Зураг
Зураг
Индэр    
2019 оны 11 сарын 14
Зураг
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор

​Өнөөдөр үндэсний зөвшилцөл хийж парламентын засгаа бэхжүүлэх эсэхийг шийдэх өдөр

Зураг
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, Гэрэл зургийг MPA.mn

МАН 2016 онд парламeнтын засаглалаа бэхжүүлэхийн тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж амлаад УИХ-д 65 суудал авч, үүнийхээ төлөө бараг 3 жил ажиллаж өдий хүрэв.

Тал талын төлөөллийг багтаасан Ажлын хэсэг уламжлалт болон орчин үeийн аргаар иргэдийн саналыг авав, судлаачдын үгийг сонсож Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан.

Улмаар, АН, МАН, МАХН-аас нэр дэвшин сонгогдсон 62 гишүүн 2019.06.06-нд төслийг өргөн барьсан.

Энэ өдрөөс хойш 5 сарын хугацаанд. Таван сарын турш дахин иргэдийн санаа бодлыг сонсож, eрөнхийлөгч болон намуудтай зөвшилцөж, саналыг нь тусгаж, уг төслийн 1, 2-р хэлэлцүүлгийг амжилттай хийж дуусгав. 2-р хэлэлцүүлгээр дэмжигдэн гарч ирсэн төсөл нь 62 гишүүний анх өргөн барьсан төслийн зарим заалт өөрчлөгдсөн ч түүний гол агуулга хэвээр гарсан.

Уг төслийг дэмжих эсэхийг Ард нийтийн санал асуулгад оруулж иргэдээр батлуулах шийдвэрийг УИХ гаргасан боловч Ерөнхийлөгч хориг тавьж, түүнийг нь хүлээн авсан нь цаг хугацааны хувьд Ард нийтийн санал асуулгыг бие даан явуулах боломжгүй болгосон юм.

Нөгөө талаас 2-р хэлэлцүүлгийн дараах төсөлд тусгагдаагүй зарим чухал асуудлыг дахин хэлэлцэж тусгах замаар Ерөнхийлөгчийн хориг дахь “нийгмийн зөвшилцөл”-ийг хангах шаардлага үүссэн.

Тиймээс, УИХ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах шийдвэр гаргаж үүний бэлтгэлийг Ажлын хэсэг, Төрийн байгуулалтын байнгын хороо хийгээд байна.

Өнөөдөр буюу 2019.11.14-нд УИХ-ийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 3-р хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах эсэхийг шийдвэрлэнэ. Одоогийн УИХ-ыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амжилттайгаар авч гарах түүхэн хариуцлага хүлээгээсэй гэдэг үүднээс энэ нийтлэлийг бичив.

 

Төслийн үзэл баримтлалын гол агуулга зөвхөн энэ УИХ-ын байгуулсан ажлын хэсэг дээр тодроод гараад ирээгүй, харин олон жил яригдсан зүйл учраас зөвхөн нэг намын ашиг сонирхлоор боловсруулагдсан гэж үзэх нь өрөөсгөл. Энэ нь дараах таван зүйлээс харагдана:

20 жилийн алдаа оноог дэнсэлж засаж сайжруулна. 1996-2000 онд үүссэн үндсэн хуулийн хямралыг шийдвэрлэхийн тулд 1999, 2000 онд Үндсэн хуульд 7 нэмэлт, өөрчлөлт оруулсны зарим нь алдаатай болсныг 20 жил шүүмжилж ирсэн. Одоогийн ҮХНӨ-ийн төслөөр эдгээр 7 нэмэлт, өөрчлөлтийг 6-ыг нь засаж сайжруулна.

УИХ-ын гурван бүрэлдэхүүн дамжин яригдсан асуудлыг шийднэ.

