Индэр    
2020 оны 4 сарын 28
Зураг
Нийгмийн Эрүүл Мэнд судлаач

КОВИД-19-н халдварын нөхцөл байдлын таамаглал, математик тооцоолол

Халдварт өвчний дэгдэлтийн үед халдвар тархаж буй зүй тогтлыг ойлгохын тулд математик загварчлал ашигладаг1.

Мөн математик загварчлал болон тархвар судлалын тооцооллыг хүн амын зан үйл, нийгмийн зарим хүчин зүйлс, хөл хорио зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ, өвчлөлийн хөдлөлзүйд хэрхэн нөлөөлж байгааг тооцоход ашигладаг билээ1. Улс орнууд тухайлбал Их Британи, Итали, АНУ зэрэг улсын эрдэмтэд  Ковид-19-ийн тохиолдлын тоог ашиглан бодит хугацаанд (өвчлөл явагдаж буй үетэй зэрэгцэн) өвчлөлийн нөхцөл байдлыг тухай бүр тооцоолон, тохирох хувилбарыг сонгон  шийдвэр гаргах үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Ковид-19-ийн халдвар авах хүний тоо, тэднээс хэчнээн нь эмнэлэгт хэвтэх, эмнэлэгт хэвтсэнээс хэд нь хүндрэх вэ гэсэн асуултад хариулахаар SIR тархвар судлалын стандарт загварчлалыг ашиглан тооцоолол хийснээ аль болох энгийн үгээр тайлбарлая.

SIR гэдэг нь халдвар аваагүй буюу мэдрэмтгий (Susceptible), халдвар авсан (Infected), эдгэрсэн (Recovered) гэсэн утгатай үгийн товчлол. SIR тооцоололд халдвар аваагүй хүний тоо, халдвар авсан хүний тоо, эдгэрсэн хүний тоо, халдварын түвшин, эдгэрэлтийн хувь гэсэн тоо мэдээг хэрэглэдэг. Бидний ашигласан SIR (Kermack-McKendrick) загвар нь хүн амын тоо харьцангуй тогтмол, халдвар авсан хүний халдвартай байх хугацаа, халдвар авсанаас хойш эдгэрэх хүртэлх хугацаатай адил гэсэн таамаглалд үндэслэдэг. Өмнөх нийтлэлд тайлбарласан R0 буюу нэг халдвартай хүн цааш хэдэн хүнд халдвар тараах боломжтойг эдгээр тоонд үндэслэн тооцдог.

Халдвар авах, эмнэлэгт хэвтэх, хүндрэх хүний тоо, цаашдын төлөв

  • Jiang F. нарын судалгаагаар БНХАУ-д эмнэлэгт хэвтсэн Ковид-19-ийн халдвартай өвчтөнүүдийн 26-31% эрчимт эмчилгээ хийлгэх шаардлагатай [2] байсан,
  • Sijia нарын судалгаагаар Бээжин хотод эмнэлэгт хэвтсэн 262 өвчтөний 17.6%-д хүчилтөрөгч эмчилгээ шаардлагатай болсныг дурдсан байна [3].
  • АНУ-ын Нью-Йорк хотод 2020 оны 3 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 4-ны хооронд Ковид-19 халдвартай, эмнэлэгт хэвтэгсдээс тоо мэдээ бүрэн байсан 2,634 өвчтөний 14.2% эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж, 12.2% нь амьсгалын аппарат хэрэглэж, 3.2%  нь бөөр орлуулах эмчилгээ (гемодиализ) хийлгэсэн гэжээ [4].
  • Пан А. нарын БНХАУ-ын Вуханьд хийгдсэн судалгаагаар Ковид-19 батлагдсан тохиолдлуудын 19.1% хүнд (n=6169), 3.0% маш хүнд (n=970) өвчилсөн гэжээ [5].
  • Grasselli G. нарын Итали улсын Ламборди мужид хийгдсэн судалгаагаар эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэх голч ор хоног 10 (IQR: 8-14 хоног), эрчимт эмчилгээнд байгаа 920 өвчтөн (нийт эрчимт эмчилгээний тасгийн өвчтөний 58%) 5 дахь долоо хоногтоо эмчилгээ хийлгэж байна гэсэн байна[6].
  • Guo T. нарын судалгаагаар Ковид-19 халдвар авсан хүнд өвчний шинж тэмдэг эхэлсэнээс хойш эмнэлгээс гарах голч хугацаа 28 хоног (IQR: 22-33 хоног) байв [7].

