Эргүүлээд та нийгэмдээ юу өгч чадах вэ?
Үнэхээр эмгэнэлтэй ч юм шиг зүйл байх юм.
Тэр юу вэ гэхээр бараг бүгд л энэ улсаас холдохыг бодож байна. Зарим нь боломжтой, зарим нь боломжгүй. Гэхдээ боломж нь гарвал явахад бэлэн. Ойлгож байна л даа. Та ч гэсэн сайхан амьдармаар л байгаа. Ойлгож байна. Та ч гэсэн жаргаж инээмээр л байгаа. Харин Монголд амьдрал тийм ч сайхан биш л байна.
Монголд амьдарч буй сая сая хүний амьдралыг ердөө зэс, нүүрс гэх хоёрхон амьгүй зүйл л шийдэж, түүнийг нь дагасан их хэмжээний асуудал явж байгаа. Тэр ч бүү хэл авилга, ашиг сонирхлын зөрчил зэрэг нь манайд норм болжээ. Заримдаа бүр энэ улсад боловсрол гэдэг зүйл үнэгүйдэж, шинжлэх ухаан хэнд ч хэрэггүй болсон мэт санагдах юм.
Үгүй гэхдээ тэглээ гээд яадаг юм? Тэглээ гээд бид улсаа орхин явах нь зөв үү? Бид явлаа гээд бусад нь яана гэж? Явж чадахгүй хүмүүсийн хохь болох гэж үү? Хамтдаа нэг шаварт байж байгаад ганцаараа, гартаа булчинтай болохоороо гараад явна гэж үү? Ард тань 3.3 сая хүн үлдэнэ шүү дээ? Таны төрөл төрөгсөд ч байгаа. Та хэрэв булчинтай юм бол бүгдийг нь гаргаж болохгүй гэж үү?
"Монгол Улс угаасаа бүтэхгүй байна. Ийм газраас явах минь" гэж хэлэхдээ өөрөө Монгол Улсын иргэн биш юм шиг ярих юм. Та ч, би ч монгол шүү дээ. Өнөөдрийн манай эдийн засаг ийм сул хөгжилтэй, нэг хүнд ногдох ДНБ багатай байгаа нь та бидний л буруу биш гэж үү? Хоёулаа үүний өмнө хариуцлага хүлээхгүй юу?
Та бид хариуцлага хүлээх ёстой. Та бид хамтдаа маш олон өөрчлөлтийг хийж, энэ улсыг дахин нэг шат ахиулах хэрэгтэй. Та санал нийлж байна уу?
Залуучуудаа битгий зугтаа л даа. Тэгэх үү? Аанха, ойлгож байгаа. Та удахгүй гадагшаа сургуульд эсвэл ажиллахаар явах гэж байгаа. Тийм болохоор энд түр л ажиллаж байгаа.
Гэхдээ та биднийг өдий зэрэгт хүргэх гэж өмнөх үе маань зөндөө л хөдөлмөрлөсөн байх. Зөв бурууг шүүж мэдэхгүй юм. Зөндөө л алдаа байсан байх. Ямартай ч энэ хүртэл явчихсан юм чинь одоо хэдүүлээ дэлбэртэл нь хөдөлмөрлөөд, өөрчлөөд, сайжруулаад явъя л даа тэгэх үү?
Ойлгож байна л даа, та бол ямар нэгэн үсгээр илэрхийлэгдсэн үеийн, гайхамшигтай хувь хүн, интернэтээс Голливудын одод юу идэж буйг харж чаддаг болсон гайхамшигтай үеийнхэн. Гэхдээ яг тань шиг гэртээ суугаад үүнийг үзэх байсан 3 хүн тутмын нэг нь тэнд амьдрал үзэн өлсөж байгааг ойлгож байгаа юу? Эсвэл дэлхийн дулааралд санаа зовоод хажуугийн гудамны хүн нүдэнд тань үзэгдэхгүй байна уу? Хэдүүлээ одоо нэгнээ элдвээр сэдэлжүүлж, юу идэж буйгаа хуваалцахаа багасгаад бодитой зүйлс дээр хамтдаа дуугарч, боломжоороо тусалбал ямар вэ?