Тухайлбал, 2011, 2012, 2015 онд нэр бүхий гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж байсны eрөнхий агуулга ҮХНӨ-ийн төсөлд туссан. Тухайлбал, 2015 онд УИХ-ын 47 гишүүн өргөн мэдүүлсэн төслийн бараг 80 орчим хувийн үзэл санаа одоогийн төсөлд оржээ. Жишээлбэл, Засгийн газрыг тогтвортой, үр нөлөөтэй болгохын тулд Засгийн газрыг огцруулах босгыг өндөрсгөх, давхар дээлийг хязгаарлах, Ерөнхий сайд кабинетаа өөрөө бүрдүүлэх, давхар дээлийг хязгаарлах гэх мэт нь 2015 оны төсөлд байсан.

Иргэдээс асууж санаа бодлыг нь тусгасан.

1999, 2000, 2011, 2012, 2015 оны Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслүүд нь олон нийтийн хэлэлцүүлэг, судлаачдын оролцоогүйгээр хаалттай боловсруулагдаж өргөн баригдсан. Өмнөх төслүүдээс зарчмын нэг ялгаатай зүйл бол энэ удаагийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулахад иргэдийн оролцоог маш сайн хангасан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх иргэдийн санаа бодлыг тандах үүднээс 2017 оны 4 сард зөвлөлдөх санал асуулга хийсэн. Зөвлөлдөх санал асуулгын дүнд боловсруулсан төслийг мөн оны 7-8 сард олон нийтээр хэлэлцүүлэхэд 327,000 иргэнээс санал ирүүлсэн байдаг. Эдгээр саналаас хамгийн өндөр дэмжлэг авсныг нь төсөлд тусгасан.

Мэргэжлийн санал, дүгнэлтээр шүүн тунгаасан.

УИХ-ын тамгын газар, МУИС-ийн Хууль зүйн сургууль зэрэг байгууллагаас тухайлан төслийн үзэл баримтлалын хүрээнд эрдэм шинжилгээний хурал арав шахмыг зохион байгуулж, зөвлөмж гаргасан. ХЭҮК, ШЕЗ, Хуульчдын холбоо зэрэг 20 гаран байгууллагаас тодорхой саналуудыг, 10 орчим академич, эрдэмтдээс экспертийн дүгнэлтийг ирүүлжээ. Мөн, Үндсэн хуулийн чиглэлийн эрдэмтэн судлаачдын дэд ажлын хэсгийг байгуулж жил гаран ажиллуулж төсөл гаргахад туслуулсан. Эдгээр санал, зөвлөмж, дүгнэлтийг нэг бүрчлэн судалсны үндсэн дээр одоогийн төсөл боловсруулагдаж гарч ирсэн юм.

Үндэсний зөвшилцлийг хангасан.

