Индэр    
2020 оны 3 сарын 7
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

Мишель Обама: Боловсрол амьдралыг минь өөрчилсөн гол хүчин зүйл, намайг дээш нь өргөсөн хүчтэй хөшүүрэг

Зураг
Paras Griffin—Getty Images

"…Боловсрол бол үнэндээ амьдралыг минь өөрчилсөн гол хүчин зүйл, намайг дээш нь өргөсөн хүчтэй хөшүүрэг" гэж Мишель Обамагийн "Becoming" номд дурджээ.

Ажилчин гэр бүлд төрж, өссөн ч Харвард, Принстоны их сургуулиудад хуульчаар сурч дэлхийн хамгийн хүчирхэг улсын нэг АНУ-ын тэргүүн хатагтай болсон Мишель Обамагийн амьдралын түүхийг илтгэх "Becoming" номыг бид энэ удаа Unlock подкастын буландаа онцолж байна.

Номын тухай подкастыг бүрэн эхээр нь сонсохоос гадна iKon.mn Монсудар хэвлэлийн газраас зөвшөөрөл авч номын онцлох зарим хэсгээс та бүхэндээ энэ удаа түүвэрлэн хүргэж байна. 

UNLOCK сонсох:

Мишель Обамагийн номд дурдагдсан онцлох түүхээс хүргэж байна.

 

Мишель хоёрдугаар ангид байхдаа өөрийн ангийн багшдаа тун сэтгэл хангалуун бус байсан бөгөөд энэ тухайгаа ээждээ байнга гомдоллож улмаар ээж нь ангийг нь сольж илүү сайн багшийн ангид оруулсан байдаг.

Үүнээс хүүхэд томчуудын талаарх ойлголт та бидний бодож байгаагаас хавьгүй хэрсүү байдгийг, тэд бүгдийг мэдэж байдгийг ойлгох болно.

Энэ тухай номд: 

“…Энэ бол жижиг хэр нь амьдралыг минь өөрчилсөн явдал байлаа. Хичээлээ зааж чаддаггүй багштайгаа зоорийн давхарт үлдсэн ангийнханд маань юу тохиолдсон талаар би ерөөсөө асуугаагүй.
 
Харин насанд хүрсэн хойноо, том хүмүүс өөрсдийг нь үнэлэхгүй, сурч боловсроход нь хангалттай сэтгэл гаргахгүй байхыг хүүхдүүд маш багаасаа мэдэрдгийг ухаарч авсан юм”.

Мишель магтаал, саашаалд дуртайгаа нуугаагүй. Энэ нь ч түүнийг хөтөлсөөр дэлхийн шилдэг их сургуулиудад нь элсэж, төгсөхөд ихээхэн түлхэц болсон тухай бичсэн байдаг. 

Энэ тухай номд:

“Би логикоор төдийгүй сурсан дадсанаараа бусдын сайшаал магтаалыг хүсэмжилдэг маань надад түлхээс болжээ гэдгийг одоо хүлээн зөвшөөрнө. Хүүхэд байхдаа би багш нар, хөрш юм уу, эсвэл Роббигийн сүмийн найрал дууны найзад нь хүүхдийн эмч болно гэж хэлэх болгонд ирдэг халуун дулаан илчинд өөрийгөө чимээгүйхэн ээдэг байлаа. 

Олон жилийн дараа ч энэ хэвээрээ”.

Мишель нөхөр Барак Обамаг ямар хүн бэ гэдгийг илэрхийлэх олон дурсамж, үйл явдлыг номд бичсэн байдаг бөгөөд залуу хосууд байх үедээ найз залуугаа хэрхэн таньж байсан тухай нэгэн дурсамж нь Барак Обамаг илэрхийлэх хамгийн сайхан дурсамжийн нэг болжээ.

Энэ тухай номд: 

“Нэг шөнө сэртэл тэр тааз ширтэн хэвтэж байв. Гудамжны гэрэлд тодрох царайнаас нь хувийн ямар нэгэн асуудлаа шийдэж ядах мэт бага зэрэг зовнингүй янз ажиглагдана. Бидний харилцаа юм болов уу? Аавыгаа алдсандаа тэр үү?

- "Хүүе ээ, чи юу бодоод байгаа юм бэ?” гэж би шивнэв.

Тэр над руу эргээд жаахан ичингүйрэн инээмсэглэв. “Өө, би зүгээр л орлогын тэгш бус байдлын тухай бодож байсан юм”.

Тэр үед л Баракийн оюун бодол хэрхэн ажилладгийг би ойлгож эхэлсэн. Ямар нэгэн том, абстракт асуудалд анхаарал нь төвлөрсөн бол яаж ийгээд шийдэх арга замыг нь олчих юм сан гэсэн галзуу сэдэлд автана”.

