Зураг
Зураг
Индэр    
2020 оны 3 сарын 4
Зураг
Нийтлэлч

Жендэрийн хандлагаа өөрчлөх цаг

Зураг

Саяхан Олон Улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулсан сонгодог хөгжмийн концерт дээр сонирхолтой нэгэн мэдээлэл миний анхаарлыг татлаа. Алдарт хөгжмийн зохиолч Волфганг Моцартын эгч Марианна Моцарт дүүгээ нэрд гарахаас өмнө Европт тоглолт хийн хөгжмийн сод авьяастан гэж магтагддаг байжээ.

Гэвч 18-р зуунд эмэгтэй хүн урлаг хөгжмөөр амжилт гаргахад бэрхшээлтэй байсан тул аав нь зөвхөн дүү Волфганг Моцартыг дэмжин, улс орнуудаар концерт тоглуулан нэр алдарт хүргэжээ. Магадгүй дүүгээсээ ч илүү хөгжмийн сод авьяас, потенциалтай байсан ч тухайн үеийн эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл хандлагаас болж энэхүү сод авьяас дарагдан үлдсэн харамсалтай түүх байна. Энэхүү олон зууны өмнөх түүх өнөө хүртэл амь бөхтэй оршиж, эмэгтэйчүүдэд тулгардаг нийгмийн хэвшмэл хандлага бараг хэвээрээ байгааг  жендэр, эмэгтэйчүүдийн эрхийн талаарх олон судалгаа харуулдаг. 

Манай улсад бас Мариана Моцарт шиг тэгш бололцоо байхгүйн улмаас авьяас билиг, ур чадвараа харуулах боломжоор хязгаарлагдмал байдал байгааг статистик үзүүлэлт харуулдаг. Монголын нийгмийн тал хувь нь болсон эмэгтэйчүүдийн тэгш эрхийн байдал Зүүн Азийн бүсдээ арай дөнгүүрт ордог боловч дэлхийн 150 орноос 79-т жагсаж, өмнөх онуудаасаа 21 байраар ухарчээ. 

Монгол эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлийн ихэнх хувийг эзэлдэг, эрэгтэйчүүдээс 6.9 жилээр илүү насалдаг \дэлхийн дундаж 4.6 жил\  боловч эрэгтэйчүүдтэй харьцуулахад 82.1 хувь буюу 18 орчим хувиар бага цалин хөлс авдаг байна. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, эмэгтэй СЕО,ТУЗ-ийн гишүүдийн хувь мөн маш бага. 

Бид олон жил  жендэрийн тэгш эрхийн асуудал, олон ажил хийж байгаа боловч магадгүй сүүлдээ энэ сэдэв “улиг” болсон гэхэд буруудахгүй болжээ. Үүний гол асуудлын нэг нь бид энэ асуудлыг ярьж, гаргаж тавьж, шийдвэрлэж байгаа хандлагаа эргэн харах цаг болжээ. Өнөөгийн бидний бий болгосон эрэгтэй, эмэгтэй  хүмүүсийн талаарх narrative буюу  нийгмийн “тогтсон дүр” юу вэ гэдгийг задлаж харвал магадгүй жендэрийн тэгш бус байдлыг улам даамжруулдаг тогтолцоог бий болсон байх.

Тухайлбал, бид нарын хандлагын нэг сөрөг тал нь эрэгтэйчүүдийг “дайсан”,  харин эмэгтэйчүүдийг “хохирогч” гэж хэт их туйлширсан хэвшмэл дүр зургийг нийгэмд бий болгон энэ нь хэвлэл мэдээлэл, урлаг, кино түүнчлэн төрийн бодлого, олон улсын төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаанд хүртэл нэвт шувт шингэжээ. 

Эмэгтэйчүүдийн өмнө хүйсээсээ болон нийгэмд тэгш бус боломж, шууд болон дам ялгаварлалтай тулан түүнийг даван туулахын тулд эрэгтэйчүүдээс илүү хүчин зүтгэл, цаг, энерги зарцуулдаг нь үнэн боловч энэ нь эмэгтэйчүүд бүхэн сул дорой, нийгмийг түүчээлэх чадваргүй, хүлцэнгүй оролцогч гэсэн үг биш.  Түүнчлэн, бид эрэгтэйчүүдийг жендэрийн тэгш эрхийн “дайсан” гэж харан, тэд л байхгүй бол асуудал байхгүй гэх  шахуу хандлага цухалздаг. 