Үндсэн хууль бол зөвшилцлийн баримт бичиг ч уг зөвшилцөл суурь зарчмын дагуу явагдах ёстой. 1992 оны Үндсэн хууль маш сайн оролцоо, ойлголцлоор гарсан учраас сайн хүлээн зөвшөөрөгддөг. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт ч хүлээн зөвшөөрөгдөх чадвартай байх ёстой. Иргэдийн санаа бодлыг тусгах төдийгүй парламентын доторх, гаднах улс төрийн намууд, Ерөнхийлөгчтэй ойлголцож байж хүлээн зөвшөөрөгдөнө. Олон намын төлөөллийг оролцуулсан Ажлын хэсэг төслийг боловсруулж, МАН, АН, МАХН-аас бүрдсэн нэр бүхий 62 гишүүн 2019.06.06-нд өргөн барьсан. 2019.07.16-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал ирүүлсэн бол АН 2019 оны 7, 8, 10 сард саналаа ирүүлсэн. АН-ын саналаас 9-ыг төсөлд тусгаад байсан бол 2 (Ерөнхий танхимаа бүрдүүлэх, сонгуулийн холимог тогтолцоог заах саналууд нь парламентын тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой)-ыг нэмж тусгахыг ТББХ дэмжээд байна. Eрөнхийлөгчийн саналаас 15-ыг нь тусгаж байна. ХҮН зэрэг намын бүтээлч саналуудаас нэлээд нь төсөлд ороод байна. 2019 оны 7 сард ҮХНӨ-ийн үндсэн таван сэдэв тус бүрээр хэлэлцүүлэг зохион байгуулах үед УИХ-аас гадна буй намуудаас илэрхийлсэн санал, ХҮН зэрэг намын бичгээр ирүүлсэн саналаас мөн тусгасан.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцсэн байхын зэрэгцээ нийт зүйлийн 35 хувиас хэтэрч болохгүй учраас Ерөнхийлөгчийн 13 санал, АН-ын 11 санал, бусад намын саналыг тусгахын тулд 62 гишүүний төслийн зарим чухал заалтыг хасах, өөрчлөхөөс өөр аргагүй болсон. Энэ мэтээр буулт хийж байж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тал талын дэмжлэг авч өндөр босгыг даван гарч ирнэ. Зарчмынхаа хүрээнд зарим буулт хийхгүй бол 57-оос дээш гишүүний дэмжлэг авч баталж чадахгүй. Хэдий ийм буулт хийсэн ч энэ удаагийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл ноён нуруугаараа голтой гарч ирсэн тул тулгамдсан олон асуудлыг шийдэх боломжийг бүрдүүлнэ. 1991-1992 онд Ерөнхийлөгч ард түмнээс шууд сонгохыг шаардаж байсан 200 гаран депутат саналыг аваагүй бол Үндсэн хууль батлагдаж чадахгүй байсан, улмаар улс төрийн гүнзгий хямрал, зөрчилдөөн рүү ч орох байсан байж магадгүй. Ийм мэт зарим буулт нь өнөөдрийн бидний тулгамдсан зарим асуудлын шалтгаан боловч томоороо бол Үндсэн хууль баталсан нь түүнийг батлаагүй байснаас хамаагүй дээр байсан.

Ардчиллын нэг гайхалтай тал бол иргэд хэрхэн амьдрах суурь дүрмээ батлахад шууд буюу шууд бусаар оролцох боломжтой байдаг явдал. Нэгэнт иргэд, тэдгээрийн төлөөлөгч нар нь амьдралын туршлага, үзэл бодол, итгэл үнэмшлээр ялгаатай тул уг дүрмийн агуулга ямар байх вэ гэдэг дээр санал зөрөлддөг. Гэхдээ, ардчилсан улсын иргэдийн нийтлэг үнэт зүйл нь тэдгээрийг Үндсэн хуулийн сууриуд дээр санал нэгдэхэд хүргэдэг бөгөөд зарим дитал асуудал дээр харилцан буулт хийхийг шаарддаг. Жишээлбэл, мэргэжлийн голдуу хүмүүс УИХ-ын гишүүдийг тоог нэмэх, ерөнхийлөгчийг УИХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүнээс сонгох хэрэгтэй гэж үздэг бол иргэдийн дийлэнх олонх үүнийг одоо дэмжихгүй байгаа тул хасагдсан. Зарим иргэн 2 танхимтай болохгүй бол болохгүй гэдэг бол энэ нь зайлшгүй шаардлагатайг харуулсан судалгаа байхгүйн зэрэгцээ суурь шинжтэй хэт олон нэмэлт, өөрчлөлт хийхэд хүргэх учраас энэ удаа татгалзсан. Бусад хүнд өөр ямар нэгэн заалт ороогүйд таатай биш байгаа байх. 62 гишүүний өргөн барьсан төсөл урагшаа тав алхах байсан бол 2-р хэлэлцүүлгээр дэмжигдсэн төсөл ямар ч байсан гурав алхана. Заавал тав алх, чадахгүй бол гурав ч битгий алх гэх нь утгагүй. Энэ удаа оруулж чадаагүй сайн өөрчлөлтийг дараа оруулах боломж байх нь гарцаагүй.

