Индэр    
2019 оны 10 сарын 1
Зураг
Эдийн засагч, шинжээч

Тэр чинь тэрний хүн

Зураг

Хувь хүний сонголт, эрх чөлөө, чөлөөт зах зээлийг тулгуур баганаа болгосон эдийн засгийн “Сонгодог онол” бөхөж байсан цаг үе. Улмаар төрийн оролцоо зах зээлд нэмэгдэж, төр эдийн засагт чухал үүрэгтэй гэх Кейнсийн үзэл давамгайлж эхэлсэн юм.

Тэр үед(1938 он) Айн Ренд “Anthem” гэх зохиолдоо “Эхлээд хүнийг бурхан боолчилж байсан. Хүн гинжээ тас татсан. Дараа нь хүнийг хаад боолчилсон. Хүн дахиад уг гинжийг нь тасалсан. Дараа нь хүн төрмөгц л ахан дүүсдээ, өөрийн төрөлдөө боолчлогдох болсон. Хүн тэдний гинжийг ч тасалсан. Хүн өөрийн ахан дүүс, бурхан, хаан,  өөр ямар ч хүн булааж болохгүй тэр “эрх чөлөөний төлөө” зогссон юм. Тиймээс ч олон зууны турш цус урсган тэмцсэн эрх чөлөөнийхөө үүдэнд ирээд байжээ. Гэтэл дараа нь хүн тэмцэж, олж авсан бүхнээ хаяж, анх эхэлсэн зэрлэг байдлаасаа ч дордсон байна.” хэмээн бичжээ.

Харин өнөөдрийн Монгол яг л дээр дурьдсан шиг өөрийн хүслээр тэр бяцхан эрх чөлөөнөөс татгалзан эргээд зэрлэг цаг үедээ ирсэн мэт. Асуудлын цар хүрээ өргөн учир нэг хэсгийг нь л сийрүүлэхийг хичээе. 

  • Хоёр найз уулзаж байна гэнэ.
  • Хол ойрын сонин хэлэлцэж, ажил албаа асууж, аж амьдралаа ярилцав гэнэ.
  • Нилээд буу халсны эцэст ХОЁРЫН НЭГ нь хэлж байна. Найз нь намын ажил гээд завгүй. Энэ сонгуулиар гарчихвал нэг газрын даргаар оччихно. 4 жилдээ юм бодохгүй өөрийгөө сайжруулаад авна даа. Тэгвэл хамт хийх зүйлс их байна. Гол нь яаж, ийж байгаад л сонгуульд ялах хэрэгтэй. Харин чи юу хийж байна? хэмээн асуув.
  • ХОЁРЫН НӨГӨӨ нь хэлж байна. Найз нь нэг хувийн компанид ажиллаж байна. Чи мэднэ дээ, саяхан ЖДҮ-д холбогдоод амжсан “....” компани.
  • ХОЁРЫН НЭГ нь хэлж байна. Тийм мэдэлгүй яахав. Манай гишүүний компани шүү дээ. Чи бид хоёр ч нэг хүний төлөө хүчин зүтгэж байгаа юм байна.
  • ХОЁРЫН НӨГӨӨ нь хэлж байна. Үгүй ээ найз, буруу ойлгосон бололтой. Найз нь тэр гишүүн нтрыг нь мэдэх ч, өөрийнхөө төлөө хийх ажлаа хийгээд л цалингаа аваад явж байгаа нэгэн.
  • ХОЁРЫН НЭГ нь хэлж байна. Найз нь тоглож байна даа. Гэхдээ нэг л тогоо шүү дээ. Тэнд чанасан хоол нь шөлтэй хоол ч бай, цуйван ч бай адилхан л тэр хоолноос иднэ.

ХОЁРЫН НЭГ НЬ БУЮУ ӨӨРИЙН ХҮСЛЭЭР БОЛОГСОД

Хэн нэгний нөмөр, ивээлд багтахын тулд тэднийг дагаж, тэдний төлөө амьдрахад бэлэн төдийгүй өөрийн эрх чөлөө, үнэт зүйлсээ уландаа гишгэсэн хүмүүс. Үүнийг батлах нэгэн статистик сөхвөл төрийн албаны халаа сэлгээ 2000 онд нийт албан хаагчдын 5 хувиас хэтэрдэггүй байсан бол 2016 онд 14 хувьд хүрчээ (Дэлхийн банк).

Монгол Улс нийтдээ 192 мянган төрийн албан хаагчтай. Тэндээс 14 хувь нь гэхээр 26 мянган төрийн албан хаагч энэхүү халаа, сэлгээнд өртдөг гэсэн үг. Харин үр дагаварт нь хийдэггүй нэгэн нь хийдэг нэгнээр, мэддэггүй нэгэн нь мэддэг нэгнээр, чаддаггүй нэгэн нь чадах нэгнээр халхавч хийх болжээ. 

Уг нь хүн чинь эцэг эхээрээ овоглож явах атал эрх мэдэлтэй нэгний харьяа гэдгээрээ омгорхож явдаг нь харуусмаар... Овоо доо, болж дээ гэж олон түмэн бодохгүй нь лавтай. Бид ийм олон ч зүйл дуулсанчиг, үзсэнчиг. Хэдийгээр тэдэнд ууж идэж, зугаацаж цэнгэх эрхийг нь өгсөн ч үнэт зүйлс болох эрх чөлөөгөөрөө хэдийн хоригдчихсон.

ХОЁРЫН НӨГӨӨ НЬ БУЮУ БУСДЫН ХҮСЛЭЭР БОЛОГСОД

Нэгэнт нийгэмд иймэрхүү шимэгчид үүсээд эхэлсэн нь тэднийг цүнх баригч, бөгс долоогч хэмээн янз бүрээр нэрлэхэд хүргэв. Гэвч энэ бүхэн газар авахын хэрээр нийгмийн гэм зэмгүй хүмүүст хүртэл нялзаагдсан хэрэг. Хүн бүхэн биенээ хэн нэгний саванд багтах ёстой гэсэн ойлголт, хандлага газар авч эхлэв.

Хувь хүн өөрөө ч мэдээгүй байхад хэн нэгний харьяа, хэн нэгний нөмөрт багтаачихсан байдаг. Бусдын сайн ах эсвэл бусдын сайн дүү болгочихсон байдаг. Бараг удахгүй мэнд мэдээд өнгөрөхдөө чи хэний хүн бэ? гэх нь холгүй болжээ. Хүн бүхэн нь тэрийг ямар ч шүүлтгүйгээр хүлээн авч, сэдэв болготол ярьдгийг яана. 

- Бат уу?

- Өө тэр чинь тэрний хүн.

- Дорж уу?

- Өө тэр чинь тэрний өсгөсөн хүн

- Цэцэгээ юу?

- Өө тэр чинь тэрний талын хүн.

Уг нь хүн чинь хэн нэгний зорилгодоо хүрэхэд нь ашигладаг багаж хэрэгсэл биш, боол биш, гар хөл биш. Өөрийн эрх чөлөө, өөрийн хүсэл эрмэлзэл, өөрийн мөрөөдлийнхөө төлөө амьдрах ёстой. 

Магадгүй энэ бүхний буруутан нь бид биш гэх байх. Тэгээд тогтолцоо руу хамаг асуудлыг чихдэг ч нэгэнтээ Күнз “тогтолцоо гэдэг нь хүмүүс өөрсдөө юм” гэж хэлсэнг нь бодууштай.