Бусдын асуудал руу хэт их ордог, дээрэлхүү, хүчирхийлэгчдийг Мишель дараах байдлаар тодорхойлсон байдаг. Энгийн мөртөө олон хүний дүрд буулгаж болохоор зүйрлэл.

Энэ тухай номд:

“Дээрэлхүү хүн гэдэг бол, ямар нэгэн аймшигтай хүний дотор суугаа айдастай хүн. Би үүнийг манай гудмын танхай охин Дидигээс, заримдаа эхнэртээ хүртэл бүдүүлэг, дээрэнгүй ханддаг Дэнди өвөөгөөс ч харсан.

Балмагдаж сандарсан үедээ тэд хүмүүс рүү дайрна. Хүн чадах үедээ тэднээс дөлж, шаардлага гарсан цагт л нүүр тулдаг.

Болдогсон бол булшныхаа чулуун дээр “Амьдар, бусдыг ч амьдруул” гэсэн утгатай үг бичүүлэхэд ч бэлэн бусдад, хал балгүй амьдардаг хөөрхий ээжийн минь хүсэл бол дээрэлхүү хүний доромжлол, түрэмгийллийг бие дээрээ л авахгүй байх”.

Аз таарвал амьдралын хэмжүүр ба үнэ цэнийн тухай ойлголт хүүхэд үеийнхээс засагддаг.

Энэ тухай номд:

“Жаахан охин байхдаа би яавал амьдрал маань дээрдэх талаар бүдэг бадагханаар төсөөлдөг байлаа. Горын эгч дүүсийн гэрт очиж тоглохдоо тэдний гэр бүлийн амьдарч буй бүхэл бүтэн байшин, саруулхан уужим зайнд нь атаархана. Гэр бүл маань илүү гоё машин авч дөнгөвөл ямар гоё вэ гэж бодно.
 
Найзуудаас маань хэн нь надаас хавьгүй олон бугуйвч, барбитайг, хэнийх нь ээж гэртээ  хувьцас хямдхан оёж өгөхийн оронд их дэлгүүрээс хувцас авч байгааг анзаарахгүй байхын аргагүй.
 
Хүүхэд байхад аливаа зүйлийн хэмжээ болон үнэ цэнийг ойлгохоосоо өмнө хэмжиж сурдаг ажээ.
 
Яваандаа, хэрэв аз тохиовол бүгдийг буруу хэмжиж байснаа ойлгодог”.

Мишель Обамагийн охидод хандаж хэлэх дуртай үг.

Энэ тухай номд: 

“Сургууль бол өөрийгөө тодорхойлж эхлэх зүйл юм байна гэдгийг багаасаа мэдэж авсан, боловсрол мэдлэг бол урагш ахихад туслах ганцхан арга.

…Боловсрол бол үнэндээ амьдралыг минь өөрчилсөн гол хүчин зүйл, намайг дээш нь өргөсөн хүчтэй хөшүүрэг. Гэтэл ЮНЕСКО ийн тоо баримтад дэлхий дээ 98 сая охин боловсрол хүртэх боломжгүй гэж дурдсаныг сонсоод ихэд цочирдов.

Судалгаагаар охид, эмэгтэйчүүд мэргэжил боловсрол эзэмшиж, хөдөлмөрийн зах зээлд орох нт батлагдсаар байтал охидыг сургуульд сургах нь ямар ч үр ашиггүй зүйл гэх үзэл дэлхийн зарим хэсэгт бат бөх ноёлсоор байгаа нь туйлын хачирхалтай”.

Сургуулийн төгсөлтийн баярт очиж, хүүхэд залууст урмын үгс хэлэх нь түүний эрхэм чухал ажил гэж үздэг.

Тэрбээр нэг удаа хэлсэн үгэндээ:

“Би өөрийнхөө тухай, энэ дэлхий дээр эзэлж буй байр суурийнхаа гол утга учир нь гэж бодсон цор ганц мессежийг бусадтай хуваалцах гэсэн юм. Энэ нь юу гэвэл, би үл ойшоогдох гэж юу болохыг мэднэ. Би үл ойшоогдох байдлаар амьдарч үзсэн, бас үл ойшоогдох түүхээс гаралтай. 

Би өөрийгөө Өмнөд Каролинагийн хаа нэгтээх тариалангийн талбайн нэргүй булшинд нойрсох Жим Робинсон хэмээх боолын жичинцэр гэдгээ хэлэх дуртай. Ирээдүйнхээ талаар төсөөлж буй оюутан, сурагчдын өмнө индэр дээр зогсож байхдаа би тэрхүү үл ойшоогдох хандлагыг ямар нэгэн байдлаар даван гарч болдгийн амьд жишээ харуулдаг хэмээн бодно” гэжээ.