Улсдаа гомдоод байлгүй, зүгээр л сайжруулаад явчихъя. Танаас л хамаараад буй шүү дээ. Өөрийгөө битгий голоорой. Та угаасаа чадна. Чадах ч ёстой юм. Өөр хүн алга байна шүү дээ. Үнэхээр энэ улс чинь залуусаар, залуусын оролцоогоор, залуусын дуу хоолойгоор, залуусын хөдөлмөрөөр дутаад байна шүү.
Залуу хүн танаас шууд өөрт тань хамааралгүй зүйл хүсэхээ больё. Өөрийгөө өөрчлөөч гэж хүсье. Үүнд тань зориулж өөрийн бодож явдаг зүйлсээс хуваалцъя.
Өнөөдрөөс гадна өөрийнхөө ирээдүйг өөрчлөх гээд үзвэл ямар вэ? Хэдүүлээ хамтдаа тэтгэврийн системээ шинэчлэх гээд үзвэл ямар вэ? Манай хэдэн найзууд хамтдаа “Тэтгэврээ аваръя” гээд Facebook хуудас үүсгэн тодорхой мэдээлэл хүргээд ажиллаад байгаа. Зүгээр л сайн дураараа, нийгэмд сайн сайхан зүйлс цэцэглэг гээд л үзээд байна.
Та үүнийг бусдад түгээх үү?
Бид нэг зүйл итгэж буй нь Монгол улс ингээд л бусдын дор яваад байж болохгүй. Бид дэлхийн хамгийн шилдэг системээс суралцаж, өөрсдийн сайн тэтгэврийн системтэй болно гэж итгэсэн юм. Тийм болохоор одоогийн эв хамтын системийг буруу гэж үзсэн. Та юу гэж бодож байна?
Тэгэхээр ийм юм билээ. Манай тэтгэврийн даатгалын сан сүүлийн 7-н жил дараалан алдагдалтай ажиллаж буй. Дээр нь зарим мөнгөө дампуурах гэж буй банканд хийгээд алдчихсан юм билээ. Гэхдээ тэр чухал биш. Гол нь өнөөдөр НДШ төлж буй хүмүүсийн мөнгөөр нэг ч хуримтлал үүсгэж, хөрөнгө оруулалт хийхгүй байгаа юм. Харин дэлхийн №1 гэгдэх Нидерландад бол “Гурван тулгуурт” тэтгэврийн системийг бүрдүүлжээ.
Тэр нь манайх шиг улсын суурь тэтгэвэр байх бөгөөд үүнийг нь нэг дэх тулгуур гэх юм. Үүнээс гадна давхар хувийн тэтгэврийн сангууд байдаг ба тэдгээрийг 2 ба 3-р тулгуур гэдэг аж. Нидерланд иргэн 4.9 хувийг улсдаа төлөх бөгөөд 16 хувийг өөрийн хувийн тэтгэврийн сандаа төлдөг ажээ. Улмаар тэрхүү төлсөн мөнгөөрөө тэд томоохон корпорацуудынхаа эзэн нь болдог юм. Санаанд бууж байна уу? Зүгээр л ажлаа хийгээд явж буй залуу цаагуураа улсынхаа хамгийн том компанийн эзэн нь байна гэхээр. Гоё байгаа биз. Тэд ийм л агуу системийг үүсгэсэн байгаа юм. Харин манайх 19 хувь улсад төлөх боловч юун компанийн эзэн болох, буцаагаад тэтгэвэр авах нь ч эргэлзээтэй. Гэхдээ байнга л энэхүү хувийг нэмж байна.
Үгүй ер нь бид л өөрчлөхгүй бол өөр хэн өөрчлөх билээ? Яагаад ч юм нээх ухаантай гадны хүн ирээд, яагаад ч юм биднийг нээг их өрөвдөөд өөрчлөхийг хүлээх юм уу? Уг нь энэ асуудал дээр хуулийн өөрчлөлт, зохицуулалтын журам гаргахад л болох гээд байгаа шүү дээ. Бичиг цаасны л ажил. Өөр юу ч биш. Бид хамтдаа яг нэгэн дуугаар энэхүү шаардлагыг удирдах хүмүүст хүргэж чадвал тэд ажлаа хийхгүй гээд хаачих билээ. Үгүй ядаж бүгдээрээ “Тэтгэврээ аваръя” хуудсаа олон хүнд хүргэхэд тусалъя л даа.
