Зураг
Зураг
Индэр    
2019 оны 7 сарын 30
Зураг
Эдийн засагч, Шинжээч

Эмээгийн бэлдсэн хоол

Баянзүрхийн товчооноос хоёр км орчим зайд хашаа байшинд амьдрах тэтгэврийн насны нэгэн эгч бий.

Түүний нэрийг Должин гэх ба ганц хүүтэй. Нөгөө хүү нь үргэлж л ийм ч том юм хийнэ, ингэж ч улсын тендерт орно гэж ярина.

Хүү нь хэлэхдээ “Манай нэг найз бий. Тэр одоо урдаас ийм юм оруулж ирээд, тэгээ л дэлбэ авна” гэдэг. Гэхдээ түүнд тогтсон ажил, орлого гэж үгүй. Үгүй ер нь дэмий ярихаас цаашгүй.

Хаяадаа ээж дээрээ ирж, хоол иднэ, мөнгө гуйна. Хэдий хүүгийнхээ хэлсэн бүхэнд итгэж, мөнгө өгмөөр байвч түүнд юу байх вэ дээ. Түүний тэтгэвэр сарын 341.2 мянган төгрөг1. Гэхдээ тэр гар дээр ердөө 85 мянган төгрөг л авдаг. Яагаад гэхээр өнгөрсөн хоёрдугаар сард бусдаас дутахгүй юм гэсэндээ цагаан сараа хийх гээд тэтгэврийн зээл авчихсан. Орлогынх нь 75 хувь2 нь нэг удаагийн нийслэл салат, бууз, бэлэгний оймс болчихсон. Тэрбээр ийм амьдралыг хэзээ ч мөрөөдөж байсангүй.

 

Должин эгч маань багадаа боддог байлаа.

Нас явах цагт ёстой гоё эгч болно доо гэж. Тэгсэн ямар юмных нь гоё эгч болох вэ дээ. Шим тэжээлтэй ч юм идэж чадахгүй л явна. 30 жил ажилласан хэрэг гарсангүй. Уг нь тэр хотын төвд байртай байсан л даа. Гэхдээ түүнийгээ хүүдээ өгчихсөн. Одоо түүний цорын ганц аз жаргал нь ач хүү нь болсон. Ач хүүгээ л ирээсэй гэж бодно. Өдөр бүр түүнийг л хүлээнэ. Энэхүү түүх тэр чигтээ гуниг гутрал биш л дээ. Сайхан зүйлс ч бий. Тэрбээр ач хүүдээ өөрөөсөө харамлан жаахан чихэр бас боорцог бэлдсэн байдаг ба түүнийг ирэх бүрт нь гаргаж өгдөг.

Ач хүүгийнхээ идэхийг харахаар л баярлаж хөөрнө. Миний хүү цадсангүй юу гээд дахиад хоол хийж өгнө. Сарын сүүлийн хоногууд өөрөө хоолгүй хоцрох вий гэсэн тооцоо огт падгүй болж, байгаа бүхнээ гаргадаг. Цадтал хоол өгөөд, унтуулж байж л санаа нь амардаг даа. Тэгж л Должин эгчийн амьдралд нэг юм гэрэл гардаг аж. 

Ач хүүд ч гэсэн тааламжтай, эмээгийн бэлдсэн хоол л хамгийн гоё!

Яагаад? Яагаад ийм байдалд хүрэв?

Должин эгч үйлдвэрт оёдолчин хийдэг байв.

