Индэр    
2019 оны 10 сарын 5
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 32: Бүхнийг "0"-ээс эхэлж, тэрбумтан болсон Ричард Брэнсон

 

Агаарын бөмбөлгөөр дэлхийг тойрох, хувийн арал дээрх усан сандаа суугаад хуй салхи хүлээх, Нью Йоркийн өргөн чөлөөгөөр танктай явах гэх мэт этгээд сонин зүйлсийг тэр л хийж байв.

Тэр бол английн тэрбумтан Сэр хэргэмт Ричард Брэнсон (Sir Richard Branson) бөгөөд Форбес сэтгүүлээс хөрөнгийн хэмжээг нь дөрвөн тэрбум ам.доллар гэж үнэлжээ.

400 гаруй охин компанитай "Virgin group"-ийг үүсгэн байгуулагч тэрбээр 10 гаруй ном бичсэн бөгөөд "Unlock" подкаст IKON.MN хамтран "Like a Virgin", "Virgin way" хэмээх хоёр номын тухай тэмдэглэлийг хүргэж байна. 

"Like a Virgin", "Virgin way" номыг сонсох: 

Өсвөр насныханд зориулсан сониноос эхэлсэн бизнес нисэхийн салбарт хүртлээ өргөжив

Амжилттай яваа бизнес эрхлэгчдийн ихэнх нь томоохон сургуульд элсэн суралцсан байдаг бол Ричард Брэнсоны хувьд өөр түүхтэй. Тэрбээр сургуульд сурах дургүй байсан учир 15 насандаа сургуулиа орхижээ. Өөрөөр хэлбэл, их сургуульд элсэх нь байтугай ахлах сургуулиа ч төгсөөгүй аж.

Хүү нь сургуулиасаа гарч, бизнес хийхээр шийдэхэд ээж нь ч дэмжсэн бөгөөд хүсэж байвал оролдоод үз гэсэн гэдэг. 

Ээж нь түүнд "Оролдож үзэхгүй л бол амжилт гаргахгүй. Тиймээс оролдоод л үз" хэмээн зөвлөдөг байсан нь Ричард Брэнсонд "Эрсдэл гаргах, алдахаас бүү ай. Алдсан бол түүнээсээ суралцаж, дахин эхэл" хэмээх бизнесийн зарчим нь болон төлөвшжээ.

Түүний анхны бизнес нь өсвөр насныханд зориулсан "Student" сонин байв. 

Үүнийхээ дараагаар Брэнсон 1972 онд "Virgin records"-ыг байгуулж, чамлахааргүй амжилттай ажиллажээ. Харин түүний шинэ алхам нь олон саад бэрхшээл, шат дамжлагыг давж гарах ёстой нисэхийн салбар байв.

Үүнийг сонгох болсон шалтгаан нь 1980-аад оны үед Английн нисэхийн салбарт монополь байсан "Бритиш эйрвэйс"-ийн үйлчилгээнээс эхлээд олон зүйл таалагдаагүй учир өөрчлөхөөр шийдэн "Virgin atlantic"-ыг 1984 онд байгуулсан байдаг.

 

Шинэ бизнесээ хөл дээр нь босгох эхэн үе нь түүний хувьд хялбар байгаагүй агаад худалдаж авах мөнгөгүй тул онгоцоо түрээсэлж байжээ. "Virgin atlantic"-ыг ноён Брэнсон Лондонгоос Нью Йорк хүрэх зорилгоор байгуулж, хямд үнэ болон бусад аль ч газраас хавь илүү үйлчилгээг санал болгож байснаараа онцгойрч, олон үйлчлүүлэгч татсан байна.

Тухайлбал, бусад агаарын тээврийн компанийн бизнес ангиллаас авах боломжтой үйлчилгээг экономик буюу энгийн зорчигчид авах, CD тоглуулагчаар дуртай дуугаа сонсох зэрэг одоо үед жирийн мэт боловч тухайн үедээ шинэ содон үйлчилгээнүүдийг гаргаж иржээ.

