Манайхан сүүлийн үед гадаад, дотоодын санхүүгийн зах зээлд оролцож арилжаа, хөрөнгө оруулалт хийхдээ арилжааны шимтгэлд ихээхэн анхаарах болж. Мэдээж хэрэг бага шимтгэлтэй байвал зардал бага ашиг ахиу байх боломжтой. Жишээ нь, 10 сая төгрөгөөр арилжаа хийхэд 2 хувийн шимтгэл төлөхийн оронд 1 хувийн шимтгэл төлвөл аштай юу. Гэвч үүнээс илүү хамгийн чухал зүйл бол чанартай мэдээлэл, судалгаатай байх явдал юм. Хэрэв та мэдээлэлгүй, судалгаагүйгээр энэ зах зээлд орвол усны гүнийг хоёр хөлөөрөө шалгаж буйтай агаар нэг билээ. Хөрөнгийн зах зээл бол мэдээллийн зах зээл.
Би саяхан өөрийн хувийн маржин арилжаа /өөрт байхгүй мөнгийг брокероосоо зээлж аваад арилжаа хийхийг хэлнэ/ дээрээ 20-ийн хөшүүрэгтэйгээр газрын тос авчихсан явж байлаа. Гэтэл өнгөрсөн Бямба гарагт Саудын Арабын газрын тосны компани халдлагад өртсөн. Ингэснээр дэлхийн газрын тосны нийт нийлүүлэлтийн 5 хувь зогсонги байдалд орсон. Энэ Даваа гарагийн өглөө зах нээгдэхэд ханш оргил үедээ 15 хувиар өссөн. 20-ийн хөшүүрэг гэхээр би өөрт байгаа мөнгөнөөсөө 19 дахин их мөнгийг брокероосоо зээлээд газрын тос авчихсан гэсэн үг. Өглөө 06:05 минутад арилжаагаа хартал мөнгө маань цэврээр 2 дахин нугарсан байв. Би ч хангалттай гэж тооцоод WTI төрлийн газрын тосны үнэ 61-тэй байхад арилжаагаа хааж, ашгаа авсан. Учир нь ханш эргээд унана гэж тооцооллоо.
Ийм шийдвэр гаргахад хоёр хүчин зүйл нөлөөлж байгаа юм.
Нэгдүгээрт, мэдээлэлтэй байх. Дроны халдлага Бямба гарагийн өглөө болсон. Тэр өдөржин болон Ням гарагийн турш энэ үйл явдал дэлхий нийтийн хэвлэлээр хөврөв. Эндээс би ханш өсөх нь тодорхой юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм. Энэ бол мэдээлэлтэй хүний дүгнэлт.
Хоёрдугаарт, ханш 55 ам.доллараас 62 ам.доллар болж өсөнгүүт би позицоо хааж ашигаа авав. Мөнгө маань долоо хоногийн дотор 2 дахин өсгөчихсөн юм чинь дахиад жаахан хүлээвэл 3, 4 дахин өсчих юм бишүү гэж гэнэнээр бодож болох юм.
Харин судалгаатай хүний хувьд ханш дахиж өсөх магадлал 1 хувь. Яагаад гэвэл дэлхийн нийт нийлүүлэлтийн 5 хувь зогсонги байдалд ороход ханш 15 хувь өсөх нь хангалттай гэдийг би судалгааны үр дүнд баримжаалж байв.
Мөн газрын тосны зах зээлд үүнтэй төстэй үйл явдал өмнө нь олонтаа тохиолдож байсан бөгөөд ханш огцом өссөн шигээ унадаг зүй тогтмол их ажигллагддаг. Энэ бол судалгааны үр дүнд тодорхой харагдсан зүйл юм. Үнэхээр ч ханш 62-оос буурч одоо 56.3 ам.долларт хэлбэлзэж байна.
Зураг дээр дарж ТОМООР үзэх боломжтой.
Ийм л учраас та амжилт олохын тулд чанартай мэдээлэл, судалгаатай байх учиртай. Мэдээлэл таныг зөв чигт залж, судалгааны таныг зөв шийдвэр гаргахад туслана. Эс бөгөөс энэ зах зээлрүү ороод ч хэрэгггүй. Мөнгөө алдахын нэмэр. Тэгэхээр та хэрхэн чанартай мэдээлэл, судалгааг тогтмол авдаг болох вэ?
Ухаалаг утасныхаа ид шидийг гарга. Одоо хүн бүр л ухаалаг утас барьдаг болж. Харамсалтай нь бидний ихэнх нь зургийн аппарат болгож ашиглаад байх юм. Тэгвэл би танд мэдээлэлтэй, судалгаатай байх хялбархан арга хэлж өгье. Та гар утсаа хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгож ашигла.
Миний хувьд Bloomberg, reuters, CNBC-г ашигладаг ба зарим нэг удаан ажигласан арилжаачдыг дагадаг. Мөн Goldman Sachs-ийн 360 градус болон JPMorgan-ний судалгааны порталыг ашиглаж байна. Дээрээс нь мэдээж дэлхийн санхүүгийн зах зээлийг миний гарт утгуулж буй Bloomberg болон Reuters-ийн терминалыг ашиглана.
Ингэж асуудлыг 360 градус харах боломжийг олгох чанартай мэдээлэл, судалгааг тогтмол хүлээн авах дэд бүтцийг өөртөө бий болгох хэрэгтэй. Та энэ зах зээлд мэдээлэл, судалгаатай байж чадсан цагт л бусдаас нэг алхам урагшилж ашиг олоход нэг алхам дөхнө.
Нэмж дурьдахад хэрэв та тогтмол мэдээлэл, судалгаа авч зах зээлтэй хөл нийлүүлэн алхахыг хүсвэл 99664477 дугаарт холбогдон Голомт банкны Гадаад арилжааны албанаас бэлтгэж буй бүтээлүүдийг хүлээн авч уншаарай.