Зүгээр ч нэг оёдолчин биш бүр гавшгай ажилчин байсан юм. Гэтэл нэг л өдөр бүх зүйл орвонгоороо эргэсэн. Ардчилсан хувьсгал гэгч нь бий болж, ажиллаж байсан үйлдвэр нь хаагдсан. Тэр нийгэм, улс төрийн өөрчлөлтийг үл ойлгож бушуухан дараагийн ажилдаа л орохыг бодов. Үнэндээ хэцүү байсан. Гэнэт хорьдугаар тогтоол гэж юм гарч төгрөгийн үнэ цэнэ навс унасан. Зарим нь наймаанд явж, зарим нь архинд орсон. Юу болоод байгааг үнэхээр ойлгоход бэрх байв. Ингэж гурван жил явсны эцэст нэг юм төрийн байгууллагад ажилд орж чадсан юм. Ийнхүү тэрээр 16 жил улсад ажиллаж эцэстээ тэтгэвэрт гарсан. 30-н жил улсын нийгмийн даатгал төлсөн атлаа эцэст нь ердөө 341 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгов. 

 

Улс нь дардан зам туулаагүй л дээ. Инфляци 300 хувь давж явсан, бүх үйлдвэрлэл зогссон гээд тоочоод байвал дуусахгүй. 

Улсын нийгмийн даатгал нь хувь хүмүүс дээр хуримтлал үүсгэх ямар ч боломж байсангүй.

Үндсэндээ тэрхүү 341 мянган төгрөгийг ч гэсэн өнөөдөр нийгмийн даатгал төлж буй хүмүүсийн хураамжаар л гаргуулдаг. Өөрөөр хэлбэл, Должин эгчийн 30-н жил төлсөн мөнгө хувьсгалын шуурганд, инфляцийн төлөөсөнд хийсэн алга болсон юм. Должин эгч ч дуугуй л тэтгэврээ тогтоолгон хотын захад амьдрах болсон. Тэтгэвэрт гарсан өдрөөс эхлэн түүний орлого гурав дахин буурч, эцэстээ өмнө дурдсан амьдрал руу гулсан орсон юм. 

Асуудал түүнд байв уу? Системд байв уу? 

1889 онд дэлхийд анх удаа өндөр настны тэтгэвэр гэх ойлголт Герман улсад бий болсон байдаг.

Түүнтэй зэрэгцэн Швед, Франц, Австри, Орос улсууд мөн адил системийг хэрэгжүүлж эхэлсэн. Харин манай улсын хувьд 1942 онд анх удаа Монголд нийгмийн даатгалын системийн суурь тавигдсан. Гэхдээ энэхүү систем нь хуримтлал үүсгэх, амьдралын баталгаа өгөх гэхээсээ илүүтэйгээр нийгмийн хамгаалал буюу өлсөж үхүүлэхгүй байх тогтолцоо байсан юм. 1956 оноос эхлэн Орос улсын тэтгэврийн сан нь улсын төсөвтэй бүрэн холилдож орхисон байдаг. Манайх ч бүхий л заавраа хойд хөршөөсөө авах тул тэдний системийг л ягштал хуулсан юм. Ийнхүү өнөөдрийн манай нийгмийн даатгал гэх ойлголт төсөвтэй холилдож, сүүлдээ татварын өөр нэгэн хэлбэр болсон.

Гэхдээ сонирхолтой нь зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүн байсан улсууд бүгд асуудалтайг нь ойлгоод тус системээ өөрчилсөн байдаг. Дурдахад Казахстан 1998, Унгар 1998, Польш 1999, Латви 2001, Болгар 2002, Хорват 2002, Эстони 2002, ОХУ 2002, Литва 2005, Словак 20053 улсууд тэтгэврийн реформ хийж, гурван тулгуурт тогтолцоог нэвтрүүлсэн юм. Тэгсэн яагаад ч юм манайх ганцаараа үлдчихсэн.

