Зураг
Зураг
Индэр    
2019 оны 11 сарын 14
Зураг
iKon.mn сэтгүүлч

О.Мөнхсайхан: УИХ-ын сонгуультай ард нийтийн санал асуулгыг хамт явуулбал Үндсэн хуулийн өөрчлөлт унах магадлалтай

Зураг

-Дахин нийтлэв- 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор, Ажлын дэд хэсгийн гишүүн О.Мөнхсайхантай ярилцаж, Ард нийтийн санал асуулгад оруулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, УИХ тарах үндэслэл, түүний үр дагавар, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ач холбогдол, шүүмжлэгдэж буй зарим заалтын талаарх түүний байр суурийг сонслоо. 

"Ерөнхийлөгчийн хориг агуулга талаасаа үндэслэл муутай"

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ард нийтийн санал асуулга явуулах болон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг батлах тухай тогтоолд хориг тавилаа. Хориг тавих үндэслэл нь юу байв? 

-УИХ-ын 2019.09.11-ний өдрийн 73 дугаартай дээрх тогтоолд 2019.09.20-ны өдөр Ерөнхийлөгч хориг тавилаа. Хоригийг УИХ-ын чуулганд оролцсон гишүүдийн 3/1 нь хүлээгээд авчих юм бол энэ тогтоол хүчин төгөлдөр болохгүй. Найдвартай гэвэл ядаж 51-ээс доошгүй гишүүн хоригийн эсрэг санал өгч байж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулна гэсэн үг. 

Ерөнхийлөгчийн хоригт хоёр багц үндэслэл дурдсан байсан. Агуулга талаас нь харах юм бол үндэслэл муутай.

Хамгийн эхний үндэслэлийг тайлбарлая. “Ард нийтийн санал асуулга руу оруулж байгаа эхийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт гэсэн байна. Ийм байж болохгүй. Харин Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хууль гэдэг гарчигтай байх ёстой” гэсэн агуулга байна. Тэгэхээр энэ бол гарчгийн л асуудал юм. 

Ерөнхийлөгч хуулийн олон заалт эшилсний хамгийн гол нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.4.2-т “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна” гэсэн заалт байна. Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт гэж нэрлээд байгаа нь энэ заалтыг зөрчсөн, харин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль гэж нэрлэх ёстой гэж хэлжээ.      

-УИХ-ын 62 гишүүн хуулийн төсөл өргөн барьсан биз дээ? 

-62 гишүүн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл” өргөн барьсан. Энэ гарчигт “хууль” гэдэг үг байхгүй байна гээд байгаа юм.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.2.4-т “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна” гэсэн. Энд нэмэлт, өөрчлөлт нь хууль гэсэн нэртэй юм уу, гарчигтай байна гэж заагаагүй. Зөвхөн хэлбэрийн хувьд хууль байна гэсэн. 62 гишүүний өргөн барьсан төслийн гарчигт хууль гэдэг үг ороогүй ч бичилт, зохион байгуулалт, дараалал, агуулга нь хууль юм. Тиймээс, хэлбэрийн хувьд хууль байх шаардлагыг бүрэн хангасан. 

-Анхнаасаа 62 гишүүн төслөө өргөн барихдаа хууль гэдэг үг оруулж болоогүй юм уу? 

-Энэ бас цаанаа учир шалтгаантай. Нэгдүгээрт, Үндсэн хуулийг Монголын ард түмнийг төлөөлөх тусгай хурал буюу Ардын Их Хурлаас баталсан. Үндсэн хуулийн дагуу УИХ нь сонгуулиар байгуулагдаж, УИХ дахь олонх Засгийн газрыг эмхлэн байгуулдаг. УИХ-ын баталсан хууль нь Үндсэн хуульд нийцсэн байх ёстой. Эрэмбээрээ Үндсэн хууль хуулиас давуу хүчин чадалтай. Хууль, Үндсэн хууль хоёр зөрчилдвөл Үндсэн хуулиа дагана. Ийм эрэмбийн ялгааг илэрхийлэх үүднээс Үндсэн хуулийн 68, 69-р зүйлд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг нэрлэх асуудлыг тусгайлан тодорхой зааж өгсөн. Эдгээр зүйлд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль гэж бичээгүй.

Харин Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт гэдэг нэр томьёо хэрэглэсэн нь ямар ч маргаангүй. Үндсэн хуулийн 6 дугаар бүлэг “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах” гэсэн гарчигтай бөгөөд уг бүлгийн 68-р зүйлд “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах,” 69-р зүйлд “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт,” “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт” гэх мэтээр бичсэн байна. Гэхдээ мэдээж хэлбэрийн хувьд хуулийн шаардлага хангана. 62 гишүүн Үндсэн хуулийн тодорхой нэр томьёог хэрэглэж энэ төслийг нэрлэсэн нь Үндсэн хуульд бүрнээ нийцсэн. Өнгөрсөн 20 жилд энэ нэр томьёог удаа дараа хэрэглэж хэвшсэн л дээ. 

-2000 оны нэмэлт, өөрчлөлт ямар гарчигтай вэ?

-Үндсэн хуулийн цор ганц нэмэлт, өөрчлөлт нь “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт” гэсэн гарчигтай батлагдсан. 1996-2000 оны УИХ-ын 76 суудлын 50-ыг нь Ардчилсан холбоо эвсэл авсан. 1999.12.24-ний өдөр энэ УИХ “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг баталсан. Одоогийн АН-ыг байгуулсан намууд олонх байсан тэр үед ч “нэмэлт, өөрчлөлт” гэж гарчигласан гэсэн үг.

Үндсэн хуулийн энэ нэмэлт, өөрчлөлт дээр саналаа өргөн мэдүүлэх боломжийг Цэцэд олгоогүй, хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх шалтгаанаар Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг 1999.03.15-нд, уг нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгох тогтоолыг 2000.11.29-нд Цэц тус тус гаргасан. Энэ хооронд сонгууль явагдаж УИХ-ын шинэ бүрэлдэхүүн бүрдэж одоогийн МАН (МАХН) дийлэнх олонх суудалтай болсон бөгөөд энэ УИХ 1999 оны нэмэлт, өөрчлөлтийг дахин хэлэлцээд 2000.12.14-нд тэр чигээр нь баталсан. Батлахдаа “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт” гэж гарчиглаж, өнөөдрийг хүртэл 19 жилийн турш хүчин төгөлдөр үйлчилж байна. 

-Өмнө нь энэ нэр томьёотой холбоотой маргаан Цэц дээр үүсч байсан уу?

-2000 оны нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн гэх мэдээллийг иргэд Цэцэд өгч, хэд хэдэн шийдвэр гарч байв. Тухайлбал, 2006.03.06-нд Цэцээс 2000 оны нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэхээс татгалзах тухай 3/06 дугаар магадлалыг гаргасан.

“Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2000.12.14-нд дахин сэргээн батлахдаа УИХ урд буюу 1999.12.24-нд гаргасан алдааг засч, Үндсэн хуулийн цэцээс уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болох агуулгатай санал авч байсан” тул маргаан үүсгэхээс татгалзсан нь зүйтэй болжээ хэмээн уг магадлалаар шийдсэн. 

Цэцийн энэхүү магадлалд “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хууль” гэж байх ёстой гэж огт бичээгүй, шаардаагүй. 1999 оны болон 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ Цэц тэдгээрийн гарчгийг буруушааж байгаагүй. 

Үүнээс гадна Үндсэн хуулийн цэц 2000.12.14-ны өдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүчин төгөлдөр гэж үзэж хэрэглэн олон маргаан шийдвэрлэсэн. Тухайлбал, УИХ-ын тухай хуулийн тодорхой заалт Үндсэн хуулийн 24.1-т оруулсан нэмэлт, өөрчлөлтийг зөрчсөн гэсэн 07 дугаартай дүгнэлтийг Цэц 2005.09.30-ны өдөр гаргаж байсан. Дараа нь, 2017.10.25-нд 06-р дүгнэлт гаргаж, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37.4 дэх заалт 2000 онд Үндсэн хуулийн 33.1.2-т оруулсан нэмэлт, өөрчлөлтийг зөрчсөн гэж шийдсэн.

Өнгөрсөн 19 жилд Цэц энэ мэт маргаан шийдэхдээ 2000 оны долоон нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр тул үүнийг зөрчсөн хууль хүчингүй болно шүү гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Цэц 2000 оны нэмэлт, өөрчлөлтийн талаарх шийдвэрүүдээр ч тэр, уг нэмэлт, өөрчлөлтийг хэрэглэн маргаан шийдэж байгаа практикаараа ч тэр “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт” гэдэг нэр томьёо нь Үндсэн хуульд нийцсэн гэж үзсэн бөгөөд хууль гэсэн нэртэй байхыг Үндсэн хуульд шаардсан гэж үзээгүй. 

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт гэх нэрийг түгээмэл хэрэглэж тогтсон гэсэн үг үү?