Дээрх хандлагын илрэл гэр бүлийн хүчирхийллийн асуудал дээр харагддаг.  НҮБ-ын Хүн Амын сангийн судалгаагаар Монгол эмэгтэйчүүдийн 3 эмэгтэй тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийлэл болон бэлгийн хүчирхийллийн хохирогч байдаг байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь жендэрийн тэгш бус байдлын хамгийн хурц илрэл бөгөөд нийгэм дэх эрх мэдлийн тэгш бус байдлаас үүдэлтэй.  Харин архи хэтрүүлэн хэтрүүлэх нь шалтгаан бус зөвхөн дэвэргэн өдөөх хүчин зүйл болдог. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхдээ хохирогч эмэгтэйг хамгаалах нь зүй боловч хамгийн гол суурь  шалтгаан болох хүчирхийллийг өдөөдөг, хүчирхийлэгчийг бий болгодог нийгэм соелын хортой хэм хэмжээг өөрчлөх нь чухал. Түүнчлэн хүчирхийлэл үйлдэгч эрчүүдийг зөвхөн хорьж шийтгэхээс гадна зан хандлагыг өөрчлөх, сэтгэл хөдлөл, уураа  удирдах чадварт суралцах зэрэг үр дүнтэй арга хэлбэр олон улсад туршигдаж байна.

Мэдээж гэмт хэрэг зөрчил үйлдэгч гэм буруугаа хүлээн хариуцлагаа хүлээх нь зүй боловч хүчирхийлэгчийг төрүүлж буй шалтгаан нөхцлийг шийдэхгүйгээр хэдэн зуун хохирогч хамгаалагч байр, хүчирхийлэгчийг хорих шорон шинээр бариад энэхүү хүчирхийллийн эцэсгүй чөтгөрийн тойргийг зогсоохгүй. 

Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн бас нэгэн стереотип нь гэр бүл дэх оролцоо, ялангуяа хүүхэд асрахад үүрэг оролцоо байдаг. Бидэнд тогтсон narrative-аар хүүхэд гаргасан бол эмэгтэй нь ажлаасаа чөлөө аван хүүхдээ асрах ёстой байдаг. Гэтэл дэлхий нийтэд хүүхэд асрах чөлөөг зөвхөн ээж бус аав нь асардаг байх бодлого, тогтолцоо нийтлэг болсон. Финландын саяхан томилогдсон хамгийн залуу Ерөнхий сайдын гаргасан шийдвэрүүдийн нэг нь аавын хүүхэд асрах чөлөөг хуульчилсан байдаг.

Монгол улсын Хөдөлмөрийн хуульд 3 хүртэл насны хүүхэдтэй эцэг өөрөө хүсвэл чөлөө авч болно гэж заасан боловч дагаж хэрэгжүүлэх Засгийн Газрын тогтоол дээр зөвхөн эхийг  хүүхэд асрах тэтгэмж авахаар зааснаас харахад хүүхэд асрах  төрийн бодлого зөрчилтэй байна.

Гол нь энэхүү Засгийн Газрын тогтоол дээр эцэг гэдэг үг нэмлээ ч нийгмийн хэвшмэл хандлагыг сөрөн  хичнээн аав хүүхэд асрах чөлөө авах бол? Саяхан Япон улсад залуухан сайд нарын нэг болох, ирээдүйн Ерөнхий сайд гэгдэх Байгаль орчны сайд Шинжиро Койзуми ажлаасаа хүүхэд асрах чөлөө авсан нь томоохон сенсаац болсон боловч хүүхэд асрах үүрэг оролцооны хэвшмэл ойлголтыг эвдэхэд маш чухал алхам болсон байна. 

Эмэгтэйчүүдийн тэгш оролцооны асуудлыг хөндөхөд  ялангуяа улс төрийн оролцоонд эмэгтэйчүүдээс нийгмээрээ хэт их хүлээлттэй байж, эмэгтэй тул бараг ид шидийг бүтээх ёстой мэт  нийгмээрээ ханддагаас хүлээлтийн зөрүүний зөрчил гарах нь элбэг. Харвардын профессор Пиппа Норрисын хэлснээр эмэгтэйчүүд улс төрд орохдоо эрэгтэйчүүдийн бий болгосон “хог цэвэрлэх” албагүй. 

Эмэгтэйчүүдийн тэгш боломж, оролцооны асуудал нь улс орны хөгжлийн асуудал болохыг дэлхий нийт нэгэнт хүлээн зөвшөөрсөн. Жендэрийн тэгш байдлыг хангасан улс орнуудад эрүүл мэндийн үйлчилгээ, чанар сайн байж улмаар бусад хөгжлийн үзүүлэлт сайн байдгийг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын судалгаа харуулдаг.  

Үүний тулд нийгмийн тогтсон хандлагыг өөрчлөх, ялангуяа эмэгтэйчүүдийн “хохирогч”-ийн сэтгэлгээнээс салж нийгмийг жолоодох “жолоочийн суудал”-д суун хөгжлийн бодитой хувь нэмэр оруулагч  “үндсэн тоглогч”-ийн сэтгэлгээг улам бэхжүүлэх хэрэгтэй байна. Мөн бид эрэгтэй, эмэгтэй гэж хуваагдахаас илүү нэг завин дээр байгаа партнер, хамтран зүтгэгч гэж үзэж идэвхтэй дуу хоолой, оролцоог хангаж, эмэгтэйчүүдийнхээ авъас чадвар, потенциалыг бүх түвшиндээ ашиглаж байж улс орны хөгжил улам хурдсах болно.