Зураг
Зураг
Индэр    
2019 оны 10 сарын 8
Зураг
Эдийн засагч, шинжээч

СОНГУУЛИЙН АМЛАЛТ 1: "Өрх бүрт орон сууц" хөтөлбөр боломжтой юу?

Зураг
Эх сурвалж: МАХН-ын пэйж хуудас

Өвөл ч ойртож байна. Энэ жил зун богинотой ч намар урт болсон нь өвөлд бэлдэх боломжийг олгов.

Заа тэгээд намар жаахан сэрүүсээд эхлэхээр өвс нь ховордоод эх мал ч төлөө мартаж, хээр хонох нь энүүхэнд дээ. Харин тэр үед хадсан жаахан хөх өвс үнэртүүлчихэд орой бүр хот руугаа цуваад ирнэ. 

Сонгууль ч ойртож байна. Хаа сайгүй л намууд сонгуулийн бэлтгэлээ базаацгааж байна.

Өглөө бүр залуучуудтай уулзалт зохион байгуулж, намын төлөвлөгөө ярихаар салхинд гарцгааж, хаа хаанаа л хэн хэнээ хэрхэн унагах нарийн төлөвлөгөөг боловсруулцгаах нь чих дэлсэнэ.

Яана даа, та нар минь улсын хөгжил бодлогоо ингэж ярьдаг бол ч бид хөгжлөөрөө хэдэн алхам урагшлах байсан даа. 

Харуусах ч дүүрчээ. Харин хэл тэдэнд заяаж, чих бидэнд заяасан юм шиг сонсож, гөлийж, ангайж суух цаг биш гэдгийг л ойлгож байна. Жаахан хөх өвс хаях төдийхөнд гүйгээд очдог ч гэнэн зан ард хоцорсон. Шүүж, тунгааж боломжийг нь судлах нь чухал.

Юутай ч салхийг хагалж МАХН-аас “Өрх бүрт орон сууц” нэртэй хөтөлбөр зарлав. Энэ хөтөлбөрт боломж бий юу?

Юутай ч мэдэгдлээс нь харахад хөтөлбөрийн шаардлага нь:

  • Орон сууц түрээслүүлэх хөтөлбөр. Жил бүр 20,000 айл 10 жилийн хугацаанд 200,000 өрхийг хангах тухайд яригдаж байна(УБ хотын гэр хороололд оршин суугчдын 90 хувь).
  • Урьдчилгаа "0" хувь
  • Хүү "0" хувь
  • Хугацаагүй (Насан туршдаа амьдрах боломжтой.)
  • Үр хүүхдүүддээ өвлүүлэх
  • Байраа томсгох, солих боломжтой.
  • Мэдээж түрээс учир хүсвэл худалдан авах боломжтой гэжээ. 
  • Манайхан бас л гэнэдсэн бололтой. 10 мянга нь очоод гар, хөлийн үсэг хамаг мэдээллээ өгсөн гэнэ. Байр, цалин, тэтгэвэр, хүү, утаа, нийтийн тээвэр, ядуурал, тэгш бус байдал зөвхөн Монголын асуудал биш, энэ дэлхий дээрх улс бүрийн асуудал. Бидний өөрчлөхийг хүсдэг, эмзэглэдэг, шаналдаг тийм л сэдэв. Тэгээд л тэдгээр асуудлуудыг нь барьж авч яриад байгаа хэрэг. 

Байр бол одоогийн нөхцөлд хамгийн чухал сэдэв. Мэдээж төрөөс зохион байгуулдаг олон хөтөлбөр байдаг. Одоо ч тэдгээр хөтөлбөр нь хөлд орох гээд унаж, тусаад явж буй. Яагаад энэ хөтөлбөр боломжгүй вэ? 

АШИГЛАЛТАД ОРСОН 50,000 БАЙРЫГ УЛС АВЧ ЧАДАХ УУ?

"Тэнхлэг зууч", НОСК(Нийтийн орон сууцны корпораци), Барилга хот байгуулалтын яамны хийсэн судалгаа статистик хөндөж байгаа нь сайшаалтай. Ядаж л тоонд тулгуурлан ярьж байна. Зах зээл дээр илүүдэл 50,000 байр байгаа гэнэ.

НОСК-ын гаргасан тоогоор орон сууц авах хүсэлтэй 70,000 иргэнээс 35,000 нь тодорхой шаардлага хангасан тул тэдгээр өрхийг хамруулъя гэж байна. Тэгэхээр эхний асуулт урган гарч ирж байгаа юм. Та НОСК-д хүсэлт өгсөн үү? Та шаардлага гэх зүйлийг нь хангаж байна уу?

50,000 айлын орон сууцыг компаниуд, банкуудтай тохиролцоод улс худалдан авч, шаардлага хангасан иргэдээ оруулна гэв. Энгийн арифметик тооцооллоор бол 50 мянган айлын нэг байрыг нь 70 сая төгрөг гэж тооцвол 3.5 их наяд төгрөг болно. Төсвийн орлогын 35%. Яахав түрээслүүлсэн өрхүүдээсээ сард 300 мянган төгрөг авлаа гэж бодоход 180 тэрбум төгрөг цуглана. Тэр зарцуулсан мөнгөний хаана нь ч хүрэхгүй! Мэдээж энэ их мөнгө нэг дор гарч чадахгүй. 