-Нийт дөрвөн удаагийн УИХ-д “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл” гэсэн гарчигтай төслүүдийг өргөн барьсан байдаг. Түрүүн дурдсан 1999.12.24-нд тухай үеийн УИХ яг энэ гарчгийг хэрэглэсэн. Дараа нь 2000 онд шинээр байгуулагдсан УИХ мөн хэрэглэсэн. Гурав дахь нь буюу 2012-2016 оны хооронд ажиллаж байсан УИХ-д АН хамгийн олон суудалтай байсан бөгөөд тус УИХ-ын нэр бүхий 47 гишүүн 2015.11.06-нд “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл” гэсэн гарчигтай төсөл өргөн барьсан. Тэгээд одоогийн УИХ байна. Ийм дөрвөн парламентын үед өргөн барьсан төслүүд бүгдээрээ ийм л нэртэй. 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт гэсэн нэр томьёог үгүйсгэж буй хүмүүс өөрсдөө зарчимгүй хандаж байна уу гэсэн бодол төрж байна. Хамгийн сонин нь 2015.11.6-ны өдрийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл гэсэн баримт бичигт одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний Тамгын газрын дарга З.Энхболд, мөн түүний зөвлөх Г.Уянга нар гишүүний хувиар гурвуулаа гарын үсэг зурсан байдаг. Өөрсдөө гарын үсэг зураад дээрээс нь ийм нэртэй төслийг УИХ-ын дарга З.Энхболд өөрөө хүлээж авч байсан.

Түүнчлэн, 62 гишүүний өргөн барьсан төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийн дараа 2019.07.16-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга “Үндсэн хууль оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл”-ийг УИХ-д өргөн барьсан. Ерөнхийлөгч өөрөө хоёр сарын өмнө яг ийм гарчигтай төсөл өргөн барьсан хэр нь одоо гэнэт хууль гэх ёстой гэж байгаа нь ойлгомжгүй. 

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль гэсэн нэр томьёог хуульчилсан байхад түүнийг хэрэглээгүй гэж Ерөнхийлөгчийн хоригт дурдсан. Яг ийм нэр томьёол байхад яагаад хэрэглээгүй вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд хэд хэдэн нэр томьёог хэрэглэсэн. Тус хуульд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэсэн нэр томьёог хамгийн олон удаа хэрэглэсэн төдийгүй тус хуулийн 2.4-т “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл” гэж, бусад хэд хэдэн заалтад “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт” гэж бичсэн. Уг хуульд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн гарчигт хууль гэж заавал бичнэ гэж заагаагүй. Нөгөө талаар, “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль,” “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл” гэх нэр томьёог хэрэглэсэн. Ийм ялгаатай нэр томьёонууд хуульд бий тул аль нэгийг нь л сонгохоос өөр аргагүй бөгөөд 62 гишүүн “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт” гэж төслөө нэрлэснийг буруутгах олигтой үндэслэл алга. 

Хуулиудад ялгаатай нэр томьёо хэрэглэсэн байвал Үндсэн хуульд хэрэглэгдсэн нэр томьёог сонгох нь Үндсэн хуулийн 70.1-д “Үндсэн хуульд төрийн байгууллагын шийдвэр бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтаар зөвтгөгдөнө. “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах,” “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт” гэсэн нэр томьёог Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын хуульд төдийгүй Үндсэн хуулийн 68, 69-р зүйлд хэрэглэсэн учраас 62 гишүүний төсөл уг хэллэгийг хэрэглэх нь зүйтэй. 

УИХ-ын зөвхөн нэг бүрэлдэхүүний үе (2008-2011)-д өргөн мэдүүлсэн төслийг “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль” гэж гарчиглаж байсан ч УИХ-ын өөр дөрвөн бүрэлдэхүүний үед Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт гэсэн Үндсэн хуулийн өөрийнх нь хэллэгийг шууд хэрэглэсэн төсөл өргөн баригдаж байв. Хэдийгээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн олон төсөл өргөн баригдаж байсан ч үүнээс зөвхөн нэг нь буюу 2000 оных нь батлагдаж өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. 2000 оны тэр нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт гэсэн нэр томьёо хэрэглэж, Цэц үүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзээгүй төдийгүй удаа дараагийн маргаанаараа хууль ёсны болохыг нь хүлээн зөвшөөрсөн. Үндсэн  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль батлагдсаны дараа ч уг нэр томьёог хэрэглэсэн нийт гурван төслийг 2015, 2019 онд УИХ-д өргөн мэдүүлж байснаас хоёр төслийг нь одоогийн Ерөнхийлөгч санаачилж гарын үсэг зурж байсан нь уг нэр томьёог хүлээн зөвшөөрч байсны илрэл.

-Ерөнхийлөгчийн хоригт тусгасан хоёр дахь үндэслэл нь юу вэ? 

-“2019.09.11-ний өдрийн 73 дугаар тогтоолыг батлахдаа Үндсэн хуулийн 25.1.16 дахь заалтыг үндэслээгүй орхиж зөвхөн Үндсэн хуулийн 68.2 дахь хэсгийг үндэслэсэн байна. Мөн түүнчлэн Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг огт үндэслээгүй орхигдуулсан байна” гэж хоригт бичсэн байгаа юм. 

Монголын эрх зүйд хүлээн зөвшөөрөгдөж тогтсон нэг зарчим бий. Аливаа харилцааг зохицуулсан тухайлсан хууль байх юм бол тэр хуулийг л хэрэглэнэ, тийм хууль байхгүй бол ерөнхий хуулиудыг хэрэглэнэ. Хууль дотор тусгайлсан заалт байвал тэрийг хэрэглэнэ, байхгүй бол ерөнхий заалтыг хэрэглэнэ.  

УИХ-ын 73 дугаар тогтоол Үндсэн хуулийн 68.2 дахь хэсгийг үндэслэсэн нь зүйтэй болсон. Уг 68.2 дахь хэсэгт “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүдийн 3/2-оос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно. Санал асуулгыг Үндсэн хуулийн 25.1.16-д заасан үндэслэлийн дагуу явуулна” гэсэн байгаа. Энэ нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах ард нийтийн санал асуулгыг тусгайлан зохицуулсан заалт тул үүнийг үндэслэсэн нь зөв юм. Дээрээс нь, Үндсэн хуулийн 68.2-т өөрт нь Үндсэн хуулийн 25.1.16-г ишилсэн. Үүнийг давтаж дурдах шаардлагагүй. 

Нөгөө талаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга (АНСА) явуулах харилцааг тусгайлан зохицуулсан хууль бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль юм. Энэ хуулийн 3-р бүлгийг “Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журам” гэж нэрлэж уг харилцааг тусгайлан зохицуулсан. Энэ хуулийн дагуу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Энэ хуулиас гадуур Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулбал Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг болно гэж хуульчилсан. Ард нийтийн санал асуулгын тухай хууль нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс бусад асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдэхэд зориулагдсан ерөнхий хууль юм.

Тусгайлсан хэм хэмжээ буюу хуулийг баримтална гэсэн зарчмын дагуу УИХ-ын 73-р тогтоол Үндсэн хуулийн 68.2 болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль хоёрт үндэслэсэн байна. 

Томоор нь харах юм бол өөрсдөө ч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт гэж нэрлэж, гарын үсэг зурж байсан. Хоёрхон сарын өмнө яг ийм нэртэй төсөл өргөн барьж байсан хэр нь гарчиг нь хууль биш байна гээд байгаа, ерөнхий зохицуулалт хэрэглэхгүй тусгайлсан зохицуулалт ишилж байна гээд байгаа нь ор үндэсгүй зүйл юм. Тэгэхээр энэ асуудал дээр хуулийн ноцтой алдаа байхгүй харин үүний цаана өөр зорилго байна гэж харж байгаа юм. Хардах үндэслэл ч бий.

-Энэ бүхнээс харахад Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтийг зогсоох, гацаах сонирхол их байна уу гэсэн хардлага төрж байна?

-Тийм хардлага байгаа. Шальдар булдар шалтгаанаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хойшлуулах эсвэл огт хийлгэхгүй байх зорилго байна уу даа гэж харж байна. Энэ нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгч дээр хэт төвлөрөөд байгаа эрх мэдлийг хязгаарлах, хяналт, тэнцлийг хангаж эрх мэдэлтэн дураар авирлах эрсдэлийг бууруулах гэж байгаатай холбоотой байж магадгүй. Ямар ч байсан энэ нэмэлт, өөрчлөлтийг явуулах сонирхолгүй нь тодорхой байна.

Наадмын дараа Үндсэн хуулийн үндсэн бүтэц, үзэл баримтлалд огт нийцэхгүй маргаантай заалтууд бүхий төслийг өргөн барьж, 62 гишүүний төслийн амин сүнс болсон шүүхтэй холбоотой бүх заалтыг хасах санал ирүүлж байсан. Үндэсний зөвшилцөл үүсгэхийн тулд УИХ Ерөнхийлөгчийн энэ төсөл, саналд хүндэтгэлтэй хандаж, зөвшилцлийн ажлын хэсэг байгуулан өөрөөр нь толгойлуулсан. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд парламентын засаглалтай улсад байж боломгүй өөрчлөлтийг тусгасан байсан нь зөвшилцөж, ойлголцоход маш их хугацаа шаардсан.

