Ойрх Дорнодын хямрал, коронавирус, Цагаан сар, тэтгэврийн зээл тэглэлт зэрэг олон эерэг, сөрөг үйл явдлаар дүүрэн 2020 он эхлэв.
Тэтгэврийн зээл тэглэлтийн хувьд нийгэм хэдий хоёр талцсан ч ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр шийдвэр нэгэнт гарсан. Хэдийгээр шударга бус хуваарилалт бүхий улс төрийн шийдвэр байсан ч ядаж л хэдэн хөгшид маань Цагаан сараар нэг магнай тэнийх нь гэсэн хүлээлттэй байв. Гэвч ахмадуудын 90 хувь нь өөртөө зориулан тэтгэврээ АВДАГГҮЙ гэх судалгаа үнэнээс өчүүхэн ч зөрсөнгүй.
Та бүхэнд дундаж монгол өвөө болох Дондов гуай дээр жишээ татан хүргэе.
Энэхүү шийдвэрийг сонсоод магнай нь тэнийсэн хүний нэг бол Дондов гуай юм. “Төрийн минь сүлд өршөөг. Монгол минь нялхас, өтгөсөө тэтгэх төртэй л байгаа юм байна. Муу хүүхдүүдтэйгээ дандаа хамт байх биш, энэ жил Цагаан сараа өнгөтэй, өөдтэйхэн шиг тэмдэглэе байз” хэмээн дотроо их л олзуурхан бодов. Удалгүй шинэ сар гарч, Дондов гуай банк руу яаран очих нь тэр. Удтал оочирлосны эцэст Дондов гуайн ээлж ирэв.
Дондов өвөө: Тэтгэвэр орж уу охин минь?
Банкны теллер: Таны тэтгэврийн дансанд 365 мянган төгрөг орж ирээд бүгдийг нь авсан байна.
Дондов өвөө: Одоо юм алга уу?
Банкны теллер: Дөрвөн мянган төгрөг л байна. Таны карт хүүхдүүдэд чинь байдаг уу?
Дондов өвөө: Тийм ээ, одоо хэзээ мөнгө орж ирэх вэ?
Банкны теллер: Дараагийн сард л таны тэтгэвэр орж ирнэ дээ.
Дондов өвөө: Охин минь, үлдсэн дөрвөн мянгыг нь авья.
Дондов гуай эргэж харан уртаар санаа алдаад "Эвий муу хүүхдүүдэд минь хэргээ өгч байвал би ч одоо яахав дээ. За тэгээд хэдэн төгрөг авлаа гээд би юу ч авах билээ" хэмээн тэрхэн хугацаанд сэтгэлээ засан гарч одов.
Энэ хэсэг зураглалыг харвал нүд хальтрам. Үнэндээ Б.Лхагвасүрэн агсаны ҮР МОГОЙ хэмээх зохиол толгойд шууд бууж байв. Хэсгээс нь сийрүүлбэл,
“Үлгэр домгийн өлсгөлөн могой
Үмх ч хоолгүй өлсгөлөн могой
Эрлэгийн элчтэй дэр хувааж хоносон
Эхийнхээ хөлд нойрссон “үр”
Эвхсэн биеэ хилэнтэй задалж
Унтаад сэрсэн нойрмог орчлонг бэргэтэл
Улайссан зэс шиг нүдээр сүлбэж
Эцсийн хоолондоо ам хүрч
Эхийгээ хөлөөс нь залгиж эхлэв
Хальж байгаа амь эргэх шиг
Халуу дүүгэн эхийн хөл бүлээцэв
Бүрэг барагхан ухаан орсон эх
Би үртэй хүн юм аа гэж бодов
Биеэ эвхрээн улангасан залгих могой
Бэлхүүсийг нь хүртэл эхийгээ залгив
Хэсэгхэн эгшин харвасан хойно
Хэвлий нь бүлээн оргиход
Өсгөөд өгчихсөн байхад
Өтлөхөд хөл хучдаг нь үнэн юм аа” хэмээн үргэлжилдэг.
Сэдэв рүүгээ эргэн ороход зээлээ тэглэсэн ахмадууд дахин 6 сарын хугацаатай зээл авах боломж нь бүрдэнэ. Магадгүй Дондов гуайг ирэх сард очиход нь "Таны нэр дээр зээл авчихсан байна" гэж хэлэхэд гайхах зүйлгүй.
Зээлээ тэглүүлсэн ахмадууд дахин зээл авахад 300 тэрбум төгрөг орчим болж байв. Харин энэхүү мөнгө нь дахин хэн нэгэн ҮР МОГОЙ-н хоол болох биз ээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!