Индэр    
2019 оны 9 сарын 17
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Хогноосоо салах ухаалаг шийдэл ба япончуудын төсөөлөөгүй шинэ үр дүн

Зураг

Пирика...

 

Япон улсын хамгийн хойд зүгт орших буйдхан арал, Хоккайдогийн уугуул иргэд Айнучууд “Үзэсгэлэнтэй”, "Сайхан" хэмээх үгийг ийн хэлдэг ажээ. 

Бүхий л амьд амьтан, байгаль дэлхий, лус савдгаа эрт дээр цагаас шүтэн дээдэлж ирсэн энэ үндэстний хэлээр гарааны бизнесээ "Пирика" хэмээн нэрлэсэн нь хүрээлэн буй орчныг хог буртгаас нь салгаж, үзэсэгэлэнт төрхийг нь хадгалах гэсэн Кожима Фүжиогийн хүүхэд ахуйн хүсэл мөрөөдөлтэй нь холбоотой биз ээ.

 

Өнгөрсөн наймдугаар сард Япон улсын Гадаад хэргийн яамны урилгаар Гадаадын хэвлэл мэдээллийн ажилтныг урих хөтөлбөрт хамрагдан тус улсад зочлох үеэр дээр өгүүлсэн “Пирика” технологийн компанийн CEO Кожима Фүжиотой уулзаж, үйл ажиллагаатай нь танилцах боломж надад тохиосон билээ. Түүний үүсгэн байгуулсан энэхүү компанийн үйл ажиллагааг Монголд нутагшуулж, толгойн өвчин болсон хогноосоо маш хялбар гарах боломж бүрэн байгааг таниулснаараа энэхүү уулзалт үнэхээр олзуурхууштай байсан юм. 

Өдгөө 32 настай Кожима Фүжио их сургуульдаа тийм ч сайн сурлагатан байгаагүй ч багаасаа л байгаль орчин, тэр дундаа хог хаягдлыг сонирхон судалж, шийдэх юмсан гэсэн хүсэл тээж иржээ. Энэ хүсэл нь түүнийг сургуулиа төгсмөгцөө дэлхийн улс орнуудаар аялж, хүрээлэн буй орчны асуудал ямархуу хэмжээнд байгааг нүдээр үзэхэд хэрэгтэй гэсэн шийдвэрт хүргэсэн аж.

Ингээд тэрбээр Ази, Африкийн олон орноор хэрэн аялахад түүнтэй тулсан бодит байдал төсөөллөөс нь хэтэрхий өргөн хүрээг хамарсан, ноцтой хэмжээнд хүрсэн байж. Улмаар тэрбээр байгаль орчны чиглэлээрх, технологид суурилсан аппликэйшн бүтээх санаагаа бодож олоод Стэнфордын их сургуулийн профессортоо дуулгахад "Сонирхолтой санаа байна. Гэвч бүтэхгүй л болов уу" гэжээ. Харин Кожима Фүжио нутагтаа буцаж ирээд санаагаа хэрэгжүүлэхээр “Пирика” компаниа үүсгэн байгуулсан аж. Энэ бол найман жилийн өмнөх үйл явдал. 

Харин өдгөө хүрээлэн буй орчноо цэвэрлэж, хог түүхэд зориулан бүтээсэн түүний “Pirika” хэмээх аппликэйшн түүний хүсэж байсанчлан технологийн хүчээр өргөн цар хүрээг хамарсан үйл ажиллагааг хямд өртгөөр явуулж чадаж байна. Түүгээр зогсохгүй уг аппликэйшнийг дэлхийн 89 орны сая сая хүн ашиглах болжээ.

Энэ бол хог “түүлгэдэг” аппликэйшн гэдгийг дахин дурдъя.

Та ухаалаг утсан дээрээ Pirika хэмээх аппликэйшнийг татаж аваад бүртгүүлнэ, яг л фэйсбүүк, твиттер шиг. Ингээд хаа нэгтээ явж байхад тань хог таарвал түүнийг хогийн саванд хаяхдаа зургийг нь авч баталгаажуулаад Pirika дээр нийтэлнэ. 10 удаа хог цуглуулбал та хүрэл медаль, 100 бол мөнгө гэх мэтээр “цол”-оо ахиулна. Pirika-г ашиглаж буй сая сая хүн байгаль орчиндоо ээлтэй байж, бага ч гэсэн хогийг цэвэрлэсний тань төлөө лайк дарж, коммент бичиж, урам зориг өгнө. Зарчим нь ердөө л энэ.