Уг зөвшилцлийн үр дүнд 62 гишүүний төслийн зарим заалт хасагдаж өөрчлөгдсөн ч гол амин сүнс нь гарч УИХ-аар дэмжигдсэн. Гэвч үүнийг Ерөнхийлөгчийн зүгээс үгүйсгэж бүр парламентын засаглалаас татгалзаж энэ Үндсэн хуулийг бүхэлд нь үгүйсгэх санаачилга гаргачхаад байна. Маргаантай асуудлуудыг удаа дараа өргөн барьж, цаг хугацаа авч байна. Дээрх үндэслэлүүдээс харахад зүгээр л зогсоохын тулд хориг тавьчихлаа гэж хардаж байна.

Хориг тавьж байгаа нь үүнийг хойшлуулсаар байгаад өвөл болгох сонирхол байна Эсвэл өвөл болчих юм бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулах боломжгүй болчихно. Өвлийн хахир цагт ирц бүрдэх үү гэдэг асуудал бий. 

-Хоёрдугаар хэлэлцүүлгээр баталсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл дэх заалтуудыг зөвшилцлийн ажлын хэсгээс оруулж ирсэн гэж ойлгож байгаа. Ерөнхийлөгч Зөвшилцлийн ажлын хэсгийг ахалж байсан хэр нь яагаад тухайн үед дээр дурдсан үндэслэлүүдийг гаргаж тавьсангүй вэ? 

-Уг нь өөрийнх нь ахалсан ажлын хэсгээс гаргаж ирсэн төслийг хэлэлцээд сайжруулаад, 62 гишүүний өргөн барьсан төслөөс авахыг нь аваад явсан. Зөвшилцлөөс гарч ирээд УИХ-аар шүүгдэж нуруутай батлагдсан төслийг Ерөнхийлөгч дэмжихгүй байгаагаа илэрхийлснийг ойлгоход төвөгтэй. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, бүрэн эрхийн хугацааг нь сунгах, сонгуулийн пропорционал элементийг тусгах заалтууд УИХ-ын 57-оос дээш гишүүдийн дэмжлэг авч чадаагүй унасан. Иргэдийн дийлэнх нь дэмжихгүй байгаа эдгээр заалтыг оруулаагүйд УИХ-ыг буруутгаж байгаа нь зохимжгүй. Мөн Засгийн газрыг тогтвортой байлгахтай холбоотой заалт ороогүй гээд байгаа нь ор үндэсгүй юм. Ийм заалт хангалттай орсон шүү дээ.

Ээлжит сонгууль болох гэж байхад УИХ наана нь тарах бодит шаардлага бий эсэх эргэлзээтэй

 

-Ард нийтийн санал асуулга явуулах бэлтгэл ажилтай зэрэгцээд УИХ өөрөө тарах, ээлжит бус сонгууль явуулах тухай яриа гарах боллоо. 

-УИХ тарах шаардлага, үндэслэл хууль зүйн талаасаа алга. Үндсэн хуулийн 22.2-т УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүдийн 3/2-оос доошгүй нь буюу 51 нь эсвэл Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж мөнхүү шалтгаанаар санал болгосон бол УИХ хэлэлцэн шийддэг. Нэг талаар, УИХ-ын гишүүд гарын үсэг зураад 51-д хүрэх ёстой. Хэрэв тэгвэл УИХ-аар хэлэлцээд, дахин 3/2-оор шийднэ. Ийм хэцүү процесс байхад УИХ тартлаа удна. Ингэсээр АНСА-аа хийх цаг алдах вий. 

Нөгөө талаар Үндсэн хуулийн 22.2-т УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн гэж байгаа. Энэ нөхцөл нь хангагдаагүй байна. УИХ-ын гол бүрэн эрхэд төсөв батлах, хууль батлах, Ерөнхий сайдыг томилох зэрэг багтдаг. Энэ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал одоогоор огт үүсээгүй байна. Ерөнхий сайд ажлаа хийж байна, төсвөө хуулийн хугацаанд хэлэлцэн батлах боломж байна. Энэ УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой. 

Харин гишүүдийн ёс зүйтэй холбоотойгоор энэ парламентын нэр хүн уналаа гэдэг. Гэхдээ үе үеийн парламент тийм өндөр нэр хүндтэй байдаггүй. Бусад улсын парламент ч шүүмжлэлд өртөж байдаг. УИХ-ын нэр хүндийг санаатайгаар унагаж, үүний цаана парламентын засаглалд итгэх иргэдийн итгэлийг сулруулах зорилготой зүйлүүд ч ажиглагдаж байна. Нэр хүнд муу байна гээд УИХ тарах нь утгагүй. 

Одоогоос есөн сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Угаасаа ээлжит сонгууль болох гэж байхад наана нь тарах бодит шаардлага бий эсэх эргэлзээтэй. Энэ есдүгээр сард УИХ тараад арваннэгдүгээр сард ээлжит бус сонгууль явууллаа гэж үзье. Тэртээ тэргүй түүнээс хойш зургаахан сарын дараа ээлжит сонгууль болно. Сонгуулийг зургаан сарын наана татаж яах юм бэ. Цаг хугацааны ч шаардлага алга. 

Үүнийг дагаад улс төрийн тогтворгүй байдал үүсэх эрсдэл байна. Засгийн газар тогтворгүй, богино настай гэдэг байсан бол үүнийг дагаад УИХ тардаг болчихвол яах вэ. Араас нь сонгуультай холбоотойгоор тогтворгүй байдал руу шилжих эрсдэл байхыг үгүйсгэхгүй. 

Олон улсын туршлагад ч гэсэн парламентыг хамаагүй тараадаг байдлаас татгалзаж байгаа. Жишээ нь, ХБНГУ-д Ерөнхий сайдыг томилж (сонгож) чадаагүй, эсвэл Ерөнхий сайдыг итгэл үзүүлээч гэхэд татгалзчихаад шинэ Ерөнхий сайдыг томилж чадаагүй гэсэн хоёр нөхцөлийн нэг үүсвэл Ерөнхийлөгч парламентын доод танхим (Бундестаг)-ыг тарааж болдог. Түүнээс биш Бундестаг өөрөө тардаггүй. Канцлер нь Бундестагаа үзэмжээрээ тараадаггүй. 

Их Британид 2011 он хүртэл Ерөнхий сайдад итгэл эс үзүүлэх юм бол Ерөнхий сайд нь доод танхимаа тараадаг байсныг болиулсан. Харин үүний оронд Ерөнхий сайдыг огцруулчхаад 14 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилж чадахгүй бол парламентын доод танхим тарна. Эсвэл доод танхимын гишүүдийн 3/2-оос доошгүй нь тарна гэвэл ээлжит сонгууль зарладаг. Гэхдээ олон зуун гишүүнтэй учраас ингэж өөрөө тарахад ихээхэн төвөгтэй. 

Олон улсын хандлага тогтвортой, хариуцлагатай парламентын төлөвшүүлэх чиглэл рүү илүүтэй анхаарч байгаа учраас манай энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ч тэр хүрээнд хийгдсэн. УИХ-ын гишүүдийн 2/3-ын шийдвэрээр “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй” гэсэн шалтгаанаар тарж болохоос гадна Ерөнхий сайдыг томилох саналыг оруулснаас хойш 45 хоногт томилоогүй, Ерөнхий сайдыг огцруулсан эсхүл түүнд итгэл үзүүлэхээс  татгалзсанаас хойш шинэ Ерөнхий сайдыг 30 хоногт томилоогүй бол УИХ-ыг тараах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргах заалтыг УИХ-ын дэмжчихсэн байгаа. Энэ бол УИХ-ыг хариуцлагажуулахад чиглэсэн маш чухал алхам юм. 

-Зарим гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр санал асуулга явуулахтай давхцуулаад УИХ-ын ээлжит бус сонгууль явуулна гэж байх шиг. 

-УИХ тарлаа гэхэд ард нийтийн санал асуулгатай хамт УИХ-ын сонгууль явуулна гэсэн яриа гарч байна. Энэ хоёр асуудал хоёулаа амжилттай болчихлоо гэж бодъё л доо. Тарчихлаа, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дэмжигдлээ гэе.

Гэхдээ яг одоогийн УИХ-ын бүрэлдэхүүн дараагийн сонгуулиар гарч ирэх баталгаа байхгүй. Шинэ парламент бүрдэнэ. Шинээр бүрдсэн УИХ энэ нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гаргах үүрэгтэй. Гэхдээ, тэрэн дээр асуудал үүсвэл яах вэ. Эсвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг цааш нь гүйцээж үр дүнг гаргахын тулд араас нь 30-аад хуулийг уг нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалын дагуу, судалгаатай сайн боловсруулж батлах ёстой. Энэ УИХ нэмэлт, өөрчлөлтийн талаар 3-4 жил ярьж хэлэлцэж ойлголцол үүссэн учраас эхлүүлсэн ажлаа дуусгах буюу дагаж гарах хуулиудаа бас өөрсдөө шийдээсэй гэж хүсэж байна. Өөрөө хийхгүй бол үр дүн гарахгүй.

Энэ УИХ түүхэн хариуцлага хүлээж байна. Гурван УИХ дамжаад таван ч төсөл өргөн баригдсан. Энэ дөрөв дэх төсөл дэмжигдээд батлагдах юм бол олон чухал асуудлыг шийдсэн УИХ болж үлдэнэ. Хэрэв тэгж чадахгүй бол 65 суудал авч, энэ хүртэл явсны хэрэг гарахгүй. 