62 гишүүний энэ төсөл Үндсэн хуулийн 70 зүйлийн 24 зүйл, 50 гаруй заалтыг хөндсөн байсан бол 2-р хэлэлцүүлгээр дэмжигдэн гарч ирсэн төсөл нь 19 зүйл, 34 заалтыг хөндсөн. АНУ-ын Үндсэн хуульд 1791 оноос хойш 230-аад жилийн хугацаанд нийтдээ 17 нэмэлт, өөрчлөлт оруулсантай харьцуулбал энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт тоо хэмжээ, агуулга, цар хүрээгээрээ дорвитой гэдэг нь тодорхой. Энэхүү төсөл нь 1992 оны Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал - парламентын засаглалд нийцүүлэн боловсруулагдсан учраас Монгол улсын аюулгүй байдал, ардчилал, хүний эрхийн хамгаалалт, тогтвортой хөгжлийн суурийг бэхжүүлэх дорвитой өөрчлөлт хийнэ. Тодруулбал, ҮХНӨ-ийн төсөл нь Засгийн газрыг тогтвортой, үр нөлөөтэй ажиллуулах, түүнд тавих парламентын хяналтыг сайжруулж хууль тогтоох ажиллагааг чанаржуулах, улс төрийн намыг бэхжүүлэх, сонгуулийн тогтолцоог иргэний сонгох эрхийн шаардлагад нийцүүлэх, шүүхийг хараат бус, шударга болгох, нутгийн удирдлагыг боловсронгуй болгох, байгалийн баялаг ашиглах зарчмыг тодорхой болгох агуулгатай болсон гэдгийг өмнө нь ярилцлагаараа дэлгэрэнгүй тайлбарласныг үзнэ үү.

Мэдээж, ҮХНӨ батлагдсан төдийгөөр энэ бүхэн биелчихгүй. Энэ УИХ ҮХНӨ-ийг амжилттай батлаад зогсохгүй түүнийг дагаж гарах 30 шахам хуулийг сайн боловсруулж батлах, зөв хэрэгжүүлэх ажлыг хийж чадвал үр дүн гарна.

Өнөөдөр МАН амлалтаа биeлүүлж, АН өөрийн олонх байх үeдээ ч ийм агуулгатай төсөл санаачилж байснаа санаж, аль аль нь түүхэн хариуцлагаа үүрэн ҮХНӨ-ийг 3-р хэлэлцүүлгээр эцэслэн батална гэж найдаж байна. 1992 оны Үндсэн хууль ч, 2000 оны ҮХНӨ ч үндэсний зөвшилцөл бж тухайн үeийн асуудлаа чадах хэмжээндээ л шийдэхийг оролдсон. Энэ УИХ ч бас ийм зөвшилцөл үүсгэж асуудлаа шийдэх ёс суртахууны үүрэгтэй. Энэ ҮХНӨ-ийг батлахгүй бол одоо хуримтлагдсан (Засгийн газрыг тогтвортой болгох, УИХ-ын үйл ажиллагааг чанаржуулах, шүүхийг хараат бус, хариуцлагатай болгох зэрэг) олон асуудал шийдэгдэхгүй ужгирч 1992 онд сонгосон үндсэн хуульт ардчиллыг устгах хэмжээнд ч хүрч мэднэ. Энэ ҮХНӨ-ийг батлахгүй бол ерөнхийлөгчийн засаглалд шилжих шинэ Үндсэн хууль батлахыг санаархагчид бүр эрчимжиж, гурван УИХ-ын бүрэлдэхүүн дамжаад парламентын засаглалаа бэхжүүлж чадаагүй тул гээд зүтгэхийг үгүйсгэхгүй. УИХ-ын гишүүд арай ардчиллыг устгах бараан ирээдүйг одоо болон ирээдүй үедээ үлдээхгүй байлгүй дээ.