Бахь байдгаараа...30 жил явсан яг хэвэндээ. Нөгөө л эв хамтын систем. Хаашаа ороод байгаа нь мэдэгдэхгүй их хэмжээний алдагдал

(График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харна уу)

 

Сүүлийн зургаан жил тасралтгүй алдагдалтай ажилласан. 2018 онд л гэхэд манай тэтгэврийн даатгалын сан улсын төсвөөс 594.8 тэрбум төгрөг авсан байгаа юм. Тогтмол ийм их алдагдал хийдэг ба хуримтлал үүсэх байтугай өнөөдөр хураамж төлж буй хүмүүс нь ч тэтгэвэрт гарсан хүмүүсийнхээ зардлыг дийлэхгүй болсон байна. Бүхэл бүтэн 30-н жил төрөөс дорвитой шийдэл хийсэнгүй. Аргаа барахдаа тэтгэврийн нас, хураамж хоёрыг нь нэмсээр л... 

2027 он гэхэд эрэгтэй хүн 65 хүрэх үед л тэтгэвэрт гарах боломж нь үүсэхээр болсон. Түүнчлэн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэмсээр л... 2020 оноос эхлэн нийгмийн даатгалд таван хувиар илүү шимтгэл төлөхөөр болсон. 

Хамгийн гол нь энэхүү асуудал ирээдүйд шийдэгдэх болов уу гээд насны бүтцийг хартал бас л найдлага алга. Зураглалаас харахад 1990 онд нийт хүн амын 8.3 хувь нь тэтгэврийн насных байсан бол 2018 онд 10.8 хувь болж өссөн байна. Хэрэв энэхүү тренд цаашид үргэлжилсээр байвал тэтгэврийн даатгалын сангийн алдагдал улам бүр л өснө.

Энэхүү системийн золиос нь өнөөдөр тэтгэвэрт буй хөгшчүүл. Яг үнэндээ одоо гэнэт л Должин эгчид улсаас нөхөн төлбөр олгоод амьдралыг нь өөрчилнө гэж байхгүй. Энд хэн нэгэн хорон санаат этгээд ийм байдалд хүргээгүй. Энэ Должин эгчийн ч буруу биш. Энэ бол зүгээр л нийгмийн өөрчлөлт юм. Тэгэхээр үнэндээ уучлаарай гэдгээс өөр хэлэх зүйл үгүй аж. Харин бидний анхаарах ёстой асуудал нь ядаж тэгвэл одооноос системээ засварлаад, ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүст анхаарал хандуулах мөн. Шуудхан хэлэхэд одоо ажиллаж буй залуусын ирээдүйн тэтгэврийн асуудлыг шийдэх тухай юм. 

Гурван тулгуур

Бидэнд асуулт гарч ирж буй нь 1998-2005 онуудад зөвлөлтөөс салсан улсууд яг ямар реформ хийсэн бэ гэдэг байна. Тэдгээр реформуудын хувьд үл ялиг ялгаатай зүйлс олон байх авч үндсэндээ бүгд л тэтгэврийн гурван тулгуурт тогтолцоог нэвтрүүлсэн байдаг. 

 

Тулгуур 1: 

Өнөөдөр манайд буй улсын тэтгэврийн систем. Энэ нь албан журмаар бүгд хураамж төлөх ба зөвхөн амьжиргааны доод түвшинг хангах хэмжээнд эргүүлэн тэтгэвэр олгоно. Тэрхүү тэтгэврийн тогтоохдоо тухайн үеийн амьжиргааны түвшинтэй уялдуулан гаргадаг. Энэ үед иргэдэд тусгайлан үүсгэсэн хувь хүн бүрийн данс хэрэггүй ба зөвхөн нэгдсэн дансанд л бүх мөнгө цугларна.

Тулгуур 2: 

Энэхүү тулгуур нь хувийн данснуудад тулгуурлах ба мөн адил албан журмын байна. Тодорхой улсаас зааж өгсөн хувийн дагуу хүн бүр өөрийн тэтгэврийн дансанд хуримтлал үүсгэнэ. Нэгэнт үүссэн санг мэргэжлийн менежерүүд удирдан хөрөнгө оруулалт хийж, улмаар өгөөжийг бий болгодог. Эргэн тэтгэвэрт гарах үед нь хуримтлалыг нь, хөрөнгө оруулалтын өгөөжтэй нь цуг эргүүлэн өгнө. Тэтгэвэрт гарч буй хүмүүс нь Тулгуур 1 + Тулгуур 2-ыг хослуулан авч, насны эцэст боломжийн амьдардаг. Энэхүү тулгуур нь манай улсад огт байхгүй. 