Ээлжит бус сонгуулиар шинэ УИХ бүрдээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалыг ойлгох гэж хугацаа авна эсхүл маргалдаад хэдэн жил болно. Аягүй бол үзэл баримтлалд нь нийцэхгүй байдлаар ч хуулиуд баталчих эрсдэлтэй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж гарах эхний хуулиуд нь шинэ практик тогтоодог тул нэмэлт, өөрчлөлтөөсөө дутуугүй маш чухал. Буруу хууль гараад, буруу практик тогтвол хожим засахад хэцүү болно. 

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гацаах, ард нийтийн санал асуулгад эсрэг дүн гаргуулах зорилгоор УИХ-ыг тараана гэх яриа гаргаад байгаа юм байгаа гэх хардлага байгаа? 

- Адилхан хардлага олон хүнд байх шиг. Надад ч байна. Үндсэн хууль-парламентын засаглалыг үгүйсгэдэг Ерөнхийлөгчтэй ийм “ороо бусгаа” үед УИХ өөрөө тарвал парламентын засаглалын нэр хүндийг унагасан хэрэг болно, улмаар Ерөнхийлөгчийн засаглал эсхүл ийм нэртэй дарангуй дэглэм рүү түлхэх гэж бүр хүчтэй оролдоно.

УИХ тарсан ч, эс тарсан ч УИХ-ын сонгуультай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ард нийтийн санал асуулгыг хамт явуулбал Үндсэн хуулийн өөрчлөлт унах магадлалтай. УИХ-ыг тараана гэдэг яриа хориг тавьж байгаатай адил бас л нэг арга хэрэгсэл болгож буй хүмүүс ч байхыг үгүйсгэхгүй. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Ард нийтийн санал асуулгаа дангаар нь явуулах огноогоо шийдэж чадахгүй хойшилсоор байгаад ирэх жилийн зургаадугаар сард УИХ-ын ээлжит сонгуультай хамт явуулах нөхцөл байдал руу орчих гээд байна. УИХ-ын сонгуультай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ард нийтийн санал асуулгыг хамт явуулах нь маш эрсдэлтэй. 

-Яагаад вэ?

-Яагаад гэвэл, энэ нэмэлт, өөрчлөлт 2000 оны долоон өөрчлөлтийн алдаа дутагдлыг засч байгаа. Сүүлийн гурван парламент дамжсан засгийн газрын тогтворгүй, үр нөлөөгүй байдлыг шийдэж байгаа. УИХ-ын хууль тогтоох чанар муудаад байгааг өөрчлөх гэж байгаа. Шүүхийг хараат бус, шударга бус болгох гэж байгаа. Энэ агуулга нь зөвхөн МАН-ын зүйл биш, харин сүүлийн гурван УИХ дамжиж яригдсан.

2015 оны З.Энхболд даргын үеийн Н.Батбаяр нарын 47 гишүүний өргөн барьсан төслийн бараг 80 хувь нь ийшээ орсон, маш их судлагдсан, иргэдийн санаа бодлыг авсан төсөл. Зунжингаа бүтэн гурван сар хэлэлцээд Ерөнхийлөгчийн болон АН-ын маш олон саналыг авч зөвшилцсөн. Нэгэнт ийм сайн агуулга бий болгочихсон төслийг МАН-ын гэлтгүй АН-аас дэмжиж байгаа олон хүн бий. Энэ төслийн агуулгын хувьд бусад намын төлөөлөл, улс төрд идэвхтэй оръё гэж байгаа залуу үеийн төлөөлөл, иргэний нийгэм, хуульчид дэмжиж байна л даа. 

Гэтэл ард нийтийн санал асуулгыг УИХ-ын сонгуультай хамт хийвэл саяын ойлголцол, өргөн дэмжлэг байхгүй болохоор харагдаж байна.

Сонгуульд оролцож байгаа бусад намууд, улс төрчид ялахын тулд энэ төслийг дэмжих нь МАН-ыг дэмжиж байгаа хэрэг гэж ойлгуулна.

Төсөл юу байхаас үл хамаараад бүгдийг нь үгүйсгэх байдал руу орох шинжтэй харагдаж байна л даа. Нам бус хүмүүс хэт улс төржихөөс жийрхэнэ. Ийм байдалд иргэд сонголт хийхдээ МАН, Үндсэн хуулийн төсөл хоёрыг хоёуланг нь дэмжинэ, эсвэл хоёуланг нь унагаана. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл талаас дээш хувийн дэмжлэг авалгүй, хэлмэгдчих гээд байна. 

Энэ УИХ-ыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амжилттайгаар авч гарах түүхэн хариуцлага хүлээж байгаа. Амжилттай авч гарах ажлынхаа 50 хувийг хийчихсэн. Маш сайн төсөл өргөн барьсан. Монгол Улсын аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн баталгаа болсон парламентын засаглалыг бэхжүүлэх нэмэлт, өөрчлөлт амжилттай дуусах ёстой. Амжилттай дуусгахын тулд ард нийтийн санал асуулгыг парламентын сонгуулиас тусад нь явуулж байж, өргөн хүрээнд иргэдийн дэмжлэг авч чадах болов уу. 

Ерөнхийлөгч маргаантай заалтууд бүхий төслийг өргөн барьж, 62 гишүүний төслийн амин сүнс болсон шүүхтэй холбоотой бүх заалтыг хасах санал ирүүлж байсан 

Хоёр жилийн өмнө энэ чиглэлээр мэргэжсэн гадны судлаач манайд ирээд анхааруулж байсан. Парламентын сонгуультай хамт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг АНСА-д оруулах юм бол нэг намынх гэж үзээд, улстөржүүлээд унагаана шүү. Тэгээд арай гэж үүссэн ойлголцол, зөвшилцөл талаар болно шүү гэдгийг анхааруулж байсан.

Жишээлбэл, 2016 онд Нэгдсэн вант улс Европын холбооноос гаргах нь тийм ч оновчтой бус байсан ч уг асуултаар рефрендум хийсэн. Тухайн үеийн Ерөнхий сайд Камероны нэр хүндтэй энэ чухал асуудлыг уяж улс төржүүлснээс Европын холбооноос гаргахыг иргэдийн олонх нь дэмжсэн. Үүнээс бол хүнд нөхцөлд байна. 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ямар нэгэн байдлаар хойшилсоор байгаад, батлагдахгүй, эсвэл сонгуультай хамт явагдаад унах юм бол бүр том аюул руу явах гээд байна. Тэр нь юу вэ гэхээр, нэгэнт сүүлийн гурван УИХ парламентын тогтолцоогоо бэхжүүлэхийн тулд нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульдаа оруулах гэж оролдсон ч чадсангүй. Одоо тэгэхээр Ерөнхийлөгчийн засаглал руу явъя гэдэг зүйлийг илүү их ярих дүр зураг харагдаж байна. Тэр үед нь бид амаа барих вий. Ийм ноцтой зүйл рүү явуулахгүй байх үүрэг энэ УИХ-ын гишүүдэд бий.

-Энэ парламент Ерөнхийлөгчийн хориг, УИХ-ыг тараах гэх мэтчилсэн саад бэрхшээлийг эс тооцон, зоригловол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хугацаа, боломж байгаа юу?

-Байгаа. Нэгэнт гол ажлаа хийчихсэн. УИХ тарах ямар ч шаардлагагүй. Харин ойрын хугацаанд зөвхөн Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих эсэхийг ард нийтийн санал асуулгаар асуухаар шийдвэрлээсэй.

Энд зарцуулах зардлаа бодитой тооцож гаргах нь чухал л даа. Ард нийтийн санал асуулгад зарцуулах мөнгө нь энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлуулах үнэ цэнэтэй харьцуулахад юу ч биш. Үндсэн хуулийн амин чухал зүйлийг шийдвэрлэхэд зарцуулж байгаа мөнгө ирээдүйд ирэх үр ашигтай харьцуулшгүй доогуур. 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгээс батлагдан гарсан өөрчлөлтүүд 

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгээс батлагдсан эх УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төслөөс нэлээд өөрчлөгдсөн гэдэг шүүмжлэл гараад байгаа. Анх өргөн баригдсан төслөөс ямар байдлаар өөрчлөгдсөн бэ?

-Үндсэн хууль бол зөвшилцлийн баримт бичиг ч зөвшилцөл суурь зарчмын дагуу явагдах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь хүлээн зөвшөөрөгдөх чадвартай байх ёстой. Иргэдийн санаа бодлыг тусгах төдийгүй парламентын доторх, гаднах улс төрийн намууд, Ерөнхийлөгчтэй ойлголцож байж хүлээн зөвшөөрөгдөх ёстой. 1992 оны Үндсэн хууль маш сайн оролцоо, ойлголцлоор гарсан учраас хүлээн зөвшөөрөгдсөн. 