Үүний үр дүнд одоогийн байдлаар 100 сая ширхэг хогийг 89 орны хүмүүс хэн нэгний шахалт шаардлагагүйгээр, сайн дураараа цэвэрлээд байна.

Анх 2011 онд аппликэйшнээ гаргасан эхний сард нь ердөө 100 ширхэг хог л түүгдэж. Харин 2014 онд “Pirika” дээр тэмдэглэгдсэн хогны хэмжээ 3 сая ширхэгт хүрэхэд Кожима Фүжио тэрхүү үр дүнг үнэлж, тооцож, судалгааны бааз бүрдүүлэх шаардлагатайг Кожима ухаарчээ. Энэ нь Takanome буюу “Бүргэдийн нүд” хэмээх хоёр дахь бүтээгдэхүүнээ хиймэл оюун ухаанд суурилан гаргах үндсэн болсон тухай дурсан ярьсан юм. Уг шинэ бүтээгдэхүүний зарчим нь, судлаачид өөрсдийн хариуцсан гудамж, талбай бүрт видео бичлэг хийгээд Takanome системд оруулна. Харин хиймэл оюун ухаан уг бичлэгийг дүгнээд хэдий хэмжээний, ямар төрлийн хог хаягдал, яг аль байршилд байгааг нэгтгэнэ.  

Одоогийн байдлаар 100 сая ширхэг хогийг 89 орны хүмүүс хэн нэгний шахалт шаардлагагүйгээр, сайн дураараа цэвэрлээд байна

Ийнхүү Takanome систем “Heat map” хэмээх хогны газрын зургийг гаргадаг болохоос өмнө энэ талаарх судалгааны тодорхой арга хэрэгсэл, хэмжих хэмжүүр, шийдэл байгаагүйгээс гадна хогийг шийдвэрлэхэд хэрэгжүүлж буй ажлуудаа үнэлж дүгнэх боломжгүй, ямар нэгэн судалгаа байдаггүй байжээ. 

Харин уг төслийн тусламжтайгаар өнөөдөр тухайн хот, орон нутгийн захиргаа адаглаад цэвэрлэгээний ажилчдаа аль хэсэгт түлхүү хуваарилж ажиллуулах, хаана тамхи татах цэгээ байгуулах, хаана үр ашиггүй хөрөнгө зарцуулж байгаа зэргээ хянаж, зөв хуваарилалт хийх, цаашлаад төсвийн томоохон хэмнэлт хийх нөцөл бүрдсэн талаар “Пирика” ассоциацын Гүйцэтгэх захирал, “Пирика” компанийн CEO Кожима Фүжио сонирхуулан ярилаа. 

Хялбар, хямд төсөр хэрнээ өндөр үр ашигтай энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн Япон төдийгүй Нью-Йорк, Хонг Конг зэрэг өндөр хөгжилтэй орнуудын зах зээлд хэдийнэ гаргаад эхэлжээ. 

"Цахлай"

 

“Albatross” буюу “Цахлай” бол түүний гурав дахь төсөл ба усан дахь бичил хуванцрын судалгаанд чиглэсэн. 

Өнөөдөр бичил хуванцрын асуудал ноцтой хэмжээнд хүрч, зөвхөн шингэнээр дамжуулан нэг хүн долоо хоног бүр нэг ширхэг төлбөрийн картны хэмжээний хуванцар идэж буйг Дэлхийн Байгаль хамгаалах сангийн захиалгаар Австралийн Ньюкэстлийн их сургуулийн эрдэмтэд судлан тогтоосон талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл “Пирика”-аас өмнө Япон улс ч гэсэн далайн ус, гол, цөөрөм нь чухам яг юугаар бохирдоод байгааг нарийн тооцоолон гаргаж ирж чадаагүй байжээ. Яагаад гэвэл өмнөх судалгааны арга нь зөвхөн усан онгоцоор явж, тор тавьж судалгаа хийдэг байсан тул далай, томоохон голыг л хамарч байсан хэрэг. Тийм ч учраас гол усны хуванцрын бохирдлоо япончууд ундааны сав, аливаа баглаа боодол, аяга, соруулхнаар төсөөлж иржээ. Харин “Пирика” компанийнхны зохион бүтээсэн, ердөө 1.5 м урттай, авсаархан хэрнээ 3 минутад 5 тонн ус шүүх боломжтой техникийн тусламжтайгаар чухам юу усыг бохирдуулаад байгааг олж илрүүлсэн байна. Лавшруулбал, тухайн хуванцар хаягдал хаанаас үүсэн бий болж, ямар замаар далайн усанд хүрч буйг тодорхой болгож чаджээ. 

