Манай өмнөд хөрш улсад шинэ коронавирусын халдвар тархаад багагүй хугацаа өнгөрчээ.
Ард иргэд ч энэ вирусийн халдварын талаар багагүй мэдээлэлтэй болж урьдчилан сэргийлэх аргын талаар сайн мэддэг болсон. Тухайлбал, коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд нийтийг хамарсан арга хэмжээнд оролцохгүй байх, маск зүүх, гараа угаах зэрэг аргыг маш сайн мэдэхийн зэрэгцээ амьдралдаа хэвшүүлж байна. Гэвч бидний зарим нэг хэсгийн итгэл үнэмшил нь шинжлэх ухаан гэхээсээ илүү цуурхал, попролт, энтертаймент зэрэг зүйлд захирагдах болж.
Ард иргэдийн итгэл үнэмшил их амархан зүйлд автдаг болохыг коронавирусын халдвар тод харуулсан. Тухайлбал, хэн нэгэн эгзгийг нь тааруулж худал цуурхал тараах, попрох зэрэг зүйл хийхэд бид нар хялбархан автаж, улмаар итгэж үнэмшиж байна. Тэд үнэхээр шийдлийг олж харж чаддаг, үнэн ярьдаг байсан бол энэ улс орон хөгжилөөрөө сүүл мушгихгүй, дундаж давхарга тийм ядуу байхгүй л байх. Бид нарын итгэл үнэмшлийг ийм хялбархан аргаар төөрөгдүүлж чадаж байвал энэ үнэхээр харамсалтай зүйл.
Шинжлэх ухаан нотолж бид нарт итгэл үнэмшил төрүүлэхийн тулд гар угаах аргыг бүхэл бүтэн 200 жил судалж тогтоосон байдаг. Тэгтэл бид нар 200 жил судалж нотолсон шинжлэх ухааныг биш нэг өдрийн худал цуурхал, жижиг попролтонд итгэж бас үнэмшиж байна. Өөрөөр хэлбэл бид аливаа асуудалд нотолгоонд суурилсан, прагматик хандахаас илүүтэй хэн нэгэн тийм байдаг хэмээн тархи угаахад бид ийм байдаг юм шиг итгэчихдэг. Бид ядаж л бодит үйлдэл, баталгаатай эх сурвалжинд итгэж үнэмшвэл тун сайн юмсан.
Гараар халдвар дамжин тархаж буйг хэн нэгэн их мэдэгч зохиогоогүй юм.
Гар угаах, халдваргүйжүүлэх арга нь 200 жилийн турш судалгаа шинжилгээгээр батлагдаж өдий хүрсэн түүхтэй. Маш олон судалгаа, туршлагын үр дүнд шинжлэх ухаан гараар халдвар дамжиж тархах боломжтой гэдгийг нээхийн зэрэгцээ үр дүнтэй халдваргүйжүүлэх технологийг сайжруулж ирсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл 200 жилийн өмнө хүн төрөлхтөн гараар халдвар дамжиж бас тархаж буйг мэдэхгүй учраас халдварт эмгэгээр ихээхэн өвчилж улмаар нас бардаг байв.
Анх 1846 онд Венийн нэгдсэн эмнэлгийн Унгар эмч Семмелвейс нь халдвар нэгээс нөгөөд гараар дамжин халдварлаж буйг тогтоожээ. Тухайн үед задлан шинжилгээнээс орж ирсэн эмч нар эх барихад халдвар авах магадлал хэд дахин нэмэгдэж, улмаар төрсөн нярай халдвар авдаг байсан аж.
Өөрөөр хэлбэл задлан шинжилгээнээс төрөх тасагт орж ирсэн эмч нарын гараар халдвар дамжиж буйг Семмелвейс эмч ажиглаж эхэлжээ.
Халдвар авсан нярай өндөр халуурч, сепсисын хүндрэлээр нийт нярайн 20% гаруй хувь нь нас бардаг байв. Харин эмч нар задлан шинжилгээнээс шууд орж ирээгүй үед нярайн нас баралт их бага хувьтай байгааг ажиглаж мэдэв. Улмаар задлан шинжилгээнээс орж ирсэн эмч нарын гарыг хлоржуулсан уусмалаар угааснаар төрөх тасагт нярайн халдварын шалтгаантай нас баралтыг 3% хүртэл бууруулж чадахын зэрэгцээ гараар халдвар дамжиж тархах боломжтойг анх удаа тогтоосон ажээ.