62 гишүүний өргөн барьсан төсөл олон парламент дамжиж яригдсан, иргэдийн санаа бодлыг тусгаж, Үндсэн хуулийн 70 зүйлийн 24 зүйл, 50 гаруй заалтыг хөндсөн байсан. Хүлээн зөвшөөрөгдөх байдлыг хангахын тулд УИХ гурван сарын турш ажилласан. Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг гарч ирсэн. Маш олон саналууд гарч ирсэн. Энэ бүхний үр дүнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн одоогийн эх гарч ирсэн. Ингэхдээ 62 гишүүний анх өргөн барьсан төслийн гол агуулга ерөнхийдөө хэвээр байгаа. Гишүүдийн төсөл таван багц асуудлыг шийдэхийг зорьсон. Нэг нэгээр нь товч яръя. Эхний багц өөрчлөлт бол Засгийн газартай холбоотой.

Нэгд, төсөл Засгийн газрын тогтвортой, хариуцлагатай болгох асуудлыг тавьсан. Ядуурал, ажилгүйдэл зэрэг нийгэм, эдийн засгийн асуудал шийдэгдэхгүй байна, төр хайчив гэж иргэд ярьдаг. Энэ нь Засгийн газрын тогтворгүй байдалтай холбоотой. Дунджаар 1.8 жилийн настай тул Засгийн газар гарч ирээд ажлаа хийх гэж байтал огцорчихдог. Үүнийг болиулаад Засгийн газрыг тогтвортой ажиллуулах боломжийг бий болгох ёстой.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрыг огцруулах дөрвөн янзын боломж байсныг цөөлж нэг болгосон. Одоогийн Үндсэн хуулиар Засгийн газрыг хуралдаанд сууж байгаа гишүүдийн олонх огцруулчихдаг. 36хан хүний саналаар Ерөнхий сайдыг огцруулж байсан тохиолдол бий. Харин сая дэмжигдсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг УИХ-ын нийт гишүүний олонх шийддэг болохоор заасан. 39-оос доошгүй болгож, босгыг нь өндөрсгөсөн гэсэн үг.

Мөн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 19-өөс доошгүй гишүүн гаргаж тавих юм бол 3-10 хоногийн дотор шийдэх ёстой гэж хугацаа зааж өгсөн. Ерөнхий сайдыг огцруулсан бол дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно. Томилж чадахгүй бол  УИХ тарна. Ингэж хариуцлагажуулж өгсөн. 

62 гишүүний төсөлд конструктив санал гэдэг зүйл орж ирсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг огцруулах гэж байгаа бол дараагийн хүнийг нь оруулж ир заалт нь Ерөнхий сайдыг огцруулж чадахгүй, хэтэрхий бөхөлчих юм биш үү гэдэг болгоомжлол байсан учраас болиулсан. Харин энэ төсөл дээр орсон нь адилхан сайн хувилбар. Ийм жишиг Их Британи, Эстони зэрэг дийлэнх улсад байдаг.

Хоёрт, Ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэх асуудлыг тодруулсан. Төмөр зам, цахилгаан станц барих зэрэг бодлогын тодорхой асуудлаар итгэл үзүүлээч гэж УИХ руу оруулсан тохиолдол УИХ дэмжвэл тэр асуудлаа шийдүүлсэнд тооцно. Хэрэв түүнийг нь дэмжихгүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцоод, 30 хоногийн дотор дараагийн Ерөнхий сайдыг томилох ёстой. Чадахгүй бол УИХ тарна. 27 жилийн хугацаанд Ерөнхий сайд өөртөө итгэл үзүүлэх асуудлыг нэг ч удаа асууж байгаагүй нь ийм тодорхой зохицуулалт байхгүй байсантай холбоотой. Үүний улмаас УИХ-ын олонхтой бодлогын зөрүү үүсвэл хагалах бүтээлч боломж хязгаарлагдаж байв. 

Гуравт, Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийн томилох, огцруулах асуудлыг бие даан шийддэг байх заалтыг 62 гишүүний төсөлд тусгасан боловч 57-оос дээш гишүүнээр дэмжигдэж чадаагүй. Гэхдээ дэмжигдээгүй ч гэсэн энэ тал дээр бага ч гэсэн ахиц гарсан. Одоо бол Ерөнхий сайд сайдаа томилохын тулд Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө, тэгээд УИХ руу оруулдаг. Энэ хоёр шат дамжлагын Ерөнхийлөгчтэй зөвшилцдөгийг нь болиулж, зөвхөн УИХ руу томилж, огцруулахын тулд оруулдаг болгосон. Тэгэхээр Ерөнхий сайд харьцангуй бие даан сайд нарын нэрээ УИХ руу оруулж, шийдүүлэх боломжтой болсон

Дөрөвт, Бас нэг чухал өөрчлөлт нь Засгийн газрын боловсруулаад, өргөн мэдүүлсэн төсвийг УИХ бужигнуулаад юу ч биш болгодог. Тойрог руугаа татдаг, шинээр зарлага нэмдэг. Үүнийг хязгаарлах заалт 62 гишүүний өргөн барьсан агуулгаар батлагдсан. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхийг УИХ-д хориглосон. Нэмэгдүүлэхийг хүсч байвал Засгийн газарт санал тавиад дахин оруулуулж болно.

Тавд, давхар дээл гэдэг зүйлийг шийдсэн. Ерөнхий сайд дээр нэмэх нь дөрвөн сайд УИХ-ын гишүүн байж болно. Давхар дээлийг бүрэн хориглохоос яагаад татгалзсан бэ гэхээр парламент дахь олонх ард түмний итгэл авч гарч ирээд мөрийн хөтөлбөртөө тулгуурлан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, Засгийн газар нь тэрний дагуу бодлогоо боловсруулж, УИХ руу оруулж ирээд, тэр нь зөв зүйтэй бол хэлэлцэн батлаад, хамтарч ажиллаж байж үр дүн гарна. Ингэж уялдаа холбоотой ажиллахад Засгийн газрын зарим гишүүн УИХ-ын гишүүн байх нь чухал үүрэгтэй. Тийм ч учраас парламентын засаглалтай олонх улсад парламентыг зуугаас дээш тооны гишүүнээс бүрдүүлж, давхар дээлийг зөвшөөрдөг. Манайд УИХ 76хан гишүүнтэй учраас тодорхой хязгаарлалт тавьж, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн зааг ялгааг хадгалах, хяналт тэнцлийг хангахыг зориод байгаа юм. 

Энэ бүхнийг харах юм бол нийгэм эдийн засгийн асуудлыг шийдэх бодлогыг тодорхойлоод, хэрэгжүүлэх, үр дүнг нь үзэх, тогтвортой хариуцлагатай гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газрыг бэхжүүлэхэд чиглэсэн хэд хэдэн алхам хийнэ. 

-Харин УИХ-тай холбоотой ямар заалтууд ямар байдлаар тусгагдсан бол? 

-Гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлж байгаа учраас энд тавих хяналтыг сайжруулж байгаа. Аудит, Хянан шалгах түр хороо хоёр гүйцэтгэх эрх мэдэлд тавих хяналтыг сайжруулна. 

Нэгдүгээрт, хянан шалгах түр хороог байгуулна гэсэн. Энэ хороог УИХ-ын нийт гишүүдийн 4/1-ээс доошгүй буюу 19-өөс доошгүй гишүүн санаачлах юм бол заавал байгуулагдах ба түүний бүрэн эрх зэрэг асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулахаар болсон. Одоо бол манайд УИХ дээр ажлын хэсэг байгуулдаг. Гэтэл нөгөө ажлын хэсэг нь бодитой мэдээлэл авъя гэхээр тэр мэдээллийг нь өгдөггүй. Эсвэл ажлын хэсэг юу руу ч хамаагүй ороод байдаг. Шүүхийн шийдвэрийг авч хэлэлцдэг ч юм уу. Ийм үр нөлөө муутай хяналт байна л даа. 

Парламентын тогтолцоотой ардчилсан 90-ээд улсад Хянан шалгах түр хороо байгуулж болдог. Энэ хороо нь цөөнхийн санаачилгаар байгуулагдана. Бодлогын тодорхой асуудлаар жишээ нь, агаарын бохирдолтой холбоотой асуудлаар байгуулагдаж болно. Хянан шалгах түр хороонд хоёр эрх мэдэл өгнө. Нэгдүгээрт, тодорхой баримт, мэдээлэл гаргуулж авах. Хоёрдугаарт, хууль сануулаад, тайлбар мэдүүлэг авах.

Жишээ нь, агаарын бохирдолтой холбоотой статистик гаргаж өг гэж шаардаж болно. Хэрэв гаргаж өгөхгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ. Мөн энэ чиглэлийн мэргэжилтнээс худал хэлбэл хуулийн хариуцлага хүлээнэ гэж сануулж байгаад тайлбар авна. Энэ хоёр бүрэн эрхээрээ бодитой мэдээлэл цуглуулаад дүгнэлт гаргана. Парламентад танилцуулна, ил гаргана. Тэгээд л болно. Тэр дүгнэлт нь шүүхэд даалгавар өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа руу орохгүй. Зөвхөн бодит мэдээллийг нэгтгээд ил гаргаж тавина. Олонх шийдвэрээ гаргаж, цөөнх хяналт тавина гэсэн парламентын засаглалын зарчим бэхэжнэ. 