"Ажилчид нэгдүгээрт, хоёрдугаарт үйлчлүүлэгчид"

Юу ч хийсэн бай түүндээ сэтгэл хангалуун байх ёстой.

Зөвхөн захирал нь төдийгүй ажилчид ч ажилдаа хайртай, өөриймсөг хандах учиртай бөгөөд тэгж ажиллах нөхцөлийг удирдлага нь бүрдүүлж өгөх ёстой гэж Ричард Брэнсон номдоо бичжээ. Түүний хувьд ажилчид нэгдүгээрт, хоёрдугаарт үйлчлүүлэгчид байдаг бол хөрөнгө оруулагч, түншүүд нь гуравдугаар байрт эрэмбэлэгдэнэ.

Ажилчид сэтгэл хангалуун байснаар үйлчилгээ сайжирч, үйлчлүүлэгчид ч баяртай байх болно гэдэг нь гол үзэл баримтлалынх нь нэг юм.

Мөн өөр нэг баримтлал нь зах зээлд хоёрдогч эсвэл гуравдагч байх. Энэ нь хамгийн шилдэг нь байж, монополь болбол шинэ зүйл гаргах магадлал багасна гэж боддогтой нь холбоотой. Түүнчлэн компани хэт томорсноор шийдвэр гаргахад удаашралтай болдог тул хуваадаг байна. Ингэсээр "Virgin group" 40 гаруй жилийн хугацаанд 400 гаруй охин компанитай болжээ.

Гэрээсээ ажлаа хийдэг тэрбумтан

 

Сургуулиа орхисон цагаасаа эхлэн 40 гаруй жилийн турш Сэр Ричард Брэнсон гэрээсээ ажлаа хийж байгаа аж. 

Хэдий ажил их байлаа ч гэрээсээ ажлаа хийх нь гэр бүлдээ цаг гаргах боломжийг олгох бөгөөд оффисдоо очихын тулд их хотын түгжрэлд цаг үрэхгүй зэрэг давуу тал ихтэй. Мөн спортод туйлын дуртай тул ажлынхаа зав чөлөөгөөр экстрим буюу эрсдэл ихтэй спортын төрлүүдээр хичээллэдэг ажээ.

Адал явдалд дурлагч тэрбээр агаарын бөмбөлгөөр дэлхийг тойрох, хувийн арал дээрх усан сандаа суугаад хуй салхи хүлээх, Нью Йоркийн өргөн чөлөөгөөр танктай явах гэх мэт этгээд сонин гэмээр зүйлсийг тэр л хийж байв.

Ноён Брэнсоны зан чанараас онцлох бас нэг зүйл нь хүн муулах тун дургүй. Хэрэв хамтрагчид, ажилтан нь буруу үйлдэл хийвэл яаж хийх нь зохимжтойг үлгэрчилж харуулдаг. Үүнийг ээж нь төлөвшүүлсэн аж.

Багадаа таалагдаагүй хүнээ муулбал ээж нь түүнийг толины өмнө зогсоогоод "Бусдаас олж харсан муу чанар чамд ч бас байгаа. Тиймээс өөртөө ч бас гэмш" гэдэг байжээ.

"Би олон алдаа гаргасан. Түүнээсээ суралцсан"

 

"Virgin group"-ийн үүсгэн байгуулагч Ричард Брэнсон өдийг хүртэлх туулсан замдаа олон алдаа гаргаснаа номууддаа дэлгэрэнгүй өгүүлжээ. Тэрбээр алдаа бүрээ хүлээн зөвшөөрч, түүнээсээ юу суралцсан талаараа өгүүлсэн байдаг. 

Өөрөө "0" цэгээс эхлэн алдаж, онох үе бишгүй байсан тул хүмүүст харамгүй зөвлөгөө өгдөг ажээ. Түүнчлэн Африкт гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан богино хугацааны сургалт зохион байгуулдаг. Тэрбээр ногоон эрчим хүч, бохирдлыг бууруулах зэрэг дэлхийн нийтэд тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглэсэн гарааны бизнес нь гарц гэж үздэг тул энэ чиглэлд ихээхэн анхаардаг байна.