Зураг
Зураг
Индэр    
2019 оны 10 сарын 1
Зураг
iKon.mn сэтгүүлч

Таны хүүхэд өөрийгөө хамгаалах мэдлэгтэй юу?

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ээжтэйгээ хамт зах дээр явж байсан дөрвөн настай хүүхэд төөрчээ.

Айж сандарсан ээж хүүхдээ хайж эхлэх үед  гар утсанд нь дуудлага ирж, хүүхдийг нь олсон хэмээн нэгэн эмэгтэй хэлэв. Баярласан ээж хүүхдээ авахаар очиход жирэмсэн эмэгтэй хүүхдийг нь хөтлөөд зогсож байжээ.

Ингээд хүүхдийг нь олж өгсөн эмэгтэйд талархал илэрхийлтэл “Хүүхэд тань өөрөө надаас туламж хүссэн. Таны гар утасны дугаарыг хэлээд “Намайг ээж дээр минь хүргээд өгөөч” гэж гуйсан” хэмээн хариулжээ.

Төөрсөн жаал аюул тохиолдсон үед найдвартай хүнээс тусламж хүсэх талаарх хичээл цэцэрлэгтээ заалгаснаа санасан байна. Тиймээс ч хүүхэд төөрснөө мэдээд эхлээд “Эмэгтэй хүнээс тусламж хүсье” гэж бодсон байна. Улмаар бие давхар эмэгтэйг хараад өөрт нь тусална хэмээн итгэснээ ээждээ ярьжээ.

Түүнчлэн цэцэрлэгийн багшийн зөвлөснөөр ээж нь хүүхэддээ утасны дугаараа цээжлүүлсэн байсан нь ч ийнхүү эх, хүүхэд хоёр хялбархан биенээ олоход нөлөөлсөн байна.

Энэ нь бага насны хүүхэд аливаа аюул тохиолдсон яах ёстой талаар урьдчилан мэдээлэл, мэдлэгтэй болсны үр дүн юм.

Бага насны хүүхэд өөрийгөө хүчирхийллээс хамгаалахын тулд зайлшгүй мэдэж байх ёстой зарим ойлголтыг цэцэрлэгийн хүүхдүүд, эцэг эхчүүдэд заах зорилготой санаачилгыг  БСШУСЯ болон Монголын эмэгтэйчүүдийн сан төрийн бус байгууллага гаргаж  "Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид орчинг дэмжих нь" төслийг 2017 оноос хэрэгжүүлж эхэлжээ.

 

Гурван жил үргэлжилсэн төслийн хугацаанд Улаанбаатар хот болон 21 аймгийн цэцэрлэгийн 4-5 настай  багачуудад биеийнх нь аль хэсэгт хэн хүрч болох, таагүй мэдрэмж төрвөл хэрхэх, хувийн орон зайгаа хэрхэн тодорхойлох, аюул тохиолдсон үед хэнээс тусламж  хүсэх талаар зааж байна.

Ингэхдээ хүүхдүүдэд уруул, цээж, бүсэлхийнээс доош өвдөг хүртэлх хэсэгт аав, ээж нь усанд оруулах, эмч эмчлэх л зорилгоор хүрч болох ба бусад бүх тохиолдолд хэн ч хүрч болохгүйг тайлбарласан байна. Эдгээр эрхтнүүдийг нийтэд нь "Нууц хэсэг" гэж нэрлээд бусдад харуулахгүй, хэн нэгнийг хүргэхгүй хамгаалж байх ёстойг цэцэрлэгийн багш хүүхдүүдэд хэлж өгчээ.

Цэцэрлэгт таны хүүхдэд гурван гол ойлголтыг багцлан тайлбарлаж өгсөн бөгөөд хэрвээ хүүхэд тань цэцэрлэгт хамрагддаггүй, энэ мэдлэг хараахан хүрээгүй байгаа бол та доорх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

"ҮГҮЙ" гэж хэлэх

Хэн нэгэн хүн "Нууц хэсэг"-т хүрвэл “Боль”  гэж чанга дуугаар хэлэх хэрэгтэй. Хүүхэд хүсээгүй үйлдлээ эсэргүүцэн “ҮГҮЙ” гэж хариулах нь жирийн үзэгдэл гэдгийг ойлгуулах,