Ийнхүү 2018 онд 38 байршилд судалгаа хийж, нийт шүүсэн бичил хуванцраа ангилаад лабораторид шинжлэхэд 23% нь хиймэл зүлэгний хэлтэрхий байсан бөгөөд ийм хог 38 байршлын 19-өөс нь илэрчээ.

Хэдийгээр хиймэл зүлэг ашиглаж буй талбайн хэмжээ хот суурин газар бага ч тэндээс үүссэн бохирдол жин дарж байгаа нь судалгаагаар тодорхой болов. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн төсөөлж байгаагүй үр дүнд гарчээ. 

Орон нутгуудын хувьд газар тариалан, тэр тундаа тутаргын талбайд ашигладаг бордооноос бий болсон хуванцар хаягдал зонхилж байсныг “Цахлай” илрүүлсэн байна. Учир нь бордоог борооны усанд урсгачихалгүй, гурван сар хүртэл хугацаанд хөрсөнд тогтоон барихын тулд гадна хэсэгт хуванцар бүхий бүрхүүл үүсгэдэг нь ийнхүү усны бичил хуванцрын дийлэнхийг бүрдүүлэх шалтгаан болжээ. 

Эдгээр нь тамхины иш, ундааны сав зэрэг санаатайгаар хаядгаас огт өөр төрлийн хог учраас бодлогын түвшинд шийдвэрлэх шаардлагатай гэдгийг судалгааны үр дүн харуулав. Тийм ч учраас тухайн улс орны онцлогоос шалтгаалаад нөхцөл байдал өөр байх бөгөөд Монголын гол мөрөнд очоод судалгаа хийвэл мөн л өөр үр дүн гарна гэдгийг Кожима тодотгосон юм. 

Дэлхийн 89 орны иргэд ашиглаж буй Pirika-г монголчууд эхний ээлжинд ашиглаж, иргэдийг хогны эсрэг аянд идэвхжүүлэх боломж нээлттэй

Анх таван хүнтэй байгуулагдаж байсан “Пирика” өдгөө 40 орчим хүнтэй томоохон баг болон өргөжжээ. Тэд хог хаягдлын тархалтыг судлах “Heat map”-аа Америк, Франц, Кени улсын захиалгаар хийж өгч байгаа бол усны бохирдлын судалгааг Америк, Индонез, Тайланд улсад өнгөрсөн долдугаар сард хийжээ. Хэрэв хүсвэл Монгол Улсад ч хийх боломжтойг Кожима дурдсан.  

 

Тэд цаашид Японд 38 цэгт хийсэн судалгаагаа 100 болгон өргөжүүлэхээс гадна хуванцар эдлэлүүдийн судалгааг “Кока Кола” компанитай хамтран хийхээр төлөвлөж байгаагаа мөн дуулгав. Түүгээр зогсохгүй АСЕАН-ий орнуудад судалгаагаа өргөжүүлэхээр зорьж байгаа аж. 

Монгол Улсын тухайд хог хаягдал бол хамгийн том асуудлуудын нэг.

Дэлхийн 89 орны иргэд ашиглаж буй Pirika-г монголчууд эхний ээлжинд ашиглаж, иргэдийг хогны эсрэг аянд идэвхжүүлэх боломж нээлттэй байгааг эндээс харж болно. Энэ бол сайн дурын хөдөлгөөний хүчээр том асуудлыг шийдвэрлэж болох ухаалаг хөшүүрэг. Хог хаягдлын тархалтын судалгааг ч технологийн компаниудтай хамтран гаргаж, үр ашигтай, нүдээ олсон бодлого хэрэгжүүлэх боломжтойг “Пирика”-ийн бэлэн туршлага харуулж байна.