Хоёрдугаарт, өнөөдөр манайд аудитын байгууллын томилгоо улс төрөөс маш их хамааралтай. Эрх барьж байгаа намын л хүн очдог. Уг нь аудит хараат бус байж, төрийн санхүү, төсвийн гүйцэтгэл ямар байна вэ, хууль дүрэмдээ нийцэж байна уу, төсвийн хөрөнгийг үр нөлөөтэй зарцуулж байна уу, санхүүгийн сахилга баттай байна үгүй юу гэдэгт хөндлөнгөөс хяналт тавьж, дүгнэлт гаргадаг. Гэвч төрийн аудитын байгууллагын удирдлагын томилгоо нь хэт улс төрийн нөлөөтэй учраас аудит хараат бус ажиллаж чаддаггүй. Мөн, өөрөө хяналт тавих гэж байгаа Засгийн газар, ялангуяа Сангийн яамнаасаа төсвийн хувьд хараат. Үүнийг шийдэх зорилгоор Герман зэрэг улсад байдаг шиг төрийн аудит буюу төрийн санхүү, төсвийг хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх суурийг энэ төслөөр тавьж өгнө. 

Нөгөө талаас УИХ-ын хууль тогтоох ажиллагааны чанарыг сайжруулахад олон чухал өөрчлөлт орж байгаа. УИХ-ын гишүүн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэх татагдах үндэслэл болно гэдгийг тодруулж энэ өөрчлөлтөөр зааж өгнө. Түүнчлэн, УИХ тарах нөхцөлийг тодорхой болгож хариуцлагыг нь нэмэгдүүлж байгаа талаар өмнө тайлбарласан билээ.

Мөн, УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам 50-иас доошгүй ажлын өдөр хуралддаг байсан бол 75-аас доошгүй болгож сунгасан. Хуулийг 20-иос доошгүй гишүүд баталж болдог байсан бол 39-өөс доошгүй гишүүд батлах болсон. Энэ нь хуулийг чанартай гаргах, тогтвортой үр нөлөөтэй хэрэгжих, гишүүдийг хариуцлагажуулах боломжийг бий болгож байгаа. 

Түүнчлэн УИХ-ын сонгуулийг шударга явуулах нөхцөлийг сайжруулах зохицуулалт нь орсон нь юу гэхээр УИХ-ын сонгууль болохоос нэг жилийн өмнө сонгуулийн хуулийг шинээр батлах, нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон. Уг нь 2003 оны Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрт сонгууль болохоор зургаан сарын дотор сонгуулийн хуулийг өөрчилж болохгүй гэдэг заалт бий. Түүнийг сонгуулийн хуульд оруулсан байсныг аваад хаячихсан. Сонгууль болохоос зургаахан сарын өмнө сонгуулийн хуулийг шинээр баталдаг практик тогтсон байсан.

2016 онд үүнийгээ үл ойшоон сонгууль болохоос хоёр сарын өмнө сонгуулийн хуулийг орвонгоор нь өөрчилсөн. Энэ нь жижиг намууд, парламент дахь сөрөг хүчин, шинээр улс төрд орж байгаа хүмүүст шударга бус хэрэг юм. Эрх барьж байгаа олонх өөртөө тохирсон байдлаар сонгуулийн хуулийг баталж, тэрийгээ ашиглах гэж оролддог байдал эцэслэгдэнэ.

-Намтай холбоотой заалтыг Үндсэн хуульд оруулахаар заажээ. Үүний ач холбогдол нь юу юм бэ?

-Улс төрийн намын шинэчлэл сүүлийн гурван парламент дамжаад хийгдэж чадахгүй байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энийг хийх үндэс суурийг тавьж өгч байгаа. 

Нэгд, нам улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллахаар заасан нь намыг бодлогын болгож төлөвшүүлэхэд чухал. Намууд аймаг, сум болгонд бүтэцтэй байхыг үүгээр шаардаагүй. 

Хоёрт, нам зохион байгуулалтын хувьд заавал ардчилсан байхыг үүрэг болгож байгаа. Нам ардчилсан тогтолцооны нэг хэсэг юм бол өөрөө дотоод ардчилалтай байх ёстой. Намууд ардчилагдахгүй бол ардчилсан тогтолцоонд саад учирч байгаа. Үүнийг зогсоож байгаа. 

Гуравт, намын хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт ил тод байхыг үүрэг болгож байгаа. Иргэдээс авсан саналаар нь хувилж төрөөс санхүүгийн дэмжлэг намд өгөх эрхзүйн үндсийг хуулиар тогтоох боломжтой болж байгаа. Эдгээр зохицуулалт эцэслэгдэж холбогдох хуулиудыг нарийвчлан боловсруулж баталбал нам мөнгөтэй хүмүүсээс хэт хамааралтай болчхоод байгаа байдал саармагжиж, намууд нийт иргэнийг төлөөлж нийтийн ашиг сонирхлын төлөө ажилладаг болоход хувь нэмэр оруулна.

Энэ бүгдийг Үндсэн хуульд оруулснаар заавал хэрэгжүүлэх ёстой гэж үүрэг болгож байгаа юм. Заавал улсын хэмжээний бодлого дэвшүүлж, тодорхойлохын төлөө ажилла. Заавал ардчилсан бай, санхүүжилтээ ил тод байлга, иргэдийн дэмжлэг ав. Хууль нь дагаад ийм гарах ёстой. Хууль энэ шаардлага хангахгүй байвал Үндсэн хууль зөрчсөн гээд Цэц дээр хүчингүй болно. Ерөнхийдөө явахгүй байгаа намын шинэчлэлийг урагшлуулах зорилгоор Үндсэн хуульд оруулсан. 

-Шүүхтэй холбоотой заалтууд анх өргөн баригдсан цагаасаа эхлээд иргэдийн анхаарлыг татаж эхэлсэн. Ерөнхийлөгч өргөн барьсан төсөлдөө гишүүдийн төсөл дэх заалтуудыг бүхэлд нь хасах санал оруулсан байсан. Зөвшилцлийн дүнд шүүхтэй холбоотой заалтууд хэрхэн өөрчлөгдсөнийг дурдвал?

-62 гишүүний өргөн барьсан төсөл дээр шүүх, Цэцтэй холбоотой есөн заалт байсан. Ерөнхийлөгч бүгдийг нь хасах санал оруулж ирснээс хасагдсан ч шүүхтэй холбоотой дөрвөн чухал өөрчлөлт байгаа. Үүний өмнө Ерөнхийлөгчтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийг дурдахгүй бол болохгүй. Парламентын тогтолцоотой улсын хувьд ерөнхийлөгч идэвхгүй, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хооронд хямрал үүсэхээр гарч ирэн зохицуулдаг арбитрчийн үүрэгтэй. Ерөнхийлөгчийн ийм үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байлгахын тулд насыг нь 50-иас доошгүй байх, нэг удаа зургаан жилээр ажиллах зохицуулалт оруулсан. 

Үүнээс гадна өнгөрсөн 27 жилийн хугацаанд Ерөнхийлөгчид хуулиар маш олон эрх мэдэл өгсөн. Энэнээс болоод эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцэл алдагдахад хүрээд байгаа юм. Үндсэн хуулиар Ерөнхийлөгч шүүх эрх мэдэлд хамаатай гуравхан бүрэн эрхтэй. УИХ-тай зөвшилцөж, Ерөнхий прокурор, түүний орлогчийг томилно. ШЕЗ-ийн санал болгосноор нийт шүүгчдийг томилно. Дээд шүүхийн шүүгчдийн санал болгосноор Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилох гуравхан бүрэн эрхтэй. 

27 жилийн хугацаанд Ерөнхийлөгчид хуулиар маш олон эрх мэдэл өгсөн

Гэтэл 27 жилд үе үеийн Ерөнхийлөгчид маш олон бүрэн эрхийг хуулиар нэмж өгсөн. Бүх шүүхийн ерөнхий шүүгчийг томилох эрх мэдлийг 1993 оноос хойш өгсөн. 2002 оноос хойш шүүгчид хариуцлага хүлээлгэдэг Шүүгчийн ёс зүй, сахилгын хороон дарга, гишүүдийг томилдог болсон. 2012 оноос хойш ШЕЗ-ын дарга, гишүүдийг томилдог болсон. Энэ оны хавраас хойш Ерөнхийлөгчийн тэргүүлдэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ямар ч үндэслэл дурдахгүйгээр зөвлөмж гаргавал шүүгчийг хугацаагүй түдгэлзүүлэх, ерөнхий шүүгчийг огцруулах, УЕП, түүний орлогч болон АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийг дуусгавар болгох боломжтой болсон. 

Нэг хэсэг нь Ерөнхийлөгчид тал засаад ийм эрх мэдэл өгдөг. Зарим үед Ерөнхийлөгч хуулийг өөрчилж сайжруулна гэж байгаад нэг мэдэхэд өөр дээрээ эрх мэдэл авчихсан. Эсвэл тэнцвэр хангах гэж байна гээд зарим томилгоог Ерөнхийлөгчид өгсөөр ийм байдалд хүрсэн. Энэ нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийн огт хасаагүй. Харин Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн үндсэн бүрэн эрхийн хүрээнд нь хуулиар олгох заалтыг Үндсэн хуульд оруулж байгаа.

