Зураг
Зураг
Индэр    
2020 оны 5 сарын 29
Зураг
Эдийн засагч, шинжээч

ХАНШ, ИНФЛЯЦ: Сонгуулийн өмнө ба дараа

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Статистик бол улс төрчдийн зугтаж болохгүй занга. Харин Засгийн газар нь үе үе тоо мэдээллийг дарах, барих үзэгдэл хаа сайгүй ажиглагддаг. Грек хүртэл гишүүн орнуудаасаа зээл авах гэж байхдаа ажилгүйдлийн түвшнээ нууж байсан. 

Харин манайд сонгуультай жилд иймэрхүү зүйлс ажиглагддаг уу? Мэдээж эдийн засгийн өсөлт, ажилгүйдэл, инфляц, ханш, зээлийн хүү, гадаад өр зэрэг статистик үзүүлэлт манай эдийн засгийн нүүр царайг илтгэдэг. Хүнээр бол ямар нэгэн өвчинтэй л хүн гэсэн үг. Ямар өвчин байхаас шалтгаалж шинж тэмдгүүд илрэх нь мэдээж. 

Манайд сонгуулийн дараа төгрөг ам.долларын эсрэг сулардаг гэх таамаглал их. Гэвч энэ таамаглал үнэхээр баттай эсэхийг бид доорх зургаас харах боломжтой.

2004, 2008, 2012 оны сонгуультай жилүүдэд ханш төдийлөн хөдлөөгүй байна. Харин 2016 онд бараг 300 орчим төгрөгөөр төгрөг ам.долларын эсрэг суларсан. Энэ үйл явдал л биднийг сонгуулийн дараа ханш өсдөг гэх ХҮЛЭЭЛТ үүсгэхэд хүргэжээ. Яг үнэндээ сонгууль бүрийн дараа ханш өсдөг гэхээс илүүтэй тухайн үеийнхээ эдийн засгийн орчинг бид ойлгох хэрэгтэй. 

2016 онд Монгол Улс валютын нөөцгүй, гадаад өрийн дефолт болох эрсдэлтэй, түүхий эдийн үнэ нь унаж, экспортын орлого буурсан, дээр нь төсөв нь алдагдалтай ийм л суурь орчинтой байсан. Ийм үзүүлэлттэй нөхцөлд хүмүүс өөрийн хөрөнгөө баталгаатай ам.доллар руу шилжүүлэх нь аргагүй биз ээ. 

Тэгэхээр сонгууль бүрээр ханш өсдөг биш эдийн засгийн хүнд нөхцөл байдалтай, валютын дарамт өндөртэй үеэр сонгууль болсон нөхцөлд иймэрхүү зүйлс ажиглагддаг гэж ойлговол логиктой мэт. 

 

Тэр дундаа ард түмний хамгийн чухалчилдаг тоо нь инфляц, ажилгүйдэл, эдийн засгийн өсөлтөөс илүүтэй ам.долларын ханш байдаг. Харин улстөрчид чухал гэсэн тоон дээр нь л тоглолт хийх нь тодорхой. Хэлсэнчлэн, хүнд нөхцөл байдалд сонгуулийн үе таарахад хэний ч сонирхохгүй үзүүлэлттэй хэн зууралдахыг хүсэх билээ.

 

Харин 2020 онд?

2020 оны хувьд экспорт, импорт зэрэг саарч байгаа үед ам.долларын эрэлт бага байна. Ам.долларын ихэнх эрэлт нь шатахуун, уул уурхайн хүнд даацын тоног төхөөрөмж дээр л үүсдэг. Энэ жил уул уурхайн үйлдвэрлэл саарч байгаатай холбоотой энэ төрлийн импорт саарсан байна. Гэсэн хэдий ч экспортоос гадна валют олж ирдэг ГШХО-ын суваг нь Оюутолгойн хөрөнгө оруулалтаас өөр байхгүй. Тиймээс төлбөрийн тэнцэл 3 дугаар сарын байдлаар 182 сая ам.долларын алдагдалтай гарсан. Өөрөөр хэлбэл гарах урсгал өндөр байна гэсэн үг. 

2020 онд хамгийн том валютын гарах урсгал нь Худалдаа хөгжлийн банкны 500 сая ам.долларын бонд байв. Тус бонд нь валютын нөөцөд төдийлөн дарамт учрахгүйгээр амжилттай төлөгдсөн. Тиймээс энэ онд томоохон валютын гарах урсгал байхгүй буюу суурь орчноороо бол ханш огцом өсөх үндэсгүй.

Харин бид хүлээлтээрээ л бүх зүйлийг өдөөчихгүй бол...