(Зураг дээр дарж томруулж үзнэ үү)
Улмаар гар угаах, халдваргүйжүүлэх аргын талаарх судалгаа эрчимтэй хийгдэж, улмаар 1980 онд гар угаах үндэсний удирдамжийг улс орнууд гаргаж мөрдөж эхэлсэн билээ. Ийм зүйлд л ард иргэд итгэж үнэмших дадалтай болчихвол бид урт наслахын зэрэгцээ улс орон минь сайхан хөгжих байх хэмээн би хувьдаа бодох юм. Анагаах ухаан маш их судалгаа, туршлагын үр дүнд нотолгоонд суурилсан байдлаар хөгжиж үнэн байх магадлалыг нэмэгдүүлэхээр хичээж ирсэн түүхтэй.
Жишээлбэл, Зүрх судасны эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд дунд эрчимтэй дасгал хөдөлгөөнийг 7 хоногт хамгийн багадаа 2.5-5 цаг хийх хэрэгтэй, эслэгтэй хоол хүнсийг өдөр бүр хэрэглэх хэрэгтэй гэдгийг гаргаж ирэх гэж олон арван жилийг зарцуулж ирсэн түүхтэй.
Та бид нарын гар өдөр бүр олон төрлийн гадаргуутай шүргэлцэж, гадаргуу дээр орших түмэн янзын бактери, вирус, бохирдлыг гартаа нааж өөртөө болон бусдад халдвар үүсгэгчийг дамжуулах боломжтой байдаг. Эмнэлгийн ажилчид төдийгүй ард иргэдийн гараар дараах бактери, вирус дамжин халдварлах боломжтой байдаг. Тухайлбал, staphylococcus aureus, streptococcus pyogenes (Group A), enterococcus, klebsiella, enterobacter, pseudomonas, candida, rotavirus, adenovirus, hepatitis A virus, norovirus гэх мэт. Тухайлбал, гарны 1 см2 арьсанд ойролцоогоор 100-1,000,000 бактери вирус агуулдагдаж, хумсны хирэнд 39,000-460,000 бактери, вирус оршиж байдаг.
Аливаа вирус бактерийн халдвар гараар дамжих, тархах боломжтойг бид ойлгож авлаа.
Тухайлбал, хүүхдийн гарыг угаалгаснаар суулгалт эмгэгээр өвчлөх эрсдэлийг 40% бууруулах, амьсгалын замын эмгэгээр өвчлөхийг 20%-аар багасгах ач холбогдолтой. Дэлхийд жил бүр суулгах эмгэг, уушгины хатгалгаанаас шалтгаалж 0-5 насны 1,8 сая хүүхэд нас бардаг.
Харин энэ цаг үед дэлхийд шинэ төрлийн вирус тархаж олон хүний амь насыг авч одож байна. Энэ вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, дамжин тархах боломжийг хязгаарлах үр дүнтэй аргын нэг бол яах аргагүй гар угаах, халдваргүйжүүлэх дадал юм. Гэхдээ гараа хамгийн багадаа 20 сек угаахыг Стэнфорд их сургуулийн эрдэмтэн зөвлөж байна.
Яагаад гэвэл ингэж сайн угааж байж энэ жижиг вирусыг гараас зайлуулж чадна гэсэн үг. Харин хүмүүсийн 95% нь 20 сек хүрэхгүй хугацаанд угаах нь бидний бодсон шиг хангалттай үр дүнд хүргэхгүй байна хэмээжээ.
Та бүхэн эрүүл мэнддээ анхаарахдаа баттай эх сурвалж, нотолгоонд суурилсан байдлаар хандахыг хүсье.
Та бүхэндээ сар шинийн мэнд хүргэе.
Монгол хүн бүр эрүүл байг!
Эмч Ц.Сумъяа
Эх сурвалж: WHO Guidelines on Hand Hygiene in Health Care