2020 оны 5 сарын 5
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Шүүгчийн сонгон шалгаруулалтыг тодорхой болгох асуудал аль ч хуулийн төсөлд тусгагдаагүй учир маргаан, хардалт хэвээрээ л үлдэнэ"

Зураг

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн.

Энэ дагуу Засгийн газраас Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан билээ. Уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн тухай багц хуулийн төслийг өргөн мэдүүлээд буй. Энэ долоо хоногт Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх бол Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийднэ. Холбогдох байнгын хорооноос Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүй юм. 

Хуулийн төслүүдийн харьцуулалт болон Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар “Оюуны инноваци” эрх зүйн судалгааны төвийн Гүйцэтгэх захирал, судлаач П.Баттулгатай ярилцлаа. 



-Шүүхийн тухай хуулиудын талаар ярихын өмнө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд шүүхийн тухай асуудал хэрхэн тусгагдсан талаар тодруулахгүй юу?

-2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр шүүхтэй холбоотой гурван гол асуудалд өөрчлөлт оруулсан. 

Нэгдүгээрт, шүүхийг хэрэг маргааны төрлөөр дагнан байгуулж болох зохицуулалт юм. Өмнө нь дагнасан шүүх байгуулах асуудал Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэн Цэцээс хүчингүй болгож байсан. Үүнтэй холбоотойгоор дагнасан шүүх гэдэг нь заавал нутаг дэвсгэрээр хязгаарлагдахгүйгээр хэд хэдэн нутаг дэвсгэрийн нэгжийг хамааруулж байгуулж болох эрхийг нээсэн. 

Хоёрдугаарт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнтэй холбоотой. Энэ өөрчлөлтөд ШЕЗ-ийн бүрэлдэхүүн 10 гишүүнтэй байна. Түүний тавыг шүүгчид дотроо сонгоно. Таван гишүүнийг нь нээлттэйгээр, нэр дэвшүүлж томилно гэсэн заалт оруулсан. Өмнө нь ШЕЗ-ийн гишүүдийн тоо 2-3 удаа өөрчлөгдөж байсан. Тиймээс ШЕЗ-ийн бүрэлдэхүүний асуудлыг тогтвортой болгох зорилгоор энэ өөрчлөлтийг оруулсан. 

Гуравдугаарт, шүүгчийн сахилга хариуцлагатай холбоотой асуудал. Үүгээр Шүүхийн сахилгын хороо гэдэг шинэ бүтцийг бий болгосон. Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 6-д “Хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллана” гэдэг заалтыг оруулсан юм. 

Ийм гурван гол өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд оруулсан. 

Эхнийх буюу дагнасан шүүх байгуулах асуудал нь Шүүх байгуулах тухай хуулиар шийдэгддэг. Тиймээс одоо яригдаж байгаа хоёр хуулийн төсөлд энэ асуудал хамаарахгүй.  

Харин ШЕЗ-ийн бүрэлдэхүүн, Шүүхийн сахилгын хороо байгуулах асуудал Засгийн газар болон Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд шинэчилсэн найруулга хэлбэрээр тусгагдаад явж байна. 

"ШЕЗ-ийн гишүүдийг бүгдийг нь орон тооны байлгах шаардлагагүй"

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүний асуудлыг Ерөнхийлөгчийн болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд хэрхэн тусгасан бэ? 

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн 78.2-т ШЕЗ-ийн 10 гишүүний тавыг шүүхээс, бусад таван гишүүний гурвыг нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос, Ерөнхийлөгч болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс тус бүр нэг хүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилохоор зохицуулсан. Бусад таван гишүүнийг шалгаруулах журам нь хуулийн төсөлд байгаа. 

-Үндсэн хуульд ШЕЗ-ийн шүүгч биш таван гишүүнийг хаанаас томилохыг тодорхой заагаагүй гэсэн үг үү?

-Бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно гэж заасан. 

-Харин Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуульд энэ асуудлыг хэрхэн зохицуулсан бэ? 

-Шүүгч таван гишүүний тухайд ойлгомжтой. Бусад таван гишүүний тухайд Монголын хуульчдын холбооноос гурав, Ерөнхийлөгчөөс нэг, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс нэг гэж оруулж ирсэн. 

Ингээд нийт  гишүүнийг УИХ-аас томилох зохицуулалт орсон. УИХ томилохдоо Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу томилгооны сонсгол явуулсны үндсэн дээр шийдвэрлэнэ гэсэн байгаа. 