SIR тооцоололд 2020 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн байдлаар Монгол Улсын хүн амын тоо (n=3,318.429), Монгол Улсад Ковид-19 халдвар батлагдсан тоо (n=34)-нд үндэслэн бусад улсын тоонд баримжаалан эмнэлэгт хэвтэх 20%, эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэх 14%, амьсгалын аппарат хэрэглэх шаардлагатай 12%, эмнэлгийн ор хоног 35, эрчимт эмчилгээний ор хоног 30, амьсгалын аппарат хэрэглэх хоног 25  гэж таамаглан 4 дүгээр сарын 24-нөөс эхлэн 270 хоногийн хугацаанд эмнэлэгт хэвтэх, эрчимт эмчилгээ хийлгэх хүний тоог тооцов.

Тооцоолсон хугацаанд эмнэлэгт хэвтэх хүний тоо өдөрт дунджаар 7.13%-аар нэмэгдэж, 2020 оны 10-11 сард эмнэлэгт хэвтэх, эрчимт эмчилгээнд орох хүний тоо оргилдоо хүрэх ба оргил үед өдөртөө шинээр 988 хүн эмнэлэгт хэвтэж, 691 өвчтөн эрчимт эмчилгээний тасагт, 592 өвчтөн амьсгалын аппарат хэрэглэх шаардлагатай болно гэсэн тооцоо гарч байна (Зураг 1).

Зураг 1. Эмнэлэгт хэвтэх, эрчимт эмчилгээнд орох, амьсгалын аппарат хэрэглэх хүний тооцоолол

 

 

 

Загварчлалыг тайлбарлах, ашиглахад анхаарах зүйлс

Аливаа загварчлалыг ашиглахдаа хэд хэдэн зүйлсийг сайтар ойлгон, анхаарах ёстой.

Нэгдүгээрт, SIR загварчлалын тооцоолол нь тодорхой хугацаанд өвчний дэгдэлт, тархалт хэрхэн явагдах, хэдэн хүн өвчлөх талаар ерөнхий зураглал гаргах, хоёрдугаарт, хариу арга хэмжээний өөр өөр хувилбараар тооцоолол хийж, тохирох хувилбарыг сонгон эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлтгэл хийх хугацаа хожих, гуравдугаарт, нийтийг хамарсан хариу арга хэмжээ хэрэгжүүлэхтэй уялдан тооцоолол өөрчлөгдөх боломжтой, дөрөвдүгээрт, SARS-CoV-2 вирүс, Ковид-19-ийн өвчлөлийн талаар тоо мэдээлэл бүрэн тодорхой болоогүй байгаа тул мэдээлэл шинэчлэгдэх үед тооцоолол өөрчлөгдөнө гэдгийг анхаарах шаардлагатай. Энэхүү жишээ тооцоололд, Ковид-19-ийн эмнэлэгт хэвтэх хувь, өвчтөний эрчимт эмчилгээний тасаг дахь ор хоног, амьсгалын аппаратанд байх хугацаа зэргийг бусад орны тоонд баримжаалан тооцсон гэдгийг дахин сануулъя.

Эмнэлэгт хэвтэх хүний тоо огцом нэмэгдэхэд эрүүл мэндийн салбар бэлэн үү?

Өвчлөлийн хамгийн хүнд нөхцөл гэдгээ хэрхэн тодорхойлж, тооцоолж байна вэ? Тухайлбал, бидний тооцоолсон өвчлөлийн тоо одоогийнхоос хэд дахин нэмэгдэж, өдөртөө эмнэлэгт хэвтэх хүний тоо 900 давахад эрүүл мэндийн салбар хэвийн ажиллаж чадах уу?