Тулгуур 3: 

Тэтгэврийн дансандаа зөвхөн улсын зааж өгсөн хувиар хийхээс гадна хувь хүн бүр өөрсдөө хүссэн хэмжээгээр хийж болдог байх учиртай. Тэгж гэмээнэ залуудаа их орлого олсон хүн нь насны эцэст мөн адил хангалуун амьдарна. Нөгөө олон улсад тэтгэвэрт гармагцаа гадуур дотуур зугаалаад байдаг чинь энэ шүү дээ. Өөрөөр хэлбэл сайн дурын хэсэг. Хэн илүү ихийг хуримтлуулна, тэр хүн илүү тансаг тэтгэвэрт гарна. 

Ийнхүү тэдгээр бүх улс тэтгэврийн гурван тулгуур тогтолцоог нэвтрүүлсэн байдаг аж. Тэгж байж л иргэд нь хангалуун тэтгэвэрт гардаг аж. Гэтэл манайд зөвхөн эхнийх нь л байх бөгөөд тэрхүү тулгуур нь ачааллаа явч дийлэхгүй, өдөр бүр эмтэрсээр л байна. Бусад нь үлдсэн хоёр тулгуураа бариад амжсан байхад манайх л ганцаараа үлдэж хоцорчээ. 

Түлхэц

Гурван тулгуурт тогтолцоог нэвтрүүлсэн бүхий л улсууд давхар нэг зүйлийг хамтад нь авч явдаг. Тэр нь татварын хөнгөлөлт. 

Хүн гэдэг өөрөө их сонин юм байна л даа. Ирээдүйн өөртөө зориулж мөнгө хадгалахдаа муу, өнөөдрийн өөртөө л харамгүй зарцуулах аж. Үүнд ямар ч нарийн судалгаа хэрэггүй, нүдэнд илт байсан тул тэдгээр улсууд тэтгэврийн санд татварын хөнгөлөлт үзүүлдэг болсон аж. Үүндээ хэрэв та тэтгэврийн санд хуримтлал үүсгэвэл тэрхүү мөнгөнөөс тань татвар авахгүй, хэрэв таны тэтгэврийн сан хөрөнгө оруулалт хийгээд орлого олбол түүнээс татвар авахгүй гэх мэтээр хөнгөлдөг байгаа юм. Тэгж байж л хүмүүс ирээдүйдээ зориулан тэтгэврийн хуримтлал үүсгэдэг аж.

Монгол хүн нүүдэлчин сэтгэхүйтэй болоод ч тэр үү ирээдүйгээ нарийн сайн төлөвлөж, хуримтлал үүсгэхдээ бүр муу.

Шууд хэлэхэд эрсдлийн удирдлага их муутай ард түмэн аж. Тийм болохоор бидэнд илүү хүчтэй татварын хөнгөлөлт хэрэгтэй нь дамжиггүй. Тэгээд ч манайд амьжиргааны түвшин муу, нийт хүн амын 30 хувь нь ядууралтай амьдарч байна. Ийм байхад хуримтлал үүсгээд явах хүн цөөн. Тэгэхээр бидэнд юу юунаас илүү их татварын хөнгөлөлт хэрэгтэй аж.

Манай улс чинь яг яривал овоо их татвар авдаг улс шүү дээ. Нийт хэрэглээний 70 хувь нь импортоор орж ирдэг гэтэл импортын татвар нь 0-40 хувь хүртэл байдаг. Үүн дээр нэмээд НӨАТ 10 хувь, орлогын татвар 10 хувь, НДШ 23-26 хувь. Тэгэхээр хувь хүн 50-60 хувийн татвар төлдөг аж. Үүнээс багахан зэрэг чөлөөлөхөд яах вэ дээ. Үгүй ер нь явж явж нэг даргын халаасандаа авдаг мөнгөтэй л дүйх биз. 

Тэтгэврийн гурван тулгуурт тогтолцоог нэвтрүүлэх бол энэхүү татварын хөнгөлөлтийг заавал хамтад нь бий болгох ёстой юм. Эс бөгөөс энэхүү тогтолцооны реформ нь иргэдийн амьдралд маш том дарамт болох эрсдэлтэй. 

Реформ хийх нь 

Тэгэхээр ийм юм. Бидэнд асуудал байгаа нь тодорхой байна.

Яав ч дундаж цалингаасаа гурав дахин бага тэтгэвэртэй байж болохгүй.

Яав ч ганцхан тулгууртай тэтгэврийн тогтолцоотой байж болохгүй.

Манайд л зөвхөн зургаан жил дараалан алдагдал хийсэн сан байж болдог байх.

Бусад газар бол аль хэдийнээ татан буугдсан байгаа.

Тийм болохоор бидэнд тэтгэврийн реформ хэрэгтэй.

Реформ гэдэг нь одоо байгаа системийг орвонгоор нь шинэчлэх гэсэн үг.

Энд юуг хэлээд байна гэхээр үлдсэн хоёр тулгуураа бий болгох хэрэгтэй байна.

Үүндээ мэдээж зөв татварын хөшүүрэг ашиглах хэрэгтэй. Яагаад гэхээр зүгээр хоёр, гурав дугаар тулгуурыг бий болгоод хүн хуримтлал үүсгэхгүй. Манайд лав биш. Тэнд ямар нэгэн хөнгөлөлт байж л Монголчууд өөртөө зориулан хуримтлал үүсгэж эхэлнэ. Энэ гарц мөн. 

Үгүй ер нь тэтгэврийн насыг хэдий болтол нэмэх вэ дээ? НДШ-ийг хэдий болтол өсгөх вэ дээ? 

Эмээгийн бодрол

 

Эргээд Должин эгчийн амьдрал руу ороход:

Амаа олохгүй хоол идэн суугаа ачаа харсан Должин эгч бодно. 

Ээ миний муу хүү хоолгүй л яваа юм байна. Ер нь юу идэж явдаг юм болдоо. Хөлс нь цувсан л нөхөр байх юм. 

Эвий... миний муу үр эмээ дээрээ ирж л нэг сайн цадах юм даа. Миний ач хүү сайн л хүн болоосой, тэр мундаг сургуулиудыг нь төгсөөд улс орондоо хэрэгтэй, олондоо нэртэй хүн байгаасай.

Эвий... миний хүүгийн амаа олохгүй идэж байгааг нь хараад байгаарай. Хэрэв надад мөнгө байсансан бол муу хүүгээ дагуулаад өөр олон зүйлийг үзүүлэхгүй юу. Хүний хүүхдүүд зун амралтаараа гадаад, дотоод явж байхад миний хүү л эмээ дээрээ ирээд ажилд туслах юм даа. 

Эвий... миний хүү эмээ шигээ битгий ийм амьдралтай нүүр тулаасай. Бүхий л үедээ сайхан амьдарч, ядуугийн зовлонг буу үзээсэй. Эвий... миний муу хүү... 

 

Тайлбар:

  1. Дундаж тэтгэврийг нийгмийн даатгалын сангийн 2018 оны статистикаар тооцсон болно. (Энд дарж харна уу)

  2. 2018 онд тэтгэврийн зээлийн эргэн төлөлтөөс тус тоог гаргаж ирсэн болно. 

  3. Műller (2005a) – Судалгааны ажил