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд ШЕЗ-ийн гишүүд бүгд төрийн байгууллагаас томилогдохоор зааж. Ийм байх нь хэр зохистой вэ?

-Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хувьд бусад таван гишүүнийг байгууллагын зүгээс оруулах заалт байгаа. Одоогийн ШЕЗ-ийн таван гишүүний нэгийг Монголын хуульчдын холбооны зөвлөлөөс санал болгодог.

Би хувьдаа Монголын хуульчдын холбоо гэдэг байгууллагын төлөөлөл ШЕЗ-д байх нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа. Хуульчийн эрхтэй бүх хүнийг нэгтгэсэн байгууллага учраас төлөөллийг нь оруулах нь зүйтэй. 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлэлцэгдэх явцыг эргэж харахад Хуульчдын холбоо, иргэний нийгмийн төлөөллийг оруулах нь зүйтэй гэсэн үзэл санаа цаана нь яваад байсан. Тиймээс одоо байгаа Монголын хуульчдын холбооны нэг төлөөллийг нэмэгдүүлсэн ч буруудахгүй гэж харж байна. 

Ерөнхийлөгчийн төсөл дээр Монголын хуульчдын холбооны төлөөллийг гурав гэж оруулсан. Гэхдээ ШЕЗ-ийн бүх гишүүнийг УИХ томилно гэвэл үүнийг дэмжихэд хэцүү.

-Яагаад?

-Яагаад гэвэл Үндсэн хуульд ШЕЗ-ийн гишүүний тавыг шүүгчид дотроосоо сонгоно гээд заачихсан. Шүүгчид дотроосоо сонгож байгаа учраас дахин УИХ-аас томилох шаардлагагүй. 

-ШЕЗ-ийн бүх гишүүнийг УИХ томилохын сөрөг үр дагавар нь?

-Хэт улс төрийн шинжтэй томилгоо болох магадлалтай. Хэрэв томилох бол бусад таван гишүүнийг нь томилох асуудал байж болох юм. 

-Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд ШЕЗ-ийн 10 гишүүний гурвыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос томилно гэсэн байна. Энэ дээр улс төрийн тохироогоор ч гэдэг юм уу шаардлагад нийцэхгүй хүн томилогдох магадлал бий юу?

-Ажилласан жил зэрэг шаардлагыг хуульд заасан. Бүрэлдэхүүнд тавигдах шаардлага аль аль хуулийн төсөлд байгаа.

Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлтөд ШЕЗ-ийн 10 гишүүний тав нь шүүгч, тав нь шүүгч биш байна гэж заасан нь тэнцлийг хангах зорилготой байсан. Шүүгчдийн тоо илүү байвал нэг нэгнээ хаацайлах асуудал гарахыг үгүйсгэхгүй. Нөгөө талаар шүүгч биш гишүүдийн тоо олон байвал шүүхэд ирэх гадны зүй бус нөлөөлөл нэмэгдэх аюултай учраас тэнцүү бүрэлдэхүүнтэй байхаар заасан.  

Миний хувьд ШЕЗ-ийн гурван гишүүнийг Хууль зүйн байнгын хорооноос томилно гэдэг дээр эсрэг байр суурьтай байгаа. Үүн дээр Монголын хуульчдын холбооны төлөөллийг оруулах нь зүйтэй. 

-Хоёр хуулийн төсөлд ШЕЗ-ийн нэг гишүүнийг Ерөнхийлөгч нэр дэвшүүлнэ гэсэн байна. Төрийн тэргүүн ШЕЗ-д гишүүн томилуулах санал гаргах зайлшгүй шаардлага бий юу?

-Ийм учраас Ерөнхийлөгч санал гаргах зайлшгүй шаардлагатай гэж хэлэх хэцүү. Олон талын төлөөллийг оролцуулсан, тэнцвэр хангах гэдэг зарчмаар Ерөнхийлөгч орж ирж байгаа байх. 

Нөгөө талаас Ерөнхийлөгч өөрөө шүүгч нарыг ШЕЗ-ийн санал болгосноор томилох эрхтэй субьект. Шүүх эрх мэдлийн томилгоо хийх эрхтэй гэдэг утгаар нь Ерөнхийлөгчийг оруулсан болов уу.