Эмнэлэг, эмнэлгийн ор, багаж хэрэгсэл, эмч мэргэжилтнүүдээ хэрхэн бэлдэж байна вэ? Бэлтгэсэн эмнэлгийн ор, эмч мэргэжилтэн, эмнэлгийн ажилчдын тоонд үндэслэн өвчтөнүүдийг хүлээн авах хуваарь, зохион байгуулалт хийж байна уу? Өвчлөлийн тоо нэмэгдэх үед хүнд өвчтэй хүмүүс эмнэлэгт ирэх үед эрчимт эмчилгээний эрэмбэлэн ангилалт (triage) хэрхэн хийх вэ? Удирдамж боловсруулсан уу, удирдамжийн дагуу зохих сургалтуудыг зохион байгуулж байна уу?

Бэлтгэсэн эмнэлгүүдийн эмч мэргэжилтнүүдэд эмнэлзүй, халдвар хяналтын сургалтыг тогтмол давтамжтай хийж байна уу? Өвчлөл ингэж нэмэгдэх үед эрүүл мэндийн байгууллагад халдвар тархах, эмч мэргэжилтэн, эмнэлгийн ажилчид халдвар авахаас сэргийлэх нь амин чухал асуудал болно. Тиймээс бэлтгэсэн эмнэлгүүддээ эмч мэргэжилтэн, эмнэлгийн ажилчдыг оролцуулан халдвар хянах дэглэмийг баримтлах, эрэмбэлэн ангилалт хэрхэн хийх талаар дасгал сургуулилт хийж байна уу? Мөн бэлтгэсэн эмнэлгүүддээ хувийн хамгаалах хэрэгсэлийг хангалттай хэмжээгээр нөөцөлсөн үү?

Эдгээр асуултыг эмнэлгийн удирдлагууд өөрсдөөсөө асууж, эмнэлгийн бэлэн байдлаа хангах, төлөвлөлт, нарийн зохион байгуулалтаа хийх хэрэгтэйг санахад гэмгүй. Энэхүү тооцоолол нь ийм онцгой цаг үед нэгдмэл удирдлага, тоо мэдээнд суурилсан нарийн төлөвлөгөө, нөхцөл байдал өөрчлөгдөх бүрт тооцоолол хийж, төлөвлөгөөндөө тусган ажиллах шаардлагатайг сануулж байна.

Судалгааны томоохон сэтгүүлүүд цар тахлын одоогийн болон цаашдын үр нөлөөг бууруулах тооцоолол хийх шинэ аргачлал боловсруулах, хийсэн судалгаагаа хэвлүүлэхийг шинжлэх ухааны талбарт ажиллаж буй судлаач, мэргэжилтнүүдэд уриалж байна. Тиймээс энэхүү тооцоололтой холбоотой асуулт, сайжруулах, манай улсын бодит тоог ашиглан тооцоолох, өөр хувилбар дэвшүүлэн мэтгэлцэх зэргээр мэргэжлийн байгууллага, тархвар судлаач, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллахад бэлэн байна.

Бидний хүргэж буй нийтлэлүүд нь дэлхий нийтээр үүссэн энэ амаргүй цаг үед Монгол Улс маань аль болох хохирол багатай даван туулах талаар сэтгэлээ чилээж, өөрсдийн чадах зүйлээр дэм өгөх гэсэн санаа агуулж буйгаа мөн илэрхийлье.

 

 

Нийтлэлийг бичсэн:

Ж.Байгалмаа (Финлянд улсын Тамперийн их сургуулийн нийгмийн эрүүл мэнд, тархвар судлалын хөтөлбөрийн докторант)

Д.Мөнхжаргал (Япон улсын Кансай анагаах ухааны их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн тэнхмийн докторант)

О.Батбаяр (MSc London School of Hygiene and Tropical Medicine)

 

Эх сурвалж:

1.Joseph A.Lewnard and Arthur L.Reingold. Emerging Challenges and Opportunities in Infectious Disease Epidemiology. American Journal of Epidemiology. Vol.188, No.5. Doi: 10.1093/aje/kwy264. Published on March 16, 2019.

2.et al.J GEN INTERN MED https://doi-org.libproxy.tuni.fi/10.1007/s11606-020-05762-w

3.Sijia Tian, Nan Hu, Jing Lou, et al. https://doi.org/10.1016/j.jinf.2020.02.018

4.JAMA.

5.JAMA.

6.JAMA.

7.JAMA Cardiol.