Төсвийн данс ирэх оноос улайж эхэлнэ. Энэ нь 2021, 2022, 2023, 2024 онуудад төлөгдөх их хэмжээний өртэй холбоотой. Жил бүр төсвийн орлогын 20, 30, 40 хувьтай тэнцэхүйц мөнгө. Тэд чадахгүй. Төсөв ч барахгүй. Тэгэхээр санхүүжилтийн механизм нь огтхон ч БОЛОМЖГҮЙ. 

ОЛОН УЛСАД ИЙМ ТУРШЛАГА БИЙ ЮУ?

Олон улсад төрийн түрээсийн орон сууцнаас илүүтэй татаас, хөнгөлөлт талаас нь хэрэгжүүлсэн туршлагууд их бий. Орон сууцны хөтөлбөрүүдийг идэвхтэй хэрэгжүүлсэн дундаж болон өндөр орлоготой 30 улсын хувьд төрөөс давхардсан тоогоор 

  • 9 улс тусгай нөхцөлтэй зээл олгосон
  • 12 улс тусгай хөтөлбөр хэрэгжүүлсэн
  • 15 улс хүүний татаас олгосон 
  • 17 улс урьдчилгаа төлбөрийн татаас олгосон
  • 12 улс хүүний төлбөрийг орлогын албан татвараас чөлөөлсөн
  • 7 улс хадгаламжид татаас олгосон байна. 

Байгууллагад олгосон татаас

Иргэдэд олгосон татаас

Эх сурвалж: Монголбанк

Харин нийтийн (төрөөс санхүүжилттэй) түрээсийн орон сууцны тогтолцоог хөгжүүлсэн туршлага байдаг хэдий ч амжилттай хэрэгжиж чадаагүй. Тус тогтолцоо нуран унасан нь хэд хэдэн шалтгаантай.

  1. Нийтийн түрээсийн орон сууцны орчин, нөхцөл дийлэнхдээ муу байдаг тул бохирдол, эрүүл мэнд, гэмт хэрэг зэрэг эдийн засаг, нийгмийн нэлээд олон сөрөг үр дагавартай.
  2. Түрээсийн төлбөр нь зах зээлийн зарчмаар тогтдоггүй тул тогтвортой санхүүжилт үүсдэггүй сул талтай.  

Хүснэгт. Түрээсийн орон сууцны тогтолцоо хэрэгжүүлсэн олон улсын туршлага

Хөтөлбөр Улсууд Үр дүн Хэрэгжилт
Бага орлоготой иргэдийг орон сууцжуулах АНУ Шинээр 1,100,000 нэгж орон сууц Нийтийн түрээсийн орон сууцад хөрөнгө оруулалт хийвэл 10 жилийн татварын хөнгөлөлт олгосон. Хөнгөлөлт нь урт хугацаанд тогтож чадаагүй.
Оршин суух зориулалттай лизингийн хөтөлбөр Бразил Шинээр 235,000 нэгж орон сууц Иргэд орон сууцаа түрээсэлж байгаад 15 жилийн дараа худалдан авах боломжоор хангагддаг. Уг хөтөлбөрийг төрийн банк хэрэгжүүлдэг бөгөөд ЗГ-ын татаас ихтэй. Улмаар тус хөтөлбөрийг удаан хугацаанд үргэлжлүүлэх боломжгүй болжээ.
Үндэстний орон сууцын сан Польш Шинээр 61,600 нэгж орон сууц Төрөөс санхүүжилттэй Польшийн төрийн банкнаас урт хугацаанд ашгийн бус байгууллага болох газар өмчлөгчдийн холбоонд (TBS) ашгийн маржингүйгээр хүү багатай зээл олгодог. Тус холбоо нь орон нутгийн засаг захиргааны харьяалал дор байдаг бөгөөд түрээсийн төлбөрөөр зээлээ төлөх нөхцөлтэй. Түрээсийн орон сууцны нийт санхүүжилтийн 30%-ийг дээрх холбоо, 70 хүртэлх хувийг дээрх үндэсний орон сууцны сангаас санхүүжүүлж байсан.

Бидэнд орон сууцжуулах хөтөлбөр хэрэгтэй. Гэвч 10, 20 жил өнгөрсөн ч тогтвортой үргэлжилсээр байх хөтөлбөр хэрэгтэй. Одоогийн хөтөлбөрийн санхүүжилтээ шийдэж чадахгүй байгаа нөхдүүд дахин хөтөлбөр зарлавал юу болох тухай бодох ёстой. 

ХӨТӨЛБӨРТ ДУРДАГДСАН ЗАРИМ АСУУДЛУУД

Тухайн хөтөлбөрт байж боломгүй хэд хэдэн асуудлыг хөндөж байв.

  1. Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн зээлийн хүүг тэглэх тухай асуудал
  2. Олон байртай иргэний байрыг хурааж, бусдад өгөх гэх мэт. 

Юутай ч популист амлалтууд сонгууль хүртэл гарсаар байх ч бид судалгаа шинжилгээтэй, хэрэгжих боломжтой эсэх дээр нь дүгнэлт хийдэг байх хэрэгтэй.