-Хоёр хуулийн төсөлд ШЕЗ-ийн бүрэлдэхүүнтэй холбоотой өөр ямар асуудлыг тусгасан бэ?

-ШЕЗ-ийн 10 гишүүн орон тооны байх уу, үгүй юу гэдэг асуудал хоёр хуулийн төсөлд зөрүүтэй байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөд тодорхой заагаагүй. 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд ШЕЗ-ийн дарга болон дөрвөн гишүүн орон тооны байна гэж заасан. Өөрөө хэлбэл, шүүгчдийн зөвлөлөөс сонгогдсон гурван шүүгч, байнгын хороо болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс томилогдсон тус бүр нэг гишүүн орон тооны байна. Бусад нь орон тооны бус байна гэж хуулийн төсөлд тусгасан. 

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн дээр бүгд орон тооны байна гэсэн. 

-Энэ асуудалд судлаачийн хувиар ямар байр суурьтай байна вэ? 

-ШЕЗ-ийн хэрэгжүүлж байгаа чиг үүрэгтэй харьцуулаад гишүүд нь орон тооны байх эсэхийг эргэж харах хэрэгтэй юм. Орон тооны болчихвол 10 гишүүн бүгд төрийн өндөр дээр албан тушаалтны зэрэг зиндаатай адилтгах зэрэглэлд хамаараад явчихна. Наад зах нь бүгд машинтай, туслахтай байхаас эхлээд хангамжтай холбоотой асуудал байна. Хоёрдугаарт, орон тооны 10 гишүүнтэй байлаа гээд хийх ажил байна уу, үгүй юу. Тиймээс судалж байж шийдэх хэрэгтэй. 

Орон тооны, орон тооны бус аль аль нь саналын эрхтэй. Орон тооны гишүүн нь бусдаасаа давуу зүйл байхгүй. Эдийн засгийн нөхцөл байдал, ажлын ачаалал зэргээс харахад заавал бүгдийг нь орон тооны байлгах шаардлагагүй

"Сахилгын хорооны шийдвэрийн цаана дахин нэг шат байх ёстой" 

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Шүүхийн сахилгын хорооны тухай тусгагдсан. Засгийн газар, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд энэ асуудлыг хэрхэн тусгасан бэ?

-Шүүхийн сахилгын хорооны асуудал дээр хоёр төсөлд зөрүүтэй зүйлүүд бий. 

Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөлд сахилгын хорооны бүрэлдэхүүнд тавигдах шаардлагыг тодорхой тусгасан. Энэ төсөлд Шүүхийн сахилгын хороог есөн гишүүнтэй байхаар заасан. Есөн гишүүний дөрвийг шүүгчдийн зөвлөлөөс, Хууль зүйн байнгын хорооноос гурав, Ерөнхийлөгч болон Хууль зүйн сайдаас тус бүр нэг хүнийг сонгож томилно. Эдгээр есөн гишүүний шүүгчдийн зөвлөл, байнгын хороо, Хууль зүйн сайдаас томилогдсон гурван гишүүн орон тооны, бусад зургаа нь орон тооны бус байна.  

Харин Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд Шүүхийн сахилгын хороо 12 гишүүнтэй байна. Эдгээр гишүүн бүгд орон тооны. Сахилгын хорооны 12 гишүүнийг Ерөнхийлөгч, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хуульчдын холбоо, шүүгчдийн нэгдсэн зөвөлгөөнөөс тус бүр гурван хүнийг санал болгоно. 

-Энэ асуудал Үндсэн хуулийн өөрчлөлтөд хэрхэн тусгагдсан байдаг юм бол?

-Үндсэн хуульд Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн тоог заагаагүй. Зөвхөн чиг үүргийг нь заасан. 

-Хоёр хуулийн төсөлд Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн тоог яагаад ялгаатай тусгасан юм бол. Гишүүдийн тоо 9 болон 12 байх үндэслэл нь?

-Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд сахилгын хорооны гишүүний тоог 12 гэсэн байгаа. Сахилгын хороо нь шүүгчийн сахилгыг хянан шийдвэрлэж, сахилгын шийтгэл ногдуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. 

