Индэр    
2019 оны 10 сарын 11
Зураг
iKon.mn сэтгүүлч

ТӨСӨВ-2020: Эрэлт, нийлүүлэлт нь байвч санхүүжилт нь танагдсан ИПОТЕКИЙН ЗЭЭЛ

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг УИХ-д өргөн бариад буй.

Тэгвэл уг төсөлд тусгаснаар ирэх онд улсын төсвөөс 60 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд олгохоор энэ жилийнхээс 55 тэрбумаар танаж тусгажээ.  

Энэ онд улсын төсвөөс 115 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ипотекийн зээлд зориулж олгохоор тусгасан бол 2018 онд 120 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байсан юм.

Өөрөөр хэлбэл, 2019 онд

  • Монголбанкнаас 220.0 тэрбум төгрөг
  • Улсын төсвөөс 115.0 тэрбум төгрөг
  • Арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээс 115.0 тэрбум төгрөг гээд нийт 450.0 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн.

Ипотекийн найман хувийн хүүтэй зээлд зориулж энэ оны эхний есөн сарын байдлаар Монголбанкнаас 147 тэрбум, улсын төсвөөс 82.5 тэрбум, арилжааны банкнаас 87.6 тэрбум төгрөг буюу нийт 313.1 тэрбум төгрөгийг 4,447 зээлдэгчид олгоод байгааг Монголбанкнаас мэдээлсэн.

Харин ирэх онд энэхүү зээлд зориулсан төсөв буурсан шалтгааныг “Улсын төсвөөс олгож байгаа эх үүсвэрийн хүүг бууруулах замаар арилжааны банкны эх үүсвэрийг татан оролцуулна.

Түүнчлэн ипотекийн зээлийн багцыг үнэт цаасжуулахтай холбоотой гарах зардлыг бууруулах чиглэлээр холбогдох хууль журамд шаардлагатай өөрчлөлт оруулж, одоогийн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн схемийг боловсронгуй болгоно" хэмээн Сангийн яамнаас тайлбарласан юм. 

Мөн Монголбанкны зүгээс хэлж буйгаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2018 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаар тогтоолоор банканд олгодог ипотекийн зээлийн эх үүсвэрийн хүүг 1% хүртэл бууруулж, банкуудын өөрийн эх үүсвэрийг хөтөлбөрийн санхүүжилтэд татан оролцуулах чиглэлийг Монголбанк, Засгийн газарт өгсөн.

Үүний дагуу Засгийн газрын 2018 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 369 дүгээр тогтоолоор “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журам” батлагдан, Засгийн газрын эх үүсвэрийг Монголбанк дамжуулан зээлдүүлэх “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн гэрээ”-г 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр байгуулсан.

Түүнчлэн Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2018 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 285/А-334 дүгээр тушаалаар Монголбанкийг “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бүрдүүлэх хөтөлбөр”-өөс гаргах төлөвлөгөө батлагдсанаар Монголбанкны хөтөлбөр санхүүжүүлэх ажиллагаа 2019 оны эцсээр тасалбар болж буйг Монголбанк мэдээлсэн.  

Өөрөөр хэлбэл, уг хөтөлбөр 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Засгийн газарт бүрэн шилжиж буй хэрэг.

Иргэдийн зүгээс орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй буюу эрэлт, зах зээлд нийлүүлэгдэх бүрэн боломжтой илүүдэл орон сууцууд байсаар байхад санхүүжилтийг ийнхүү бууруулсан нь анхаарал татаж байгаа юм. 

2020 онд 7,783 айлын орон сууц шинээр ашиглалтад орохоор байна
 
Гэрэл зургийг mpa.mn

БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярбатаас орон сууцны нийлүүлэлтийн талаар тодруулахад “Орон сууцны салбарт 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 201 төслийн 31,230 айлын орон сууцны төсөл шинээр ашиглалтад орохоор хэрэгжиж байгаагаас хоёр хувь буюу 847 айлынх нь аминых, 98 хувь буюу 30,383 нь нийтийн зориулалттай орон сууц байна.

Эдгээр орон сууцыг ашиглалтад орох хугацаагаар ангилбал 2019 онд 15,780, 2020 онд 7,783, 2021 онд 6,820 айлын орон сууц тус тус ашиглалтад орохоор байна” гэсэн юм.

Улаанбаатарыг хот шиг хот болгохын тулд 200 орчим мянган өрхийг галлагаатай орон сууц, модон жорлонгоос нь ангижруулах шаардлага бий.  

Жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар нийт 93.4 мянган иргэн уг хөтөлбөрт хамрагдаж, өөрийн эзэмшлийн орон сууцтай болоод байна. Үүний цаана ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 71,798 өрх байгаа гэсэн судалгаа байдаг. 

Эдгээр тоо нь орон сууцанд хамрагдах хүсэл иргэдийн дунд ямар байгааг буюу эрэлт ямар байгааг илтгэж байна. 

График 1. Ипотекийн зээл олголт

Нөгөө талаар энэ хөтөлбөрийн цаад зорилго нь Улаанбаатар хотын хамгийн том асуудал болсон агаар, орчны бохирдлыг шийдэх. Гэтэл энэ асуудлын хамгийн оновчтой шийдэл болсон ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилтийг танасан хэрнээ нөгөө талд агаарын бохирдлыг бууруулах төсвийг нэмэгдүүлэхээр төлөвлөөд буй. Тодруулбал, ирэх онд агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний зардлыг энэ оныхоос 41.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 137.6 тэрбум төгрөгт хүргэхээр тооцжээ. 

Зураг. Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулж буй төсөв

 
Эх сурвалж: Сангийн яам

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тайлбарласнаар 41.4 тэрбум төгрөг нэмэх гэж буй зорилго нь сайжруулсан шахмал түлшийг иргэдэд түгээх, борлуулах ажлыг зохион байгуулах болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх бусад арга хэмжээнд зарцуулах аж. 

Уг нь энэ мөнгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд зарцуулж, иргэдээ дэмжвэл утаагаа илүү бодитой бууруулах боломжтой. Гэвч УИХ төсөв хэрхэн батлахаас энэ бүхэн шалтгаалах билээ.