ЗУГТАХ

Аюулд орвол тусламж үзүүлэх хүн эсвэл олон хүнтэй газар руу ЗУГТАХ,

ТУСЛАМЖ ХҮСЭХ

Ямар нэгэн асуудал тулгарвал итгэлтэй хүмүүстээ хэлэх. Итгэлтэй хүмүүс гэдэгт ААВ, ЭЭЖ, БАГШ, ЦАГДАА, ЭМЧ, 108 ДУГААР хамаарах бөгөөд тэдэнд болсон явдлыг ярих хэрэгтэй гэдгийг тайлбарлах,

“Аав, ээж бол хүүхдийнхээ анхны багш. Эдгээр ойлголтыг цэцэрлэгээс өгсний дараа, хүүхдэд дадал болгоход  эцэг, эхчүүдийн оролцоо хамгийн чухал" хэмээн цэцэрлэгийн багш А.Амартүвшин хэлж байв.

Таны хүүхэд гэртээ аюулд өртөх эрсдэл байсаар байна

Эцэг эх та хүүхдийнхээ нэр төр, эрүүл мэндийг хамгаалж, хувийн орон зайг нь хадгалах хуулиар хүлээсэн үүрэгтэй.

Та эдгээр үүргээ биелүүлэхгүй, хариуцлагагүй хандвал таны хүүхэд гэртээ буюу хамгийн их хугацааг өнгөрүүлдэг орчиндоо АЮУЛД ӨРТӨХ эрсдэлд байсаар байна.

 

Энэ талаар ГБХЗХГ-ын Гэр бүлийн хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Л.Бадамцэцэг "Хүүхдийн биеийн “Нууц хэсэг”-т хүрч болохгүйг тайлбарлаж хэлэхийн сацуу эцэг, эхчүүд биеэр үлгэрлэх нь үр дүнтэй.

Бас нэг анхаарах зүйл бол эцэг, эхчүүд хүүхдийнхээ уруул дээр үнсчихээд “Аав, ээж нь үнсэж болно. Өөр хүн ингэж болохгүй” хэмээн тайлбарладаг явдал. “Би болдог. Бусад нь болохгүй” гэдэг тайлбар хүүхдийг хоёрдмол байдал, эргэлзээнд оруулдаг.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдүүдийн 80 гаруй хувь нь ойр дотно, ээнэгшин дассан, хамаатан садан хүмүүстээ хүчирхийлүүлсэн, зарим тохиолдолд хүчирхийлэл удаан хугацаагаар үргэлжилж, олон дахин давтагдсан байдаг. Аав, ээжтэй нь адил ээнэгшин дассан хэн нэгэн “Нууц хэсэг”-т нь хүрэхэд дургүйцлээ илэрхийлэхгүй, улмаар хүчирхийлэл урт хугацаагаар үргэлжилж  байгаа нь өнөөх хоёрдмол байдал, эргэлзээ байгаатай холбоотой” хэмээн тайлбарласан юм.

2018 онд 187 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн бөгөөд тэдний 34 нь 108 тусламжийн утасны дэргэдэх  түр хамгаалах байранд хүргэгджээ. Эдгээр хүүхдүүдийн  11 нь анх удаа, 11 нь нэгээс хоёр сарын турш, 12 нь гурваас дээш сарын хугацаанд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байв.

Энэ бол цагдаагийн болон хүүхэд хамгааллын байгууллагад бүртгэгдсэн тоо. Харин дийлэнх тохиолдолд гэр бүлийн орчинд, төрөл садан, гэр бүлийн найз нөхдийн хүрээнд үйлдэгддэг уг гэмт хэргийг нуух, холбогдох байгууллагад мэдээлэхгүй байх нь бий.

Хүүхдийн эрхийн конвенцийн 1.4-т “Хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах явдал төр, гэр бүлийн үндсэн үүрэг байх” хэмээн заасан байдаг.  

Тэгвэл эцэг, эх та үүргээ биелүүлж чадаж байгаа юу, хүүхэд тань өөрийгөө хамгаалах АНХАН ШАТНЫ мэдлэгтэй юу?

"Нууц хэсэг"-ийн талаарх агуулгыг хүүхдүүдэд хүргэх эсэх талаар Та саналаа өгнө үү.