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд Шүүхийн сахилгын хороог яагаад олон гишүүтэй болгосон бэ гэхээр сахилгын зөрчлийн хянан шийдвэрлэх ажиллагаа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс арай өөрөөр тусгагдсантай холбоотой юм.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд сахилгын зөрчлийн гомдол, мэдээллийг анхан шатны журмаар шийдвэрлэх, давж заалдах шатны журмаар шийдвэрлэх, хяналтын шатны журмаар шийдвэрлэх гэсэн гурван шаттай. Үүнийг бүгдийг нь сахилгын хороо хариуцна. Анхан шатны журмаар сахилгын хорооны нэг гишүүнийг тэрийг шийднэ. Түүнийг нь давж заалдах журмаар гурван хүн шийднэ. Хяналтын журмаар гаргасан гомдлыг таван хүн шийднэ. Дотроо гурван шатны журмаар гомдол, мэдээлэл шийдвэрлэхээр заасан. Үүнээс улбаалаад 12 гишүүнтэй байхаар тусгасан юм болов уу гэж харж байна. 

Аль аль төсөлд нь авууштай саналууд байгаа. Ялангуяа сахилгын хорооны мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой зохицуулалтыг Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд нэлээд тодорхой тусгасан харагдаж байна. Сахилгын зөрчлийн гомдол ирлээ гэхэд түүнтэй холбоотой ямар ямар нотлох баримтыг хаанаас, хэрхэн яаж цуглуулж, ямар бүрэн эрхийг хэрэгжүүлэх зэргийг дэлгэрэнгүй зохицуулсан. Мөн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хэргийн оролцогчдын эрх, үүргийг тодорхой болгосон. 

Гэхдээ энэ төсөлд сахилгын хорооны шийдвэрт шүүхэд гомдол гаргах эрх байхгүй. Сахилгын хорооны таван гишүүн хяналтын журмаар шийдвэрлэвэл тэр нь эцсийн шийдвэр болно. Энэ дээр эргэж харах зүйл бий. 

Харин Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд эхлээд сахилгын хорооны нэг гишүүн гомдол, мэдээллийг авч  шалгана. Түүнтэй холбоотой сахилгын хэрэг үүсгэсэн, үүсгэхээс татгалзсан асуудлыг Сахилгын хорооны хуралдаанаар шийднэ. Сахилгын хорооны хурал нь тодорхой ирцтэй. Тэр хуралдаанаас гарсан шийдвэрийг эс зөвшөөрөх юм бол Улсын дээд шүүх  гомдол гаргах эрхтэй. Миний хувьд үүнийг зөв гэж харж байна. Эцэст нь нэг шат байх ёстой. 

Одоогийн зохицуулалтаар Шүүхийн ёс зүйн хороо гэдэг нэртэй байгууллага бий. Одоогийн хуулиар Ёс зүйн хорооны шийдвэрийг эс зөвшөөрөх юм бол Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргадаг зохицуулалттай. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна гэсэн зохицуулалт байсан боловч Цэцээр ороод давж заалдах эрх байх ёстой гэж үзээд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй болчихсон. Өөрөөр хэлбэл, Шүүхийн ёс зүйн хороо-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх-Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим гээд гурван шатаар явж байгаа. 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахгүйгээр шууд Улсын дээд шүүхэд гомдол гаргахаар зохицуулсан. Улсын дээд шүүхийн тогтоол эцсийнх байна. 

"Аль алинаас нь авах зүйлийг нь аваад сайн хууль батлаасай л гэж хүсэж байна"

-Сахилгын зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааны тухайд?

-Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөлд сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол шүүгчид сахилгын шийтгэл ногдуулахгүй гэсэн байна. 

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд сахилгын зөрлийг илрүүлснээс хойш 24 сар, зөрчил гаргаснаас хойш 36 сар гэсэн байгаа. 

Харин одоогийн Шүүгчийн ёс зүйн дүрэм дээр илрүүлснээс хойш нэг сар, зөрчил гарснаас хойш зургаан сараас илүү хугацаа өнгөрсөн бол шийтгэл ногдуулахгүй гэдэг зохицуулалттай.

Өргөн баригдаад байгаа хоёр хуулийн төслөөс харахад тухайн шүүгчид холбогдуулаад сахилгын хэрэг үүсгэснээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдах асуудлыг зохицуулаагүй. 

-Хуульчдын дунд шүүгчийн сонгон шалгаруулалт тодорхой бус байна гэдэг шүүмжлэл бий. Өргөн баригдсан хуулийн төслүүдэд энэ асуудлыг хэрхэн тусгасан бэ? 

