Зураг
Зураг
Индэр    
2019 оны 10 сарын 25
Зураг
"Эрүүл хэв маягийг түгээгч, Зүрх судасны эмч"

UNSICK PODCAST #12: Угаарын хий хүний биед хэрхэн хордлого үүсгэдэг вэ?

Зураг

Энэ удаагийн дугаараар нийгэмд тулгамдсан асуудал болоод байгаа угаарын хий хүний биед хэрхэн хордлого үүсгэдэг талаар өгүүлэх болно.

Тэгэхээр нүүрсийг та бид нар сайн мэднэ. Нүүрсийг ашиглаж дулаан үүсгэхээс гадна гэр ахуйн зориулалтаар өргөн ашигладаг. Нүүрс бол нүүрстөрөгч хэмээх элементээс тогтсон түүхий эд. Нүүрстөрөгч нь агаарт агуулагдах хүчилтөрөгчийн тусламжтайгаар шатаж нүүрсхүчлийн хийг үүсгэж байдаг. Энэ нүүрсхүчлийн хий агаарт тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг, хүний биед хоруу шинж чанаргүй хий гэдгийг сайн мэднэ. Яагаад гэвэл бид хүчилтөрөгчөөр амьсгалж нүүрсхүчлийн хийг ялгаруулдаг, мөн түлшээр ажиллах машин механизм ялгаруулахаас гадна бид сайн мэдэх кока кола ундааг хийжүүлэхэд ашигладаг.

Харин угаарын хий буюу карбон моноксид бол нүүрсний дутуу шаталтаас үүсэх буюу хүчилтөрөгч багатай орчинд нүүрс шатахад үүсч байдаг хий юм. Иймд, түүхий нүүрс түлсэн ч адилхан, сайжруулсан нүүрс түлсэн ч адилхан угаарын хий тодорхой хэмжээгээр үүсч байдаг.

Угаарын хий буюу карбон моноксидтой агаараар бид амьсгалахад карбон моноксид агаартай хамт уушгинд орно. Амьсгалсан агаар уушгинд хийн солилцоонд ороход агаарын хүчилтөрөгчийн биш, харин угаарын хий улаан эсэд агуулагдах гемоглобинтой холбогдоно. Хэвийн үед агаарт агуулагдах хүчилтөрөгч нь улаан эсийн гемоглобинтой холбогдон цусаар зөөвөрлөгдөж, улмаар эд эсэд очиж бодисын солилцоонд оролцож хэвийн үйл ажиллагааг хангадаг. Гэтэл угаарын хий гемоглобинтой холбогдож карбоксигемоглобин үүсгэснээр хүчилтөрөгчийг холбох чадваргүй болгодог.

Амьсгалсан агаараар орж ирсэн хүчилтөрөгчийг холбох гемоглобины тоо цөөрч улмаар эд эс хүчилтөрөгчийн дутагдалд орох аюул бий болно. Ийм болохоор амьдралын чухал эрхтэн болох тархи, зүрхэнд очих хүчилтөрөгчийн хэмжээ буурч угаарын хийн хордлого үүсч эхэлдэг. Тархинд очих хүчилтөрөгчийн хэмжээ багассанаар толгой эргэх, толгой өвдөх, бөөлжих, дотор муухайрч ядарч сульдана. Харин зүрхэнд очих хүчилтөрөгчийн хэмжээ буурахад хэм алдагдах, цээжээр өвдөх, амьсгал бачуурах шинж илэрч байдаг. Улмаар угаарын хийгээр гүн хордоход ухаан алдах, таталт өгөх зэрэг амь насанд аюултай болж эхэлнэ.
 
Угаарын хийгээр хордсон хүний гол эмчилгээ бол хүчилтөрөгчөөр амьсгалуулах байдаг. Хэрвээ угаарын хийн хордлого үүссэн хэмээн сэжиглэвэл угаарын хийтэй орчноос гаргаж цэвэр агаартай орчинд гаргах, шингэн зүйл сайн уулгах, дулаан байлгах хэрэгтэй. Хэрвээ эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн тусламж авах шаардлагатай.

Угаарын хийгээр хордсон эсэхийг баттай тогтоохын тулд цусанд угаарын хийтэй холбогдсон карбоксигемоглобины агууламжийг хэмждэг. Карбоксигемоглобины эзлэх хувиас шалтгаалж авах арга хэмжээ, эмчилгээ хамаардаг.

Угаарын хийн хордлогоос сэргийлж ард иргэд гэртээ угаарын хийг мэдэрдэг мэдрэгч тавих, агаарын солилцоог сайн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, зуух ашигладаг бол яндан, зуухыг сайн хөөлж утаа гаргах замыг чөлөөтэй болгох хэрэгтэй. Өвөлд дулаанаа алдахаас сэргийлж цонх, хаалгаа хааж агаарын солилцоо явуулахгүй байх нь угаарын хий үүсгэх эх сурвалж болдог.

Мөн нэмэлтээр угаарын хийн хордлого ханиад томуутай андуурах тохиолдол байдаг. Яагаад гэвэл ханиад томуу, хордлогын үед адилхан толгой өвдөх, ядарч сульдах, амьсгаадах, дотор муухайрах шинж илэрдэг. Тийм учраас ард иргэд эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж цаг алдахгүй арга хэмжээ авч, шаардлагатай үед эмчид үзүүлэх хэрэгтэй гэдгийг зөвлөе. Дээрх мэдээллийг бэлтгэхэд Harvard Health Publishing эх сурвалжийг ашиглав.

Угаарын хий эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлж хордлого үүсгэдэг талаар дараах подкастаас дэлгэрүүлж сонсоорой.

  • Unsick podcast
  • Apple podcast
  • Google podcast
  • Spotify
  • Stitcher
  • Anchor
  • Castbox