хөрөнгө оруулалт татна"

Жижиг намуудын мөрийн хөтөлбөрөөс сонирхвол Эх орончдын нэгдсэн нам "Оюутолгой болон гадаад дотоодын аж ахуйн нэгжүүдийн экспортын орлогыг Монголын банкаар заавал дамжуулах үүргийг хуульчилна. Тавантолгой ордыг ард түмний мэдэлд 100 хувь үлдээж, төслийг хэрэгжүүлэх эрхийг үндэсний хөрөнгө оруулагчдад давуу эрхээр олгоно" гэж тусгасан бол Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл "Нийтийн, төрийн өмчит стратегийн ордуудад хөрөнгө оруулалт татна. Хууль бус лицензийг цуцалж, цэгцэлнэ" хэмээн зорьсон байна.

Харин энэ бүх зорилтууд хэрхэн хэрэгжиж, уул уурхайн салбар цаашид яаж хөгжих нь сонгуулийн үр дүнгээс хамаарна.

Зарим намын мурийн хөтөлбөрт туссан уул уурхайн бодлого:

МАН АН Та бидний эвсэл Зөв хүн электорат ШИНЭ

Стратегийн чанартай уул уурхай, хүнд үйлдвэрийн мега төслүүдийг хэрэгжүүлнэ.

Уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулах үйлдвэрүүд байгуулна.

Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцийг арвижуулан, нөөц нь тогтоогдсон ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлнэ.

Хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын төслүүдийг эрчимтэй үргэлжлүүлнэ. Засгийн газраас шаардлагатай шийдвэр, зөвшөөрөл, хөнгөлөлтүүдийг нэн даруй олгоно.

ТЭЗҮ нь хийгдсэн, санхүүжилт нь боссон, богино хугацаанд үр ашиг авчрах төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ.

Геологи, хайгуулын ажлуудыг шууд эхлүүлнэ. Хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, гомдлыг шийдвэрлэх талаар эрс шинэчлэлт хийнэ.

Уул уурхайн нөхөн сэргээлт хийлгүй орхисон аж ахуй нэгж, байгууллагын эрх бүхий албан тушаалтанд оногдуулах хариуцлага, ял шийтгэлийг эрүүгийн хуулиар чангатгана.

АМНАТ-ын орлогын таван хувийг уул уурхайн бус салбарыг дэмжих зорилгоор төсөвт төвлөрүүлнэ.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, лицензийн төлбөрийг дэлхийн болон Монгол Улсын түүхэн жишигтэй уялдуулан нэмэгдүүлэн тогтоох эрх зүйн үндсийг судалж боловсруулна.

Оюу толгойн гэрээг Монголын талд ашигтай байлгах нөхцөлөөр өөрчилж засна. Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар авсантай адил төрийн өмчийг хууль бусаарх эзэмшиж байгаа тохиолдлуудыг нарийвчлан шалган тогтоож төр засагт буцаан авах шийдвэрийг цаг алдалгүй гаргаж, шуурхай хэрэгжүүлнэ.

Ашигт малтмал, байгалийн баялгийг түшиглэсэн боловсруулах үйлдвэр нэмүү өртөг шингэсэн үйлдвэр байгуулахыг дэмжинэ.

Дотоодод коксын үйлдвэр, ган хайлуулах үйлдвэр, нүүрснээс химийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр байгуулбал бүтээн байгуулалтын шатанд ашиглах материал, тоног төхөөрөмжийг гааль НӨАТ-аас чөлөөлж, үйл ажиллагааны эхний 5 жилд ААНОАТ-с 50% хөнгөлнө.

Нүүрсний экспортод зориулсан төмөр замыг барьж байгуулна. Нүүрсний тээврийн автозам, жолооч нарын амрах буудал, хил гаалийн байгууламжийг сайжруулна.

Онцгой ач холбогдол бүхий уул уурхайн эрдэс баялгийг үнэлэх аргачлалыг шинэчлэн баталж, стратегийн ордуудын жагсаалтыг шинэчилнэ.

Байгалийн баялгийг боловсруулалтгүй экспортолж буй өнөөгийн байдлыг үндсээр нь өөрчилнө.

Уул уурхайн үйл ажиллагааны улмаас экологийн эрсдэлд орсон байгаль орчин, газар нутгуудад нарийвчилсан үнэлгээ хийж, буруутай этгээдээр хохирлыг арилгуулах арга хэмжээ авна.

Уул уурхайн том төслүүдийн дэд бүтцийн төлөвлөлт, бүтээн байгуулалтыг нийт улсын болон тухайн бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулж, тухайн орон нутгийн иргэдийн эрх ашиг, амьдрах орчныг сайжруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.