Зураг
Зураг
Индэр    
2023 оны 8 сарын 17
Зураг
Эдийн засагч, Шинжээч

Г.Ганзориг: Иргэдээ банкны эзэд болгох ажил үргэлжилж байна

Зураг

Мандал Ассет Менежментийн Гүйцэтгэх захирал, эдийн засагч Г.Ганзоригтой ярилцлаа.

- Мандал Ирээдүйн Өсөлт хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулагдаад хоёр жил болсон санагдаж байна. Сангийнхаа үндсэн зорилго руу хэр дөхөж байна вэ?

Хамгийн анх 7,000 хөрөнгө оруулагч “Олны Хүч Оломгүй Далай” уриа үгийн дор нэгдэж, Мандал Ирээдүйн Өсөлт хөрөнгө оруулалтын сангаа үүсгэн байгуулж байсан. Тэрнээс хойш үйл ажиллагаа эрхлээд яг л 2 жил болж байна. Та сая сангийн үндсэн зорилгын тухай асуулаа. Иргэд хөрөнгө оруулалтын санд нэгдэж байж том компаниудыг задалдаг нь дэлхийн практик юм. Бидний сайн мэдэх Facebook, Samsung, Coca- Cola зэрэг дэлхийн корпорацуудын 70 гаруй хувийг иргэд нь эзэмшдэг. Тэд бүгд л хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Харин Монгол улсын Топ 100 компанийг нь 100 гэр бүл эзэмшдэг улс дэлхийд өөр хаана ч байхгүй. Ийм л учраас үндэсний топ корпорацуудыг задалж, өсөлтөөс нь хамтдаа хүртэж, иргэдээ хөрөнгөтэй болгох нь бидний эцсийн зорилго юм.

- Танай сангийн хувьд Банкнуудын IPO-д хэрхэн оролцов?

Системийн нөлөө бүхий банкнууд хуулийн хугацаандаа амжиж Олон нийтэд нээлттэй компани болсон. Бас л түүхэн үйл явдал. Бидний хувьд Төр, Голомт, Хаан банканд хөрөнгө оруулалт хийж, хөрөнгө оруулагчид маань Банкны эзэд болоод байна. Дэлхийн алдарт хөрөнгө оруулагч Уоррен Баффет сайн компаниудын хувьцааг хямд үнээр худалдан авахыг үргэлж зөвлөдөг. Сүүлийн нэг жилийн хугацаанд дотоод гэлтгүй гадаадын хөрөнгийн зах зээл уналтын байдалтай байна. Энэ цаг үед олон сайн компаниудын хувьцаа үнэлгээнээсээ доогуур зарагдаж байгааг онцлох хэрэгтэй байх.

Сангийн хувьд банкнуудын үнэлгээг харж байгаад хувьцааны багцаа аажмаар нэмэгдүүлээд явах төлөвлөгөөтэй байна. Мэдээж аль нэг банкны менежментэд оролцох бол цаг хугацааны асуудал шүү дээ. Ирэх 5 жилийн хугацаанд банкнуудын өөрийн хөрөнгө 2-3 дахин нэмэгдэх төсөөлөлтэй байна. Тэгэхээр хөрөнгө оруулалтын санд буй таны мөнгө хамгийн багадаа дээрх хэмжээгээр өсөх бүрэн боломжтой гэсэн үг. Мэдээж банкны хувьцаанаас гадна Монгол Улсын Засгийн Газрын бонд-г онцлох хөрөнгө оруулалтаар нэрлэж болно. Энэ бол дотоодын хөрөнгө оруулалтын сан анх удаа Засгийн Газрын Бонд-д хөрөнгө оруулалт хийсэн явдал.   

- Хөрөнгө оруулагчид хэзээнээс өгөөж хүртэж эхлэх вэ?

Хөрөнгө оруулалтын сан бол компаниас тодорхой хэмжээнд ялгаатай ойлголт. Компани бол дампуурах эсвэл татан буугдах хүртлээ тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс хувьцааны үнэ нь үнэлгээнд маш чухал. Хувьцааны үнэ унахад оруулсан мөнгөө алдаж, хувьцааны үнэ өсөхөд оруулсан мөнгөө өсгөнө.