-Шүүгчийн сонгон шалгаруулалтыг илүү тодорхой болгох асуудал энэ хоёр хуулийн төсөлд тусгагдаагүй. Хэрэв хуулийн төслүүд энэ хэвээр батлагдвал маргаан, хардалт, сэрдэлт дагуулсан сэдэв хэвээрээ л үлдэнэ. Шүүгчийн сонгон шалгаруулалт тодорхой байх ёстой. Ил тод процессоор явсан хүн шүүгч болох юм бол олон нийт ч гэсэн зөв, чаддаг хүнийг шүүгч болгодог юм байна гэж харна шүү дээ. Гэтэл өнөөдөр юу болоод байгаа нь тодорхойгүй, хамгийн бага оноотойг нь, тэрний энэний хүнийг шүүгч болголоо гэсэн маргаан байнга гардаг. Энэ нь явсаар шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг байхгүй болгож байна. Шүүхэд итгэх итгэл шүүгчийн томилгооноос эхлэх ёстой

Одоогийн зохицуулалтаар шүүгчид нэр дэвшигчдээс шалгалт авдаг Шүүхийн мэргэшлийн хороо гэдэг бүтэц бий. 

Энэ хоёр төсөлд шалгалт даваад, тодорхой оноогоор эрэмбэлэгдээд гараад ирсэн хүмүүсээс ШЕЗ ямар байдлаар, юуг үндэслэж нэр дэвшигчдийг тодруулж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх вэ гэдгийг шийдээгүй, одоогийн зохицуулалт нь хэвээр байна. 

Шүүгчийн сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан хүнийг нэр дэвшүүлдэггүй юм гэхэд хамгийн өндөр оноо авсан гурван хүнээс аль нэгийг нь сонгодог ч юм уу зохицуулалт шаардлагатай байна. Хэдийгээр шүүгчид нэр дэвшигчдийн шалгалтын оноог ил зарлаж байгаа ч ШЕЗ ямар үндэслэлээр нэг хүнийг сонгож, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээд байна вэ гэдэг асуудал бүрхэг, тодорхой бус байдаг. Энэ хуулийн төслүүд дээр ч энэ асуудлыг тодорхой болгоогүй. 

Дээр нь одоогийн мөрдөгдөж байгаа хуульд ШЕЗ-өөс шүүгчид нэр дэвшигчтэй ярилцлага хийдэг. Гэвч хэлэлцэгдэж буй төслүүдэд энэ асуудал тусгагдсангүй. 

Түүнчлэн Улсын дээд шүүхээс бусад ерөнхий шүүгчийг хэрхэн томилох вэ гэдэг асуудал хоёр хуулийн төсөлд өөр өөр байна. 

Засгийн газрынх дээр анхан, давж заалдах шатны ерөнхий шүүгчийг тухайн шүүх дотроо зөвлөгөөнөөрөө гурван жилийн хугацаагаар сонгоно. Нэг удаа улиран сонгогдож болно гэдэг зохицуулалт оруулсан. 

Ерөнхийлөгчийнх дээр одоогийн зохицуулалт хэвээр байна. Өөрөө хэлбэл, Улсын дээд шүүхийнхээс бусад ерөнхий шүүгчийг ШЕЗ сонгон шалгаруулснаар Ерөнхийлөгч томилно.   

-Шүүгчийг томилох процессыг нээлттэй болгох заалт энэ хоёр хуулийн төсөлд огт ороогүй юм байна. Хэлэлцүүлгийн явцад нэмж оруулах боломж бий юу?

-ШЕЗ санал хурааж шийднэ гэж л заасан. Уг нь зарчмын зөрүүтэй санал гаргаад хуулийн төсөлд нэмж оруулах боломж бий. 

-Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар дэмжээгүй. Гэсэн ч байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Хэрэв УИХ-аас уг хуулийн төслийг дэмжвэл Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй нэгтгэх асуудал яригдах уу? 

-Дэмжвэл хоёр хуулийн төслийг нэгтгэж, аль аль заалтыг оруулахыг шийдэх ажлын хэсэг байгуулагдах байх. 

-Засгийн газраас Шүүхийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын өргөн бариад УИХ-аар нэгэнт хэлэлцээд эхэлчихсэн байхад Ерөнхийлөгч адилхан хуулийн төсөл өргөн барьсан. Та үүнийг юу гэж харж байна вэ?

-Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийнхээ хүрээнд болохгүй зүйл байхгүй л дээ. Нөгөө талаас Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хаалттай хүрээнд боловсруулсан. 

Ямарваа нэг зүйлийг эхнээс нь л хэтэрхий хаалттай хүрээнд явуулахаар нөгөө талаас нь сөргүүлээд өөрийнхөө хувилбарыг гаргаад ирж байх шиг байна. Аль аль талдаа л асуудал байна гэж харж байна. 

-Шүүгчийн томилгоог шударга байлгахад нөлөөлөх хамгийн чухал зүйл юу вэ? 

-ШЕЗ-ийн гишүүдийн тоог нэмэгдүүлж, бүгдийг нь Ерөнхийлөгч томилж байгааг өөрчлөх. Шүүгчийн томилгоог нэг хүнээс хараат бус болгох нь чухал юм. 

Одоогийн шүүгчийн сонгон шалгаруулалтад Монголын хуульчдын холбоо тухайн нэр дэвшигчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаар дүгнэлт гаргадаг. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд үүнийг хассан. 

Харин Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд зөвхөн анхан шатны шүүхийн шүүгчдэд Монголын хуульчдын холбоо дүгнэлт гаргана гэж зааж. Би хувьдаа Монголын хуульчдын холбооны дүгнэлт хэвээрээ байх ёстой гэж бодож байна. 

Дээр нь нэмж хэлэхэд шүүгчийн мэргэжил, ур чадварыг үнэлэх гэдэг асуудал байгаад байгаа юм. Энэ асуудал 2012 онд батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд байсан боловч Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосон. 

Ёс зүйн зөрчил биш ч гэсэн мэргэшлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдах, шийдвэр гаргахдаа алдаа гаргавал яах вэ гэдэг асуудал бий. Энэ асуудал манайд орхигдсон. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөлд Шүүхийн мэргэшлийн хороо гэдэг байгууллага давж заалдах болон хяналтын шатны шүүхийн тогтоолыг үндэслэн шүүгчийн ажил хэргийн чадварыг мэргэшлийн түвшинд үнэлнэ гэдэг заалт байгаа юм. Гэхдээ энэ нь агуулгаараа өмнөх Шүүхийн тухай хуулиудад байсан зохицуулалт. 

Засгийн газраас өргөн барьсан төсөл хяналтын шатны шүүхийн шүүгч давж заалдах шатны юм уу анхан шатны шүүхийн шүүгчийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааг хянах явцдаа энэ шүүгчийн ажил хэргийн чадварт нь дүгнэлт гаргуулъя гэж шийдэх юм бол Мэргэшлийн хороо түүнд нь дүгнэлт гаргана. Хэрэв ажил хэргийн чадварт нь Мэргэшлийн хороо дүгнэлт хийгээд тухайн хүнийг шүүгчийн албан тушаалд тэнцэхгүй гэх юм бол огцруулна гэсэн байна. Энэ бол шүүгчийн хараат бус байдалд төдийлөн нийцэхгүй заалт. 

Хэдийгээр өөр өөр шатны шүүгч боловч давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгч нар доод шатны шүүхийн шүүгчийн ажил хэргийн чадварт дүгнэлт гаргуулах эрх хэмжээтэй байна гэдэг нь эрсдэлтэй зүйл. Дотоод хараат бус байдал гэдэг зүйл эрсдэлд орох аюултай. 

Олон улсад шүүгчийн ур чадварыг үнэлэх гэдэг асуудал байдаг. Энэ нь шүүгчийг огцруулах зорилгогүй. Зөвхөн шүүгчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор хийгддэг ажиллагаа юм. Энэ асуудлыг хуулийн төсөлд тусгаасай гэдэг үүднээс “Нээлттэй нийгэм” форумын хуулийн төслийн шүүмж дээр саналаа бичиж байсан юм. Энэ асуудал Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгагдсан. 3-5 жил тутамд шүүгчийн мэргэшлийн түвшинг дэмжих зорилгоор ур чадварын үнэлгээг Шүүхийн мэргэшлийн хороо хийнэ гэж заасан байгаа. 

-Тэгэхээр энэ хоёр хуулийн төслийг сайн, муу гэж дүгнэхээс илүү аль алинаас нь авах, хаях зүйл их байна гэж ойлгож болох нь ээ? 

-Аль алинаас нь авах зүйлийг нь аваад сайн хууль батлаасай л гэж хүсэж байна. 

x