-Шүүхтэй холбоотой бусад ямар нэмэлт, өөрчлөлт бий вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхтэй холбоотой дөрвөн том өөрчлөлт авчирна. Эхний өөрчлөлт нь юу гэхээр, Үндсэн хуульд байхгүй бүрэн эрхийг Ерөнхийлөгчид нэмж өгөх замаар түүний зүгээс шүүх эрх мэдэлд нөлөөлөх эрсдэл үүсгээд байсан. Сая тайлбарласанчлан энэ байхгүй болно. 

Хоёрдугаарт, ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг тодорхой зааж өгч байгаа. ШЕЗ 10 гишүүнтэй байна. Тавыг нь шүүгчид дотроосоо сонгоно, тавыг нь нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Даргаа дотроосоо сонгоно. Ингэснээр ШЕЗ байн байн өөрчлөгддөг байдлыг таслан зогсооно, улс төрийн зүй бус нөлөөлөл орох эрсдэлийг бууруулна.

Гурав дахь өөрчлөлт нь Шүүхийн сахилгын хороог байгуулж байгаа. Ийм чиг үүрэгтэй байгууллагын нэр, чиг үүрэг, харьяалал гурван удаа өөрчлөгдсөн төдийгүй түүний үйл ажиллагаанд ШЕЗ нэлээн оролцоотой явж ирснээс ажлын үр нөлөөг сулруулж ирсэн. ШЕЗ-д шүүгчийг огцруулах, чөлөөлөх, түдгэлзүүлэх эрх мэдлээс гадна шүүгчийг сонгон шалгаруулах эрх мэдэл төвлөрсөн учраас ийм их мэдэл нь шүүгчийн хараат бус байдлыг хамгаална гэхээс илүү түүнд халдах, шүүгчийн хариуцлагыг сулруулахад ашиглагдах гээд байдаг. Энэ бүгдийг шийдэх үүднээс Шүүхийн сахилгын хороог тусдаа байгуулаад, бие даалгаж, тогтвортой, залгамж чанарыг хангах суурь тавигдана.

Дөрөвдүгээрт, шүүхийг тойргийн журмаар байгуулж болно гэсэн өөрчлөлтүүд орж байгаа. Томоор нь харвал шүүх эрх мэдэл нэг хүнээс хэтэрхий их хараат болчхоод байгаа одоогийн байдал өөрчлөгдөнө. 

"20-иод жил яригдсан нэмэлт, өөрчлөлт эцэслэгдэх эсэх нь ард нийтийн санал асуулгыг дангаар нь явуулах эсэх, товыг нь аль болох эрт зарлах эсэхээс хамаарна"

-Та түрүүн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүлээн зөвшөөрөгдөх ёстой гэж хэлсэн. Гэвч зарим талаар хүлээн зөвшөөрөгдөөгүй өөрчлөлтүүд байна л даа. Тухайлбал, эвлэлдэн нэгдэж нам байгуулах иргэдийн тооны талаар түрүүн тайлбар хэлсэн. Гэтэл, ШЕЗ Дээд шүүхэд тайлангаа тавина, байгалийн баялаг гэсэн асуудал шүүмжлэл дагуулаад байгаа. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?  

-УИХ-аас баталсан төслийн 49.5-д “шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой ШЕЗ-ийн тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна” гэсэн заалт орсон. Үүнийг зарим хүн ШЕЗ-ийг Дээд шүүхийн дор өгч, ШЕЗ-ийн дотоод үйл ажиллагаанд нь оролцохоор байна  гэж шүүмжилж байгаа.

Ийм болгоомжлолыг ойлгож хуваалцаж байгаа ч дээрх заалтад ийм утга огт байхгүй. Энэ заалтаар Дээд шүүхээс ШЕЗ-ийг удирдана, чиглүүлнэ, дотоод ажилд нь орно гэсэн агуулга байхгүй гэж УИХ-ын нэгдсэн хуралдааны болон Төрийн байгуулалтын байнгын хорооны протокол, албан дүгнэлтэд хангалттай тодорхой тусгагдсан.

Мөн ШЕЗ-ийн бүх үйл ажиллагааны тайланг бус, харин зөвхөн шүүгчийн хараат бус байдлыг хэрхэн хангаж буй тухай тайланг л Дээд шүүхэд танилцуулна. Улсын дээд шүүх болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн аль аль нь Үндсэн хуулийн байгууллага тул ШЕЗ-ийн дарга эсхүл гишүүн уг тайланг Дээд шүүх дээр очоод танилцуулах нь зохисгүй тул уг тайланг бичгээр гаргаад хүргүүлэх, эсхүл ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга нь танилцуулахаар хуулиар зохицуулах шаардлагатай.

Тийм учраас 49.5-д ШЕЗ-ийн тайланг хэн Дээд шүүхэд танилцуулахыг заагаагүй. Гол санаа бол Үндсэн хуулийн 49.4-т заасан чиг үүрэг буюу шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой хийж байгаа ажлынхаа тайланг Дээд шүүхэд явуулах, түүгээр дамжуулж нийт шүүгчид, хуульчид болон олон нийтэд хүргэх эргэх хариуцлагын нэг хэлбэр юм. Ийм албан ёсны үзэл баримтлалаар явж байгаа учраас үүгээр л дагалдах хууль нь гарч хэрэгжих ёстой. Ийм заалт оруулах болсон гурван шалтгаан байгаа. 

Нэгдүгээрт, ШЕЗ шүүгчийн хараат бус байдлыг хангаж ажиллана гээд Үндсэн хуульд биччихсэн байхад энэ үүргээ гүйцэтгэхгүй байсан тохиолдол бий. Жишээ нь, 2013, 2015 онд шүүхийн бүтцийг өөрчилж, бүх шүүгчийг чөлөөлж, буцааж томилохдоо 13-ыг нь үлдээж шүүгч биш болгосон, 20-иод шүүгчээс саналыг нь авалгүйгээр өөр газар руу шилжүүлчихсэн. Ингэж шүүгчийн хараат бус байдлыг ноцтой зөрчсөн явдал одоог хүртэл шийдэгдэхгүй байна. ШЕЗ үүнтэй холбоотой арга хэмжээ аваагүй төдийгүй үүнийг хийхэд зарим талаар өөрөө оролцсон. Тийм учраас ШЕЗ-д шүүгчийг шилж олох зэрэг том эрх мэдэл өгөөд орхиж болохгүй, харин эгэх хариуцлагатай байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.

Хоёрдугаарт, ШЕЗ нэг талаас шүүгчийг хуульчдаас шилж олох ажлыг хариуцаж байгаа, нөгөө талаас шүүхэд үйлчилж байгаа. ШЕЗ шүүхийн бодлого, менежмент, зохион байгуулалт, төсвийн эрх мэдлээрээ дамжуулан шүүх хэвийн ажиллахад үйлчилдэг чиг үүрэгтэйн хувьд шүүхтэйгээ уялдаа холбоотой байх ёстой. Тиймээс зарчмын хүрээнд ойлголцож, үйл ажиллагаагаа уялдуулах шаардлага байна гэж үзсэн. Тэгээд ч 2012 оны Шүүхийн захиргааны тухай хуулийн 18.1-д ШЕЗ-ийн ажлын тайланг Ерөнхийлөгчид танилцуулж, шүүхэд хүргүүлнэ гэсэн заалт байдаг. Шүүмжлээд байгаа заалт нь одоо ч хуульд байна. 

Гуравдугаарт, ШЕЗ-ийн бүрэлдэхүүний бараг 80 хувь шүүгчдийн төлөөлөл байсан нь шүүхтэй холбоотой гол асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн шүүгчид давамгайлах, улмаар олон нийтийн итгэл бус харин шүүгчийн бүлгийн явцуу сонирхлыг хамгаалах эрсдэл үүсгэж байсан төдийгүй ийм тохиолдлууд гарч байв. Тиймээс, ШЕЗ дэх шүүгчдийн хэт нөлөөг зохистойгоор бууруулж, гишүүдийн 50 хувь нь шүүгчдээс сонгогдсон шүүгч, 50 хувь нь шүүгч биш болгож байгаа. Ийм нөхцөлд ШЕЗ-ийн тайланг Дээд шүүхэд хүргүүлэх заалт орсон нь шүүгчийн хараат бус байдлыг хэт эрсдэлд оруулахгүй байх, тэнцвэрийг хангах зорилготой. 

- Намыг байгуулах иргэдийн тооны талаар ямар тайлбар хэлэх вэ?

-Дараагийн шүүмжлэлийн тухайд, батлагдсан төсөлд “намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий нийт иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэдэг заалт орсон.

Улс төрийн нам бол нийт сонгогчдын нэг хувиас доошгүйн дэмжлэг авч байж иргэдийн улс төрийн хүсэл зоригийг тодорхойлоход оролц гэсэн үг. 27 жилийн турш иргэдийн ямар ч дэмжлэггүйгээр, ах дүү, хамаатан садан, компаниараа нам байгуулаад явдаг байсан. Зарим нь сонгуулийн үеэр шантайж хийдэг гэгддэг.

Тиймээс сонгогчдын нэг хувиас доошгүй тооны буюу одоогийнхоор 20 мянга гаруй иргэн эвлэлдэн нэгдэж нам байгуулахаар заасан. Нөгөө талаас, энэ заалтыг уншвал нам заавал өдий тооны гишүүнтэй байна гээгүй. Тиймээс намууд ядаж нийт сонгогчийн нэг хувиас доошгүйн дэмжлэг эсхүл санал авсан байхаар ойлгож боломжтой.