Харин хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн үнэ тийм ч чухал биш. Зах зээл дээр үнэ нь унасан ч хөрөнгө оруулагчдын мөнгө өссөн хэвээр л байна. Өнгөрсөн 2 жил эдийн засгийн уналттай үе, банкны IPO-д оролцохтой холбоотой өгөөж хангалттай байгаагүй ч энэ жилээс эхлэн өгөөжийг огцом өсгөхөөр ажиллаж байна. Сангийн тухайд 10 жилийн хугацаатай үйл ажиллагаа явуулна. Тэр үед хөрөнгө оруулагчид өсгөсөн мөнгөө хуваагаад л авчихна. Энэ хугацаанд тухайн сангийн нэгж эрхийн зах зээлийн ханш өсөж эсвэл буурч л байдаг.

Мандал Ирээдүйн Өсөлт хөрөнгө оруулалтын сангийн тухайд хугацааны эцэст 200 тэрбум төгрөгтэй болох зорилттой ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, манай анхны хөрөнгө оруулагч нарын мөнгө дөрөв дахин өснө гэсэн үг. Тэгэхээр хөрөнгө оруулалтын санд мөнгөө хийсэн бол бид жил бүрийн өгөөжөөр дүгнээд байж болохгүй. Элон Масктай хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчид 8 жил ашиггүй ажиллаж байгаад сүүлийн 1 жилд нь өгөөжөө хэд дахин өсгөсөн байдаг. Энэ 8 жилийг хөрөнгө оруулагчдад ямар байсан гэж бодож байна. Мэдээж таатай байгаагүй ч тэд тэвчээртэй байх ёстойг сайн мэдэж байсан.

Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн үнэ тийм ч чухал биш. Зах зээл дээр үнэ нь унасан ч хөрөнгө оруулагчдын мөнгө өссөн хэвээр л байна.

Өнөөдөр бид 9,000 хөрөнгө оруулагчтай, өнөр айл болжээ. Цаашид ч хөрөнгө оруулагчид тогтвортой нэмэгдэнэ. Харин богино хугацаанд орсон цөөн хэдэн хөрөнгө оруулагч гарахаар яарсантай холбоотой нэгж эрхийн үнэ хөдөлж байна. Иймд тэвчээртэй байж, урт хугацаанд харж, бүрэн өгөөжөө аваад гарах нь чухал гэдгийг зөвлөмөөр байна.

- Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд хэн хяналт хийдэг вэ?

Хөрөнгө оруулалтын сангийн хувьд маш хатуу хяналт, шалгалт дор үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Хамгийн эхэнд Санхүүгийн зохицуулах хороог дурдаж болно. Уг байгууллага нь үнэт цаасны зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй. Сангийн хувьд улирал бүр санхүү, үйл ажиллагааны тайлан илгээхээс гадна тус байгууллагаас хяналт шалгалтыг жилд 1-2 удаа тогтмол хийж байна. Хамгийн сүүлд Улсын их дэлгүүрийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалагдсан кейсыг дурдаж болно. Тэгэхээр журмаас гадуур үйл ажиллагаа явуулсан тохиолдолд хуулийн дагуу хариуцлагаа хүлээлгэх, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээ авах бүрэн эрхтэй газар гэж ойлгож болно.

Нөгөө талаас Кастодиан банк нь тухайн хөрөнгө оруулалтын сангийн үнэт цаасны бүртгэлийг хөтлөх, холбогдох тайланг гаргаж, шаардлагатай тохиолдолд хөрөнгө оруулагчдад мэдээлэх чиг үүрэг бүхий газар юм. Тэгэхээр сангийн бодлогын баримт бичгээс бусдаар хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрөхгүй гэсэн үг. Нэг ёсондоо, сангийн мөнгөн хөрөнгийг санг удирдаж буй менежментийн компаниас тусгаарлан хадгалдаг. Энэ мэтчилэн сангийн үйл ажиллагаа нь ил тод, хатуу хяналтын дор ажилладаг. Монголд, олон улсад ч ялгаагүй. Олон улсын жишгийн дагуу л үйл ажиллагаа явуулж байна. Нэмээд хэлэхэд, манай хөрөнгө оруулалтын сангийн 10 жилийн хугацаатай үйл ажиллагаанд бид дор хаяж 1-2 удаагийн эдийн засгийн хүндрэлтэй тулгарах нь дамжиггүй. Иргэд сандарна, зах зээл хөдөлнө, улс төр савлана. Энэ бүхэн байх л үзэгдэл. Тэр бүхэнд бид урт хугацааны стратегиа баримтлан ажиллах болно. Эрсдэл багатайгаар урт хугацаанд өндөр өгөөжтэй ажиллах нь бидний хөрөнгө оруулагчдынхаа өмнө хүлээсэн үүрэг.

- Ярилцсанд баярлалаа.