Долоон өндөгтэй доголон шаазгайн үлгэр үнэнд ингэж ойртох гэж... Тэтгэврийн зээл тэглэх тухайд бид итгэх ёстой юу.
Үлгэрийн хэсгээс сийрүүлбэл,
Эрт урьд цагт доголон шаазгай хөвч их ойн захад өвс мөчир, унгас ноос цуглуулж барьсан үүрэндээ долоон ногоон өндөгтэйгөө амар жимэр аж төрж байжээ. Гэтэл нэг өдөр аргат шар үнэг сүүлээ шарвалзуулан шүлсээ савируулан хүрч ирээд суугаа модыг нь тойрон тойрон шогшиж байснаа:
- Долоон ногоон өндөгнөөсөө нэгийг нь надад өгөөч. Дов сундуулаар гүйсээр байгаад өлсөж гүйцлээ, гэж гэнэ.
- Өндөгнөөсөө чамд өгөхгүй, өр зүрхнээсээ тасалж төрүүлсэн юм гэж шаазгай өндөсхийн шагширтал
- Өндөгнөөсөө өгдөггүй юм бол үйлийг чинь үзэж, алсын тоосыг татуулж ирээд алтан улиасыг чинь хуга мөргөнө дөө хэмээн үнэг сүрдүүлж үсчин харайж модных нь энд тэнд гараад нэг л биш.
- Шаазгай харин сүрдүүлэгт нь итгэсээр, өндгөө ч өгсөөр эцэст нь ганцхан өндөгтэй үлддэг.
Гэвч үнэгэнд хэзээ ч алсын газраас тоос татуулан ирэх туурай, алтан улиасыг хуга мөргөх эвэр, арвагар өдийг нь зулгаах сарвуу байсангүй. Харин түүнд нь шаазгай 6 удаа итгэсэн хэрэг. Бид ч 7 сонгуулийн ард гараад байна. Яг шаазгай шиг төдий удаа итгэсэн хэрэг.
Монгол телевизийн зүгээс 22,000 хүнээс авсан онлайн санал асуулгаар 73 хувь нь зээл тэглэх нь зөв гэжээ. Мэдээж олон ахмадын магнай тэнийлгэх шийдвэр гэдэгтэй хэн ч маргахгүй. Өнөөдөр ахмадуудын тэтгэвэр бага, тиймдээ ч зээл авчихдаг. Гэхдээ тэд тэглэж чадах уу?
2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар тэтгэврийн зээлийн үлдэгдэл 776 тэрбум төгрөг байна. Энэ нь
Ийм их мөнгийг төсвөөс гаргана гэдэг бүтэхгүй. Боломж ч байхгүй. Төсвийн орлого нь урьдчилаад бүх урсгал, хөрөнгийн зардалдаа төлөвлөгдсөн. Төлөвлөгдсөн, ашиг сонирхол шингэсэн мөнгөнөөс булаах боломж гэж үгүй. Магадгүй тэд аль нэг ордыг ашиглах тухай ярих биз. Яг 2018 онд Таван толгойн орлогыг ашиглаж байгаад зээлийг нэг удаа тэглэнэ хэмээн олны санал хуу хамдагтай адил.
Бэлэн мөнгө тараах нь нийгэмд хортой болохыг баталсан олон судалгаа байдаг. Тухайлбал, Алеск мужид орших индианчуудад зориулан тараасан бэлэн мөнгө нь тэднийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургаснаар амиа хорлолт, ядуурал, архидалт улам газар авсан байдаг.
Манайх төр 2008 оныг хүртэл ганцхан Эрдэнэтийг сааж мөнгө олдог байсан учир сонгуулиар төдийлөн мөнгө амлаж чаддаггүй байсан. Харин 2008 оноос Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон ордуудыг ашиглаж эхэлснээр төсөв хэд дахин томорсон. Тэд ч мөнгө амлаж эхэлсэн. Өдийг хүртэл төсвийн орлогын 30 хувьтай тэнцэх мөнгийг ард түмэндээ тараажээ.
12 жилийн өмнө:
Юу өөрчлөгдөв? Юу дээрдэв? Хэчнээн олон шалтаг хэлээд бид эдгээр тооноос бултаж чадахгүй.
Асуудлын суурь шалтгаан руу оръё. Суурь шалтгааныг нь шийдье.
Өнөөдөр олон мянган Дулам эмээ, Дорж өвөөгийн зээлийг тэглэх нь сайхан ч тэдний тэтгэвэр бага үед зээл авсаар л байна. Авдаг жаахан тэтгэврийг нь ахиухан болгох систем рүү шилжихгүй бол хэзээ ч энэ тойргоос гарч чадахгүй.
Тиймээс шаазгайнууд минь үнэгэнд итгэхээ болиод эртхэн ирээдүйгээ бодоцгоовол яасан юм бэ?
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!