Индэр    
2020 оны 1 сарын 10
Зураг
Эдийн засагч, шинжээч

БУЯН юм аа, ТА НАР МИНЬ...

Зураг
Гэрэл зургийг Mpa.mn
00:00 00:00
БУЯН юм аа, ТА НАР МИНЬ...
Sara, ikon.mn - text to speech

Буян юм аа, та нар минь. Эцэг, эхийнхээ ачийг хариулж чадаагүй байхад тэтгэврийн зээлийг нь тэглэж өгөх гээд л бодол санаагаа чилээдэг. Зээлийг нь тэглэх гэж байхад хэн үгүй гэх билээ. Хүүе, боломж байгаа дээр нь тэглээд авъя л гэнэ. Та хэд үнэхээр ачилж чаддаг л юм байна. Үнэхээр буян юм аа.

Гэснээс манай хажуу талын Дорж хүүгийнхээ сургалтын төлбөр төлөх гээд ээжээрээ тэтгэврийн зээл авахуулсан, харин бага ангийн Болдоо машин авах мөнгөндөө нэмэр болгож ааваараа тэтгэврийн зээл авахуулсан. За гэх мэтээр цуварч өгнө дөө. Энэ зүгээр ч нэг жишээ биш.

Статистик сөхвөл, Монголын Ахмадын Холбооны авсан судалгаагаар ахмадуудын 70 хувь нь өөртөө зориулан тэтгэврийн зээл авахыг хүсдэг гэжээ. Тэгэхээр энэ зээлийн хоёрдогч эзэн үргэлж байдаг. Тэр цаад талд нь нуугдаж байгаа. 

Тэтгэвэр тэглэсний дараа юу болох вэ?

Яг Энхболдыг огцруулсны дараах өдрийг санаж байна. Их сайхан цэлмэг өдөр байсан шүү. Шударга бусын хонгил байхгүй ч юм шиг санагдаад сэтгэл ч тэнийх шиг... 

  • 20 саяын тэтгэврийн зээлтэй настнууд овоо доо гэж бодно, 
  • 10 саяын тэтгэврийн зээлтэй настан болж дээ гэж бодно,
  • 1 саяын зээлтэй настан яах вэ дээ гэж бодно.
  • Харин тэтгэврийн зээлгүй настнууд арай ч дээ л гэцгээх болно. 

Эмзэг давхарга, тодорхой зорилтот бүлэгт л халамжийн бодлого хэрэгжүүлдэг. Гэтэл өнөөх эмзэг давхарга руу чиглэсэн бодлого хаана байна? Мэдээж байхгүй.

Дор хаяж 1 сая төгрөгөөс дээш тэтгэвэртэй хүмүүс л 15, 20, 30 сая төгрөгийн зээл авах боломжтой. Гэвч эдгээр зээлдэгчид нийт зээлдэгчдийн ердөө 9.4 хувийг л бий болгож байна.

Зээлгүй ахмадуудын хувьд 2021 оноос урамшуулал авах боломжтой гэжээ. Хэрвээ МАН сонгогдохгүй бол урамшуулал байхгүй юу?

Тэтгэврийн зээл тэглэх нь импортыг л дэмжинэ. Тэтгэвэр тэглэсний дараа дахиад манай хүүхдүүд аав, ээжийгээ холгоно. Эсвэл аав, ээж нь тэтгэвэр тэглэсэн баяраа тэмдэглэх гээд цагаан сараа нижгэр сайхан тэмдэглэнэ. Ямар ч нөхцөлд тэр мөнгө нь импортын барааны төлбөрт Хятад руу л урсана. Эцэст нь манай хэдэн худалдаачид бараагаа өсгөж, юмны үнэ өснө. 

Тэтгэврийн дампуурсан систем өөрчлөгдөхгүй. Үүлэн чөлөөний нар гэдэг шиг тэтгэврийн системд ганц удаа л нар гарна. Харин дараа нь гамшиг дахин үргэлжилсээр байх болно.

Яг түүн шиг нэг удаа зээл тэглэсэн, дараа нь ахмадууд дахиад л 300 мянган төгрөгөө авна. Тэр үед нь харин юмны үнэ өсчихсөн, ногооны ханш нь тэнгэрт тулчихсан. Өмнө нь 300 мянгаараа болгодог байсан бол тэр үед чадахгүй. 

Улс төрчид хүссэнээ авна. Харин та хэд хүссэн саналаа авна. Эрх мэдэлтэйгээ үлдэнэ. Салхит байтугайг нь гусна, иднэ, ууна. Учир нь та хэдэд ямар үнийн өсөлт нөлөөлөх биш. Та хэд чинь Монголын эмзэг давхарга биш эзэрхэг давхарга нь юм чинь.

Дор хаяж 223 мянган зээлтэй ахмадын цаана 1 хүүхэд байдаг гэж үзвэл 400, 500 мянган хүний санал зүгээр л сул ороод ирнэ. Ялангуяа хөдөө орон нутагт мандатаа нэмчихсэн болохоор шүү дээ. 

Аан тийм. Салхитаас гарах 5 хувийн хүүтэй бондыг хэн ч тоож авахгүй. Бодлогын хүү 11 хувьтай байхад ямар банк авах юм. Ямар ч ашгийн байгууллагад ашиггүй. Тиймээс л Монголбанк алдагдлыг нь үүрч, зах зээл рүү мөнгө хэвлэнэ гэсэн үг. 

Халамжаар хүн алдаг системийг бид Америкийн Индианчуудаас харж болно. 

АНУ-д ойролцоогоор 3.1 сая Индиан амьдардаг байна. Тэдний ихэнх нь нийгмийн халамжид амьдардаг тул бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон. Ажил хайх шаардлагагүй, хангалттай орлогогүй учир сургууль соёлд хамрагдахгүй, эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй. Өөрөөр хэлбэл, Америк тэднийг халамжаар устгаж байна. 

Магадгүй Индианчууд Колумбусийн Америкийг нээсэн тэр өдрийг үзэн ядацгааж байгаа биз. 

Эцэст нь улстөрчдөд хэлэхэд, төрийн ажлыг энэ удаад ямар түргэн шуурхай явуулсан бэ? Бүх зүйлс ногоон шугамаар л яваад өнгөрлөө. Хүссэн зүйлсээ та нар чадах юм аа. Бид өөрсдийнхөө тэнэг, мунхагтаа гомдохоос өөр яахав дээ. 

 

Буян юмаа та нар, өөр юу хэлэх билээ.