Индэр    
2020 оны 1 сарын 3
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Тэтгэврийн зээл тэглэлээ гээд ахмадуудад ашигтай юу?

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Тэтгэврийн зээл тэглэнэ гээд ахмадууд баяртай байгаа нь мэдээж.

Харин ахмадуудаас илүү баяртай байгаа хүмүүс нь аав, ээжийнхээ тэтгэврийн мөнгийг зээлүүлж аваад амь зогоодог ажилгүй нөхдүүд гэдэгт итгэлтэй байна. 

Учир нь тэтгэврийн зээл авсан ахмадуудын ердөө 20 хувь нь л мөнгөө өөрсдөдөө зарцуулдаг бол 40 хувь нь хүүхдүүддээ, 36 хувь нь гэр бүлдээ, дөрвөн хувь нь хамаатан садандаа өгдөг. МУИС-ийн Эдийн засгийн ухааны доктор, профессор Л.Оюуны 2016 онд хийсэн ахмад настнуудын тэтгэврийн зээлийн талаарх судалгаанд оролцсон 2,374 өндөр настан ийн хариулж байжээ. Тэдний зарим нь нийслэл, зарим нь орон нутгийнх. Энэ дүр зураг төдийлөн өөрчлөгдөөгүй болов уу. Энэ талаар өөр дорвитой судалгаа ч байхгүй гэдгийг ХНХ-ын Сайд С.Чинзориг батлан хэлсэн

Түүнээс өмнө гэвэл, 2015 онд Хүний эрхийн үндэсний комиссоос “Ахмад настны нийгмийн хамгаалал ба хүний эрхийн асуудал” нэртэй судалгаа хийж тайлагнасан байдаг. Уг тайланд “Ахмад настны хувь тэнцүүлсэн тэтгэврийн дундаж хэмжээ 283,800 төгрөг. Ахмадуудын 95 хувь нь зөвхөн тэтгэврээр, 5 хувь нь тэтгэврийн болон бусад орлогоор амьдарч байна. Зөвхөн тэтгэврээр амьдарч буй ахмадуудын 90 хувь нь тэтгэврийн зээлтэй. Тэтгэврийн зээлийн 78 хувийг ахмадууд гэр бүлдээ зориулдаг” гэсэн Монголын ахмадын чөлөөт холбооны судалгаанаас эш татсан байгааг үзвэл тэтгэврийн зээл ахмадуудын халаасанд 100 хувь очдоггүйг илтгэнэ. 

Түүнээс гадна Л.Оюун багшийн судалгаанд оролцсон ахмадуудын 64 хувь нь тэтгэврийн зээл гурваас дээш удаа авч байсан бол 28 хувь нь хоёр удаа, найман хувь нь нэг удаа авсан гэж хариулсныг дурдах хэрэгтэй.

Зээлийн зориулалтынх нь талаар асуухад ихэвчлэн хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, эсвэл хүүхдүүдээ өрх тусгаарлахад нь тусалсан хэмээн хариулжээ. Гэр бүлийн хэрэгцээнд зориулсан зээл нь цахилгаан бараа, машин, тавилга сэлт авахад зарцуулагдсан бол хамаатан саданд зориулсан зээл нь бэлэг, дэмжлэгт зориулагдсан аж. Өөртөө зарцуулсан хэмээн хариулсан ахмадуудын тухайд яаралтай эмчилгээний мөнгө хэрэг болсон хэмээн хариулжээ. Өөрөөр хэлбэл, ахмад настнууд өвдөж, эмчилгээний зардалд амь тулахгүй бол зээл авах шаардлага өөрсдөд нь байдаггүй гэсэн үг. Учир нь судалгаанд оролцсон өндөр настнуудын 84 хувь нь тэтгэврийн зээл санхүүгийн хувьд ашиггүй буюу түүгээрээ орлого бүтээгээгүй, ашиг аваагүй гэж хариулсан байгаа юм.   

Харин 2019 оны нэгдүгээр сараас Монголбанк өр орлогын харьцааг 70:30 болгосноор тэтгэврийн зээлтэй ахмадууд ядаж 30 хувиа гар дээр бэлнээр авдаг болсон. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын он солигдох мөчид хэлсэн мэндчилгээ иргэдийг талцуулаад байна. 

Тэтгэврийн зээлийг тэглэлээ гээд ахмадуудад ашиггүй гэдгийг дээрх тоонууд харуулж байна. Яагаад гэвэл үр хүүхдүүд нь эцэг, эхээ шалж, дахиад л зээл авахуулна. Мөнгийг нь өөрсдийнхөө хэрэгцээнд зарцуулна. Эргээд хэрэглээнийх нь мөнгийг бүрэн өгөхгүй, өндөр наснтнууд орлогогүй хэвээр үлдэнэ. Харин 776 тэрбум төгрөг ямар ч үр ашиггүй хийссэнтэй ялгаагүй болно. 

График. Тэтгэврийн зээлийн үлдэгдэл, 2019 оны 11-р сарын байдлаар, Эх сурвалж: Монголбанк 

Үүний оронд тэтгэврийн зээлтэй байж байгаад хорвоог орхисон ахмадуудын зээлийн үлдэгдлийг өв залгамжлуулдаг тэнэг тогтолцоогоо өөрчилсөн бол илүү бодитой байх байлаа.

Өндөр настан Жамъяндорж ханийнхаа хамт насаараа хөдөлмөрлөж, улсдаа татвараа төлсөн ч өвдөж зовсны улмаас тэтгэврийн зээл авсан байж байгаад өөд болжээ. Харин энэ зээлийг нь Жамъяндорж гуай өөрийнхөө тэтгэврээр төлж, өөрөө орлогогүй гурван жилийн нүүр үзэж буйгаа ярьсан байсан.

Энэ байдлыг залруулж, адаглаад тэтгэврийн зээлийн хүүг бууруулах шийдвэр гаргасан бол амьдралд илүү ойр байх байлаа. Учир нь ирээдүйд авах тэтгэврээ хөдөлмөрлөж олсон мөнгөнөөсөө хуримтлуулсан өндөр настнууд насны эцэст энэ мөнгөө урьдчилж авсныхаа төлөө маш өндөр хүү төлж байгаа нь үнэн билээ. 

Судалгааны үр дүнд Ерөнхийлөгч ба ҮАБЗ-өөс эсрэгээрээ буюу "Тэтгэврийн зээл олгох шаардлагагүй" хэмээн үзэж буйгаа Л.Оюун багш тухайн үед ярьж байв.