Индэр    
2020 оны 2 сарын 28
Зураг
Эдийн засагч, шинжээч

Тахлыг хандиваар биш, эдийн засгийн бодлогоор давах уу?

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн дэгдэлт үргэлжилсээр, халдвартай хүмүүсийн тоо 80 мянгыг давав. 

Хамгийн сүүлд Өмнөд Америкт илэрснээр энэ вирус дэлхий нийтийг хамарлаа. Ялангуяа, тархалтын төв цэг болсон Азийн бүс нутгуудаар тархсан тахалд Монгол Улс ганцаар торойн үлдэв. 

Энэ нь нэг талдаа манай төрийн түргэн, шуурхай ажиллаж буйтай холбоотой. Гэвч ДЭМБ-аас Монголд эрсдэл маш өндөр болохыг анхааруулсаар буй. Тиймээс бид анхаарлаа сулруулж болохгүй. 

Хэдийгээр манай Засгийн газар урьдчилан сэргийлэх чиглэлд төрөл бүрийн хориг арга хэмжээ авч байгаа ч энэ үед баримтлах ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО ямар байх вэ? гэдэг нь тодорхой бус байна. 

Харин эдийн засагт коронавирус хэдийн нөлөөлж эхэлсэн.

Коронавирусийн эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл

  • Экспортын орлого тасалдав. Хилийн хоригоос үүдэлтэй хоёр болон гуравдугаар сарынхаа нүүрсний экспортын орлого болох 400 орчим сая ам.доллар алдахаар байна. Жилд 42 сая тонныг экспортлохоор төлөвлөсөн хэт өөдрөг төсөөлөл нь буурах эрсдэл хэдийн бий болсон. Энэ зөвхөн экспортын нүүрсэнд илэрч буй нөхцөл байдал.
 

 

Эх сурвалж: Статистикийн Хороо

  • Зарим салбарын борлуулалт буурч байна. Уул уурхай, тээвэр, худалдаа, үйлчилгээний зарим  салбар нь үйл ажиллагаагаа зогсоож, ажилчдадаа цалингийн тодорхой хувийг олгож, амраахаар болов. Тус хугацаанд ААН болон иргэдийн орлого, зээлийн эргэн төлөлт тасрах эрсдэл үүсэж байна. Вирусийн нөлөөнд хамгийн түрүүнд өртөх салбарууд нь ДНБ-ий 44 хувь, ажиллах хүчний 35 хувь, зээлийн 27 хувийг тус тус бий болгож байна. 
 

Эх сурвалж: Статистикийн Хороо

  • Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт. Вирусийн тархалт нь иргэдийн хүлээлтэд сөргөөр нөлөөлж, улмаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна. Өмнөх 3 жилийн хүнсний бүтээгдэхүүний инфляцын үзүүлэлтээс 2020 оных илүү өндөр байгаа нь харагдана.
 

Эх сурвалж: Монголбанк

Төсвийн орлого тасрах. Энэ оны төсөвт зөвхөн нүүрсний экспортын орлогоос 1.4 их наяд төгрөг олохоор төсөвлөсөн ч түүнээс 20 орчим хувийг алдахаар байна. Цаашлаад ААН-үүдээс их хэмжээний татвар авахаар төсөвлөсөн ч хорио цээртэй холбоотой татварын орлого бүрдүүлэлт буурна.

 

Эх сурвалж: Сангийн Яам

Эдийн засгийн тусгай бодлого хэрэгжиж байна уу?

Мэдээж гамшгийн нөхцөл байдалд ямар эдийн засгийн бодлого барих боломжтойг тодорхойлсон ерөнхий баримт бичиг байдаг. Гэвч Монголд энэ чиглэлийн дорвитой арга хэмжээ одоогоор аваагүй байна. Харин олон улсад:

  • Хятад мөнгөний, сангийн бодлогоороо эдийн засгаа дэмжээд эхэлсэн. Түүхэнд байгаагүй интервенц эдийн засагтаа хийв.
  • Өнгөрсөн 7 хоногт л гэхэд Италид 12 сарын хугацаатай хямдралтай зээлээр ААН-үүддээ дэмжлэг үзүүлэхээр шийдсэн. 
  • Хонг Конгт иргэн бүрт 10 мянган хонгконг доллар тараана гэдгийг Сангийн Яамнаас нь мэдэгдэв. 
  • Харин Сингапур, Вьетнам зэрэг улсад эдийн засгийг дэмжих мөнгөний зөөлөн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн байна. 

Харин манайд? Худалдааны салбарт үзүүлсэн бага зэргийн татварын хөнгөлөлтөөс өөр дорвитой арга хэмжээ авсан уу? Одоохондоо үгүй.

Бид ямар арга хэмжээ авах ёстой вэ?

  • Татварын хөнгөлөлт, хямдралтай зээл. Хорио цээрт орсон ААН-үүдийн борлуулалтын орлого буурч, улмаар түрээсийн төлбөр, зээлийн төлбөр, ажилчдын цалин, татвар гэх мэт дарамтуудтай тулгарч байна. Олон улсад бичил, жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн чанар муудна гэж үзсэн(Charles Chao, Eddie Leung, 2020). Манайд ч энэ нөхцөл байдал ажиглагдана. Жишээ нь, оёдлын үйлдвэрлэл борлуулалтынхаа 50 хувийг Цагаан сараар хийдэг бөгөөд энэ жил ийм хэмжээнд хүрэх боломжгүй болсон. Одоогийн байдлаар зээл, түрээсийн асуудалд өртөөд байна. Энэ мэт олон жижиг, дундууд хүнд нөхцөл байдалд орно.
     
  • Төсвийн тодотгол хийх. Энэ жилийн төсөв нь сонгуулийн жил гэдгээрээ зардал өндөртэй батлагдсан. Тиймээс зарим зардлаа царцаах байдлаар эрсдэлд байгаа салбаруудаа дэмжих хэрэгтэй. Төсвийн хэт өөдрөг төсөөлөл нь нөгөө талаараа төсвийн орлого тасрах эрсдлийг бий болгосон. 
     
  • Эрт хөдлөхгүй бол... Бид эртнээс бодит нөхцөл байдалтайгаа эвлэрэхгүй бол сонгууль, Саарал жагсаалт, гадаад өрийн эргэн төлөлт гээд маш том эрсдлүүд хүлээгдэж буй. Яг ийм нөхцөл байдалд эдийн засгаа унагаж огтхон ч болохгүй. 

Тахлыг зөвхөн хэн нэгний хандиваар бус эдийн засгийн тусгай бодлогоор давцгаая.