Зарим хүмүүс уг заалт эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлах эрсдэлтэй гэж буй нь үндэслэлгүй биш юм. Гэхдээ Үндсэн хуулийн 16.10-д эвлэлдэн нэгдэх эрхийг иргэний үндсэн эрх гэж хүлээн зөвшөөрсөн учраас уг эрхэд нийцүүлэн дээрх шаардлагыг хэрхэн хангах вэ гэдгийг хуулиар шийдвэрлэнэ. Эвлэлдэн нэгдэх эрх болон сонгогчийн нэг хувиас доошгүй иргэд эвлэлдэн нэгдэх шаардлага хоёрын зөв баланс олоход анхаарах хэрэгтэй болно. 

Энэ заалт яаж гарч ирсэн бэ гэвэл намд эвлэлдэн нэгдэх иргэний тоог Ерөнхийлөгчийн зүгээс 50,001-ээс доошгүй байх, АН нийт иргэний нэг хувь буюу 30 мянга байх санал тус тус гаргасан. Ийм тоо заахын эсрэг 10 гаруй нам дангаар болон хамтран мэдэгдэл хүргүүлснээс өөрөөр хүчтэй эсэргүүцлээ илэрхийлээгүй. Нам судалдаг судлаачид нь бараг үгээ хэлээгүй. Ийм байдлаар нийт сонгогчийн нэг хувь гэдэг тоо УИХ орж гарч ирсэн.

- Гурав дахь буюу байгалийн баялагтай холбоотой заалт нэлээн том шүүмжлэл дагуулаад байгаа. 

- 62 гишүүний төсөлд байгалийн баялгийг ашиглах зарчмуудыг зааж өгсөн. УИХ-аар дэмжигдсэн байгалийн баялагтай холбоотой дөрвөн чухал өөрчлөлт орж байгаа.  

Нэгд, байгалийн баялаг ашиглах төрийн бодлого ямар зарчмаар явах вэ гэдгийг Үндсэн хуульд тодруулсан. Жишээ нь, Үндсэн хуулийн 6.2-т байгалийн баялгийг ашиглахдаа урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлах, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эхийг баталгаажуулах зарчмыг баримтлахыг шаардаж байгаа. Дээрээс нь, байгалийн баялаг ашигласны улмаас үүсэх нөлөөллийн талаар иргэд мэдэх эрхтэй. 

Хоёрт, одоогийн Үндсэн хуульд газар, түүний хэвлий доорх баялаг “төрийн өмч мөн” гэж заасан байдаг. Ерөнхийлөгч бол төрийн өмч гэдгийг нийтийн өмч болгоё гэсэн. Гэтэл нийтийн өмч гэдэгт онолын болон манай хуулийн утгаар төрийн өмчөөс гадна сүм хийдийн, олон нийтийн, орон нутгийн өмч багтдаг. Нийтийн өмч гэхээр хэтэрхий ерөнхий, бас эзэнгүй болчихно.

Тийм учраас УИХ-ын гишүүд “төрийн нийтийн өмч” гэдэг нэр томьёог оруулахыг дэмжсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар төрийн өмчийг “төрийн нийтийн зориулалттай өмч” болон “төрийн өөрийн өмч” гэж ангилдаг.

Эхнийхэд нь газрын хэвлий, түүний доторх баялаг зэрэг багтдаг бол удаахад нь төрийн байгууллагад эзэмшүүлсэн эд хөрөнгө, улсын төсвийн хөрөнгө зэрэг багтдаг. Төрийн нийтийн зориулалттай өмч гэх нэр томьёог тэр чигээр нь Үндсэн хуульд оруулах гэхээр хэт нурших гээд байсан учраас “төрийн нийтийн өмч” гэж товчилж хэрэглэсэн гэж ойлгосон. Одоо байгаа нэр томьёог хэрэглэж байна гэсэн үг шүү дээ.

Цаана байгаа агуулга нь юу гэхээр, одоогийн хуульд байгаа шиг “төрийн нийтийн өмч”-ийг ашиглах, эзэмших, захиран зарцуулах асуудлыг УИХ шийднэ. Үүнийг нь тодотгож өгсөн заалт. Харин төрийн өөрийн өмчийг заавал УИХ биш төрийн байгууллагууд нь өөрсдөө шийдээд явдаг. Мөн, нийтийн ашиг сонирхлыг үүднээс байгалийн баялгийг ашиглана шүү гэдгийг онцолж “нийтийн” гэдэг үг оруулсан. 

Гуравт, Ерөнхийлөгч болон УИХ-ын 20 гаран гишүүд “Стратегийн ордыг ашиглаж татвар төлсний дараах ашгийн 51 хувиас доошгүй нь төрд ногдоно” гэдэг утгатай заалтыг Үндсэн хуульд оруул гэж шаардаж байсан. Хэрэв энэ заалтыг оруулсан бол эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой байсан учраас гишүүд татгалзсан. 

Үүний оронд УИХ-аас дэмжлэг авсан томьёолол бол “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн заалт юм.

Үүнээс нэлээн олон хүн болгоомжилж байх шиг байна. Гэтэл, энэ заалтад хэд хэдэн хязгаарлалт орсныг зөв тайлбарлаад хэрэгжүүлбэл тийм их сөрөг нөлөө байхгүй болов уу.

Юуны өмнө, байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэдэг зарчимд нийцүүлж стратегийн ордыг ашиглах ёстой. Мөн, стратегийн ордыг ашигласны үр өгөөжийг дийлэнх гэж юу вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Энд ямар нэгэн тоо тавиагүй, харин дийлэнх гэж ерөнхий агуулгаар нь хэлж байгаа. Үр өгөөж гэдэг бол ашиг биш. Энэ ордыг ашигласнаас төрд төлж байгаа татвар, ашигт малтмалын хураамжаас гадна Монгол ажилчдын тоо, Монголын компани, хувь хүмүүсээс бараа үйлчилгээ авч байгаа байдал, эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр зэргийг томоор нь тооцох үзэл баримтлал явж байгаа.

Ийм байдлаар benefit гэсэн утгаар ойлгосон хүмүүс байхад return гэдгээр ойлгосон хүмүүс бас байна. Аль нь илүү үндэслэлтэй вэ гэдгийг ярилцах шаардлага үүснэ. Ямар ч байсан энэ заалтад ашгийн 51 хувиас дээшихийг төр авна эсхүл тараана гэсэн утга байхгүй гэдэг санааг УИХ-ын хуралдааны протоколуудад тодорхой тусгасан.

Бас ард түмэн гэдэг бол тодорхой тооны эсхүл олонх иргэд биш шүү дээ. Үүнээс гадна Үндсэн хуулийн 5.2, 5.4, 16.4 зэрэгт “төрийн болон нийтийн өмч,” “өмчлөгчийн эрх,” “аж ахуйн бүх хэвшил,” “хувийн аж ахуй эрхлэх эрх” зэрэг зарчмыг хүлээн зөвшөөрч хамгаалсан. Тиймээс, эдгээр зарчимд нийцүүлэн “үр өгөөжийн дийлэнх,” “ард түмэн” гэж юу вэ гэдгийг УИХ хуулиар тогтоох ёстой. 

Нэр томьёо дээр зарим нэг нь гадаад үг хэрэглэлээ гэж шүүмжлээд байгаа. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж Ашигт малтмалын тухай хуульд одоо байгаа нэр томьёо юм. Мөн, Үндсэн хуульд прокурор, командлагч зэрэг гадаад үг Үндсэн хуульд бий тул хуульд орж хэвшсэн гадаад үгийг Үндсэн хуульд оруулж болох талтай. 

-1992 онд батлагдсан Үндсэн хуульд 2000 онд өөрчлөлт оруулсан. Түүнээс хойших өөрчлөлт энэ удаагийнх болох гэж байна. Зарим талаас энэ өөрчлөлтийг шалихгүй, бага хэмжээнийх гэх яриа гарч байсан. Энэ удаагийн өөрчлөлийг хийх нь ямар ач холбогдолтой вэ? 

-АНУ-ын Үндсэн хуульд 1791 оноос хойш 230-аад жилийн хугацаанд нийтдээ 17 нэмэлт, өөрчлөлт орсон. Бид нэг удаад 19 зүйл дээр 34 заалтыг нэмж, өөрчилж, хасна гэдэг нь тоон талаасаа бага биш төдийгүй дээр тайлбарласанчлан агуулга талаасаа 1992 оны Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг бэхжүүлэх дорвитой өөрчлөлт хийж байна гэсэн үг.

20-иод жил яригдаж судлагдсан эдгээр чухал нэмэлт, өөрчлөлт эцэслэгдэх эсэх нь одоогийн УИХ ард нийтийн санал асуулгыг бие даалган явуулах эсэх, товыг нь аль болох эрт зарлах эсэхээс хамаарна. Үүний дараа энэ төслийг бүхэлд нь батлах уу үгүй юу гэдгийг ард нийтийн санал асуулгаар иргэд маань өөрсдөө шийднэ.