Жил бүр 9 сая хүүхэд 5 нас хүрэлгүй нас бардаг. Африкийн тивийн өмнөд хэсэгт төрж буй 30 эмэгтэй тутмын нэг нь төрөхийн хүндрэлээр нас бардаг /Өндөр хөгжилтэй оронд энэ нь 5600-д нэг байдаг/. Африкийн 25 оронд дундаж наслалт 55-с доош байна. Энэтхэгт 50 сая гаруй хүүхэд бичиг үсэггүй явж байна. Бид ганцаараа зовлонтой биш байгаа биз? Та ч ялгаагүй, би ч өөрцгүй, дэлхийн 7.7 тэрбум хүний л нэг.
Тэднээс зарим нь биднээс сайхан амьдардаг, зарим нь хүндхэн амьдардаг. Тэд ч бид ч адилхан уурладаг, гунигладаг, бодож сэтгэдэг хүн. Бид юугаараа ч дутуу биш бас юугаараа ч илүү биш. Хятад, Монгол, АНУ, Замби, Финланд гээд хэн ч адилхан. Нөгөө л агуу 100-н тэрбум нейрон нь хоорондоо цэнэг дамжуулан бодож, нөгөө л биен дэх хэдэн бодис нь сэтгэл хөдлөл төрүүлж байгаа. Тийм юм чинь одооноос гадаад хүн гэхээр биднээс өөр гэж боддог, гаднын юм гэхээр биднээс агуу гэж боддогоо болих хэрэгтэй.
Нөгөө талаасаа өөрсдийгөө агуу ухаантай нтр гэж андуурдгаа бүр болих хэрэгтэй. Энэ хоёр туйл нь ямар ч утгагүй. Тийм юм чинь хоёулаа Монгол гэх жижиг бүлэгт харьяалагдах, Дэлхий гэх нэг гэр бүлд хамаарах хорвоо дээрх ухаант хүн гэдгээ бүрэн ухааръя. Тэгээд хамтдаа улсаа гоё болгоё. Цаашлаад дэлхийд тус нэмэр болъё. Тэгэх үү? Эхлээд хажуудхаа, тэгээд улам том цар хүрээгээр ажиллая. Монголд байгаа 28 хувийн ядуурлыг үгүй хийе. Дараа нь дэлхийн адагт үлдсэн тэрхүү 1 тэрбум хүнд тусалъя.
Яаж байна?
Нээрээ нэг өдөр Дэлхийн эдийн засгийн форум дээр бидний нэг нь Монголоо яриад сууж байх юмсан. Тэд биднээс суралцах гээд сонсоод шүү дээ. Та хэд яаж наад ядуурлаа бууруулав? Та нар ийм богино хугацаанд яаж энэ бүх асуудлаа шийдэж чадав? гээд асуулгаж байхсан.
Тэгээд л өөдөөс нь аан тийм тийм. Бид чадсан юм. Бид ядуурлаа бууруулчихсан. Аанха! бид тэтгэврийн асуудлаа бүрэн шийдчихсэн. Аанха! Тийм! Тийм! бид ингээд хөрөнгийн зах зээл хөгжүүлчихсэн юм. Тэгээд манай иргэн бүр хуримтлалтай, чадамжтай болчихсон юм. Аанха! харин тийм! Хүний хөгжлийн индексээр толгой цохиод байгаа биз? Тэгдэг юм даа. Бид ингээд шийдчихсэн юм... гээд л жинхэнэ өнөөдрийн Монголоороо гангарч суухсан... Тэгээд эцэст нь та бүхэн манай энэ бүх мэдлэг, аргачлалыг сурахыг хүсвэл Монгол хэл сурахаас өөр яах вэ дээ? Энэ бүх мэдлэг зөвхөн Монгол хэл дээр л бий... гэж томрохсон.
Видео:
Ном зүй: