Индэр    
2019 оны 9 сарын 30
Зураг
Эдийн засагч, Шинжээч

Та ажилдаа сэтгэл дундуур байна уу?

(Зургийг afremov.com сайтаас ашиглав)

Маш олон залуус ажилдаа сэтгэл дундуур байж, өглөө бүр шийтгэл мэт орноосоо босдог болохыг олж харлаа.

Иймд Манай залуусын дунд нийтлэг тохиолдох ажлын талаарх асуудлуудын талаар бичье гэж бодлоо.

1. Манай захирал намайг ойлгодоггүй. Тэгэхээр надад ажил хийхэд урамгүй байдаг

Манай захирал намайг ойлгодоггүй, намайг дэмждэггүй гэх үгсийг олон сонсож байв. Хэрэв та хэн нэгэн захирлыг баярлуулах гэж ажиллдаг бол энэ асуудал мөн байх л даа. Гэвч уг нь та нийгмийнхээ төлөө, сайн сайхны төлөө ажил хийж байгаа шүү дээ. Нэг захирал таныг ойлгохгүй байлаа гээд, таныг дэмжихгүй байлаа гээд нийгэмдээ хийх сайн сайхан зүйлс тань зогсох ёстой гэж үү? Тийм хэврэг байсан юм гэж үү? Үгүй баймаар.

Үгүй ер нь таныг бүх хүн ойлгоно гэж хүлээж байдаг бол танд асуудал бий шүү. Хийж бүтээх гээд явж байгаа хүнд тоо томшгүй асуудал, утга учиргүй олон дайснууд гарч ирнэ. Та үүнийг даваад л, хийгээд л, бүтээгээд л явах ёстой юм шүү дээ. Дахин хэлье. Та хэн нэгэн захирлын төлөө, эсвэл нэг эзний төлөө ажил хийгээгүй, та нийгэмдээ сайн сайхан зүйл бүтээхээр ажиллаж байгаа гэдгээ байнга санаж бай.

2. Миний хийж байгаа зүйлс утга учиртай санагдахгүй байна. Яг цаг нь ирвэл би аймар сайн ажиллана

Би энэ үгэнд үнэхээр дургүй. Та ч гэсэн сонссон л байх. Яг цаг нь тулахаар цаа чинь уг нь гайгүй. Цагаа тулахаар манай энэ уг нь чадвартай юм. Эсвэл бүр өөрөө ч та дотроо хэлж байсан байх. Би ч яг цаг нь ирвэл бас л сайхан сэтгэлтэй, дажгүй хүн шүү дээ гэж. Минийхээр энэ мэт бодол огт буруу. Цаг нь ирэхээр л сайхан сэтгэл гаргадаг, цаг нь тулахаар л ажил хийдэг тийм байж болохгүй л дээ.

Харин ч эсрэгээрээ цаг тутамд бусдад сайхан хандаж, цаг тутамд сайн ажиллаж, цаг тутамд сайн байх хэрэгтэй. Тэгээд ажилдаа үүнийгээ бүр нягт шингээх хэрэгтэй. Та яг цаг нь ирэхийг хүлээсээр байтал амьдрал тань нэг л мэдэхэд дуусна. Тэр цаг маг тань ирэхгүй шүү. Тийм болохоор бага ч гэсэн зүйлийг, өөрийнхөө чадах хэмжээнд хийсээр л байх нь зөв шүү. Хийгээд явж байгаа хүнд харин цаг нь ирдэг юм шүү.

3. Би угаасаа удахгүй сургуульд явна. Энд түр л ажиллаж байгаа юм

Маш олон хүн надаас хэдэн жил ажиллаж байгаад мастераа хамгаалах вэ? гэж асуудаг. Би хариуд нь нэг л зүйлийг хэлэх ба энэ нь “Та дор хаяж ажил дээрээ нэг гоё зүйлийг хийж дуусгаад, нэг бүтээл гаргачихаад явсан дээр” гэж. Санаа нь юу вэ гэхээр түүнийгээ тоогоор битгий хэмж, чанараар хэмж гэсэн үг. Та сэтгэлээсээ ажлаа хийгээд, өөрийгөө түүндээ бүтэн өгөөд явж байтал аяндаа юугаар сурах, ямар чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх тань тодорхой болно. Та ажилдаа өөрийгөө бүтэн өгч, өөрийгөө сорьж чадсан цагт л урдах зам тань тодорч ирдэг юм.

Энгийнээр тайлбарлавал таны ажил хийж буй эцсийн зорилго нийгэмдээ сайн сайхан зүйлс бүтээх. Үүнийгээ илүү бүтээмжтэй, ухаалаг хийдэг болоход мэдлэг боловсрол чухал үүрэгтэй. Үүнийг л зөвөөр ойлгох хэрэгтэй. Тэрнээс боловсролын зэрэг дээшлүүлнэ гэдэг нь ажил хийхгүй гэсэндээ зугтаж явдаг зүйл биш шүү.

4. Монголын нийгэм хэтэрхий шударга бус

Харин тийм ээ. Авлига ихтэй, кронизм өндөр хөгжсөн газар. Гэхдээ тэглээ гээд яадаг юм. Дэлхийн хаана ч асуудал олон. Яахав ийм болгосон тэдний буруу л юм байгаа биз. Үүнийг засах нь таны үүрэг шүү дээ. Тийм болохоор таны бухимдлыг төрүүлээд буй шударга бус байдлыг үгүй хийхээр, тэр муу муухайг цэвэрлэхээр харин ч ажиллах ёстой юм. Нэг л өдөр Монголын нийгэм бүрэн меритокрасид суурилсан, зөв шударга болно гэдэгт итгээд ажиллаад л байх хэрэгтэй.

Таны хийсэн сайн сайхан зүйлс энэ нийгэмд бага ч гэсэн гэрэл нэмнэ гэдэгт итгэх ёстой юм. Нийгмийн болохгүй бүтэхгүй зүйлс таны ажил хийх урмыг мохоох ёсгүй, харин ч улам бүр бадраах учиртай юм шүү дээ.

5. Би сайн мэдэхгүй шд. Би ямар ч туршлагагүй. Тэр мундаг хүмүүс нь хийх байх өө

Би долоон жил ажил хийгээд нэг л зүйлийг ойлгосон. Та л хийхгүй бол өөр хэн ч хийхгүй шүү. Та яахав муу л юм байгаа биз. Та тэнэг л байгаа биз. Тэглээ гээд яадаг юм. Урдах асуудлаа бага ч болов шийдэх гээд, бага ч болов сайжруулах гээд л ажиллана шүү дээ. Та төгс хийж чадахгүй байж ч болно. Мэдээж танаас илүү чадвартай, ухаантай хүн зөндөө бий. Гэхдээ тэд хийхгүй л байгаа биз дээ.

Тийм юм чинь та л тэрхүү ажлыг бага ч болов урагшлуулж байх хэрэгтэй. Амьдрал гэдэг хэн ухаантай, мундаг вэ гэдэг уралдаан биш шүү дээ. Амьдрал гэдэг нь минийхээр бага ч болов урагш алхах тухай юм.

6. Манай ажил дээр битүү хов жив, хэл ам ихтэй хэцүү байдаг

Уучлаарай. Хаа ч тийм шүү. Америк, Англи, Монгол хамаагүй. Хаана ч тийм. Би олон найзаасаа энэ талаар сонсож байв. Тэгэхээр та үүнд бүү санаагаа зовоо. Р.Чойномын хэлсэнчлэн “Тачгүйхэн явсандаа хүний идэш болох гэж төрсөн юм. Амаа сүүлд нь өөрөө барих гэж төрсөн юм. Авгайчуулын хов живэнд өртөх гэж төрсөн юм”.

Хүн таны өмнөөс таны амьдралын түүхийг чинь давсалж байвал тэдэнд баярла. Амьдралд тань гайхалтай өнгө нэмж буй хэрэг шүү дээ. Тэр бүхнийг дээрээс нь хараад инээх хэрэгтэй, өхөөрдөж инээх хэрэгтэй.

Эцэст нь ажил хийх шиг аз жаргал гэж үгүй

Багадаа дэлхийн түүхийг уншаад бахдан биширдэг байв. Хөөх, эртний Египетэд шүдний оо хэрэглэдэг байсан гэхээр. Яаая, Маяачуудын барьсан зүйлс өнөөдөр ямар харагддаг бол? Нээрээ Версалийн ордон үнэхээр алтан гэж үү дээ.

Хамгийн гол нь энэ бүхний цаана хүн төрөлхтний агуу их хөдөлмөр байсан гэхээр агуу санагддаг байв. Түүхэнд бичигдэн үлдсэн энэ бүхэн зөвхөн үр дүн боловч тэрийг бүтээхээр хэдэн хүн, хэдэн өдөр ажилласан бол гэдэг сонирхолтой. Ингэж л би гэж хүн агуу ихийн өвчин туссан юм даа. Хийж байгаа бүхний минь цаана түүх болон үлдэх томоохон зүйл бага багаар үүсэж байгаа гэдэгт итгэдэг болсон юм.

Ингээд миний хувьд ажил хийнэ гэдэг үнэхээр сайхан зүйл болон хувирсан хэрэг. Өөрөөр хэлбэл, түүхийг бүтээж байна гэж итгэдэг болсон хэрэг. Та ч гэсэн өөрийгөө түүх бүтээж байгаа гэдгээ үргэлж санаарай. Хэдүүлээ нийлээд энэ улсыг гайхамшигтай газар болгоно гэдэгт итгэлтэй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.131.225.150] 2019/9/30
bi urd n 3-4say tug tsalintai tusul deer ajilladag bailaa. humuus n sheehdee hurtel 00-ruugaa guideg, udriin tsaigaa ajlaa hiingee iddeg, neg useg temdeg aldchihvii gj hiisen yumaa bainga ergej harj unsdag shalgadag. gevch nuguu talaar mash ih huduu yvdag bsn uchraas baga nasnii huuhedtei bas deeres n hul hundtei bi chiregdeed bsn uchir ajlaa solison. odoo bi tatvar tulhiin umnu 1,3 saytai l avch bna. end minii position dr 4 hun ajilladag, yg neg n l ajlaa hiideg. busad n udriig hov yarij, zgr selguutsej l unguruudug, ulsiin neren dr bdg uchir iim bdg yumu yostoi erduusuu oilgoogui. Olon ulsiin tom hurald beldej bj hen orohve gdg n umnuh udur hurtel n todorhoigui, asuuh asuultudaa turuuled ugsun teriign orchuulad sariin umnu ilgeeged bhd neg ch haraagui l bsn hural dr. uneheer ichmeer. tghr ene tsalindaa bnu esvel tusul,olon ulsiin baiguullaguud chadvarlag humuusiig n bur shileed avaad duustsuiimuu ysotoi buu med
1 | 0 Хариулах
Зочин [202.170.71.157] 2019/9/30
Tsalindaa l bga shdeee yavj2
0 | 1 Хариулах
Хуягаа [192.82.64.64] 2019/9/30
Цалиндаа баригдаж ажиллах гэж нэг бүлэг нэмэх хэрэгтэй байна. Миний цалин бага учир би муу ажиллаж байгаа. Надад илүү цалин өгвөл би илүү сайн ажиллана ш дээ гэж хүмүүс боддог. Зөв нь чамд ямар ч цалин өгч байсан хамаагүй өөрийн хамгийн дээд чадлаар ажиллах. Ингэж чадсан хүнд хүсэж байсан цалин очдог. Нөгөө талаар та хаана ч очсон таны чадавхид тохирсон цалин нь өгөх болов уу.
8 | 0 Хариулах
Зочин [122.201.28.8] 2019/9/30
яаг зөв, сайхан бичсэн байна
3 | 0 Хариулах
Зочин [64.119.21.145] 2019/9/30
Өөрт оногдсон ажилаа асуудалгүй бусадад хүндрэлгүй хийгээд л байхад хэн ч юу ч хэлж чадахгүй ш дээ өөрт ч амар цалингаа бардам авна
6 | 0 Хариулах